Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 99

 

2022.01.12                                  2022/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Г.М, Б.Т нар,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Ганцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2106000000008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.М, 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэн, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг, 614 тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнссэн, /РД: /,

Хобогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоот гэртээ иргэн Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж болон нүүр толгойн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоот гэртээ иргэн Г.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүр болон гаран тус газар нь гараараа болон модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, доод уруулын язарсан шарх, зүүн бугалга, шуу, баруун тохой, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхий хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоот гэртээ иргэн Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж болон нүүр толгойн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Тыг цээж болон нүүр толгойн хэсэгт цохиж зодсон үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ттай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хурдан морь ярих үедээ морьноос болж маргалдаж улмаар зодолдох болсон...Тын цээжин хэсэгт нь 3 газарт цус хурж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Мтай хурдан морь ярьж байтал М миний хээр морь чиний саарал үрээнээс илүү гээд байхаар нь би “үгүй, миний саарал үрээ илүү” гэж хэлээд чанга дуугараад босч ирээд бид 2 барьцалдаж авсан...М миний цээж хэсэгнээс хазаад миний цээжин хэсгийг гараараа маажсан. Би зөрүүлээд Мыг 2 удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгтэл М газарт унаад босч ирээд урдаас томроод орилоод байхаар нь би модон сандлаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №11983 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Тын биед цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр /хх-ийн 43-44/ тогтоогдсон гэж,

 

Мөн шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоот гэртээ иргэн Г.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүр болон гаран тус газар нь гараараа болон модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, доод уруулын язарсан шарх, зүүн бугалга, шуу, баруун тохой, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Мын толгой болон нүүр гар хэсэгт цохиж зодсон үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Мтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хурдан морь ярих үедээ морьноос болж маргалдаж улмаар зодолдох болсон...Мын толгойн хэсэгт нь сандлаар нь цохиж гэмтээсэн. Баруун нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №11975 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Г.Мын биед зүүн зулайн хуйх, доод уруулын язарсан шарх, зүүн бугалга, шуу, баруун тохой, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлтээр /хх-ийн 48-49/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Г.М, Б.Т нар нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1722 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.М, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, харилцан бие биедээ гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас Г.М, Б.Т нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.М, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М, Б.Т нарт тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.М, Б.Т нар нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М, Б.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.М, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР