| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/0110/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/128 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/128
2022 01 19 2022/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б од холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ХХХ байрны хойд талд хохирогч Б.Б-той үл ялих зүйлээр маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, баруун гарын ар хэсгийг шилний хагархайгаар зүсэж, түүний баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хэргийн газрын үзлэг хийсэн: “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХ байрны хойд талын явган хүний замын хажууд ...хэрэг болсон газар нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас),
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 онд танилцаж байсан Ч.Б гэх залуутай хамт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед гэрт нь архи ууж хоносон. ...өглөө гэрээс нь Ч.Ч.Б той хамт 10 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 25 дугаар байрны гадаа дэлгүүрээс Ч.Б нэг шил архи аваад бид хоёр цугтаа ууж юм ярьж байтал Ч.Б миний өмсөж байсан хар өнгийн куртик өмсөөд буцаагаад өгөхгүй болохоор нь би чи миний куртикийг өг л дөө гэхэд Ч.Б ...миний гарын ар хэсгийг зүсээд гэр лүүгээ яваад өгсөн. Миний гарнаас цус гараад тогтохгүй зогсож байхад дэлгүүрийн залуу ирж түргэн дуудаад эмнэлэг явсан. Тухайн үед Ч.Б бид хоёр л байсан. Би Ч.Ч.Б оос куртик авах гээд нэхэхэд уурлаж намайг зүсэх болсон. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Миний баруун гарын ар хэсэг зүсэгдэж оёдол тавиулсан. Нүүр хэсэгт маажсан ором гарсан. Өөр гэмтэл учраагүй... тухайн үед миний гар зүсэгдчихээр нь би хутгаар л зүсчихлээ гэж бодсон. Харин дараа нь Ч.Ч.Б той ярилцаад байсан чинь газарт хагарсан байсан шилээр зүссэн байна лээ. ...Ч.Б надад эм тариа авч өгсөн. Одоо надад гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 17 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10498 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун алганы ар хэсэгт 2.5x0.5 см оёдол нь задарсан шархтай. Баруун шагай бага зэрэг хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэл шархгүй. ДҮГНЭЛТ 1. Б.Б-ийн биед баруун сарвуунд шарх, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун сарвуунд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Баруун сарвууны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгч Ч.Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Б манай гэрт ирээд бид хоёр архи ууж хоносон. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед сэрээд бид хоёр дахиад архи уухаар хамтдаа гарч дэлгүүр ороод 0.5 литрийн архи аваад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны байрны гадна сууж байгаад архиа ууж байтал Б.Б надад өмсүүлсэн гадуур хувцсаа авъя гэхээр нь би дотуураа нимгэн цамцтай гэж хэлэхэд гадуур хувцсаа авмаар байна гээд байхаар нь би газарт байсан архины шилний хагархайг аваад Б.Б-ийн баруун гарын алганы ар хэсэгт нь нэг удаа зүсчихсэн. Тэгтэл Б.Б-ийн гарнаас нь цус гараад байхаар нь би орхиод гэр рүүгээ орсон. Бид танилцаад нэг жил болж байгаа, найз нөхдийн холбоотой. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд хэрэлдэж муудалцаж байгаагүй. Тухайн үед Б.Б намайг зодож цохиогүй. Миний биед гэмтэл учраагүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б.Б-ид эмчилгээний эм тариа авч өгсөн. Тухайн үед би хар өнгийн түрийгүй пүүзэн гуталтай явж байсан. Би өөрийн биеийн болон хувцасны аль нэг хэсгээс хутга мэсний зүйл гаргаж ирээгүй, ямар нэгэн хутга мэсний зүйл авч явдаггүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ХХХ байрны хойд талд хохирогч Б.Б-той үл ялих зүйлээр маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, баруун гарын ар хэсгийг шилний хагархайгаар зүсэж, түүний баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Б-той 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн 10-11 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ХХХ байрны хойд талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Б.Б-той “нимгэн цамцтай байхад куртикаа нэхлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний баруун гарыг нэг удаа шилээр зүссэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10498 дугаар дүгнэлтээр Б.Б-ийн биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг харилцан зөрүүгүй байх бөгөөд болсон хэргийн талаар нэгэн адил зүйл мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Ч.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Б-ид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10498 дугаар дүгнэлтээр “баруун сарвуунд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.Б нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ч.Ч.Б оос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг 1 жилийн хугацаагаар тогтоох саналтай байна.” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.
Шүүгдэгч нь тогтсон ажил, орлоготой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудаст авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо тоотод Я.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бичигджээ.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ч.Ч.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хэлбэрийг түүний оршин суух хороо, дүүргээс явахыг хориглох нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх “ гэсэн зорилгод нийцэхгүй, оршин суух газарт болон оршин суух газрын ойролцоо дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дахин гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хувийн байдлын хувьд хавтаст хэргийн 27-42 хуудаст Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлээр 2010 оноос удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас эрүүлжүүлэгдсэн, танхайрах зөрчил гаргаж байсан байх ба архины албадан эмчилгээнд явж байсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Ч.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архины шилээр гэмтэл учруулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Ч.Ч.Б од оногдуулсан ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Ч.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Б од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ч.Б од оногдуулсан ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Ч.Ч.Б оос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Ч.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ