Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

2022         01           19                                         2022/ШЦТ/129

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.О цэцэг,

шүүгдэгч Б.Б болон бусад оролцогч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын арын автобусны буудлын дэргэд С.О хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар эд зүйл авч шидэх, үснээс нь  зулгаах, угзарч газарт унагаах зэргээр зодосны улмаас биед нь дух, зүүн нүд, зовхи, баруун хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр хөдөөнөөс хоёр хүүхэд ирснийг дүү ажил дээр 18 цагийн үед авчирч өгсөн. Хүүхдүүдтэйгээ гэртээ очоод галаа түлээд байж байтал М залгаад ирээд ав гэхээр нь машин халаагүй хүйтэн байсан тул хоёр хүүхдээ хөнжилд ороогоод Орбитоос Сансарын ийшээ ирсэн. Барагцаалбал 21-22 цагт ирсэн. Би хэтрээд явсан байсан. Хэтрээд явсан болохоор уурлаад эргэ гээд гүүрний тэнд зогсож бай гэж хэлсэн. Би баар, караоке руу орчихсон юм байна гэж бодтол ТҮЦ-ээс гарч ирсэн. Ирж байна гэж бодтол ТҮЦ-ийн араар ороод явчихсан. Бид нар нилээд удаан хүлээсэн. Гэтэл энэ хүн тэр ТҮЦ-д байсан. Би өөрийгөө тайвшруулах гээд нилээд удаан хүлээсэн. Тэгтэл буцаад яваад орчихсон. Тэгээд өөрийгөө барьж чадалгүй ийм юм болчихсон. Кассын машиныг өөр лүү нь шидсэн. Нөхрийнхөө цээж рүү цохисон. Энэ хүнийг цохисон. Нөхөр намайг авч гарсан. Энэ хүн гарч цагдаа дуудсан. Би замаа чөлөөлж зогссон. Өөдөөс гүйгээд ирэхээр нь үснээс нь зулгаасан. Угзарч татаж газар унагаасан зүйл байхгүй. Адилхан үснээсээ зулгаалцсан. Миний хуйх ч 2 хоног өвдсөн. Байцаагч бид хоёроос гомдолтой юу гэж асуухад бид хоёр хоёул гомдол гаргахгүй гэсэн. Надад цаг зав ч байхгүй. Тэгээд би Зөрчлийн тухай хуулийн 5.2-аар торгуулиа төлсөн. Харин энэ хүн ямар юм ч гэлээ нэг юм эвдсэн байна гээд гомдол гаргана гэж байсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

           

            Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Би уг нь ингэе гэж бодоогүй. 2018 оноос хойш хамт амьдарч байсныг нь мэдсэн. Удаа дараа утсаар би миний дүү ингэж болдоггүй юм, би ч гэсэн амьдралд алдаж байсан гэж хэлэхэд байнга хэдрэлдэг байсан. Б өөдөөс би архичинг чинь яах юм гэж өөдөөс уурладаг, үүр хүүхэдтэйгээ ярьж бай гэдэг байсан. 2 жилийн өмнө хороололд бид хоёр уулзсан. Би Мөнх-Очирыг ирэх болгонд нь буцаад явуулчихлаа шүү гэж ярьдаг байсан. Хэрэг гардаг өдөр М над руу Б миний нүүрийг самардчихлаа, хүний нүүр харах эцэсгүй болчихлоо. Чи надтай 4-5 жил амьдарч байсан юм байна. Хоёр хүүхэд хөдөөнөөс ирнэ гэнэ. Би хүүхдүүдээ ийм царайтай харагдмааргүй байна. Надад туслаач гэсэн. Би үгүй гээд утсаа унтраах гэхээр хүний ТҮЦ дээр зогсдог учир дарга залгадаг болохоор унтраадаггүй байсан. Дуудлагыг нь авахгүй байхаар дугаараа нууцалж, янз бүрийн дугаараас залгадаг байсан. Би асуудал үүсэх вий, хүний юман дээр суудаг шүү гэхэд тэгэхгүй гэж хэлсэн. Нүүрээ самардуулчихсан байсан. Би хохь чинь гэж хэлээд кофе өгсөн. Миний утаснаас дугаараа нууцалж Б руу залгаад байсан. Тэгээд би явмааргүй байна гэж хэлсэн. Би эхнэр нь чинь хаа холоос ажлаа тараад ирж байхад яваач, ямар ааш араншинтай хүн гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ гэж хэлсэн. ТҮЦ-д Б өөдөөс харж байсан. Би 3000 төгрөгийг нь өгөөд бушуухан гараач гэсэн. Гарчхаад буцаад орж ирсэн. Араас нь Б шуугьж орж ирээд поссын машин, картын машин зэргийг аваад цээж рүү цохиод, түвээсэн. Би юунд гомдоод байна вэ гэхээр тэр бүхнийг мэдсээр байж надтай ярилцахгүй шууд над руу халдсанд нь гомдоод байна. Цээж рүү нэг цохисон. Поссын машин цээж рүү унасан. Би маргааш өглөө нь шууд ажлаасаа халагдсан. Тэр хавиар бөөн онигоо болсон. Би өөрт нь мессеж бичсэн. Би ямар ч байсан байгууллагын юмыг өөрөө төлье гээд торгуулаа төлчхөөд поссын машиныг төлсөн. Нүүрэн дэх сорви гүн байсан нь идээлсэн... намайг үсдэхээр нь би бас үсдэлцсэн. Цагдаагийн машинд суугаад замын урд тал руу гарсан байхад энэ муу самардсан байна шүү дээ, гичий чинь гэж ирээд намайг самардсан. Тархины зулай гэвэл би урьд нь хоёр удаа аваарт орсон болохоор айдастай байдаг... надаас уучлалт гуйгаагүй... би эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ. Би толгойн эм, сорвины тос, нүдний тусаалга, тархины витамин, үсний тэжээл зэргийг авч хэрэглэсэн. Баримтыг нь авсан боловч хоёр удаа нүүдэл суудал хийсэн. Хаа байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна. Зардлаа авчихвал гомдолгүй...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

                                   

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хохирогч С.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө ажил дээрээ ирсэн. Тэгсэн М над руу 88268189 ...над руу залгахаар нь би ТҮЦ-дээ дуудсан. Тэгээд согтуу ирэхээр нь би аяга кофе хийж өгөөд сууж байсан. Тэгсэн намайг гар утсаа өгч байгаач гэхээр нь гар утсаа өгсөн чинь эхнэр лүүгээ залгаад дуудчихсан байсан... 21 цагийн үед эхнэр Б нь ирчихсэн байна гэж хэлээд... 3000 төгрөг өгөөд гаргасан. Тэгсэн удалгүй эхнэртэйгээ орж ирээд эхнэр нь лангуу дээрх байсан эд зүйл авч шидэлж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь буудал дээр цагдаагийн алаг машин байж байхаар нь хэлээд саатуулсан. Тэгсэн цагдаа намайг гараад ир гэхээр гараад очсон чинь эхнэр нь үснээс зулгааж газар луу угзарч унагасан тул би босоод ТҮЦ рүүгээ орсон. Тэгсэн ахин намайг цагдаа гараад ир гэхээр гарсан чинь ахин үснээс зулгаахад цагдаа барьж авсан... машинд суухад эхнэр нь шууд нүүр самардсан... биеийн байдал толгой их өвдөж байна, шөнө огиулж хоносон. Нүүрний зүүн талаар чимчигнээд хорсож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудас),

 

Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.О ы түцэн дотор хүлээгээд сууж байхад удалгүй манай эхнэр болох Б.Б нь орж ирээд намайг урьд өмнө өөрийг нь Унгерт байхад нь хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан С.О тай хамт байхыг хараад маш ихээр уурлаж С.О тай хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаж авахаар нь би болиулах гэж өөрийн эхнэр болох Б.Б-ыг салгаад түцнээс гарч өөрийн машинд суулгах үед Б.Б нь машинд орж ирээд өөрийн нүүрийг хараад С.О нь миний нүүрийг хумсаараа маажсан байна. Би зөрүүлж адилхан маажна гээд машинас гараад автобусны буудал дээр гадаа С.О Б.Б хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, бие биенийхээ үснээс зулгааж газар хамт унаад зодолдож байхад эргүүлийн цагдаагийн машин ирээд тэр хоёрыг салгаад болиулсан. Би анх 2021 оны 11 сарын 12-ны өдөр С.О тай уулзахаар ажил дээр нь очиход түүний биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Надад анзаарагдаагүй. Мөн Б.Б-ын биед ч гэсэн ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11201 дугаар “... ДҮГНЭЛТ 1 .С.О ы биед дух, зүүн нүд зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... О аа гэх эмэгтэйг хараад уур хүрээд байсан учир О аагийн толгойны үснээс зулгааж эхэлсэн чинь О аа зөрүүлэн миний үснээс зулгааж, миний нүүрэн тус газар 2 удаа хумсаараа маажсан. Тэгээд цагдаа нар салгасан ба манай нөхөр М болон О аа нар хамт байхдаа намайг доромжилж байгаа юм шиг уур хүргээд байсан тул би О ааг зогсож байхад нь дахин толгойн үснээс нь гараараа татсан ба энэ үед мөн адил О аа гэх эмэгтэй миний үснээс татсан ба дахин цагдаа нар салгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Иргэний  үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                       

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын арын автобусны буудлын дэргэд С.О тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалда жулмаар эд зүйл авч шидэх, үснээс нь  зулгаах, угзарч газарт унагаах зэргээр зодосны улмаас биед нь дух, зүүн нүд, зовхи, баруун хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           

Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Ш.М нь урьд хэсэг хугацаанд хамт амьдарч байсан С.О ы ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын арын автобусны буудлын дэргэд байх ТҮЦ-д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр очиж, эхнэр Б.Б-ыг дуудсан байх бөгөөд уг өдрийн 22 цагийн үед Б.Б нь уг газар ирж нөхөр Ш.Мөнх-Очир, С.О нарыг хамт байхыг харж, хардаж С.О тай маргалдаж, улмаар түүн рүү эд зүйл авч шидсэн, үснээс нь  зулгаасан, угзарч газарт унагаасан үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч С.О , гэрч Ш.М, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгүүд нь харилцан зөрүүгүй байх бөгөөд болсон хэргийн талаар нэгэн адил зүйл мэдүүлсэн байна.

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11201 дугаар дүгнэлтээр С.О ы биед дух, зүүн нүд зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

           

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.О ы эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч С.О д Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11201 дугаар дүгнэлтээр “биед дух, зүүн нүд зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.О ы эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь нөхрөө бусадтай хардсаны улмаас, мөн нөхөр болох Ш.М буруутай үйлдлээс, гэр бүлийн тогтворгүй харилцаа, огцом уур бухимдал, түргэн ааш авирын улмаас гэмт хэрэг гарчээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Би толгойн эм, сорвины тос, нүдний тусаалга, тархины витамин, үсний тэжээл зэргийг авч хэрэглэсэн. Баримтыг нь авсан боловч хоёр удаа нүүдэл суудал хийсэн. Хаа байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна. Зардлаа авчихвал гомдолгүй.” гэж мэдүүлсэн боловч холбогдох баримтаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй.

 

Иймд хохирогч С.О ы гэмт хэргийн улмаас түүнд учирсан гэм хорын хохирлын зардал буюу эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар “хэлэх зүйлгүй” гэсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь ХХХ-д тогооч ажил эрхэлдэг болох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас) тогтоогдож байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй буюу шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

 

Харин шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нөхөр болох Ш.М буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед дух, зүүн нүд зовхи, баруун зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсэг, доод уруулын гадна салстад, эрүүнд зулгаралтууд, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзаж үзэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

           

Бусад асуудлаар:

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

           

Шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч С.О ы гэмт хэргийн улмаас түүнд учирсан гэм хорын хохирлын зардал буюу эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

           

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ