Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Болормаа;

улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/;

шүүгдэгч: Д.Энхбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дагвадоогийн Энхбаатарт холбогдох эрүүгийн 201525021475 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:   

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Багануур  дүүргийн 5 дугаар хороо, Их гүн 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЕ79112378 регистерийн дугаартай, Боржигон овогт Дагвадоогийн Энхбаатар.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Д.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015  оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 3 тоотод байрлах Б.Ариунболдын эзэмшлийн амбаарт нэвтэрч 4 хайрцаг буюу 140 ширхэг шинэ хос гутал хулгайлан авч хохирогч Б.Ариунболдод 9.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/, хохирогч Б.Ариунболд /хх-ийн 21-22/, гэрч Б.Ариунбат /хх-ийн 23/, Г.Нямаа /хх-ийн 24/, С.Дагвадоо /хх-ийн 25/, М.Батбилэг /хх-ийн 52/ нарын мэдүүлэг, Д.Энхбаатарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 33/, Д.Энхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Энхбаатар нь 2015 оны 08 дугаар 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 3 тоотод байрлах хохирогч Б.Ариунболдын эзэмшлийн амбаарт буюу агуулах саванд нэвтэрч 4 хайрцаг 140 ширхэг шинэ хос гутал хулгайлан авч хохирогчид нийт 9.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

     хохирогч Б.Ариунболдын /хх-ийн 21-22/: “… 2015 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим манай ээж Нямаа над руу утсаар залгаад “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах амбаарт хулгай орсон байна” гэж хэлсэн. Намайг яваад очтол амбаарт хураасан байсан миний эзэмшлийн 5 хайрцаг гутал байснаас 4 хайрцаг гуталнууд алдагдсан байсан. ...Миний зарахаар авсан  өвөл, хаврын хураасан бараа байсан юм. Тэдгээр бараа нь эрэгтэй, эмэгтэй төрлийн үстэй, үсгүй, уулын, цасны, хавар, намрын төрлийн гуталнууд байсан” гэх мэдүүлэг,

 

  гэрч Г.Нямаагийн /хх-ийн 24/: “… Би 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим хүү Ариунболдын эзэмшлийн хашаанд байдаг амбаарыг шалгахад цоожтой байсан. Тэгээд тэр өдрөө яваад маргааш нь өнжөөд 2015 оны 08 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим хүү Ариунболдын эзэмшлийн хашаанд очиж амбаарыг шалгахад амбаарынх нь хаалганы цоож байхгүй, хаалгыг хөөсөнцөрөөр түшүүлж хаасан байдалтай байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн хүү Ариунболдыг утсаар нь ярьж  дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Д.Энхбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 53-55/: “…Би 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад Налайх дүүрэгт амьдардаг найз Батбилэгийн гэрт очсон. Тэгээд тэднийд хоноод маргааш өглөө босоод Батбилэг бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд Налайхаас  Улаанбаатар хот руу такси барьж яваад  миний амьдарч байсан гэрт ирсэн. Тэгээд таксины мөнгө байхгүй болохоор  нь би өөрийн савхин дээлийг жолоочид мөнгөний оронд өгсөн. Батбилэг бид хоёр Батбилэгийн “Нокиа” маркийн гар утсыг 10.000 төгрөгөөр гар утас засварын газарт зарсан. Зарсан мөнгөөрөө нэг шил 0,75 литрийн архи болон хоол хүнсний юм аваад манай гэрт 16 цагийн орчим очсон. Тэгээд нэг шил архиа хувааж уугаад хоол хийж идсэн. Батбилэг тасраад унтаад өгсөн. Тэр үед 18 цаг болж байсан. Үлдсэн архийг би уугаад түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэртэл хохирогч Ариунболд гэх залуу ээжийнхээ хамт ирсэн харагдсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Маргааш нь гараад гэртээ цагдаа нарын хамт иртэл манай гэрийн авдарын ар талаас хайрцагтай 20 хос гутал гарч ирсэн” гэх мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энхбаатарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

Д.Энхбаатар нь шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар нь хулгайлсан эд зүйлээ биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Б.Ариунболд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийг бусдад төлөх төбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Энхбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Давгадоогийн Энхбаатарыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Энхбаатар энэ хэрэгтээ 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Энхбаатар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Энхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энхбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ