| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/1094/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/110 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/110
2022 01 14 2022/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч М.Отгонжаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б д холбогох эрүүгийн 2106 00960 1630 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мэдээллийн технологи ашиглан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 204 тоотод байдаг гэрээсээ х гэх нэртэй сайтаар ашиг олох зорилгоор цахим орчинд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би discord гэх апплекэйшнээр Орос хүнтэй харилцаад вэбсайтын кодыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс Aztan.live гэх нэртэйгээр ажилуулсан... өөрийн 0 дугаартай дансаар холбож ... 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүн багатай байсан болохоор нь би үйл ажиллагаагаа зогсоосон... Би ашиг олох зорилгоор худалдаж авч ажилуулсан. Би өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны 04 тоотоос үйл ажиллагаагаа комьпютероор явуулсан. Би өөрийн комьпютероо 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөнгөний хэрэг гараад 1.500.000 төгрөгөөр зарсан. Би нийт 500.000 төгрөг олсон. Үүнээс ашиг 300.000 төгрөг байсан. Би ганцаараа ажилуулсан... Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Aztan live ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Миний ажилуулж байсан сайт руу ороход улаан, ногоон өнгийн хүрд гарч ирнэ. Тэгэхээр нь өнгийг нь таах маягаар тоглуулдаг. Миний сайт руу ороод 500-1000 төгрөгөөр мөрий тавьж хожсон хүнд нь мөнгөө 2-5 дахин үржүүлж авах байдлаар зохион байгуулдаг. Нэг удаагийн тоглолтоор 2-3 хүн орж тоголдог... Би нийт 1.690.000 төгрөг олсон бөгөөд тэр мөнгөө өөрийн хэрэглээндээ зарцуулсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 25-26 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 8 дугаар сард би өөрийн аав Батжаргалтай Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байр түрээслэн амьдарч байсан юм... мөнгөний хэрэгцээ шаардлага байсан учир би Discord гэх апплекэйшнээр Орос улсын иргэнтэй харилцаад вэбсайт 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тухайн сайтыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай ашигласан. Би өөрийнхөө 0 дугаар дансыг байршуулж хэрэглэгч аккаунт үүсгэж одоо миний данс руу мөнгө шилжүүлдэг. Би шилжиж орж ирсэн мөнгөн дүнг нь байршуулдаг гэсэн үг. Тоглох зарчим нь улаан, ногоон, хар өнгийн хүрд автоматаар эргэдэг бөгөөд аль нэг өнгөн дээр нь тоглогч бооцоо тавьж тухайн өнгөн дээр буувал мөнгөө өсгөж авах, хэрэв буухгүй бол мөнгөө алдах магадлалтай гэсэн үг. Би тухайн үед ашиглаж байсан комьпютероо мөнгөний хэрэгцээ гараад зарчихсан. Мөн тухайн сайт нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш идэвхгүй болсон байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс сайт харагдахгүй, хугацаа нь дуусаад хаагдсан байгаа. Миний бие цахим орчинд аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн ойлгож байна... Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглуулсан. Даарх хугацаанд би дансны хуулгаа шүүхэд 1.180.200 төгрөгийн орлого орж, 190.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Зөрүү буюу ашиг нь 990.200 төгрөгийн ашиг олсон. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59, 111 дүгээр хуудас),
2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Төгөлдөрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Aztan live гэх нэртэй веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),
Б.Б нэр дээрх хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 28-50, 72-84 дүгээр хуудас),
“Хаан банк”-ны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 50/8250 хариу албан тоот (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
Б.Б дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 115-120 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал (хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мэдээллийн технологи ашиглан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 204 тоотод байдаг гэрээсээ х гэх нэртэй сайтаар ашиг олох зорилгоор цахим орчинд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 8 дугаар сард би өөрийн аав Батжаргалтай Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байр түрээслэн амьдарч байсан юм... мөнгөний хэрэгцээ шаардлага байсан учир би Discord гэх апплекэйшнээр Орос улсын иргэнтэй харилцаад вэбсайт 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тухайн сайтыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай ашигласан. Би өөрийнхөө 0 дугаар дансыг байршуулж хэрэглэгч аккаунт үүсгэж одоо миний данс руу мөнгө шилжүүлдэг. Би шилжиж орж ирсэн мөнгөн дүнг нь байршуулдаг гэсэн үг. Тоглох зарчим нь улаан, ногоон, хар өнгийн хүрд автоматаар эргэдэг бөгөөд аль нэг өнгөн дээр нь тоглогч бооцоо тавьж тухайн өнгөн дээр буувал мөнгөө өсгөж авах, хэрэв буухгүй бол мөнгөө алдах магадлалтай гэсэн үг. Би тухайн үед ашиглаж байсан комьпютероо мөнгөний хэрэгцээ гараад зарчихсан. Мөн тухайн сайт нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш идэвхгүй болсон байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс сайт харагдахгүй, хугацаа нь дуусаад хаагдсан байгаа. Миний бие цахим орчинд аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн ойлгож байна... Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглуулсан. Даарх хугацаанд би дансны хуулгаа шүүхэд 1.180.200 төгрөгийн орлого орж, 190.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Зөрүү буюу ашиг нь 990.200 төгрөгийн ашиг олсон. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59, 111 дүгээр хуудас),
2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Төгөлдөрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Aztan live гэх нэртэй веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),
Б.Б нэр дээрх хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 28-50, 72-84 дүгээр хуудас),
“Хаан банк”-ны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 50/8250 хариу албан тоот (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
Б.Б дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 115-120 дугаар хуудас), зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ зүйлийн 1 дэх хэсэг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 204 тоотод х гэх нэртэй сайтаар ашиг олох зорилгоор цахим орчинд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь “мэдээллийн технологи ашиглан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нь хүрд, хөзөр, жаклот, краш, бомб гэх тоглоомуудыг мөрийтэй тоглуулсан нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тул мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлтийн хувьд ашиг олох зорилготой байсан болох нь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөрийтэй тоглоом тоглуулж олсон ашиг болох 990.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулж, Б.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 990.200 төгрөгийг шүүгдэгч Б.Б албадан гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Арвижих овогт Батжаргалын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 990.200 төгрөгийг шүүгдэгч Б.Б албадан гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ