| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 220/2018/0697/Э |
| Дугаар | 950 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 950
Ч.Ууганбаярт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтээр Ч.Ууганбаярт холбогдох 201625020016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Чүлтэмийн Ууганбаяр, 1976 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суух,
1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
2003 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 11 хоногийн хорих ялыг Өршөөлийн хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн /РД:ТЯ76011318/;
Ч.Ууганбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 40-4716 тоотод оршин суух хохирогч Н.Батсуурийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж, 3 ширхэг мөнгөн аяга,13 килограмм хонины мах, ботинк, газын плитка зэрэг эд зүйлийг хулгайлан, 619.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-24 тоотод оршин суух иргэн Ц.Цэдэндоржийн байшинд нэвтрэн орж, Ц.Баасандоржийн “Toshiba” загварын зөөврийн компьютер, булган захтай нэхий дээл, Ц.Цэдэндоржийн 20.000 төгрөгтэй түрийвч зэргийг хулгайлан авч, 540.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18-316 тоотод оршин суух иргэн М.Ууганбаярын байшингийн вакум цонхыг онгойлгон орж, 40 инчийн “ТCL” загварын зурагт, зөөврийн компьютер, орны бүтээлэг зэргийг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Өвсний фондын задгайд оршин суух иргэн П.Бямбадоржийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, 42 инчийн зурагт, дэвсгэр даавуу зэргийг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-240 тоотод оршин суух иргэн Э.Ягаанцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн зурагт, савхин куртка, усны тэрэг, тал үнэртэй ус зэргийг хулгайлан авч, 475.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-345 тоотод оршин суух иргэн Т.Баянжаргалын өвлийн сууцны цонхыг хагалан орж, 48 инчийн “Samsung” загварын зурагт, 15 орчим кг үхрийн мах, хүүхдийн хантааз, дээл зэргийг хулгайлан авч, 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-457 тоотод оршин суух хохирогч С.Оюунчимэгийн өвлийн сууцны цонхыг онгойлгон орж, 42 инчийн зурагт, мөнгөн ээмэг, хонины мах, будаа, гурил зэргийг хулгайлан авч, 721.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2-13-09 тоотод оршин суух хохирогч Б.Даариймаагийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж, 37 инчийн зурагт, ус буцалгагч, плитка, 200.000 төгрөг, 8 кг хонины мах зэргийг хулгайлан авч, 569.800 төгрөгийн хохирол,
2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-101 тоотод оршин суух иргэн Ц.Чимэгжаргалын байшингийн цонхыг хагалан орж, “LG” загварын 32 инчийн зурагт, 32 угалзтай монгол гутал, хэвийн боов, хөөрөгний даалин, 15 кг хонины мах зэргийг хулгайлан 1.032.500 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайд байрлах иргэн З.Батхуягийн эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалгыг эвдэн орж, дунд гарын хөөрөг, бор өнгийн даалин, DVD тоглуулагч зэргийг хулгайлан авч, 565.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-27 тоотод оршин суух иргэн Д.Батдуламын байшингийн цонхоор орж, 42 инчийн зурагт, гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 545.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-190 тоотод оршин суух иргэн О.Амаржаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, 32 инчийн “Panasonic” загварын зурагтыг хулгайлан авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 5-67а тоотод оршин суух хохирогч Д.Даваабаярын байшингийн вакум цонхыг онгойлгон орж, 39 инчийн зурагтыг хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 15-2а тоотод оршин суух иргэн Ц.Адьяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-ны хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгайд оршин суух иргэн С.Алтантөгсийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, 32 инчийн “Sharp” загварын зурагт, DVD тоглуулагч, гар утас зэргийг хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-369 тоотод оршин суух иргэн М.Одончимэгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж, зөөврийн компьютер, Ipad, монетон гинж, кулон, үнэртэй ус, савхин пиджак, үхрийн мах зэргийг хулгайлан авч, 224.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-21 тоотод оршин суух хохирогч Б.Энхсүлдийн сууцны таамбарын хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, 10.000 төгрөг, савхин бээлий зэргийг хулгайлан 334.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-37-02 тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж, 32 инчийн “Sharp” загварын зурагт, “Nikon” загварын зургийн аппарат, зөөврийн компьютер, дипломат цүнх хулгайлан авч, 485.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 30-487а тоотод оршин суух иргэн В.Өлзийсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж, 32 инчийн “Sharp” загварын зурагт, “Iphone” загварын гар утас, “Samsung” загварын гар утас, “tab” зэргийг хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн З-1-За тоотод оршин суугч иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж, халтар манан хөөрөг, эмэгтэй хүний савхин куртик, мөнгөн бөгж, ор хөнжлийн давуу, хонины мах, байцаа, зөгийн бал, ариун цэврийн цаас зэргийг хулгайлж, 341.300 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14-503 тоотод оршин суух иргэн С.Чимэгмаагийн гэрийн хаалганы цүүг эвдэн орж “Toshiba” загварын зурагт, “Sky” загварын гар утас, хүзүүний зүүлт зэргийг хулгайлан авч 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 21 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтрэн орж, эд зүйл хулгайлан нийт 12.001.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор П.Даваасүрэн бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч Ч.Ууганбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны хооронд 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлан нийт 14.805.400 төгрөгийн буюу үлэмж хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэтэл Ч.Ууганбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны хооронд нийт 21 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 12.001.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Яллагдагч Ч.Ууганбаяр нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны хооронд 21 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 14.805.400 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 д заасан "Шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах дүгнэлтээ дэмжиж байна. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Д.Ууганбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны хооронд нийт 21 удаагийн үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, 12.001.600 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдэлдээ 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад, Д.Ууганбаяр нь дээрх 239 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны хооронд нийт 21 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, 14.805.400 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх бөгөөд дээрх ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна. Хэргийг нэгтгэж шийдвэрлэснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөргүй байна. Тодруулбал, дээрх хоёр хэргийн аль алиныг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй байх тул прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, Д.Ууганбаярт холбогдох 201625020016, 201625022955 дугаартай эрүүгийн хэргүүдийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Д.Ууганбаярт холбогдох 201625020016, 201625022955 дугаартай эрүүгийн хэргүүдийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Л.ДАРЬСҮРЭН