Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 100

 

2022.01.12                                  2022/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч М.Ж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Батболд нарыг оролцуулан эрүүгийн 2106036342604 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Ж, 1974 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Өгий нуур суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 9б байрны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

 

Хобогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 9б байрны 2 тоотод өөрийн эхнэр болох хохирогч Ц.Мягмарсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа хэсэг газарт нь цохих, өшиглөх, шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхий хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 1 ширхэг, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 9б байрны 2 тоотод өөрийн эхнэр болох хохирогч Ц.Мягмарсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа хэсэг газарт нь цохих, өшиглөх, шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч М.Ж нь хохирогч Ц.Мягмарсүрэнг нүүр шанаа хэсэгт цохиж зодсон үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- Яллагдагч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний нүүрнээс майжих гэж дайраад байхаар нь би гарнаас нь барьж байгаад цааш нь түлхсэн асуудал байгаа мөн хөлнөөс хазсан тэгэхэд болиулах гэж ноцолдсон асуудал байгаа тэгж байхдаа болгоомжгүй байдлаар шүд нь гэмтсэн асуудал байгаа. Тэгж байхад манай хүүхдүүд хажууд байж байсан. Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,   

Хохирогч Ц.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би босч мэндлээд бага хүүхдэд өвлийн гутал авах хэрэгтэй байна гэж хэлэхэд чи өөрөө мөнгөөрөө авч өгөхөд яадаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд маргаан гараад байж байхад манай нөхөр намайг зүүн шанаа хэсэг рүү шууд цохиод унагаасан...гэтэл нөхөр намайг дахин нүүр рүү цохиж унагаагаад охиныг бас цохисон. Намайг газар унасан байхад охиныг хэд хэдэн удаа цохихоор нь би босч ирээд нөхрийнхөө шилбэнээс хазсан. Гэтэл нөхөр уурлаад миний нүүр рүү өшиглөж, толгойгоор шал мөргүүлсэн, тэгээд араас цохиод байсан...одоо миний үүдэн шүд хөдөлгөөнтэй толгой маш их өвддөг мөн стресстэй л байна. Манай нөхөр ер нь аймар хартай хардсанаас болж ийм асуудал гаргадаг би нөхөр хардсанаас болж 2 ч удаа ажлаасаа гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Ж.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрүүл маргаан эхлэх шалтгаан нь манай нь ээж байсан яагаад гэхээр манай ээж аягүй эвгүй зан араншин болон хувийн бусад харилцах харилцаа муутай хүн юм байгаан. Хэрүүл маргаанд намайг татан оруулах гэж байхаар нь би татгалзаад өрөө рүүгээ орсон. Би өрөөнөөсөө гараад харахад ээж аавын гуянаас нь зуугаад хазчихсан байж байсан. Манай дүү Номин-Эрдэнэ нь аавын цээж, толгой хэсэг рүү нь цохиод байж байхаар нь би дундуур нь ороод салгасан...аавын буруу байгаа бол буруугаа хүлээгээд явах ёстой гэхдээ манай ээж эхлээд аавын гуянаас хазаж байгаад шүд рүүгээ цохиулсан байх энэ нь аргагүй хамгаалалт гэж бодож байна. Би өмнө нь хэд хэдэн удаа цагдаа дуудаж байсан манай ээж цагдаагийн байгууллагад торгуулж бага дүү болох Төгөлдөрийг 2021 оны 10 сард байх хичээлээ хийхгүй байна гэж зодоод би цагдаад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...аав ээжийг толгой руу нь шууд цохиод авахаар нь болиоч та яагаад ээжийг цохиод байгаа юм гээд орноосоо босч ирсэн. Тэгээд над руу аав миний утсыг чи яагаад шалгаж ухаад байгаа юм, яагаад намайг мөрдөж мөшгөөд байгаа юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би утсаа авах гэтэл миний утсыг орон дээрээс авчихсан...тэгээд аав ээж больсны дараа аав агаа 2 өрөөнд хамт орж ирснээ агаа наа чинь дандаа согтуу орж ирдэг гэсэн чинь аав уурандаа намайг нуруу, толгой руу цохиж, нүүр рүү алгадсанаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №100 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Мягмарсүрэнгийн биед 4 шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №10266 дугаартай дүгнэлт:

  1. М.Жы биед хамар, шилбэ, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна. гэх дүгнэлтээр /хх-ийн 18-19/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч М.Жыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 9б байрны 2 тоотод өөрийн эхнэр болох хохирогч Ц.Мягмарсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа хэсэг газарт нь цохих, өшиглөх, шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүх шүүгдэгч М.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Мягмарсүрэн нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 шихрэг СиДиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Жг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Жд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.Ж нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Мягмарсүрэн нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Хохирогч Ц.Мягмарсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР