Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

2022           01            20                                      2022/ШЦТ/134

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Туяа,

иргэдийн төлөөлөгч Г.Н болон бусад оролцогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                                            

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн М А холбогдох эрүүгийн дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

            Биеийн байцаалт:

                       

 

Холбогдсон хэргийн талаар:

           

Шүүгдэгч М.А нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 3 дугаар клиникийн Б блокийн 1 давхарт байрлах тусгаарлах өрөөнд эмчлүүлж байхдаа хамт эмчлүүлж байсан Ц.Э-г уур хүргээд байсан гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт нь дэвсэх, хоолойг нь боох үйлдлээр Ц.Э-д гавал тархины битүү гэмтэл, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд оруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Сүүлийн үед очиход биеийн байдал дордсон байсан. Би бол биечилж уулзахгүй байгаа.  Сүүлийн үед нилээн ширүүн догшин байгаа. Зөвхөн эргэлт оруулж байгаа.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчийн хувьд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмлүүлж байсан.  Ар гэр хамаатан садан гэх хүн одоогоор тогтоогдоогүй байгаа. Тэгээд Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс миний бие хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод оролцож байгаа. Ямар нэгэн төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхэд халдсан тул гомдолтой байгаа.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэцийн ахлах зэрэгтэй эмч О.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мижиддорж овогтой А 32 настай,  шинжилгээг бол 2021 оны 10 сарын 12-нд хийсэн байна. Нийтдээ 17 удаа хэвтэж эмчлүүлсэн байна. Онош болохоор бусад шизофрени F20.8 сэтгэцийн дотоод шалтгаан сэтгэцийн архаг өвчтэй, хэрэг үйлдэх үедээ эмгэг төрхт төст хам шинжтэй гэсэн байна. 2 удаа дүгнэлт гаргасан.  Нийгэмд болон өөртэй аюул учруулахаар байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрийнхөө хийж буй үйлдлээ удирдан жолоодох чадваргүй байсан байна. Хэрэг хариуцах чадваргүй. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаанд авах саналыг шинжээчийн хувьд гаргаж байна. Болсон байдлыг үнэн зөв мэдүүлэх чадваргүй гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Би бол шинжээч. Яг бол хэвтэж эмлүүлж байгаа клиникийн тасгийн эрхлэгч Б.Долгормааг оруулсан. Одоо бол  сэтгэл санаа маш тогтворгүй, ажилчид эмч руу дайрсан байдалтай байгаа. Дандаа эмийн эмчилгээ явагдаж байгаа. Өөртэй болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй тул заримдаа хөнгөн даруулга буюу хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа... хүн амины хэрэг эсвэл хүчингийн хэрэг дээр бол 3-5 жилийн хугацаанд хэрэглэх саналыг өгч байгаа. Шинжээч нар санал өгөх зорилготой энэ саналыг шүүх шийдвэрлэнэ...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Хэргийн газарт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн: “Уг хэрэг болсон гэх газар нь БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭМҮТ байх ба 3 дугаар клиникийн Б блокын ... 3 давхар ... 3 дугаар клиникийн Б блок гэх хаягтай байр байх ба  ... хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй...” гэх тэмдэглэл, (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

 

2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн: “Уг цогцос нь гадураа цагаан өнгийн бүтээлгээр ороолттой байх ба бүтээлгийг сөхөж үзэхэд 137 см урттай, биеийн хөгжил зөв, мах мярай дунд зэрэг, арьсан доорх өөхөн эдийн хөгжил дунд, толгойн үс хусагдсан, хоёр нүдний зовхи хаалттай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, хамар хацрын үе мөгөөрс бүтэн, амаа жимийсэн, уруул хөхөлбөр ягаан, дээд, доод буйланд шүдгүй, хүүрийн хөшилт эрүү, хүзүү дээд доод мөчдөд сул, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн өнгөөр үүссэн, чих, ам, хамар болон өтгөн, шээсний сүвнээс гарсан зүйлгүй, цогцост зүүн чамархайн хэсэг хаван хавдар ихтэй, тал хэлбэрийн мэс заслын 14 ширхэг оёдол бүхий шархтай, зүүн хацрын 1.1х0.2см хүрэн өнгийн зулгаралттай, эрүүний доод хэсэгт 3.5х2см хүрэн өнгийн зулгаралттай, эрүүний доод хэсгээс цээжний чиглэсэн 15х9см хүрэн өнгөөр цоохортсон, баруун бугалаганы дээд гадна хэсэгт 1х1см додд гадан хэсэгт 3х1.5см, бүдэг, захаараа шаргал туяа орсон, баруун хөхний доод хэсэгт ташуу байрлалтай 12.5х2см хөхөлбөр, баруун хавирганы нум хэсэг 2х1.7см хуучин, баруун гуяны урд хэсэгт 2х1.7см, зүүн мөрөнд 2х1.5см зүүн бугалганы гадна хэсэгт 2.1см, 1х0.8см, зүүн шууны дотор дунд хэсэг 1.5х1.8см, зүүн гуяны урд дунд хэсэгт 4х3см, хуучин, захаасаа гар туяа орж буй цус хуралттай, тавхайн ар хэсэг болон зүүн шууны тохойн хонхорт хөхөлбөр өнгийн тарианы зүүний оромтой 36 настай гэх эмэгтэй хүний цогцос байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),

 

Хэргийн газрын үзлэгийн схем зураг, гэрэл зураг (хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас),

 

Гэрч Э.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би СЭМҮТ-ийн 3 дугаар клиникт 2021 оны 7 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд ээлжээр 24 цагийн тусгаарлах өрөө хариуцан ажиллаж байсан. Намайг 09 цагт ээлж хүлээж авах Э  нь маш их хөдөлгөөнтэй өрөөнийхөө хүмүүсийг болон бусад эмчлүүлэгсдийг зодож цохих, үстэх, майжих мэтээр гэмтээж хохироосон байсан... 11 цагийн үед хөнгөн даруулга хийсэн. 13 цаг 30 минутад тайлж цай хоолыг нь өгсөн... 13 цаг 50 минутад дахин хөнгөн даруулга хийсэн. Тэрнээс хойш хөнгөн даруулгыг 2-4 удаа тайлсан байсан. Бусад эмчлүүлэгсдээр тайлуулсан байсан... 18 цаг 50 минутад хоолыг нь идүүлсэн. Тэгэхэд хөнгөн даруулгагүй байсан. Ажилчдын халаад ураад нилээд хөдөлгөөнтэй байсан... дахиж хөнгөн даруулга хийсэн. Тэрнээс хойш 19 цаг 00 минутаас 19 цаг 50 минут хооронд зүв зүгээр орилж, хашигчиж байсан... 20 цаг 40 минутад Э  газар хэвтсэн бөөлжсөн, босгож, татаж үзэхэд хариу үйлдэл байхгүй амьсгаатай байсан. Өрөөний хүмүүс нь А цохиж зодсон гэж хэлсэн... Үүнээс хойш 20 цаг 50 минутаас хойш Э д эм тариа дусал хүчил төрөгчийн аппарат залгаж, амин үзүүлэлтийг хянаад БЗДН-ээс ГССҮТ-д хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 00 минутад тус клиникт ээлжийн сувилагчаар гарч байсан. ... Э  гэх өвчтөнд манай сувилагч нар хөнгөн даруулга хийсэн байсан. Тухайн даруулгыг зөв хийсэн байсан. Би өрөөндөө эмчлүүлэгчдийн маягт хөтөлж байхад хонх дуугарсан. Гараад очиход жижүүр эмч орж ирж байсан. Анхаарах эмчлүүлэгчдийг шалгахаар очиход Э  шалан дээр зүүн хажуу хэсгээрээ унасан байдалтай хэвтэж байсан. Ойртож очиход хажууд нь хоолоороо бөөлжсөн. Э  гэж дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байгаад байсан.’’ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

Гэрч Р.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 09 цагт тус клиникт туслах сувилагчаар гарч, гал тогоо, үүд онгойлгож өгөх ажил хариуцан ажиллаж байсан. Ажил хүлээж авахад манай тасагт хэвтдэг Э  уур уцаар ихтэй, эмчлүүлэгсдийг зодсон, хажуугаар гарсан хүмүүсээ хэл амаар доромжилж, хүний нүүр маажих, нүүрэнд цохисон байсан. 11 цагийн үед цай талх өгөөд явж байхад Э  нь хүмүүсийг цохиод, аягатай цайгаа цацаад уурлаад байсан. Тэгэхээр нь би анхаарах авч ажилласан хүнтэй нийлээд ... тайвшруулах, номхотгох аргыг хэрэглэсэн. 13 цагт өдрийн хоолны өмнө уяаг тайлаад хоолыг нь өгсөн. Хоолны дараа Э  ахиад уурлаад хүмүүсийг цохиж зодоод байсан тул анхаарахаар ажиллаж байсан хүнтэй дахин даруулга хийсэн. Даруулга хийснээс хойш Э  нь унтаж байгаад 16 цагийн цайнаас өмнө сэрэхээр нь уяаг нь тайлж өгсөн. 18 цаг 30 минутад оройн хоолыг нь идүүлсэн. Э  нь 19 цагийн үед ахиж уурлаад хүмүүсийг цохиод байсан. Тэгэхээр нь анхаарах авч байсан ажилтан даруулга хийх гэтэл дийлэхгүй байна гээд дуудахаар нь би ороод цуг даруулга хийхэд бид хоёрын халаад урсан. Анхаарах авсан ажилтан харж үлдээд би ажлын өрөө рүү явсан. Тэгээд байж байтал анхаарах авч байсан ажилтан орж ирээд саван аваад буцаад гараад явсан. Тэгтэл жижүүр эмч ирээд анхаарах өрөө рүү ороход Э  газарт шалан дээр хажуудаа бага зэргийн бөөлжсөн байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар анхаарах авч байсан ажилтан хамт байсан өвчтөнүүдээс асуухад А зодоод газар унагаасан гэж хэлсэн... анхаарах авч байсан ажилтныг С.Е гэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Манай эмнэлэг 8 тасагтай бөгөөд жижүүр эмч 8 тасгийг 4 цаг тутамд нэг удаа эргэж, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа эсэхийг шалгаж тойрч явдаг. Би ажлаа аваад 16 цагт тасгуудаа тойрч явж байгаад 3 дугаар тасаг руу орж үзэхэд манайд эмчлүүлж байсан Э  гэх эмэгтэйд хөнгөн даруулга хийчихсэн байхаар нь би тасгийн сувилагчаас яагаад даруулга хийсэн талаар асуухад Э  нь өвчтөнүүдийг цохиж, маажаад эрэгтэй өвчтөнүүдийн эрхтэн рүү нь цохиод байхаар нь даруулга хийсэн гэж хэлсэн. Тэгээд би бусад эмчлүүлэгч нарыг үзэж тойрчхоод гарч яваад байж байгаад 19 цаг өнгөрч байхад тасгуудаар дахин нэг тойрч байгаад 3 дугаар тасаг руу ороход эмчлүүлэгч Э  өрөөндөө газарт баруун талаараа хажуу тийш харсан, амнаас нь бага зэрэг бөөлжис мэт зүйл гарсан байдалтай хэвтэж байхаар нь би тасгийн сувилагч нартай өвчтөн Э г сэрээх оролдлого хийхэд хариулахгүй, дуугарахгүй, ухаан алдчихсан байдалтай байхаар нь амин үзүүлэлтийг үзэхэд пульс багассан, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж буурсан, артерийн даралт буурсан, хүүхэн хараа нь гэрлийн урвалд хариу үзүүлэхгүй, өвдөлтөд хариу үзүүлж байсан. Тэгэхээр нь бид нар хамрын гуурсаар болон хошуувчаар хүчилтөрөгч өгсөн. Цэр салстыг соруулсан, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийж байгаад манай байгууллагын түргэний машин ирэнгүүт туслах сувилагч Э.Е-н хамт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн ...яаралтай тусламж дээр очиход амин үзүүлэлт хэвийн байна. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очоод тархины зураг авхуул гэж хэлэхээр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очоод тархины зураг авхуулахад 0.5см орчим цус хуралттай байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлье гээд авч үлдсэн. Би анх Э г газарт унасан байгааг нь хараад сувилагч Б.Байгалмаа амин үзүүлэлт шалгаж байх явцад хүзүү нь хөхөрчихсөн байхыг хараад хамт нэг өрөөнд байсан өвчтөнүүдээс юу болсон талаар асуухад А Э гийн хоолойг нь боосон гэж хэлж байсан. Тухайн үед Э  болон А нартай хамт эмчлүүлж байсан өвчтөнүүд нь бүгд сэтгэцийн өөрчлөлттэй. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй өвчтөнүүд байсан. Тухайн хоёр өвчтөн нь яг өөд өөдөөсөө харсан хоёр өрөөнд тус тусдаа байсан. Тухайн өрөөнүүд нь хаалгагүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас),

 

Гэрч Ш.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд үзлэгийн эмч ... М.А нь манай төвд 2005 онд хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж өвчнөөр хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Хамгийн сүүлд 2021 оны 2 сарын 02-ны өдөр хэвтээд одоог хүртэл эмчлүүлж байна. Би М.А-г 2021 оны 8 сарын 24-ний өдрөөс хойш үзэж байгаа. М.А-ын сэтгэл санаа тогтворгүй. Уур уцаартай, гэнэтийн үйлдэл их хийдэг. Гэнэт хүн цохиж авдаг. Бусад хамт эмчлүүлж байгаа өвчтөнүүд нь ямар нэгэн байдлаар М.А-г өдөх эсвэл янз бүрийн байдлаар дургүйг нь хүргэсэн тохиолдолд гараар эсвэл бусад зүйлсээр цохиод авдаг. М.А-ын оношлогдсон өвчин нь байнгын эмчилгээ шаарддаг. Байнга хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчин юм. М.А нь 168 см өндөртэй, 70 кг жинтэй, биеийн ерөнхий хөгжил зөв, мах мяраа хэвийн байдаг. Өвчтөний үзлэгийг өвчтөний тухайн үеийн болон ойрын өдрүүдийн зан байдал, биеийн байдлаас шалтгаалж 7 хоногт 2 удаа үздэг. М.А нь архаг өвчтөн учраас 7 хоногт 2 удаа зайлшгүй үзлэг хийж харилцаж, тэмдэглэл хөтлөх шаардлагатай байдаг. М.А нь хэрэг үйлдсэнээсээ хойш зан байдал өөрчлөгдсөн зүйл байхгүй, яг хэвэндээ л байгаа...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 194-195 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 1384 дугаар: “...5803 дугаартай өвчний түүх: 2021.07.10 хэвтэх үеийн зовуурь хэлэхгүй. ухаангүй, ...биеийн байдал маш хүнд, орчиндоо ямар ч харьцаагүй, интубацын гуурстай, ...аппаратын амьсгалтай, зүрхний авиа бүдэг, хэм жигд, ...2021.07.10-ны үзлэгт: ...хүзүүнд боомилсон гэх оромтой, зөөлөн эдийн няцрал ихтэй, хөхөрсөн Сэхээн амьдруулах арга хэмжээнд үр дүн өгөлгүй 2021.07.11-ний 14:35 цагт нас барав. ...2021.07.09-ний хагалгааны тэмдэглэлд: ...хатуу хальс хөхөрсөн хатуу хальснаас цус алдаж байсныг тогтоон хатуу хальсыг нээхэд их хэмжээний өтгөн цусан бүлэн байсныг ..авахад тархи маш их хавантай, ...1.5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 2.3. Талийгаачийн цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочны зулгаралт, хүзүүний өмнөд дунд эгэмний доод хэсгийн арьс зөөлөн эдийн цус хуралт, төвөнхийн мөгөөрсний их биеийн хугарал, салст, булчингийн цус хуралт, бамбай булчирхайн цус хуралт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...12. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Хийсэн эмчилгээ нь зөв байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 566 дугаартай “...өвчин анх 2002 онд хий үзэгдлийн хам шинжээр эхэлж Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. 2004 онд өвчин даамжирч хий үзэгдлийн дэмийрлийн дошгиролд орж зурагтаар гарч байгаа хүмүүс надтай яриад байна гэж зурагтын өөдөөс салаавч гаргаж, ганцаараа ярих болсон. Түүнээс хойш зан төрийн өөрчлөлт тод илэрч гудамжинд хүүхдүүдтэй муудалцаж зодуулчхаад тэр хүүхдийг би заавал зодно гэж заналхийлдэг болсон. Хөдөлгөөн их тогтворгүй, ганцаараа ярих нь ихэссэн. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд жилдээ 3-5 удаа хэвтэн эмчлүүлэх болсон. 2004 оноос тус эмнэлгийн хяналтад орж группэд орсон. Эмнэлэгт 10-аас дээш удаа хэвтсэн. ...Болсон хэргийн талаар: Хэд хоногийн өмнө, хэзээ ч билээ санахгүй байна. Нэлээн дээр хэд хоногийн өмнө Э  миний уурыг хүргээд байсан. Тэгэхээр нь би анхаарах дотор элэг рүү нь хэд элэгдээд, толгой руу нь хэд дэвссэн гэнэ. ...Комиссын үзлэгт: ...Э г яасан гэхэд “элэгдсэн, толгой руу нь цохисон. Намайг доромжлоод байсан. Тэгээд би зодсон” гэнэ. Цагдаа ирж уулзсан гэж ярилцана. “Тэр өдөр нэг удаа зодсон ш дээ. Хэд хэд элэгдсэн, толгой руу нь дэвссэн гэнэ. Тэгээл тэр өдрөөс хойш алга болчихсон ш дээ” гэнэ. ...Онош: Ds:F20.8 Бусад шизофрени. Эмгэг төрх төст хам шинж. 1. М.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд Ds:F20.8 Бусад шизофрени. БР.Эмгэг төрх төст хам шинж эмгэгтэй байсан байна. М.А нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлээ зөв ойлгож удирдах чадваргүй байсан байна. ...М.А нь хэрэг хариуцах чадваргүй байна. М.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 жил хийлгэх шаардлагатай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаар: “...Комиссын үзлэгт: Гаднаас 30 гаран насны өөртөө арчаагаар сул эрэгтэй орж ирэн заасан сандалд сууна. Зовиур асуухад зүгээр гэнэ. Э г яасан бэ гэхэд элэгдсэн толгой руу нь цохисон. Намайг доромжлоод байсан. Тэгээд би зодсон гэнэ. Цагдаа ирсэн уулзсан гэж ярилцана. Тэр өдөр нэг удаа зодсон шдээ. Хэд хэд элэгдсэн толгой руу нь дэвссэн гэнэ. Тэгээл тэр өдрөөс хойш алга болчихсон шдээ гэнэ. Онош: Ds:F20.8 Бусад шизофрени. St: Эмгэг төрх төст хам шинж Дүгнэлт: Комиссын гишүүд доорх нэмэлт дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. М.А-ын сэтгэцийн байдал нь өөртөө эсхүл бусдад аюул учруулахаар байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 183-186 дугаар хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Оршуулгын зардлыг улсаас гаргаж, ажил явдлыг хийсэн учраас миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 206 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 4 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “... хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ганболдыг томилж байна.” гэх албан тоот (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/5506 дугаар “...нь биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд хамрагдаагүй, байнга оршин суугаа хаяг тодорхойгүй, архивын баримтад эцэг, эхийн мэдээлэл бичигдээгүй байх тул иргэний үнэмлэхийн лавлагаа болон төрөл садангийн лавлагаа олгох боломжгүй байна.” гэх албан бичиг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Амь хохирогч Ц.Э-ийн ХУР-Иргэний мэдээлэл (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

Амь хохирогч Ц.Э-ийн СЭМҮТ-д үйлчлүүлсэн мэдээлэл (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

М.А-ын СЭМҮТ-д үйлчлүүлсэн мэдээлэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Амь хохирогч Ц.Э-ийн өвчний түүх, компьютер томографикийн шинжилгээ, мэс заслын өмнөх дүгнэлт, тэмдэглэл, төгсгөлийн эпикриз (хавтаст хэргийн 72-83, 119-148 дугаар хуудас),

М.А-ын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 87-117, 149-161 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Ууганчимэгийг тогтоосон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 190 дугаар хуудас),

Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журам (хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас),

СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/169 дүгээр “Дүрэм батлах тухай” тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/128 дугаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” тушаал (хавтаст хэргийн 217-218, 219-222 дугаар хуудас),

Прокурорын “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал” (хавтаст хэргийн 238-243 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаар мэдэгдэл (хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

АСАП сангийн лавлгаа (хавтаст хэргийн 58-62 дугаар хуудас),

СЭМҮТ-д үйлчлүүлсэн мэдээлэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 226 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 162-165 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчШүүгдэгч М.А нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 00 минутаас 20 цаг 40 минутын хооронд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 3 дугаар клиникийн Б блокийн 1 давхарт байрлах тусгаарлах өрөөнд эмчлүүлж байхдаа хамт эмчлүүлж байсан Ц.Э-г уур хүргээд байсан гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт нь дэвсэх, хоолойг нь боох үйлдлээр Ц.Э-д гавал тархины битүү гэмтэл, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд оруулж алсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн түүнд 3 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай.” гэх дүгнэлтийг,

 

Мөн иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.А нь анх 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд F20.0 шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр гэх оношоор, амь хохирогч Ц.Э нь 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн F70.0 оюуны хөнгөн хомсдол гэх оношоор хэвтэн эмчлүүлж байжээ.

 

Шүүгдэгч М.А нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн  Сэтгэцийн эмгэгийн 3 дугаар клиникт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Ц.Э-г уур хүргээд байсан гэх шалтгаанаар толгой хэсэгт нь дэвсэж, хоолойг нь боосон үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрч нарын мэдүүлгүүдээр 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр амь хохирогч Ц.Э нь өрөөнийхөө хүмүүсийг болон бусад эмчлүүлэгсдийг зодож цохих, үстэх, майжих мэтээр халдаад байсан тул түүнд хөнгөн даруулга хийсэн байх бөгөөд 19 цагийн үед Ц.Э нь шалан дээр зүүн хажуу хэсгээрээ унасан байдалтай хэвтсэн байхад сувилагч нар болон жижүүрийн эмч олж очсон байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 1384 дугаар шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл, механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барж, талийгаачийн цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочны зулгаралт, хүзүүний өмнөд дунд эгэмний доод хэсгийн арьс зөөлөн эдийн цус хуралт, төвөнхийн мөгөөрсний их биеийн хугарал, салст, булчингийн цус хуралт, бамбай булчирхайн цус хуралт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон байх бөгөөд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ.

 

Шүүгдэгч М.А нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 566 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн хувьд DS:F20.8 оноштой буюу бусад шизофрени, эмгэг төрх төст хам шинж эмгэгийн улмаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадваргүй байсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргийг хуульчилсан.

           

“Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Амь хохирогч Ц.Э нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 1384 дугаар дүгнэлтэд дурдсанаар гавал тархины битүү гэмтэл, механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

 

Шүүгдэгч М.А нь амь хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэрээр нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, амь хохирогч  Ц.Э нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн холбогдох албан тушаалтан эмчлүүлэгчдээ хараа хяналт муу тавьсан, эмчлүүлэгчдийн өрөөний зохион байгуулалтыг буруу хуваарласан буюу эмчлүүлэгчид хоорондоо харилцаж, халдах боломж бүрдсэн байх бөгөөд эмнэлэгийн өрөө тасалгаа, хангамж хүрэлцээ муутай зэргээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байна.  

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “оршуулгын зардлыг улсаас гаргаж ажил явдлыг хийсэн учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний амь хохирсонд гомдолтой...”, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн зардалгүй тул шүүгдэгч М.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан байна.

 

Шүүгдэгч М.А нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 566 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн хувьд DS:F20.8 оноштой буюу бусад шизофрени, эмгэг төрх төст хам шинж эмгэгийн улмаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадваргүй байсан байна.

 

Шүүгдэгч М.А нь хэрэг үйлдсэнээс хойш нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадваргүй, мөн хэрэг хариуцах чадваргүй, өөртөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 жилээр авах шаардлагатай талаар дүгнэжээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэргэжилтэн буюу Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн сэтгэцийн ахлах зэрэгтэй эмч О.Баатаржав “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаанд авах саналыг шинжээчийн хувьд гаргаж байна...” гэж мэдүүлсэн.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэнтэй холбогдуулан түүнд авсан албадлагын арга хэмжээний төрлийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт авч, Сэтгэцийн шинжээчийн 566 тоот дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээний хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ” гэж заасны дагуу холбогдох баримтыг хүргүүлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч М.А нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт авсугай.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч М.А нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.А-г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгааг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ

 

ШҮҮГЧИД                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

  Д.МӨНХТУЯА