Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00619

 

“К Т М”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03293 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

“К Т М”ХХК-ний нэхэмжлэлтэй

“В А Т Т”ХХК-д холбогдох

100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Инжинаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “К Т М”ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “В А И”ХХК-иас 8ЕМ919 загварын 257 арлын дугаартай 1 ширхэг авто грейдерийг үндсэн үнэ 181 818 181.82 төгрөг, НӨАТ 18 181 818.18 төгрөг, нийт 200 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, ЗС-160/02 дугаартай “Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг манай компани нь “Б О М” ХХК-иас зээлж, улмаар “Б О М” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ““В А Т Т”ХХК-ийн 5038005840 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу урьдчилгааг тул техник тоног төхөөрөмжийг манай байгууллага хүлээн авч, даатгалын байгууллагаар даатгуулж, “Б О М” ХХК-д түр хугацаагаар ажиллуулж байтал “В А Т Т”ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр уг техникийг манайд мэдэгдэлгүйгээр татан авсан. Ийнхүү “В А И”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж худалдан борлуулсан техник тоног техөөрөмжөө буцаан татаж авсан үйлдлээрээ уг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. ”Вагнер Ази Индастриал” ХХК нь 2017 онд өөрийн санхүүгийн баримтад аудитын дүгнэлт хийлгэхдээ “К Т М”ХКК-д “...бид 100 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ баталгаажуулж өгөөч...” гэж хүссэн. Мөн “В А Т Т”ХХК 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигтээ гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн. “В А И”ХХК нь тухайн үед “В А Т Т”ХХК-тай нийлээгүй байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг нь “В А Т Т”ХХК-иас ирсэн. Дээрх мэдэгдэл, албан бичгээс “К Т М”ХКК нь урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг төлсөн нь тодорхой харагдана. Хариуцагч компани гэрээнээс татгалзаж байгаа бол өгч, авсан зүйлээ буцаах ёстой. Иймд хариуцагч “В А Т Т”ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Худалдах- худалдан авах гэрээний ар талын гарын үсгийн хэсэгт “К Т М”ХХК нь өөрсдийгөө “Б О М” ХХК гэж бичсэн. “К Т М”ХХК гэсэн улсын бүртгэлтэй хэрнээ давхар “Б О М” ХХК гэж бичсэнээрээ манай байгууллагыг санаатайгаар төөрөгдүүлж байна. Манай компанитай “А Д М”сервис ХХК мөн гэрээний харилцаатай. Энэ компанитай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр одоо хүртэл маргаантай байгаа. ““А Д М”сервис” ХХК нь “Б О М” ХХК болж нэрээ өөрчилсөн. ““А Д М”сервис” ХХК, “Б О М” ХХК нар хоорондоо ижил юм шиг ойлголт манайд өгсөн. Үүнээс болж төлбөрийн нөхцөл андуурагдаж, шударга бус эзэмшигчийн байдлаар тоног төхөөрөмжөө шилжүүлсэн. “К Т М”ХХК-г шударга бус эзэмшигч буюу гэрээний бус үндэслэлээр тоног төхөөрөмжийг авсан гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай компанийн дансанд “К Т М”ХКК-иас гэрээтэй холбогдуулж ямар нэгэн төлбөр орж ирээгүй. Харин “Б О М” ХХК-иас “түрээсийн төлбөр” гэсэн утгатай 100 000 000 төгрөг шилжиж орж ирсэн. Манайх уг 100 000 000 төгрөгийг “Б О М” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодсон, Гэтэл дараа нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нэхэж автал “Б О М” ХХК болгож нэрээ өөрчилснийг мэдсэн. Худалдах: худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй. ““Б О М”' ХХК-иас түрээсийн төлбөр гэсэн төлбөр төлөгдсөн байхад санаатайгаар “Б О М” ХХК-иас мөнгө зээлж худалдан авсан авто грейдерийн үнийг төлүүлсэн болгож, бид нар төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. “Хаан банк” ХХК- иас авсан лавлагаагаар “Б О М” ХХК-иас төлбөр шилжихдээ гүйлгээний утга янз бүрээр бичсэн байдаг. 100 000 000 төгрөгийн гүйлгээний хувьд “Б О М” ХХК нь мөнгө шилжүүлэхдээ “К Т М”ХХК-ийн өмнөөс гэж бичээгүй. Зүгээр л “Б О М” ХХК түрээсийн төлбөр гэсэн утгатай байдаг. ““А Д М”сервис” ХХК-тай гэрээт харилцаатай учраас энэ талаарх гэрээний хуулбарыг хэргийн материалд өгсөн. Худалдан авагч төлбөрөө төлөөгүй байгаа учраас техник өмчлөлд нь шилжээгүй, худалдагчийн өмчлөлд хэвээр байгаа. Нэхэмжлэгч нэхэмжпэлдээ “...урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг “Б О М” ХХК-иас зээлж...” гэж бичсэн байна. Энэ талаар нотлох баримт байхгүй. “К Т М”ХХК, “Б О М” ХХК нарын захирлын нэр нь ижил байгаа учраас нэг үүсгэн байгуулагчтай байж болзошгүй. Нэгэнт төлбөрөө төлөөгүй, мөн “К Т М”ХХК нь тоног төхөөрөмжийг шударга бусаар эзэмшиж байгаа учраас тоног төхөөрөмжөө хууль болон гэрээний дагуу татан авсан. Төлбөрөө төлөхгүй бол тоног төхөөрөмжөө буцаан авах нөхцлийг талууд харилцан тохирч гарын үсгээ зурсан. Түүнчлэн худалдагчийн өмчлөлд байгаа тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан байсан. Уг тоног төхөөрөмжийг “Б О М” ХХК-д өгөөгүй, “К Т М”ХХК-д худалдахаар хүлээлгэж өгсөн. Биднийг санаатайгаар төөрөгдүүлсэн байдлаар “Б О М” ХХК-иас түрээсийн төлбөр 100 000 000 төгрөгийг төлсөн гэдэг байдлаар хууран мэхэлж, тоног төхөөрөмжийг авсан гэж үзэж байгаа. “В А И”ХХК нь гэрээний нөхцөлөө биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй. Мөн гэрээний үүргээс татгалзсан нөхцөл байхгүй. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд буцаан татан авсан, Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03293 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В А Т Т”ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “К Т М”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “В А Т Т”ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “К Т М”ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К Т М”ХХК-иас өмнөөс О.Дарханбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар хяналтын гомдолдоо: Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно. 1. Магадлалд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж дүгнэсэн. Хэрэв анхан шатны шүүх хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, нэхэмжлэгчийн /төлөөлөх эрх/ итгэмжлэлийг шалгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах /ИХШХШТХ-ийн 167.1.5/ шийдвэрийг гаргах нь хуульд нийцэхээр байхад хууль хэрэглээний хувьд алдаа гарган илт хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзнэ. 2. 2018 оны 6-р сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч компани иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг ирүүлээгүй байхад иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар О.Дарханбаатар миний бие улсын тэмдэгтийн хураамжийг өөрийн данснаас төлсөн байдаг. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэсэн атлаа О.Дарханбаатар миний төлсөн 2 удаагийн тэмдэгтийн хураамжаас нэгийг буцаан олгоогүй улсын орлогод хэвээр үлдээж, нөгөөхийг нь хэрхэхийг нь бүрэн дүүрэн шийдвэрлээгүй намайг хохироож байна. 3. Дээрх 2 үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна. Хуулийн энэхүү заалт нь тодорхой нөхцөлд хэрэглэгдэх агуулгатай. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Гэвч энэ хэрэгт хуулийн дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй байхад 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд харшилж байна. Харин ч эсрэгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн алдааг залруулах, цаашлаад хуульд нийцнэ. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсгийг үндэслэл болгон шийдвэр гаргах ажиллагаа нь хэргийг шийдвэрлэж байгаа гэж үзэхгүй бөгөөд харин хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн утга агуулгыг илэрхийлэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгодог. Үүнээс гадна Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байх бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар мөн л шүүхийн тэмдэгтийн хураамжийг буцаан олгодог. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор заасан /44.1.3. үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан/ байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёсгүй байсан гэж дүгнэсэн нь шүүх үйлчилгээ үзүүлэхээс /нэхэмжлэлийг хүлээн авахаас/ татгалзах ёстой байсан гэсэн утга санааг илэрхийлсэн байна. Шүүхийн практикт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор захирамжилдаг. Харин магадлалд заасан үндэслэл, шийдэл нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа явдал бөгөөд бүгд тэмдэгтийн хураамжийг буцаан олгох зохицуулалттай байхад хууль хэрэглээний алдаа гарган шийдвэрлэснийг хүчингүй болгон, гаргасан алдаагаа засч, залруулах боломжоор ханган, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“К Т М”ХХК 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “В А И”ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийг сольж, хариуцагчаар “В А Т Т”ХХК оролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо О.Дарханбаатар нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй, “К Т М”ХХК-иас олгосон итгэмжлэл байхгүйгээс гадна улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч бус этгээд О.Дарханбаатар төлсөн байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.1, 65.1.3, 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

Хуульд ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгох журмыг зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх хуульд заагаагүй ажиллагааг явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгох үр дагаврыг, мөн 117 дугаар зүйлийн 117.1-д заагаагүй тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй холбоотой зөрчлийг арилгуулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байна.

Нэхэмжлэгч “К Т М”ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсаргасан баримтыг дурьдаж, үүнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ирүүлсэн байхад шүүх тодруулахгүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлд хамааруулсан нь хуульд нийцсэнгүй. Зүй нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг эргэлзээтэй гэж үзвэл зохигчоос тодруулж, өөрийнх нь өмнөөс төлсөн баримт мөн эсэхийг тогтоох ёстой байжээ.

Анхан шатны шүүх зохигчид маргасан зүйлийн талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны бодит үндэслэл тогтоогдоогүй болохыг анхаараагүй, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх 100 000 000 төгрөг нь уг гэрээний дагуу шилжүүлсэн эсвэл түрээсийн гэрээний дагуу бол түрээсийн төлбөрийн тооцоо байсан эсэх баримтыг нягтлан дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй байхад хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА