Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0123/Э |
Дугаар | 2022/ШЦТ/144 |
Огноо | 2022-02-08 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Р.Очирсүрэн,
шүүгдэгч: Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.О-д холбогдох эрүүгийн *****************тоот хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, о............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум .....-р баг Даваат ......-р гудамжны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын О-а /РД:................/,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппород байрлах пабад хамт үйлчлүүлж байсан хохирогч Б.М-ын самсунг галакси-А50 маркийн гар утсыг ширээн дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, утасны ард байсан Хаан банкны виза картыг АТМ-д уншуулан 800 000 төгрөгийг авч Б.М-т нийтдээ 1 250 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппород байрлах пабад хамт үйлчлүүлж байсан хохирогч Б.М-ын самсунг галакси-А50 маркийн гар утсыг ширээн дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бөгөөд утасны ард байсан Хаан банкны виза картыг АТМ-д уншуулан 800 000 төгрөгийг нь авч Б.М-т нийтдээ 1 250 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад ганцаараа ороод пиво уугаад сууж байтал миний хажуу талын ширээн дээр 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн сууж байсан тэгээд би аль болох юм ярихгүйг хичээгээд суугаад байж байтал зөөгч залуу ахаа караокены өрөө суларчихлаа та орж дуулах юм уу гэж надаас асуусан тэгээд тэгье гээд тухайн караокены өрөө рүү ороод байж байтал нөгөө 3 үл таних хүн миний араас орж ирээд хамт сууж дуулъя гэсэн тэгэхээр нь би за за гэж суугаад тухайн хүмүүст пиво авч өгөөд сууж байтал нөгөө 3 үл таних хүний 1 эмэгтэй нь аймар хурдан яарсан байдалтай хувцас хунараа аваад гараад явсан. Тэгээд би караокены өрөө рүү зөрөөд ортол миний ширээн дээр тавьсан байсан Самсунг галакси А-50 маркийн гар утас алга болсон байсан миний кейсэнд Хаан банкны карт болон миний банкны код, нэвтрэх нэр байсан. Тэгээд за за гэж бодоод байж байтал тухайн өдрийн 23 цаг 13 минутанд миний хаан банкны 5902123591 тоот данснаас 800 000 төгрөг 5127050338 тоот данс руу шилжиж орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Б.М-ын хаан банкны депозит дансны хуулга /хх- 26-28, 8-р хуудас/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Си ди г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-4р хуудас/
-Шүүгдэгч Б.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүгийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн хойно байдаг нэр, хаяггүй нэг пабад зүс таних /сайн танихгүй/ ах эгч хоёртой ороод сууж байсан чинь нэг танихгүй залуу /одоо хохирогч болох Б.М гэх залуу/ ганцаараа пиво уугаад сууж байснаа намайг хажуудаа суучхаач гэхээр нь би татгалзсан чинь яриа өдөж байгаад миний насыг таачихвал би чамд 6 ширхэг пиво авч өгнө гэж хэлэхээр нь би барагцаа нас хэлсэн чинь чи миний насыг таачихлаа гээд надад 6 ширхэг пиво авч өгсөн. Пиво авч өгөхдөө өөрийн утасны ард байсан виза картаа гаргаж ирээд зөөгчид пин кодоо чанга хэлж тооцоогоо хийсэн. Энэ үед нь би картынх нь пин кодыг мэдэж авсан. Тэгээд Б.М хоёулаа караокед оръё гэж хэлэхээр нь би дагаад тухайн газрынхаа караокед орсон. Караокед орж дуулж сууж байсан чинь Б.М нутгийнх нь хүн таараад тэр хүнтэй караокены өрөөнөөс гарч яваад нэлээн удсан ба гарахдаа цагаан өнгийн Самсунг А-50 гар утсыг ширээн дээр үлдээсэн байсан. Тэгээд Б.М-ыг караокены өрөөнд орж ирэхгүй байхаар нь гар утсыг нь аваад гарч явсан. Тэгсэн гар утасных нь ард Б.М-ын Хаан банкны виза карт байхаар нь Саппорагийн баруун талд байх Хонгконг зочид буудлын хажууд байх Хаан банкны АТМ орж картыг нь уншуулж цээжилсэн байсан пин кодоо хийж үлдэгдлийг нь шалгасан чинь 856 000 төгрөг байхаар нь 800 000 төгрөгийг нь өөрийн 5127050338 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гар утсыг нь нэг ломбардад тавьсан. Яг ямар ломбардад тавьснаа согтсон байсан болохоор санахгүй байна ...” гэж /хх-ийн 40-41/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О-ийн дээрх үйлдэл буюу хохирогч Б.М-ын зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.М нь “өөрт учирсан 1,250,000 төгрөгийн хохирлыг аваагүй, гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О-г гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар дээрх хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.
Иймд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар хохирогч Б.М-т учирсан хохирол болох 1,250,000 төгрөгийг шүүгдэгч Б.О-гаас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,250,000 төгрөгийн төлөх төлбөртэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Б.О нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.О-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй гэх амьдралын нөхцөл байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.
Хэрэв шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-г бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ын О-д 650 /зургаан зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.
3. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гаас 1,250,000 / нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хохирогч Б.М-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА