Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

2022          01           04                                              2022/ШЦТ/66

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч А.Марал, 

шүүгдэгч О.У, Д.Н , тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О У , Д Н нарт холбогдох эрүүгийн 2106 02413 2457 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кора сэндвич” ХХК-ий хашаанд байх иргэн Н.Т Хаан банкны 0  дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Цагаан давааны зам дагуу байрлах “Түшиг өндөр” гэх нэртэй дэлгүүрээс бэлнээр 250.000 төгрөг, 56.000 төгрөгийг хүнсний эд зүйл, Баянзүрх дүүргийн 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны Автомат терминал машинаас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 09 минутын орчимд 1.800.000 төгрөгийг бэлнээр гарган авснаас 600.000 төгрөгийг авч, бусдад нийт 906.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цаг 09 минутын үед О.У гэмт хэргийн улмаас олсон карт гэдгийг мэдсээр байж Н.Т эзэмшлийн Хаан банкны 0  дугаартай виза картаас 1.800.000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны АТМ1033 дугаартай Автомат терминал машинаас гаргуулан авч, 1.200.000 төгрөгийг авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед өөрийн найз С тэй уулзсан юм. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сансар” “Tse” гэх пабад хэдэн шил пиво ууцгаасан юм. Тэгээд бид хоёр пиво уугаад байж байтал манай найз С  өөрийнхөө найз хүүхэн гэх О.У гэх хүнийг дуудсан юм. Бид гурав нийлээд хамтдаа ууцгаагаад орой 19 цаг өнгөрөөгөөд С  “нэлээн согтоод” байна гэж хэлээд яваад өгсөн ба О.У  гэр нь Улиастайд байдаг, манай гэр Баянзүрх дүүргийн 12-р хороонд байдаг болохоор бид хоёр 20 цагийн үед тухайн газраас гараад такси бариад замдаа Сансрын “KFC”-ээс тахианы мах аваад шууд манай гэрт О.У бид хоёр ирсэн юм. Манай гэрт ирээд О.У бид хоёр тахианы махаа идээд дахид 1 шил пиво ууцгаасан юм. Тэгээд нэг мэдсэн чинь би унтчихсан. Маргааш өглөө нь 04 цаг 50 минутын орчимд сэрсэн юм. Сэрээд өөрийнхөө утсыг асаасан чинь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 04 цаг 46 минутад миний өөрийн Хаан банкны 581418494 дугаарын данснаас 1.800.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн О.У гэдэг хүнийг сайн танихгүй. Манай найз С гийн найз охин л гэсэн юм...Тухайн үед О.У  гэр Улиастайд болохоор надтай гэр нь нэг зүгт байсан юм. Тухайн үед би тахиа, пиво зэргийг худалдаж авсан байсан учраас надтай хамт О.У манай гэр лүү орсон байх. Хамгийн сүүлд би гэртээ ирээд өөрийнхөө гар утсыг цэнэглэчхээд миний утасны кэйсний ар талд миний карт байсан юм. Миний данснаас шууд АТМ-аас бэлэн мөнгө болж гарсан байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

 

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би  2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг болж байхад С тэй уулзахаар Сансрын Баянцээлийн “Tse” пабад очоод найзтайгаа уулзаад сууж байхад зүс таних Н.Т  ирээд бид гурав хамт пиво ууж байгаад найз С  түрүүлээд харихаар явсан. Төд удалгүй Н.Т  бид хоёр 19 цаг өнгөрч байхад гараад Н.Т гэрт очихоор болоод Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн дэлгүүрийн автобусны буудлын тэнд байх гэрт нь ирээд “Ноён” пицца авна гээд надад Н.Т  нь Хаан банкны виза картаа өгсөн учраас пиццаг би Н.Т картаар тооцоог хийж пиццаг аваад гэрт нь ороод байж байтал Н.Т  нь надтай гэрлэх талаар яриад байхаар нь би 21 цаг өнгөрч байхад уур хүрээд гарч яваад Монелийн цагаан даваа гэх газарт байх найз Соёл-Эрдэнийн гэрт очоод найзтайгаа уулзахаасаа өмнө Н.Т картаас ATM ороод 250.000 төгрөг бэлнээр аваад 2.5 литрийн пиво нэг ширхэг авч гэрт нь ороод хувааж ууж байгаад 00 цаг өнгөрч байхад Д.Н эгч дуудаад Д.Н эгчийн гэрт очихдоо нэг ширхэг 2.5 литрийн пиво авч гэрт нь ороод нөхөр болох Сүхболдтой бид гурав пивоо ууж байгаад дахих хоёр ширхэг пиво захиалж уухаар болж Д.Н эгчтэй хамт гараад явж байхдаа би Н.Т виза картыг авсан гэдгээ хэлэхэд хэдэн төгрөгтэй байсан талаа асуухад нь 2.500.000 төгрөг байснаас нь би 250.000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. Тэгсэн Д.Н эгч 1.000.000 төгрөгийг үлдээгээд 1.200.000 төгрөгийг аваад хувааж авъя гэж хэлсэн. Тухайн үед нь айж байсан хэр нь зөвшөөрөөд Н.Т картыг Д.Н эгчид пин кодыг нь хэлээд өгсөн. Харин Д.Н эгч Монелийн уулзварын Хаан банктай байрны АТМ-рүү ороод 1.200.000 төгрөг авсан гэж хэлээд гарч ирж 600.000, 600.000 төгрөгөөр нь хувааж авсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Н.Т Хаан банкны виза картаас би 250.000 төгрөг, Д.Н эгчтэй 1.200.000 төгрөг авснаас 600.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг Д.Н эгч авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна... орой нь О.У утсаар ярихад найзындаа байна гэж хэлээд удахгүй очно. Гэхдээ такси олдохгүй байна гэхээр нь манайхаас ойрхон байдаг учраас тухайн үед хамт амьдарч байсан Сүхболдын автомашинтай очиж найзынх нь гэрээс аваад гэртээ дагуулж ирсэн. Манай гэрт пиво, архиа хувааж ууж дуусгаад захиалгаар архи, пиво уухаар болж гэрээс гараад явж байхад О.У ногоон өнгийн Хаан банкны карт гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хэнийх юм бэ гэж асуухад нөгөө залуугийнх гэж хэлээд пин кодыг нь мэднэ. Надад тахиа захиалахдаа өгсөн гэж хэлсэн. Тэгсэн О.У пин код нь тэд гэж хэлээд карт өгсөн. Би ATM ороод 1.800.000 төгрөг уншуулаад бэлнээр нь аваад халаасандаа хийгээд О.У дээр очоод гаргаж өгөхөд дутуу байна гэж надад хэлсэн. Тухайн үед О.У 500.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг энд тэндээ хийгээд байх шиг байсан. Тэгээд надад ахиад 200.000 төгрөг өгсөн. Тэгээд амралтад явж байхад О.У надаас та 1.800.000 төгрөг авсан юм шиг байна шүү дээ гэж асуугаад байсан. Харин би эхлээд надад О.У 500.000 төгрөг өгснийг би өөрөөсөө нуусан байснаа дараа нь олсон. Тэгэхээр нь би 1.200.000 төгрөг авсан болж таарч байна. Би тухайн үедээ архиныхаа согтууд авсан байх, нүүр царайгаа нуусан шалтгаан нь согтуу байгаараа нуух зорилгоор тэгж ATM орсон юм. Миний хийж байгаа үйлдэл гэмт хэрэг гэдгийг би мэдэж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ёстой буруу алхам хийлээ. Учруулсан хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дугаар хуудас),

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст Н.Т аас хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ХААН БАНК-ны №50/7233 албан бичиг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

Хохирогч Н.Т нэр дээрх ХААН БАНК-д дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах ХААН БАНК-ны ATM 1033 дугаартай Автомат терминал машинаас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 09 минутын орчимд гүйлгээ хийж буй хүний зураг (хавтаст хэргийн 61-67 дугаар хуудас),

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53, 55 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 56 дугаар хуудас), Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                              

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч О.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кора сэндвич” ХХК-ий хашаанд байх иргэн Н.Т гэрт хамт архи ууж байхдаа түүний согтуурсан байдлыг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 0  дугаартай виза картыг авч, Цагаан давааны зам дагуу байрлах “Түшиг өндөр” гэх нэртэй дэлгүүрээс бэлнээр 250.000 төгрөг, 56.000 төгрөгийг хүнсний эд зүйл, Баянзүрх дүүргийн 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны Автомат терминал машинаас 2021 оны 07 дугаар сарын 15- ны өдрийн 03 цаг 09 минутын орчимд 1.800.000 төгрөгийг бэлнээр гарган авч, бусдад нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Н нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 03 цаг 09 минутын үед О.У гэмт хэргийн улмаас олсон карт гэдгийг мэдсээр байж Н.Т эзэмшлийн Хаан банкны 0  дугаартай виза картаас 1.800.000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны АТМ1033 дугаартай Автомат терминал машинаас гаргуулан авч, ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.  

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд хохирогч Н.Т Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд хохирогч Н.Т гэрээс явахдаа түүний Хаан банкны картыг нууцаар авч явсан байна.

 

Улмаар шүүгдэгч О.У нь уг картаас бэлнээр 250.000 төгрөг авч, мөн 56.000 төгрөгийг хүнсний эд зүйл худалдан авч шүүгдэгч Д.Н дээр очиж дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Н хүний картыг хэлэлгүй авсан талаар хэлж, шүүгдэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны Автомат терминал машинаас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 09 минутын орчимд 1.800.000 төгрөгийг бэлнээр гарган авч, нийтдээ уг картаас 2.106.000 төгрөгийн зарлага гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”  гэмт хэргийн талаар:

                           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг байх ба шүүгдэгч О.У нь хохирогч Н.Т ХААН БАНК-ны 0  тоот данснаас “Түшиг өндөр” Хүнсний дэлгүүрээс 250.000 төгрөгийг бэлнээр, дараа нь уг дэлгүүрээс 56.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 1.800.000 төгрөг авснаас тухайн 1.800.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг тус тус авч, нийт 906.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

                         

Шүүгдэгч О.У нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кора сэндвич” ХХК-ийн хашаанд байх хохирогч Н.Т эзэмшлийн  ХААН БАНК-ны 0  тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, түүний 0  тоот данснаас 3 удаагийн үйлдлээр, нийт 906.000 төгрөгийг авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч О.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах”  гэмт хэргийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

                                                                                 

Шүүгдэгч Д.Н нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан хохирогч Н.Төрбатаарын ХААН БАНК-ны 0  тоот данстай виза картыг авч, хууль бус эх үүсвэр, гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж тухайн картаас Баянзүрх дүүрэг 22-р хороо, Доржийн гудамж Хос Цайз төвийн 1-р давхарт байрлах Хаан банкны АТМ1033 дугаартай Автомат терминал машинаас 1.800.000 төгрөгийг гаргуулан, 1.200.000 төгрөгийг авч  ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэх “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нар нь зугаа цэнгэл буюу архи согтууруулан ундааны зүйл зохисгүй хэрэглэснээс болон хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эд хөрөнгөд анхаарал дутуу тавьснаас үүдсэн байх бөгөөд шүүгдэгч нь энэ байдлыг далимдуулан бусдын эд зүйлийг нууцаар авч, мөн дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зугаа цэнгэлд хэрэглэх зорилгоор уг картаас дахин давтан мөнгө авч гэмт хэрэг үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь хохирогч Н.Т т учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 

Хохирогчид Н.Т т нийт 2.106.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хэрэгт авагдсан шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээс шүүгдэгч О.У нь 906.000 төгрөгийн, шүүгдэгч Д.Н 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх ба, шүүгдэгч О.У нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид 100.000 төгрөгийг барагдуулсан байх тул шүүгдэгч О.У 806.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Н 1.200.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаагаас шүүх хуралдааныг хохирол төлөхтэй холбогдуулан 30 минут завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан ба, уг хугацаанд хохирогч Д.Н хохирогч Н.Т т 500.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Д.Н 700.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.У, Д.Н  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

                                  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                              

Улсын яллагчаас “Шүүгдэгч О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялын хэлбэрийг оршин суух дүүргээс гарахыг хязгаарлахаар тогтоолгох саналтай.” гэх саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаа “Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, сайн дураар гэм буруугаа хүлээсэн, хохирлын зохих хэмжээг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү, хэрэв үүнийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзвэл улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

           

            Шүүгдэгч О.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

             

Шүүгдэгч Д.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 16-294 тоотод оршин суудаг нь уг хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай гэмт хэрэг.

 

Шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний эх байнгын асаргаанд байдаг, өрх толгойлсон эх, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлын заримыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

Шүүгдэгч Д.Н оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.

                     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч О.У, Д.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.У, Д.Н  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.У 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Н оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У 806.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Н 700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Т т тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч О.У, Д.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.У, Д.Н  нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ