Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0556

 

"Х-У н д т г"

нөхөрлөлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Х-У н д т г" нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн эзэмшиж байсан 18637306301434 нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул ногоон дэлхий нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргааныг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Гомдлын агууллага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс маргаантай захиргааны актын үндэслэл болох газар эзэмшигч нь гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй тухайд Хан-Уул ногоон дэлхий нөхөрлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй үүнийгээ нотолж чадаагүй бөгөөд төр захиргааны байгууллагаас саад учруулж, хориглосон зүйл байхгүй гэж үзсэн байна.

Бид энэхүү цэцэрлэгт хүрээлэнг мод үржүүлгийн газрыг байгуулахаар 3 жил гаран хөөцөлдөн үүнийгээ нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн тухайлбал: Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль, орчин ногоон хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төр захиргааны газруудад хандан албан бичиг хүргүүлж байсан гэлээ.

Эдгээр газруудаас ирүүлж байгаа албан бичигт тодорхой нэг газраас эргэж хариу авах, бусад ажлуудтай уялдуулах, үнэлгээ хийлгүүлэх гэх мэт шалтгаан дурдаж тэдгээрийг хийж гүйцэтгэсний дараа ажлаа эхлүүлэхийг шаарддаг байсан.

Харин хамгийн сүүлд Ус сувгийн удирдах газраас инженерийн шугам сүлжээ, гүний худаг барих төлөвлөгөөтэй газрын зарим хэсэг манай газрын зарим хэсэг давхцаж байгаатай холбогдуулж ямар нэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн байдаг.

Эдгээр төр, захиргааны байгууллагуудаас болоод ажлаа эхлүүлэх боломж байхгүй байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьжээ гэж ойлгогдож байна.

Мөн шүүхээс шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжид нийцсэн байхаас гадна заавал биелэгдэх боломжтой байх зарчмыг дурдаж маргаан бүхий 30.000 метр квадрат газар нь ундны усны эх үүсвэр онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдсан, гүний худаг, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь нотлох баримтаар тогтоогдож байгааг дурджээ.

Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн баримтаас харахад 30.000 метр квадрат газрын багахан хэсэгт шугам сүлжээний хэсэг давхацсан бөгөөд маргаан бүхий газар бүхэлдээ усны эх үүсвэр дээр байгаа зүйл биш билээ. Мөн энэхүү газрын ил хөрсөн дээр цэцэрлэгт хүрээлэн мод үржүүлгийн газар байгуулах болохоос биш газар шороог нь ухаж барилга, байгууламж барих зүйл биш юм.

Эдгээр нөхцөл байдлаас харахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар тушаалыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д үндэслэл болгосон нь хууль бус байна.

Иймд гомдлыг хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн эхний үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Талууд энэ талаар маргаагүй бөгөөд давж заалдах гомдол энэ үндэслэлээр гараагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд "Х-У н д т г" нөхөрлөл нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг Ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ. Мөн хугацаанаас хойш уг нөхөрлөл дээрх газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...манай нөхөрлөл 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн олон байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргуулах шат дамжлага дамжсаны эцэст сая нэг ажлаа эхлүүлэх гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар 2 жил дараалан гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг хууль бус үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэсэн тайлбар гаргадаг хэдий ч тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч "Х-У н д т г" нөхөрлөл нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу анх хүсэлт гаргасны дагуу Туул голын ай сав газрыг хамгаалах, цэцэрлэгжүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, эсвэл дүүргийн Засаг даргын захирамж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-д зааснаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ашиглах тохиолдолд ямар нэгэн тусгайлсан нөхцөл, зөвшөөрөл шаардлагагүй байсан нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч уг газар дээрээ мод тарих үйл ажиллагаа явуулаагүй, цэцэрлэгжүүлэлт хийгээгүй, харин ч барилга барих зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжийг нийслэлийн Засаг даргын захирамж болгох гэж, ...мөн архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар төрийн байгууллагад хандаж байсан байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар тухайн газар нь ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдсан, гүний худаг, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох "Х-У н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 18637306301434 нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлийг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон... байх гэж тус тус тодорхойлсон тул нэхэмжлэгч "Х-У н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 18637306301434 нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх энэ болон бусад үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 383 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР