Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00690

 

“Д Д” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03552 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 114 дүгээр магадлалтай,

“Д Д” ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Сод холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 770 709.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Д Д” ХХК нь Г.Сод 2014 оноос хойш удаа дараалан барьцаатай болон барьцаагүйгээр их бага хэмжээний зээл олгож байсан бөгөөд яаралтай эргэлтийн хөрөнгө шаардлагатай тул мөнгө зээлээч хэмээн удаа дараалан гуйж байсан бөгөөд өмнөх зээлээ төлж барагдуулаагүй хэдий ч өөрийн найз хэмээн итгэн мөнгө зээлүүлсэн. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүгээ төлөөд олон жижиг үндсэн зээлүүдийг нь нэгтгээд нэг зээл болгож урт хугацаатай болгон сунгахаар тохиролцсон. Тухайн зээлүүдийн үндсэн төлбөрүүдийг нэгтгэн 5 142 912.79 төгрөгийн зээл болгон 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 231 000 төгрөгийн хүү, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 225 000 төгрөгийн хүү төлсөн, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 920 000 төгрөгийн төлөлт, 2018 оны 01 дүгээр сард 200 000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 3 031 463.54 төгрөгийн хүү, 604 632.7 төгрөгийн торгуулийн хүү болон үндсэн төлбөрийн хамт нийт 8 770 709.01 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 6 дугаар сарын төлөлтийг хийхдээ манай байгууллагын нэр дээр өмнө нь барьцаалсан байсан бөгөөд тэрээр ... Estima маркийн автомашинаа зарж байгаа тул нэрийг нь шилжүүлээд өгчих, сүүлийн зээлийн гэрээн дээр барьцаалаагүй юм чинь шилжүүлж өгөх ёстой биз дээ хэмээн тулган шаардсаны эцэст зээлийн хүүг нь төлөхөөр тохиролцоод нэрийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш ганц ч удаа төлөлт хийгээгүй. Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан 6 000 000 төгрөгийн болон 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авсан 1 000 000 төгрөгийн зээл тус тус хаагдсан. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр авсан 1 180 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 485 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. Энэ нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд авсан зээлийн төлөлтөө нэгтгэж өгсөн. Нийт байгуулсан гэрээний үлдэгдэл нь 11 585 000 төгрөг, үүнээс 4 000 000 төгрөгийг хасахаар 6 185 000 төгрөг ба төлөгдөөгүй байх хугацааны мөнгө нэмэгдээд 8 770 709.01 төгрөг байна. Иймд хариуцагчаас тус мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Д Д” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 6 сарын хугацаатай, 6 000 000 төгрөгийг зээлэхээр зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгөд өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалж фидуцийн гэрээгээр эзэмших эрхийн гэрчилгээг “Д Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Уг зээлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгасан бөгөөд тус өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 3 960 000 төгрөгийг зээлдэж авсан. Зээлийг төлж байгаад дахин 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 990 000 төгрөгийн зээл авсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7 920 000 төгрөгийн зээл авсан. Тус зээлүүдийг хариуцагч нь сар бүр хүү болон үндсэн төлбөрийг төлж яваад нийт 21 650 750 төгрөгийн төлөлт хийж зээлийг бүрэн төлж дуусгасан. Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн автомашиныг Б.Дашзэвэг гэх хүнд худалдаж Г.Сын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул төлбөр тооцооны асуудал байхгүй. Зээлийн гэрээнээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн. Иргэний хуульд болон тусгай хуулиар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгох зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зохицуулсан. “Д Д” ХХК-д нэмэгдүүлсэн хүү авах эрхийг олгохгүй. Харин бусад алданги, торгууль авах эрхтэй байсан боловч энэ талаар гэрээ байгуулаагүй. Иймээс нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй. Зээлийн гэрээг хугацаа тогтоож байгуулсан боловч тухайн хугацаанаас илүү хугацааны хүү авах зэргээр зээлдэгчийг хохироож байсан гэдэг нь зээлийн эргэн төлөлтөөс харагддаг. Нийт зээлийн төлөх ёстой төлбөр, хүүг тусгайлан тооцож, хариуцагчийн автомашиныг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж төлөх ёстой төлбөрөөсөө илүү төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03552 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Соос зээлийн гэрээний үүрэгт 4 449 890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 320 819.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 86 148.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 114 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 449 890 гэснийг 4 219 890 гэж, 4 320 819 гэснийг 4 090 819 гэж, 2 дахь заалтын 86 148 гэснийг 82 468 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч Г.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун миний бие танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ““Д Д”” ХХК нь хариуцагчид холбогдуулж төгрөгний зээлийн гэрээний үүрэгт нийт 8,770,709 шаардсанаас анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 4,449,890 төгрөгний шаардлагыг, давж заалдах шатны шүүх 4,219,890 төгрөгний шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд: 1. Талуудын хооронд 4.5-аас 5 хувь хүртэл хүүтэй, хугацаа тогтоосон дөрвөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн зээлийн үндсэн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлсөн байхад шүүх гэрээнд заасан зээлийн хүүг бүхлээр нь тооцож гаргасан нь хуульд нийцээгүй байна. Тухайлбал 2014.09.12-ны өдөр 6 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан боловч бодит байдалд 5 940 000 төгрөг өгсөн тул 5 940 000 төгрөгний зээлийн харилцаа үүссэн гэж үзэх ёстой байтал шүүгч 6 000 000 төгрөгөөр тооцсон нь иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. 2014.09.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 5 940 000 төгрөгний үндсэн төлбөр, 1 406 057.4 төгрөгний хүү, нийт 7 346 057.4 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Учир нь тухайн зээл хэдийгээр 6 сарын хугацаатай боловч хариуцагч уг зээлийг хугацаанаас нь өмнө буюу 2015.02.18-ны өдөр төлж дуусгасан болно. Хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт 2014.10.15-ний өдөр 270 000 төгрөг, 2014.11.14-ний өдөр 279 000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 271 800 төгрөг, 2015.01.16-ны өдөр 280 800 төгрөг төлж 2015.02.09-ний өдөр 1 022 500 төгрөг төлсөн байна. Иймд 2015.02.09-ний өдрийг хүртэл өдрийн 8 910 төгрөгний хүү буюу нийт 150 хоногийн хүүнд 1 336 500 төгрөг төлөх ёстой байсан гэж үзвэл хариуцагч 787 600 төгрөг илүү төлсөн буюу уг төлбөрийг үндсэн зээлээс хасах нь зүйтэй юм. Харин 2015.02.18-ны өдөр 6 311 400 төгрөгний зээл төлснөөс 69 557.4 төгрөг нь 9 хоногийн хүү, 5 152 400 төгрөг нь үндсэн төлбөр болох юм. Мөн 2015.01.26-ны өдөр гэрээ байгуулахгүйгээр авсан 990 000 төгрөгний зээлийг хасвал 99 442.6 төгрөгний төлөлт илүү төлөгдсөн болохыг шүүгч тооцоолоогүй. Улмаар тухайн өдрөө буюу 2015.02.18-ны өдөр хариуцагч дахин 3 960 000 төгрөгний зээл авсан байдаг тул уг зээлээс дээрхи 99 442.6 төгрөгний илүү төлөлтийг хасч тооцвол 3 860 557,4 төгрөгний зээл авсан гэж үзэхээр байна. Энэхүү зээл нь 1 сарын хугацаатай, 4 8 хувийн хүүтэй тул 2015.02.18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 3 860 557.4 төгрөгний үндсэн төлбөр, 185 306.8 төгрөгний хүү, нийт 4 045 864.2 төгрөг төлөх үүрэгтэй болох юм. Харин уг зээлийн төлбөрт хариуцагч 2015.03.13-ны өдөр 60 000 төгрөг, 2015.04.01-ний өдөр 4 266 500 төгрөг төлсөн байна. Иймд нийт 4 326 500 төгрөгний төлөлтөөс хүү, зээлийн төлбөр нийт 4 045 864.2 төгрөгийг хасвал зөрүү 280 635.8 төгрөг гарч байгаа юм. Энэ нь хариуцагчийн илүү төлсөн төлбөр болох тул мөн өдөр дахин зээлсэн 990 000 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй. Ийнхүү хасвал 2015.04.01-ний өдөр 709 364.2 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн гэж үзэхээр байна. Иймд 2015.04.01-ний өдрийн зээлийн төлбөрт хариуцагч 709 364.2 төгрөгний үндсэн төлбөр, 212 809.3 төгрөгний хүү нийт 922 173.5 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна. Ийнхүү нийт авсан зээлд хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг нэмж тооцоход: - 2014.09.12-ний зээлд нийт 7 346 057.4 төгрөг, -2015.01.26-ны зээлд 990 000 төгрөг /Гэрээ байгуулаагүй тул хүүгүй/, 2015.02.18-ны зээлд нийт 4 045 864.2 төгрөг, 2015.04.01-ний зээлд нийт 922 173.5 төгрөг, -2015.05.22-ны зээлд нийт 8 300 160 төгрөг, - 2015.08.07-ны зээлд 1 188 000 төгрөг /Гэрээ байгуулаагүй тул хүүгүй/, - 2015.09.29-ний зээлд 1 485 000 төгрөг /Гэрээ байгуулаагүй тул хүүгүй/ нийт 24 277 255 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна. Харин хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 20 570 350 төгрөг төлсөнтэй маргаагүй тул хариуцагч 3 706 905.1 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй болно. 2. Хариуцагч нь анх зээл авахдаа өөрийн эзэмшлийн 95-10 УНИ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашины эзэмших эрхийн гэрчилгээг фидуцийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд уг автомашиныг нэхэмжлэгч ““Д Д”” ХХК нь хариуцагчид мэдэгдэхгүйгээр 2018.03.12-ны өдөр Б.Дашзэвэг гэх хүнд шилжүүлсэн байдаг. Уг автомашиныг анх 6 000 000 төгрөгөөр үнэлж байсантай талууд маргадаггүй бөгөөд нэгэнт ““Д Д”” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт тооцон автомашины эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тул хариуцагч нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 3 706 905.1 төгрөгийг төлөх үүрэггүй болох юм. Гэтэл шүүгч талуудыг автомашиныг бусдад шилжүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Г.Сын хүсэлтийн дагуу уг автомашиныг бусдад шилжүүлсэн гэж байгаа боловч түүнээс зөвшөөрөл авсан тухай баримтыг шүүхэд өгөөгүй. Харин дээрхи автомашины эзэмших эрхийн гэрчилгээ нь ““Д Д”” ХХК-аас шууд Б.Дашзэвэг гэх хүнд шилжсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Иймд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг Фидуцийн гэрээний дагуу 95-10 УНИ улсын улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашинаар хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д Д” ХХК нь хариуцагч Г.Сод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 770 709 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үүргээ биелүүлсэн, зээлийн хүүг илүү тооцоолсон, нэхэмжлэгч фидуцийн зүйлийг борлуулж, гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 449 890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх үүргийн хэмжээг багасгаж 4 219 890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хариуцагчаас төлбөр гаргуулахдаа зээлийн гэрээний үүргийн тооцоололд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болсон байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “Д Д” ХХК болон Г.С нарын хооронд нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4,5 хувийн хүүтэй, 2015 оны 02 сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4,8 хувийн хүүтэй, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, 2015 оны 05 сарын 22-ны өдөр 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.8 хувийн хүүтэй зээлэх 4 зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, амаар харилцан тохирч 2015 оны 01 сарын 26-ны өдөр 990 000 төгрөг, 2015 оны 08 сарын 07-ны өдөр 1 188 000 төгрөг, 2015 оны 09 сарын 29-ний өдөр 1 485 000 төгрөгийг зээлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй ба хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй байна.

Зээлдүүлэгч “Д Д” ХХК нь ломбардын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй  боловч үйл ажиллагааны дагуу хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгоогүйгээс гадна  Г.Стой харилцан тохирсноор мөнгө зээлдүүлсэн талаар зохигчид маргаагүй ба тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

“Д Д” ХХК нь бичгээр байгуулсан гэрээний дагуу зээлийн мөнгийг шилжүүлэхдээ зээлийн шимтгэл тооцож, дутуу шилжүүлсэн, амаар байгуулсан гэрээнд хүү тооцох үндэслэлгүй талаар шүүх дүгнэлт хийж, анхан шатны шүүх зээлдүүлэгчийг гэрээний дагуу нийт 22 533 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхдээ 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 5 940 000 төгрөг шилжүүлснийг анхаарахгүйгээр, бүрэн шилжүүлсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулж, зээлийн гэрээ тус бүрийн нөхцөлөөр хүүг тооцож, гэрээний дагуу биелүүлбэл зохих үүргээс хариуцагч Г.Сын төлсөн 20 570 350 төгрөгийг хасч, гүйцэтгээгүй үүргийг 4 219 890 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ. Шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо  зээлийн үүргийн тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан нь үндэслэл муутай байна. Хариуцагч нь маргааны зүйлийн талаар мэтгэлцэхдээ татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд үүрэг дуусгавар болсон талаар нотлоогүй юм. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохигчид 2014 оноос 2015 оны зээлийн үүргийг нэгтгэн тооцож,  5 142 912 төгрөгийг төлөхийг тогтоож, зээлийн гэрээ байгуулсан баримтаас үзвэл үүрэг дуусгавар болсон байх боломжгүй байв.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулан хариуцагч Г.С нь 95-10 УНИ улсын дугаартай, Toyota Allion маркийн автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Д Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч “Д Д” ХХК уг автомашиныг захиран зарцуулсан гэх үндэслэл тус тус тогтоогдоогүй, шүүх энэ талаар зохих дүгнэлтийг хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн 114 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА