Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

“Эх тэргүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01055 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холобгдох

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганболдын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбулган

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албадан гүйцэтгэх тухай 38367 тоот захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. “Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоотод байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот тогтоолоор битүүмжилж , 2016 оны 1 дүүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагч болон шийдвэр гүйцэттэгчээс төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгөөч гэж хүссэн боловч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шинжээч томилогдож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий объектыг 919 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16819 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 919 000 000 төгрөгийг 70 хувиар тооцон 643 300 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болохыг мэдлээ.

Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Тэнгэрийн гэрэл Хөрөнгийн үнэлгээний газрын 71 тоот үнэлгээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 1 215 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Чанарын өндөр түвшинд баригдсан, газар зүйн байршлын хувьд А зэрэглэлийн бүсэд байрладаг, объектыг 2 жилийн дотор үндсэн үнээс 600 000 000 төгрөгөөр бууруулан үнэлгээг тогтоож байгаад гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаж байна. Одоо анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, зөвхөн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Эх тэргүүн ХХКомпаний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030991 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дуүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 270 м.кв талбай бухий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-ийн захирал П.Ганболд, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нарт Шүүхийн шийдвэр гүйцэтг эх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг сануулж, талуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу үнийн санал авахад тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үнэлгээ хийх хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь дээрх барьцааны обьектыг 919 000 000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайланг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн.

Төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-ийн захирал П.Ганболдод 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14662 тоот албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гардуулан хүлээлгэн өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байна. Гэтэл “Эх тэргүүн” ХХК нь үнэлгээний мэдэгдлийг гардан авснаас хойш 21 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус албанд болон шүүхэд хандан гомдол нэхэмжлэл гаргажээ. Иймд “Эх тэргүүн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 27-р байрны 1-р давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай талбайг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны байдлаар үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг 919 000 000 төгрөг болохыг тодорхойлсон.

Үнэлгээг тогтоолд дурьдсан объектын хүрээнд хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, стандартын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Энэхүү үнэлээг хийхдээ шинжээчид нь тухайн объекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан, хөрөнгийн үнэлгээнд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаас зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар хийж дүгнэлт гаргасан бөгөөд тухайн үеийн ижил төрлийн объектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, харьцуулалтыг хийж, дүгнэлт гаргасан талаар 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/Ш тоот үнэлгээний тайланд тодорхой тусгасан болно. Манай гаргасан дүгнэлтээр уг объектын 1.0 м2 талбайн үнэ нь 3403.7 мян.төг-өөр тооцогдсон нь тухайн үеийн зах зээлийн бодит ханшийг илэрхийлж байгаа болно. Өөрийн хийсэн үнэлгээг үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд шинжээч томилон тухайн хөрөнгийн үнийг тодорхойлуулж байгаа нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох үндсэн зорилготой бөгөөд дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой этгээдүүд шударга өрсөлдөөний зарчмаар үнэ, хаялцан анхны үнийг дээш нь хэдээр ч ахиулах боломжтой юм. Нөгөө талаар шинжээчийн тодорхойлсон үнийн дүнгээр ямар нэг төлбөр тооцоо хийх, талуудад хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэхгүй юм.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөхгүй байх боломжуудыг хайж, цаг хугацаа өнгөрүүлэх үүднээс шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч гомдоод байх шаардлагагүй юм. Бид “Эх тэргүүн” ХХК-ийн объектыг авах, багаар үнэлүүлэх сонирхолгүй, шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөө л авах хүсэлтэй байна. Үнэлгээчин бол өөрийн хүсэлтээр үнэлгээ хийгээгүй, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Манай компаниас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй харин ч нэхэмжлэлийн хүрээг багасгаж, "албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж" гэж ташаа бичсэн байна. Гэтэл манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурал дээр 1.2 тэрбумаар үнэлсэн үнэлгээг гаргасан үнэлгээний компани болох "Тэнгэрийн гэрэл" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаж, уг хүсэлттэй холбоотойгоор хандаж өмнөх хүсэлтээсээ татгалзаж байна гэж хэлсэн үгийг дуудлага худалдаанд оруулсан ахлах гүйцэтгэгчийн тогтоолоос татгалзсан гэж үзсэн байна. 1055 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт" Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10, 12.1, 19, 20, 34.1.1, 34.1.2, 36.1-д заасан шаардлагатай нийцжээ." гэж үзсэн байна. 2 жилийн өмнө гаргасан үнэлгээнээс яагаад 300 000 000 төгрөгөөр үнэтэй байгаа, яагаад 919 000 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээнийхээ асуудлыг шийдвэрлээгүй атлаа яагаад албадан дуудлага худалдаанд 2 удаа оруулаад байгаа юм бэ гэж нэхэмжлэл гаргасан болохоос Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар дурдаагүй зөвхөн үнэлгээ чинь 2 жилийн өмнөх үнэлгээнээс 300 000 000 төгрөгөөр яагаад буурсан юм бэ, энэ үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээг гаргаж өгөөч гэж гомдол гаргасан ба шийдвэрлэж өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хүрээнд бус нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг үндэслэл болгож хэргийг шийдсэн нь буруу байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх 5/

 

Дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч барьцааны зүйл  болох “Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2206030991 дугаарт бүртгэлтэй 270 м.кв талбай обьектийг битүүмжилж, хураасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 31-41/

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх 65-92/

 

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14661 тоот албан бичгээр мэдэгдэж /хх-101/, уг дүгнэлтээр “Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2206030991 дугаарт бүртгэлтэй 270 м.кв талбай обьектийн зах зээлийн үнэлгээг 919 000 000 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК шүүхийн хэлэлцүүлгийн явцад “анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /хх-123/ бөгөөд шүүх уг татгалзлыг батлах эрх зүйн үндэслэлийг тогтоосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон материаллаг эрх зүйн хэм хэмжээтэй хамт баримталсан нь найруулгын хувьд алдаатай байгааг залруулж, зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчилж, 

тогтоох хэсэгт “2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..        

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч “Эх тэргүүн” ХХК-ийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН