Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00690

 

А.Н, А.Анарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

А.Н, А.Анарын нэхэмжлэлтэй

Д-УА-ийн ШШГГт холбогдох

“К З”ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Н, А.Ариунаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь өөрийн өмч болон үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш доогуур гаргасан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний талаар тайлбар хийхэд Үл хөдлөх хөрөнгө Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Дархан сумын 7 баг майхантын 4-64а тоот хувийн сууц агуулахыг “К З”ХХК 36.304.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Байрыг 2010 онд баригдсан. Дулааны шугам 18 сая төгрөгөөр татсан. Мансарттай хүн амьдрах боломжтой 2 давхар 168 м.кв талбайтай байшин, блокон хашаатай тухайн үед 45.000.000 төгрөгөөр баригдсан, 380 квт цахилгааны шугам татсан. Газар нь гэрчилгээтэй 500 м.кв газрын байршлын хувьд бараг хотын А зэрэглэл гэж болохуйц газар юм. Тухайн үедээ 11 сая төгрөгөөр нийт 77 сая төгрөгөөр босгосон эд хөрөнгийг 40.657.000 төгрөгөөр дутуу үнэлсэн гэж үзэж байна.Ү-0000000000 дугаартай 13 дугаартай их сургуулийн 2-30 тоот газартай хувийн орон сууц, хашаа байгаа. 2006 онд 15 сая төгрөгөөр бариулсан тог цахилгаанд төвийн дулаан бохир цэвэр усны шугамд холбогдсон. Тохилог орон сууц бөгөөд дулаан цэвэр усыг тухайн үед 20 сая төгрөгөөр хийлгэсэн, граштай байр, нийт өртөг нь 102 сая төгрөгөөр үнэлж байгаа. Дархан сум 7 баг Майхантын 5-6 7 тоотод байрлах бетон суурьтай 2 давхар 280 м.кв ердийн галлагаатай орон сууц, 580 м.кв газрын гэрчилгээтэй, орон сууц бохирын шугамтай, бүх төрлийн үйлчилгээндээ ойр, дэлгүүрийн зориулалттай байр дотор нь байгаа. Гэтэл 90 сая төгрөгийн байрыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Дараагийнх нь Дархан сумын 16 баг Мангиртын 7 тоот хашаа, байшин. Газрын гэрчилгээтэй 2 айлын 1604 м.кв талбай бүхий блокон хашаатай газрын үнэ 10 сая төгрөг, 380 квт-ын шугам татсан 35 м.кв блокон ханатай орон сууцыг 8 сая төгрөг барьсан. Бүгд 16.836.000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл байшин хашаанд бидний гаргасан зардал 29 сая төгрөг байхад зөрүү 12.144.000 төгрөгөөр доогуур үнэлсэн тул дахин үнэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д-УА-ийн ШШГГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нар шүүхэд гаргасан тайлбартаа: Капитрон банкны барьцаанд зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах хугацаа өгсөн боловч хугацаандаа зээлээ төлөөгүй учир барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үнийг саналыг нэхэмжлэгч нараас авсан боловч банк хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн үнэлгээчнээр 2018 оны 6 сарын 11 өдөр “К З”ХХК-г томилсон тогтоол гарсан. 2018 оны 9 сарын 13 өдөр үнэлгээний тайланг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хууль ёсны дагуу үнэлгээ гаргуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “К З”ХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хөрөнгөө үнэлүүлсэн хүмүүс хойрго хандаж мэдээллээ гаргаж өгөхгүй байсан тул бид үнэлгээ хийдэг аргачлалын дагуу хийсэн. Газрын үнэлгээг орчны байршлын харгалзаж хийсэн. Үнэлгээ маань зах зээлийн үнэлгээ тогтоох гэж байгаа гэх боловч албадан борлуулах үнэлгээ учир яг зах зээлийг үнэлгээгээр үнэлэх боломжгүй аль аль талыг харгалзан хийсэн. Хөрөнгүүдийг газар дээр нь очоод үзэхэд байшингийн дизайн өнгө үзэмж муутай байсан тул энэ байдлыг харгалзан үнэ цэнийг бууруулсан тал байгаа. Зарим нэг эд хөрөнгө үнэлээгүй гэсэн байна лээ. Дэлгүүрийн барилга бол өөр хүний өмч гэж А.Н тайлбарласан, шинжээч томилох тогтоол дээр тухайн дэлгүүрийн барилгыг үнэлэх талаар тусгаагүй байсан тул үнэлээгүй. Газар нь эрүүл тэгш биш уруу байрлалтай байсан. 64а тоотод 2 машины гараж байсан. Үүнийг бас үнэлүүлэхгүй барьцааны хөрөнгө биш гэсэн байдлаар ойлгуулсан. Байшингийн хувьд хүний анхаарал татах хэмжээний биш байсан тул үнэ буурсан. 2010 онд баригдсан барилгууд байсан гэх боловч тухайн үед ямар зардал гарсныг мэдэхгүй, энэ талаар А.Н болон А.Анараас тайлбар өгөөгүй бүх байр сав цоожтой байсан тул орж үзэх боломж хомс байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н, А.Анарын Д-УА-ийн ШШГГт холбогдуулан гаргасан “К З”ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Төлбөр төлөгч А.Н, А.Анарын хувийн өмч болох: 1. Дархан сумын 7-р багийн Майхантын 4-64-ийн “а” дугаарт байрлалтай, 20 м:2.2 м блокон хашаа, гүйдэг төмөр хаалгатай, 513.0 м кв газар нь улсын бүртгэлийн Г-0000000000дугаарын гэрчилгээтэй, хашааны дотор талд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарын гэрчилгээтэй, 2010 онд баригдсан, дулааны шугмыг 18-н сая төгрөгөөр татуулсан, цэвэр усны шугаманд холбогдсон, мансардын хэсэгт амьдрах зориулалттай, 8х10метрийн харьцаатай хоёр давхар, 162 м.кв талбайтай орон сууц, мөн 2 машины гараж зэрэг нь 45-н сая төгрөгөөр баригдсан, 380 кв-ын шугамыг 3-н сая төгрөгөөр татуулж хашааруу оруулсан, байрлалын хувьд зах болон үйлчилгээнд ойрхон газрын үнэ нь 11-н сая төгрөг. Анхны бодит үнэ нь 77-н сая төгрөгний эд хөрөнгийг үнэлгээчин 36.343.000 төгрөгөөр үнэлсэн нь бодит зардлаас 40.657.000 төгрөгөөр доогуур үнэлсэн байна. Үнэлгээчин хашааны дотор баригдсан 2 машины гаражыг үнэлээгүй орхисон болохоор худалдан борлуулах үйл ажиллагаанд төвөгтэй байдал гарна гэж үзэж байна. Иймд бид авто машины гражыг үнэлүүлж дуудлага худалдааны багцад оруулахыг хүсэж үнэлгээг дахин хийлгүүлэхийг зорьсон юм. 2. Дархан сумын 13-р багийн Их сургуулийн 2-р гудамжны 30 тоотод байрлалтай 0,5 га талбай бүхий, улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 айлын газарт 2006 онд 15-н сая төгрөгөөр баригдсан тог, цахилгаанд холбогдсон 8м:8м-ийн харьцаатай 64 м.кв-т палкан, гадна шавардлагатай, вакум цонхтой, бүргэд хаалгатай, төвийн дулаантай, цэвэр усанд холбогдсон, бохироо ёмкост хуримтлуулж соруулдаг, суултуур, угаагуур, халуун хүйтэн ус, банны асуудлууд шийдэгдсэн, халаалттай, улсын бүртгэлийн Ү-2003010196 дугаарын гэрчилгээтэй орон сууц. Сууц баригдах үед дулаан цэвэр усны шугмыг 20 сая төгрөгөөр орон сууцруу татуулсан, 0,5 га бүхий 2 айлын газар нь 50-н сая төгрөгний үнэтэй, хашаандаа 80м гүний худгийг 10 сая төгрөгөөр гаргуулсан, улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй тоосгон /8,0м:6,5м/ 52 м кв талбайтай тоосгон ханатай, бетонон суурьтай 2 машины гражыг 8 сая төгрөгөөр барьсан, 4 сая төгрөгөөр 178м урт блокон хашаа барьсан, гүйдэг төмөр хаалгатай, 380-ын хүчдэл 3 сая төгрөгөөр татаж хашаандаа оруулсан юм. Нийт өртөг нь 102 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгийг 45 сая 800 мянган төгрөгөөр үнэлсэн нь 56 сая 200 мянган төгрөгний алдагдал хүлээхээр байна. 3. Дархан сумын 7-р багийн Майхантын 5-66а тоотод байрлах 580,0 м,кв гэр бүлийн хэрэгцээний газар дээр 2010 онд 28 сая төгрөгөөр баригдсан, битонон суурьтай палкан 10м:10,4м-ийн харьцаатай, 2 давхар, 208 м кв талбайтай ердийн галалгаатай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарын гэрчилгээтэй орон сууцыг 25 сая төгрөгний зардлаар баригдсан. Улсын бүртгэлийн Г-0000000000дугаарын гэрчилгээтэй, 580,0 м кв гэр бүлийн хэрэгцээний газар нь бохирын шугам 10 м-т байдаг, бүх төрлийн үйлчилгээнд ойр болохоор газрын үнэ 30 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Тус газар дээр 13м:12м-ийн харьцаатай дэлгүүрийн зориулалттай барилгыг 37 сая төгрөгөөр барьсан, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, энэ барилгыг үнэлээгүй орхисон. Гэтэл газрыг 2761 мянгаар үнэлсэн байна. Дэлгүүрийн барилга үнэлэгдээгүй байна. Бодит үнэ нь 95 сая төгрөгний хөрөнгийг 27 610 000 төгрөгөөр үнэлсэн нь 67 390 000 төгрөгөөр дутуу үнэлсэн байна. Нэг хашааны дотор баригдсан дэлгүүрийн зориулалттай газрыг хамт үнэлүүлэх хүсэлт гаргаж байгаа болно. 4. Ү-0000000000бүртгэлийн дугаартай Дархан сумын 15-р баг, Мангиртын 6-р хэсэг,7-р гудамж, 07-н тоот дахь Г-0000000000дугаар бүхий гэрчилгээтэй хоёр айлын газарт 1604,0 м,кв-т талбай бүхий 160 м урт блокон хашааг 5 сая төгрөгөөр барьсан, газрын үнэ 10 сая төгрөг, 380 кв-ын хүчтэл 2 сая төгрөгөөр татуулсан, 2011 онд 12 сая төгрөгөөр баригдсан 35 м,кв талбай бүхий блокон ханатай, хөөсөнцөр дулаалгатай, шавардаж эмульсдсэн, бүргэд хаалгатай, ханан пишинтэй, ердийн галалгаатай сууц зэргийг үнэлүүлэхдээ сууцыг нь 8 сая төгрөгөөр, газрыг нь 5 614 000 төгрөгөөр, хашааг 3 072 000 төгрөгөөр, гүйдэг хаалгыг 150000 төгрөгөөр тус тус үнэлэн бүгд 16836000 төгрөг гэж үнэлсэн нь бидний гаргасан зардал 29 сая төгрөгнөөс 12144000 төгрөгөөр доогуур үнэлсэн байна. Нийт бидний гаргасан зардлаас 186 сая 391 мянган төгрөгөөр дутуу үнэлэгдсэн байх тул үнэлээгүй орхисон үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэх, доогуур үнэлсэн гэж үзэж байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг дахин шинжээч томилуулан үнэлүүлэхээр шаардлага тавьсан боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 1213 тоот шийдвэрээр, ДЗШ-ны шүүхийн 2019-01-14-ний өдрийн 13-р магадлалаар А.Н, А.Анарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх хурал дээр үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгөтэй хамт хашааны дотор баригдсан дэлгүүрийн барилга, хоёр автомашины гараж зэргийг үнлээгүй орхисон нь Үндсэн хуулийн 5.2, 16.3-р зүйлд заасан хувийн өмчийг хамгаалсан заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Энэ хөрөнгүүдийн цаана олон айл өрх, олон ам бүл, хүмүүсийн ирээдүйн амьдрал, хувь заяа байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Иргэний хуулийн 85-р зүйлийн 85-ын 2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүрдэл болох Дархан сумын 7-р баг, Майхантын 4-64а тоот дахь 2 машины граж, тус баг дахь 5-66а тоот дахь дэлгүүрийн барилга зэрэг үнэлээгүй үл хөдлөх хөрөнгүүдийг хамт үнэлүүлэх, А зэрэглэлийн болон дэд бүтэц татаж / 380- ын шугам, халуун, хүйтэн ус, бохирын шугам зэрэг/ өртөг шингээсэн газрын үнийг бодитой тогтоолгох шаардлагатай байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Н, А.Анар Д-УА-ийн ШШГГт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөрт хураан авсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “К З”ХХК оролцож, эд хөрөнгийн үнэлгээг хуулийн дагуу хийсэн, “...дэлгүүрийн барилга, 2 гараж барьцааны зүйл биш байсан тул үнэлээгүй...” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын  хяналтын журмаар гомдол гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч нар төлбөрт хураагдсан нийт 4 эд хөрөнгө буюу Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-64а тоот хувийн сууц, Майхантын 5-6 7 тоотод байдаг 280 м.кв галлагаатай орон сууц, 16 дугаар баг, Мангиртын 7 тоот хашаа, байшин, их сургуулийн 2-30 тоот орон сууц, хашаа, газрын үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх эдгээр эд хөрөнгийн талаар дүгнэлт хийсэн боловч шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй нь буруу байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ...үнэлгээ хийсэн газар дээр баригдсан дэлгүүрийн барилга, хоёр автомашины гаражийг үнэлээгүй, орхигдуулсан тул хүчингүй болгох ёстой” гэжээ.

А.Н, А.Анар нь 85 359 673 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны дотор төлөх, уг хугацаанд төлөөгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай Капитрон банкны Дархан салбартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 349 дүгээр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан хэдий ч мөнгийг төлөөгүй тул 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

Талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон, “К З”ХХК 2018 оны 09 сарын 10-ны өдөр үнэлгээ гаргасныг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нар зөвшөөрөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нар дээрх хөрөнгийг бий болгоход гаргасан зардал, тооцоо, 380 кв цахилгааны шугам, дулааны шугам, цэвэр усны шугам татуулж, холбогдсноос эд хөрөнгийн үнэ өссөн талаар баримт гаргаагүй тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй байна.

Харин “К З”ХХК-ийн гаргасан үнэлгээ бодитой болоогүй, үнэлгээг хийхдээ барьцааны зүйлд хамаарахгүй боловч барьцааны зүйл болох газар дээр баригдсан  дэлгүүрийн барилга, автомашины хоёр гаражийн талаар тодруулаагүй, цаашид барьцааны зүйлийг худалдан борлуулахад эдгээр хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус байхад үнэлгээг хийсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдах журмыг зөрчихөд хүргэсэн байна. Түүнээс гадна үнэлгээчин нь хувийн сууц, барилга, гараж, газар зэрэг эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлж буй газар, газрын хэмжээ нь бусад үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцсан эсвэл тусдаа талбай эсэх нь тодорхой бус байгаа нь дуудлага худалдаа явуулахад саад болохоос гадна шүүх энэ талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Төлбөр төлүүлэх зорилгоор битүүмжилж, хураасан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тохиолдолд эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох нь дуудлага худалдааг явуулах, төлбөртөө тооцон авахыг санал болгох зэрэг ажиллагаанд шууд хамааралтай тул үнэлгээ бодитой байх нь чухал ач холбогдолтой юм.

“К З”ХХК нь өртгийн хандлагын аргаар буюу Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх аргачлалын дагуу тооцож барилгын нөхөн сэргээлтийн өртгийг гаргаж, Монгол улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам-ын дагуу ашиглалтын хугацааны элэгдлийг зохих нормативын дагуу тооцон, нөхөн сэргээлтийн өртгөөс хасч үлдэгдэл өртгийг гаргасан боловч барьцааны зүйл болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бодитой болоогүй, Д-УА-ийн ШШГГ үнэлгээ тогтоолгох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар магадлал, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан Д-УА-ийн ШШГАнд холбогдох 2018 оны 09 сарын 10-ны өдрийн “К З”ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хариуцагчид даалган, нэхэмжлэгч А.Н, А.Анарын нэхэмжлэлийг хангасугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтад “...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА