Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0741/З |
Дугаар | 871 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 871
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Н Ф К ББСБ” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Б.Т
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , Б.Н, хариуцагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Н Ф К ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.У шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Н Ф К ББСБ” ХХК-ийн салбарын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн болох нь нотлогдсон тул “Н Ф К ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна хэмээн үзэж 40,000,000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн.
“Н Ф К ББСБ” ХХК нь Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар заасан гэм буруутай хууль бус үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно.
Сонгинохайрхан дүүрэгт шинээр салбар нээхээр 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус хороонд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, салбар нээх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч салбар нээх зөвшөөрлийг олгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолно” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь тухайн шийтгэл оногдуулах гэж буй хүн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн болохыг холбогдох баримтаар нотолсон байх үүрэг хүлээж байна.
Нөгөө талаас Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолын олсон нь хэсэгт манай ББСБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорооноос олгодог зөвшөөрөлгүйгээр ББСБ-ын салбарыг нээн ажиллуулсныг нотолсон үйл баримтаа дурдаж хүргүүлэх ёстой. Гэтэл уг тогтоолд банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн гэх зөрчил үйлдсэн болохыг нотолсон баримт нэгийг ч заагаагүй.
Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол”-ын ОЛСОН НЬ хэсэгт “Хорооноос зөвшөөрөл олгоогүй байхад ББСБ-ын хаягийг тус салбарт ашиглаж байсан, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй зэргэлдээ компаниуд болох “Н А” ХХК, “Н Л” ХХК, “Н М” ХХК-уудаас зээл олгох тохиолдолд ББСБ-ын нэртэй зээлийн гэрээний маягтыг ашиглаж, зохистой харьцааны тайланд “Н А” ХХК-тай холбоотой өглөгийг Салбар хоорондын өглөгийн дансанд бүртгэсэн” гэх үйлдлүүдийг зөрчил гэж тодорхойлсон байна. Гэтэл эдгээр үйлдлүүдийг Зөрчлийн тухай хуульд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд тооцож шийтгэл оногдуулахаар хуульчлаагүй байх тул эдгээрийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд “Н Ф К ББСБ” ХХК-ийг хуульд заасан үндэслэл, нотлох баримтгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнд буруутгаж, шийтгэл оногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагч “Н Ф К ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Салбарын үйл ажиллагаа явуулсан гэх тухайн байршилд “Н Л” ХХК болон “Н М” ХХК, “Н А“ ХХК-ийн албан ёсны гэрчилгээгээр бүртгэгдсэн салбарууд нь тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл тухайн компаниудын үйл ажиллагааг “Н Ф К ББСБ” ХХК-тай андуурч ойлгон манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн маргаан бүхий шийтгэлийн хуудас нь ямар нотлох баримтуудаар ББСБ-ын салбарын үйл ажиллагааг нээж явуулсан гэдгийг нотолсон баримтуудыг заагаагүй. Иймд дээрх үйл баримт нотлогдоогүй гэж үзэж байна. ““Н Ф К ББСБ” ХХК нь салбарын үйл ажиллагаа явуулж байсан бол хуулийн этгээдийн хувьд ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай. Гэтэл тухайн салбар дээр “Н Ф К ББСБ” ХХК нь нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч зээл олгоогүй ба дээр дурдсан 3 хуулийн этгээдийн салбар нэгжүүд нь тус тусын зээлийг олгон үйл ажиллагаа явуулж байна. Иймд шийтгэлийн хуудсанд дурдагдсан үйл баримт нотлогдохгүй байна гэж үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 4.15.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргаж байгаа шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэг хүлээсэн. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар ББСБ-ын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй нээсэн үйл баримт нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“ ... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг үндэслэн Хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, мэдээ болон холбогдох бусад материалд тулгуурлан шалгалтыг хийж гүйцэтгэхэд “Н Ф К ББСБ” ХХК нь Хорооны зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан байсан бөгөөд шалгах өдрийн байдлаар буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус ББСБ-д дээрх зөрчил хэвээр байсан нь “Н Ф К ББСБ” ХХК-ийн нэр бүхий зээлийн гэрээнүүд болон холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу “Н Ф К ББСБ” ХХК-ийн гаргасан зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдэлтэй байна. Шалгалт хийсэн өдөр зөрчлийг таслан зогсоосон тул зөрчил үйлдсэн хугацаанд тооцож Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-т “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн “Н Ф К ББСБ” ХХК нь хуулийн этгээд тул дөчин мянган нэгж буюу дөчин сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Мөн түүнчлэн “Н Ф К ББСБ” ХХК-ийг ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээн ажиллуулсан гэдгийг холбогдох гэрэл зураг болон тухайн ББСБ-ын зохистой харьцааны тайланд салбар хоорондын өглөг дансанд бүртгэсэн 7.6 тэрбум төгрөгийн бүртгэл, тус байгууллагын эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг, Сонгинохайрхан салбар дахь тус ББСБ-ын хаяг зэрэг нотлох баримтуудад үндэслэн зөрчлийг тогтоож холбогдох шийтгэлийг ногдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зөрчлийг нотлоогүй, зөрчлийг үйлдсэн гэх нотлох баримт заагаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Хяналт шалгалтын ажлын хэсэгт гаргаж өгсөн зохистой харьцааны тайланд салбар хоорондын тооцооны өглөг 7,6 тэрбум төгрөгийг бүртгэсэн байгаа. Энэ нь зөвшөөрөлгүйгээр салбар ажиллуулсан гэснийг нотлох баримт болж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт ажиллуулж байгаа “Нэткапитал лизинг” ХХК болон “Н М” ХХК, “Н А” ХХК гэсэн 3 компанийн ашиглаж байсан санхүүгийн программ нь “Н Ф К ББСБ” ХХК гэсэн санхүүгийн программ байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасан зөрчил хангалттай нотлогдож байна гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйл нь ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол хуулийн этгээдийг 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн тохиолдолд торгохоор зохицуулсан. ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр ББСБ-ын салбар төлөөлөгчийн газрыг нээнэ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр ББСБ гэсэн тэмдэглэгээг хэрэглэнэ гэсэн зохицуулалт байгаа. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Н Ф К ББСБ” ХХК гэсэн хаяг байсан мөн олгогдож байгаа зээлүүд нь “Н Ф К ББСБ” ХХК-ний захирлын тушаалаар баталсан албан бланк, маягт дээр зээлийг олгож байсан үйл баримт тогтоогдсон. Эдгээр гаргаж байгаа зээлийн мөнгөн дүн нь “Н Ф К ББСБ” ХХК-ний хувь нийлүүлсэн хөрөнгөнд бүртгэлтэй, байгууллагын дансанд бүртгэлтэй мөнгөн хөрөнгөөс гарч байгаа учир тухайн байршилд салбараа нээсэн, үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Мөн “Н Ф К ББСБ” ХХК-ийн дэд захирал Я.А авсан мэдүүлэгт энэ бол манай албан хаагч нарын мэдлэггүйгээс ажлын хариуцлагагүйгээс ийм зүйл болсон гэсэн байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д: “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, ... 11.29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулжээ.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь ******* дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол[1], зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай Прокурорын тогтоол[2], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[3] зэргээр нотлогдож, эдгээр болон бусад баримтанд зөрчил гарсан бодит байдлын талаар тодорхой дурдсан байна.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Н Л” ХХК /РД:*******/, “Н М” ХХК /РД:*******/, “Н А” ХХК/РД:*******/ гэх компаниудын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарууд нь нэхэмжлэгч “Н Ф К ББСБ” ХХК-ийн лого бүхий зээлийн гэрээг[4] ашигласан, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын мэдээллийг ашиглан зээлдэгчийн мэдээллийг авах зорилгоор зээлийн мэдээллийн санд нэвтэрсэн[5], санхүүгийн тайлангийн бусад пассив хэсэг дэх Салбар хоорондын тооцооны өглөг дансны тайлбарыг гаргахдаа, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 7,6 тэрбум төгрөгийн өглөг[6] байдлаар санхүүгийн зохистой харьцааны тайланг бүртгэсэн зэргээр болон хэрэгт авагдсан фото зургаар ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д: “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д: “Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр өөрчилнө” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, үүнд нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасны дагуу хариуцлага хүлээгэхээр Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл ногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /хянан шалгагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасныг баримтлан “Н Ф К ББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] 1-р хавтаст хэргийн 19-20-р хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 99-100-р хуудас
[3] 2-р хавтаст хэргийн 96-101-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 23-46-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 47-48-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 49-р хуудас