Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0931/З |
Дугаар | 221/МА2016/0323 |
Огноо | 2016-05-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0323
Иргэн Ц.Цийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ц.Цийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр тус сумын нутаг дэвсгэр болох Бөөрөлжүүтийн голд сэргээн олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь:
Улсын Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар:
1. Гол, мөрний урсац бүрэлдэх эхэд
2. Бөөрөлжүүтийн голын гольдрол усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тус тус орсон
3. Сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 тоот захирамжаар Бөөрөлжүүтийн голыг голын гольдролоос хоёр тийш тус бүр 1000 метрээр хамгаалалтад авсан шийдвэр нь хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул энэ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, цуцлах үндэслэл болж байна.
Учир нь: Улсын Их Хурлаас 2009 оны урт нэртэй хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А-52, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 310 тоот журмын дагуу хяналт шинжилгээний мэргэжлийн баг газар дээр нь ирж судалгаа хийн албан ёсоор хууль журмын дагуу хамгаалалтын бүсийг тогтоосон болно.
Мөн сумын Засаг даргын 2010 оны 109 тоот захирамжаар Бөөрөлжүүтийн голын хамгаалалтын бүсийг 1000 метрээр тогтоосон ба энэ захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгааг дахин дурдаж байна.
Энэхүү Бөөрөлжүүтийн голд "Б" ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу тогтоосон болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын Засаг даргын хүчин төгөлдөр захирамжаар усан сангийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаж байгааг онцлон тэмдэглэж байна.
4. Энэ тусгай зөвшөөрөл бүхий талбайн дунд зүүн хэсгээр Бөөрөлжүүт голын зүүн эрэг даган авто машины төв зам явдаг, энэ зам Уянга сумын иргэдийн энэ нутгаар байнга зорчдог хамгийн дөт, бартаа замын саад багатай, даваа нь намхан төв зам төдийгүй Бат-Өлзий, Хужирт, Хархорины ачаа тээвэр, аялал жуулчлалын гол авто зам юм.
Иймээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд санал өгөх болвол энэ хэсэгт ашиглалт явуулахыг зөвшөөрөхгүй байгаагаа багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрээр урьдчилан шийдсэн болно. /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгэээний тухай хуулийн 8.4.8-д заасан/
Өвөр өлт, Ар өлт нь бүхэлдээ уурхайн эдэлбэр газар болсон тул энэ нутаг дэвсгэрээр дамжих зам, даваа нь огцом өндөр бартаа ихтэй байдаг ба одоо уурхайн карьер болсон тул авто машинаар зорчиход аюултай бүс болоод байна.
Мөн энэ тусгай зөвшөөрөл бүхий талбайн урд хэсгийн Бөөрөлжүүт голын зүүн хэсэг нь голдуу нялхыг оршуулдаг болон хуучин оршуулгын газартай давхцаж байна.
5. Тус сумын Бөөрөлжүүт багийн иргэд:
- 100 гаруй хүн гарын үсэг зурсан
- 10-аад хүний гарын үсэг зурсан
- Иргэн Ц.Ц нар удаа дараалан энэ оны 05 дугаар сарын 27-ноос эхлэн
1. Анх 2015 оны 05 дугаар сарын дунд үеэр манай багийн Бөөрөлжүүтэд алт олборлоно гээд уурхайнууд ирэхэд нь иргэд малчид эсэргүүцэн багийн иргэдийн Нийтийн Хурлаа 05 дугаар сарын 20-нд хуралдуулж, уурхай ажиллуулахгүй, хууль бус гэж тогтоол гаргаж уламжилсан ба бие хүнээр иргэд гомдол хүсэлтээ гарын үсэг зурж явуулсан, энэ хүн Улаанбаатар хотын Төв шуудангийн захидал харилцааны тасагт, өргөдөл гомдлоо өг гэж Засгийн газрын баруун хаалган дээр очоод өгөх гэхэд хэлсний дагуу нь:
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,
- Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газар,
- Улсын Прокурорын ерөнхий газар,
- Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороонд шуудангаар.
2. Ашигт малтмалын газрын бичиг хэрэгт нь энэ оны 05 дугаар сарын 27-нд бие хүнээр бичгээр өгүүлсэн ба Кадастрын хэлтсийн дарга eН.Ч нь хүлээн аваад Захиргааны хэргийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийг архиваасаа гаргуулан хувилан бид нарт ирүүлсэн ба Ашигт малтмалын газрын даргад хандаж, "Б" ХХК-ийн лицензийг /ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг/ цуцлуулах, хүчингүй болгох бидний гарын үсэг бүхий хүсэлтийг бичиг хэргийн ажилтандаа өгүүлсэн боловч одоо хүртэл хариу ирээгүй байна.
3. Аймаг сумын Засаг дарга нарт албан ёсоор миний бие өөрөө хүргэж өгсөн.
4. Ингээд хариу ирэхгүй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдад Улаанбаатар хот өөрийн биеэр орж иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын тусгай шуудангаар энэ оны 07 дугаар сарын 06-ны үеэр хүргүүлсэн болно.
5. Эцэст нь Бөөрөлжүүтэд олгосон "Б" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, цуцлуулах хүсэлтэндээ хариу өгөхийг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ оны 08 дугаар сарын 24-нд хандсан болно.
Бөөрөлжүүтийн асуудлаар болон Бөөрөлжүүт голд дахин олгогдсон лицензийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, цуцлуулах санал гомдлоо төрийн бүх шатны байгууллага, дарга нарт олон удаа байнга тавьж ирсэн ба Бөөрөлжүүтийн голд "Б" ХХК-д олгосон лицензийг хүчингүй болгох талаар нэг ч хариу одоо хүртэл ирээгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Ц.Ц би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрхийн дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар өөрчилж байна.
Миний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр "Б" ХХК-д тус сумын нутаг дэвсгэр болох Бөөрөлжүүтийн голд сэргээн олгогдсон МҮ-018764 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүссэн.
Ашигт малтмалын газраас ирүүлсэн тайлбарт ...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гаргажээ..., ...2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр "Б" ХХК-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр 18764 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг олгосон байна... гэсэнтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 тоот шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох;
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 тоот шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг нь тогтоолгох гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн иргэн Ц.Ц нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс "Б" ХХК-ийн Бөөрөлжүүтийн голд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөн олгосон тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус захиргааны акт болсон гэж үзсэн. Яагаад гэвэл тусгай хэрэгцээнд авсан газар, тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш Ашигт малтмалын болон Усны тухай хууль зөрчсөн, Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлүүлэх эрхийг зөрчсөн учраас нэхэмжлэл гаргасан.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр дээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай томъёолж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэж шийдвэрлэв.
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 тоот шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь энэ шийдвэр дээр тусгай зөвшөөрөл, хавсралтыг нөхөн олгох тухай гэж томъёолж, "Б" ХХК-д тус газраас олгосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн гол нэртэй 350.91 га талбай бүхий ашиглалтын талбай МҮ-13713 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар өнөөдрийн сонинд нийтэлсэн зар 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15/08 дугаар албан тоотоор ирүүлсэн нөхөн авах хүсэлтийн дагуу МҮ-13713 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, шинээр МҮ-18763 тоот тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон байдаг. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь утга агуулгын алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ц.Цоос 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ашигт малтмалын 18764А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Б" ХХК-д олгосон кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, цуцлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг байрших ашигт малтмалын ашиглалтын 13713А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр "Б" ХХК-д олгосон байна.
"Б" ХХК-ийн дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 он хүртэл үйл ажиллагаа явуулж байх үедээ 13713А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор шүүхэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөхөх олговор төлөөгүй бол "Б" ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзсэн нөхцөл байдлыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр 13713А тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг гаргажээ.
Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр "Б" ХХК-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгож, 13713 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр 18764А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг олгосон байна.
Нэхэмжлэлд дурдсан шалтгаанаар дээрх тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэсгийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гээд:
56.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;
56.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;
56.1.3. хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;
56.1.4. тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол;
56.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан... гэсэн хуульд заасан үндэслэлүүдээр цуцлах боломжтой болохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар ...Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд "Б" ХХК-ийн төлөөлөгч С.Бумангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд "Б" ХХК-иас дараах байдлаар нэхэмжлэлийг няцаасан тайлбарыг гаргаж байна Үүнд:
1. "Б" ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус захиргааны хэргийн шүүхэд хандан өөрийн эзэмшиж байсан 13713А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.
Тодруулбал, "Б" ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Өлтийн дэнж нэртэй газарт хайгуул хийх 13245Х тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, мөн сумын Бөөрөлжүүт нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 6343Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс тус тус эзэмшиж, хайгуулын ажилд нийт 1,422,945,916 төгрөгийн зардал гарган, үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01, 08/02 дугаар тогтоолуудаар манай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг.
Манай компани нь Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүндэтгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтээ Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад гаргасан боловч нөхөн олговрыг олгоогүй болно.
2007-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөн олговрыг ямар хугацаанд олгохыг уг хуульд тодорхой заагаагүй байсны улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллага нь нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байсан билээ.
Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нөхөн олговрыг тусгай хэрэгцээнд авснаас хойш 1 жилийн дотор олгохоор хуульчилсны дагуу манай компани Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргаас шаардахад тус орон нутгийн байгууллага нь нөхөн олговор олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл зээмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах-аар заасан юм.
Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай компанийн эзэмших хайгуулын 13245Х, 6343Х дугаар зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговрыг төлөөгүй байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн эзэмших тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэг болон мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасныг тус тус зөрчсөн байсан тул манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2007-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөн олговрыг манай компанид олгоогүй, цаашид ч олгох хөрөнгө мөнгө байхгүй байсан учир манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж, мөн зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагагаа явуулах эрх маань хуулийн дагуу үүссэн гэж үзсэн бөгөөд Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөн олговор төлөхгүй, харин дээрх хуулийн заалтын дагуу манай компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхэд татгалзахгүй талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн билээ.
Шүүх дээрх маргааныг хянаад 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн юм.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж гарсан шийдвэр гэдгийг энд онцлон хэлж байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэр хүчинтэй байгаа үед уг шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны актыг хууль бус гэж үзэх эрх зүйн боломжгүй болно.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж тус тус заасан.
Хуулийн энэхүү заалтаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд зөвхөн өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар бичээгүй, ямар эрхээ сэргээлгэх гэж байгаагаа өөрөө тодорхойлж чадаагүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Шүүх нь хууль сахиулах байгууллага биш, төрийн зохицуулалт хийдэг ч байгууллага биш юм.
Харин шүүхийн үүрэг нь бусдаас иргэн, хуулийн этгээдийн субъектив эрхийг зөрчсөн эсэх эрх зүйн маргааныг хянан, хэрэв эрх нь зөрчигдсөн бол зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэсэн юм.
Гэтэл нэхэмжлэгч өөрийн ямар эрхийг зөрчсөн талаар нэхэмжлэлдээ тайлбарлаагүй, зөвхөн "Б" ХХК-ийг сумандаа үйл ажиллагаа явуулахыг өөрөө, эсхүл зарим иргэд эсэргүүцэж байгаа мэтээр өөрийн үзэл бодлоо нэхэмжлэлдээ бичсэн байна.
Тэрээр сумын иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш атлаа нэхэмжлэлдээ 100 гаруй иргэний өмнөөс эсэргүүцэж байгаа талаар бичсэнээс үзвэл шүүх түүний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэдэг нь харагдаж байна.
3. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд "Б" ХХК-ийг тусгай зөвшөөрөл хууль зөрчиж олгосон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй болно.
Учир нь нэхэмжлэгч Ц.Ц нь нэхэмжлэлдээ гол, мөрний урсац бүрэлдэх эх, Бөөрөлжүүт голын хамгаалалтын бүсэд орсон, сумын Засаг дарга 2010 оны захирамжаараа голын гольдролоос хоёр тийш 1000 метрээр хамгаалалтад авсан тул хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.
"Б" ХХК-ийн эзэмшиж байгаа МҮ-018764 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тогтоосон хилийн цэст ороогүй бөгөөд хуулиар тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон нөхцөлд хамаарахгүй талаар тус шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй хэрэгт хэлэлцэгдсэн тул дахин хэлэлцэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн мөн тус шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй хэрэгт Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нараас "Б" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг сэргээхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн, Уянга сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 01/300, 01/301 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд тус тус хүргүүлсэн тайлбараас үзвэл тус сумын удирдлагууд "Б" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл сэргээгдсэнийг мэдэж байгаа ба тус компанийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад татгалзахгүй болохоо илэрхийлсэн байдаг.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/4110 дугаар албан бичгээрээ "Б" ХХК-д хандан ...Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам-ыг хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн хариу зэргээс үзвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн яам, Уянга сумын өөрөө удирдах байгууллага, нутгийн удирдлагын байгууллагууд нь "Б" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй гэдгийг зөвшөөрч байгааг нотолж байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдож байгаа болно.
4. Нэхэмжлэгч Ц.Ц нь иргэдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа, эсхүл өөрийн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхой биш, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.3-ын аль хэсгээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхой биш, энэ талаарх хууль зүйн үндэслэлээ гаргаагүй байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн үзвэл нэхэмжлэгч өөрийнхөө ямар эрхийг сэргээлгэх гэж байгаагаа тодорхойлж чадаагүй, маргаж байгаа актыг хэрхэн үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг нь нэхэмжлэл огт үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл-ийг нэхэмжлэлд тусгахыг үүрэг болгосны дагуу нэхэмжлэгч Ц.Ц маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байгаа бол аль хуулийн ямар заалтын дагуу ийнхүү үзэж байгаагаа, хэрэв өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж байгаа бол өөрт нь ямар хуулиар олгосон ямар субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, хөндсөн болохыг тайлбарлах үүрэгтэй юм.
Иймд нэхэмжлэгч ийнхүү тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Цийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар нэг субъектив эрх хөндөгдөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Цийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 тоот шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 тоот шийдвэрүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2016 оны 03 дугар сарын 10-нд гаргасан 175 тоот шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, заалтын талаар:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ...иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгож, хуульд заасан үндэслэлээр нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, тус актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх зүйл байхгүй болох нь тогтоогдорж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ... гэснийг ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ...хуульд үндэслэсэн байна... гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Анхан шатны шүүх шийдвэрээ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж гаргасныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрших ашигт малтмалын ашиглалтын 13713А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр "Б" ХХК-д олгосон. Энэ шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Үүний дараа Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг цуцласан байдаг.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд нөхөн олгогдсон гэх тусгай зөвшөөлөр нь анхнаасаа л илт хууль бусаар олгогдсон зөвшөөрөл бөгөөд шүүхийн шийдвэрийн дагаа нөхөн олгосон гэх хариуцагчийн үйлдэл нь мөн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж гарсан учраас нэхэмжлэгч 334, 387 тоот актуудыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.
Гуравдагч этгээдийн эзэмшиж байсан гэх тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар дуусгавар болсон зөвшөөрөл юм.
Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15 дахь заалтууд нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөхөн олгох гэсэн зохицуулалттай огт хамааралгүй зөвхөн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх л гэсэн хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийг баталгаажуулсан заалт юм.
Хоёр. Давж заалдах шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж тус шүүхийн шүүх танхимд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 175 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэн Ц.Ц нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны дөрийн 334 дүгээр шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг тус тус илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэл тус бүрт холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ...хуульд үндэслэсэн байна гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж гаргасныг хуулийг буруу хэрэглэсэн гэж дурджээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 334 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн гарсан байна.
Анхан шатны шүүхийн уг шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж гарсан байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй, хариуцагч бүрэн эрхээ хэтрүүлээгүй, холбогдох хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлж, гаргасан акт гэж дүгнээд дээрх 334 дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай 387 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт болон Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 256 дугаар тушаалыг тус тус үндэслэн гарсан байна.
Гуравдагч этгээд "Б" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-013713 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар сонинд нийтлүүлж, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15/08 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл нөхөн авах тухай хүсэлтийг гаргажээ.
Уг хүсэлтийн дагуу хариуцагчийн эрхлэх үйл ажиллагааны эрхийн хүрээнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 387 дугаар шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг нөхөн бичиж олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР