Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 210 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Ат холбогдох эрүүгийн 2107000000258 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......................................... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж хянан харгалзсан,

 Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12-д тус тус зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан ялыг мөн хуулийн 91 дүгээр зүйлээр оногдуулсан хорих ялуудыг хөнгөнийг хүндэд багтаах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг уг шийтгэх тогтоолоор оногдуулж буй 15 жилийн хорих ялд багтааж 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  14 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн,

******* овогт О.А /РД:................./

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт байрлах ................. амралтын газарт А.Атай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүд рүү цохиж, чихийг нь хазсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.А нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр одоо хийж байгаа ажлаа анх эхлүүлээд 3 хоног болж байтал тэр газрын хүмүүс өвс хураана гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр надад урьдчилгаа мөнгө орж ирсэн байсан. Тэгэхээр нь би Налайхад орж ирээд эхнэр, хүүхдээ аваад ээж дээр очсон. Эмээ өнгөрсөн ажил явдалтай байх үеэр найз З.Н ирсэн. Өмнө нь хашаа барьж өгсөн амралтын эзэн нь баярлалаа гэдгээ хэлэх гээд чамайг дуудаад байна гэхээр нь амралт дээр найзтайгаа ханиндаа очсон. Бид хоёр эхэндээ уухгүй байж байгаад дараагаар нь амралтын ахтай цуг бөөнөөрөө нийлж уусан. Нэлээд орой болсон байхад энэ залуу орж ирээд хоорондоо маргалдаад уг хэрэг болсон...Хохирогч баримтаар 260.000 гаруй төгрөг нэхэмжилснийг бид хоёр хоорондоо зохицсон.” гэв.

Хохирогч А.А нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухай өдөр эхнэр, хүүхэд, 2 найзынх нь хамт салхинд гарсан. Уг амралт дээр очоод тамхи татах гээд гарсан. Нанжиг гэх зүс таних залуу ирээд манай өрөөгөөр ороод гараач гээд байхаар нь орохгүй гэхэд дахиад түр ороод гараач гээд байхаар нь хүлээн зөвшөөрөөд орсон. Ороход хэд хэдэн залуучууд архи уугаад сууж байсан. Орж танилцаад архи аягалаад өгөхөд нь хүндэтгээд уусан. Тэр үед би хүнтэй юм ярьж байхад О.А чи чимээгүй бай гэсэн. Яасан юм бэ ахаа ер нь таныг яагаад ахаа гэж дуудаж, дуугаа хориулах ёстой юм бэ зүгээр юм ярьж байна гэх шалтгаанаар бид хоёр муудалцсан. Гадаа гараад учраа олъё гэхээр нь зүгээр юм ярих гэж байгаа байх гээд дагаад гарсан чинь намайг мөргөх гэсэн, тэгэхээр нь цочсондоо болоод цааш түлхсэн. Түүнээс л бүх юм эхэлсэн. Хохирол төлбөр, гомдол байхгүй. Нүдний хараа тогтоох хагалгаанд орох ёстой. Тэр хагалгааны зардлыг гаргаж өгнө гэж тохирсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.Аийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч А.Сын мэдүүлэг /хх-13/, гэрч З.Нын мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 554 дугаартай дүгнэлт /хх-22-23/, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургууд /хх-24-25, 26-27/, яллагдагчаар өгсөн О.Аийн мэдүүлэг /хх-38/, эд мөрийн баримт /хх-6-8/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөгч, дэслэгч Э.******* *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..................... амралтын газрын хяналтын камерын Ди Ви Ар төхөөрөмжөөс тухайн хэрэг болсон өдрийн бичлэгийг хуулбарлан авсан сидиг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт байрлах ................. амралтын газарт А.Атай өөдөөс хэгжүүрхлээ гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүд рүү цохиж, чихийг нь хазсаны улмаас  эрүүл мэндэд нь зүүн нүдний салст, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний салст, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч О.Аийн “...Тэрний дараа шууд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэгээд намайг цамцнаас бариад хоолой боогоод байхаар нь бид хоёр хоорондоо зодолдсон.” гэх,

Хохирогч А.Аийн ...“одоо ингэхээ болиоч ээ, надад чамтай ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлээд байж байтал шууд миний зүүн чихнээс хазчихаар нь би өвдсөндөө болоод түүнийг хөдөлгөөнийг нь хориод тэвэрч байсан 2 гараа салгатал миний зүүн нүд рүү гарынхаа хурууг хийгээд нүдийг маань ухаж авах гээд байгаа юм шиг хөдөлгөөд байсан...” гэх,

Гэрч А.Сын ...манай нөхөр зууралдаж байгаад салахдаа чихнээс нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан байсан. гэх,

Гэрч З.Нын ...Ц бид хоёр салгатал А.Аийн чихнээс цус гарсан байсан. гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.*******ы №08 шэ/554 дугаар: А.Аийн биед зүүн нүдний салст, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний салст, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.А нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.Аийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.А нь хохирогч А.Аийн биеийг цохиж, хазсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулж, хазуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/554 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч О.Аийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Аийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд нийт 261.350 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд О.Аийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ