Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2016/0315

 

"Х б"ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.М, М.Мөнхгэрэл, Б.Т, хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, "Х б"ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Э, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээНийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Э, Б.О нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг "Х Б"-ы 2013, 2014 оны санхүүгийн тайлан болон холбогдох баримтад үндэслэн шалгаж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тооцох тухай 37 дугаартай улсын байцаагчийн акт тавьж, нийт 88,477,354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44,238,677 төгрөгийн алданги ногдуулсан.

"Х Б"-ы зүгээс захиргааны актыг эс зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж, гомдлын хариуг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Улсын байцаагчийн актад "Х б"нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж, 2013 онд 36, 2014 онд 25 хүнд тус тус олгосон 598 019 785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөөгүй зөрчил илрэв гээд гэрээт ажилтнуудад олгосон 598 019 785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 88 477 354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44 238 677 төгрөгийн алданги... ногдуулахаар акт тавьжээ.

Улсын байцаагчийн актаас нэр бүхий 14 иргэнд холбогдох 65,219,057.59 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага, түүнд ногдох 32,609,528.79 төгрөгийн алданги буюу нийт 97,282,586.38 төгрөгийн үнийн дүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч, улсын байцаагч нарыг Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тухайн иргэдтэй байгуулсан гэрээний агуулгыг буруу ойлгож тайлбарлан акт тавьж, хариуцлага ногдуулсан нь манай эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

"Х б"нь улсын байцаагчийн актаас нэр бүхий 36 хүнд холбогдох 23,581,297.13 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, түүнд ногдох шаардлагыг үүгээр хүлээн зөвшөөрч төлсөн болно.

Хуулийн этгээд иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу олгосон хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл, албан журмаар даатгах хэлбэрт хамаарахгүй тухай:

"Х б"нь шалгалт хамрах хугацаанд арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац, бусад төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, түүний хүрээнд техникийн туслалцаа авч, гадаад улсын иргэдээс зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу зөвлөгөө, мэдээлэл, сургалт авч байсан билээ. Үүнээс гадна банкны үндсэн системийн хувилбарыг ахиулан шинэчлэх, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, хурдан шуурхай болгон шинэчлэх зэрэг ажлын хүрээнд мэргэшсэн зөвлөхүүдээс үйлчилгээ авч байсан нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан журмаар даатгуулах төрөл хэлбэрт огт хамаарахгүй байна гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтад Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-нд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж заасан боловч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг тодорхой зааж өгсөн. Нийгмийн даатгал, татварын харилцаанд тухайн хариуцлага хүлээж байгаа субъект нь хуульд заасан татвар төлөгч, ажил олгогчийн шинжийг агуулж байгаа эсэх, тухайн тохиолдол нь хуульд заасан шимтгэл, татвар зэргийг төлөх үндэслэлтэй байсан эсэхийг тодорхойлсны дараа үүрэгтэй байсан гэж үзэж хариуцлага ногдуулах зарчим үйлчлэх ёстой.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад зөвхөн Хуулийн этгээд иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа бол эсхүл иргэнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээгээр иргэн ажиллаж байгаа бол нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэдгийг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон хамрах хүрээгээр Иргэнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж буй иргэнд шилжүүлж байгаа хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаас хуулийн этгээд Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу иргэнд шилжүүлж буй хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар ногдуулахаар заагаагүй байна.

Гэтэл нийгмийн даатгалын байцаагч Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан дээрх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг заавал тооцон төлөх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. "Х б"нь улсын байцаагчийн дээрх агуулга бүхий акттай холбоотой захиргааны хэрэг маргааныг хэд хэдэн удаа шийдвэрлүүлж байсан ба Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолд Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно... гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл "Х Б"-ы хувьд Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулсан иргэдэд олгосон хөлснөөс нийгмийн даатгалын суутгал тооцон төлөх хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь шүүхийн практикийн хувьд тогтсон буюу нэгэнт нотлогдсон үйл баримт юм. Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс "Х Б"-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 25 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 434 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 35 дугаартай тогтоол зэргээр хүчин төгөлдөр болсон болно.

Мөн улсын байцаагчийн актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Тус хуулийн 17.1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 17.1.1-т хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасан байдаг. Харин Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан авч ажиллуулж байгаа этгээдэд хамааралтай заалт буюу ажил олгогчийн хувьд тухайн харилцаанд оролцож байгаа этгээдийн хүлээх үүрэгтэй холбоотой зохицуулалт юм.

Харин дээр дурдсан гэрээнүүдийн хувьд "Х б"нь Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд тодорхойлсон Ажиллуулагч-ийн хувьд эрх зүйн харилцаанд оролцсон байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн тус заалтыг үндэслэн хариуцлага ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэр бүхий 14 иргэний хувьд дараах байдлаар тухайн этгээдийн үзүүлсэн ажил, үйлчилгээг банкинд зайлшгүй байх шаардлагатай байнгын ажлын байр биш, тухайн үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн үүрэг нь "Х Б"-ы өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай салшгүй холбоотой бус зөвхөн холбогдох төсөл хөтөлбөрийн хүрээнд эсхүл ачаалал хуваалцах зорилгоор нэг удаа авч ажиллуулсан, арилжааны банкны өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байх шинжийг хангахгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд бидний гаргаж буй нэхэмжлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын хүрээнд улсын ахлах байцаагч Д.Э болон улсын байцаагч Б.О нарын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тооцох тухай 37 дугаартай улсын байцаагчийн актын нэр бүхий 14 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Э, Б.О нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ..."Х б"нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2266 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 тоот актад гомдол гаргаж, актын зарим хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсч албан бичиг ирүүлсэн билээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3/1056 тоот албан бичгээр тус банкинд Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа талаар хариу хүргүүлсэн байна. Иймд Бодлогын хэрэгжилтийн газраас хүргүүлсэн тайлбартай санал нэг байна гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Э, Б.О нарын 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги тооцох тухай 37 дугаар улсын байцаагчийн актын нэр бүхий 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр 65.214.057.5 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг хэвээр үлдээж, алданги 32.609.528.7 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн, актын төлбөрөөс хасч багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.М нар давж заалдах гомдолдоо: ..."Х Б"-ы нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Д.Э, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийдвэрийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гардан авч танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолын 2.1-д Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэж заасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийдвэр дараах байдлаар материаллаг эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгод нийцээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар:

Улсын Дээд шүүхийн Шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 21 дүгээр тогтоолд Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллагаас гаргадаг, эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм. гэж тайлбарласан байдаг ба хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүх нь тухайн маргааныг шийдвэрлэхэд үндэслэж байгаа хуулийн зохицуулалтыг агуулга, зорилгод нь нийцүүлэн хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжээ хангахаар тусгасан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаар шийдвэрт Нийгмийн даатгалын тухай хуулийн ...4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын зохицуулалт нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй ажилтан албан журмаар даатгуулах нөхцөл байх бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг ерөнхий агуулгаар нь тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн боловч ямар хуульд заасан ямар үндэслэлийн дагуу уг зохицуулалтыг ингэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ талаар тусгаагүй байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан тус зохицуулалтад хуулийн этгээдтэй байгуулсан Хөлсөөр ажиллах, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн албан журмаар даатгуулна гэж заагаагүй байхад заасан мэтээр ойлгож, хавтгайруулан хэрэглэнэ гэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг хангахгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1-т Тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус, түүнчлэн хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй, шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс, хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй гэж заасан. Шүүхээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг хэрэглэхээс татгалзаагүй боловч уг заалт нь тодорхой бус, шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар уг заалтыг үгийн шууд утгаар нь тайлбарлаж хэрэглэлгүй, хуульчлан зааснаар өөрөөр буюу шинэ зохицуулалт үүсгэн тайлбарласан байна. Энэ байдлаараа шүүх нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх нь өөрөө үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй үзэгдэл болж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн уг зохицуулалт тодорхой харилцааг бүрэн зохицуулаагүй байж болох боловч хууль хэрэглэгч субъектээс бусад ашиглагч субъектүүдийн хувьд хуулийн зохицуулалтыг хийдэлтэй эсэхээс үл хамааран дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Хас банк хуулийн дээрх зохицуулалтыг үгийн шууд утгаар нь ойлгон хэрэгжүүлсэн. Харин хэргийг шийдвэрлэсэн шүүх энэ зохицуулалтыг ингэж ойлгох ёсгүй, ийм хийдэлтэй байх ёсгүй, харин ийм байх ёстой гэдэг байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд байхгүй зохицуулалтыг бий болгож байна. Мөн Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн талаарх Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд ашиглах ба харин тэрхүү тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй гэж заасан. Хэргийг шийдвэрлэхэд үндэслэсэн хуулийн зохицуулалтын талаар тайлбарласан албан ёсны тайлбараас уг зохицуулалтын зорилго, агуулга болон уг зохицуулалтаар зохицуулах гэсэн харилцаа, зохицуулалтыг бий болгох үндсэн шаардлага зэргийг харах боломжтой. Харин хэргийг шийдвэрлэж байгаа шүүх нь хуулийн зохицуулалтыг хуульчилсан агуулгаар бус үзэмжээрээ тайлбарлан, уг тайлбараа тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд шууд үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.

Мөн уг хэргийг өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд 716 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар тус хэргийг хэлэлцсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаартай магадлалаар "хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл, давж заалдах гомдол, тайлбарт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж" шийдвэрлэсэн. Ингэхдээ давж заалдах шатны шүүхээс 716 дугаартай шийдвэрийг хууль буруу ашиглаж гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг буцаагаагүй бөгөөд нотлох баримтыг дахин цуглуулж, хүн тус бүрийн хувьд дүгнэлт хийсний үндсэн дээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болно.

2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-т ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно гэж заасан байна. гэж заасан байна.

26 дугаартай магадлалын дагуу шаардлагатай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулан хэрэгт хавсаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуралдааны үеэр ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хараагүй, хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй бөгөөд нотлох баримтад үндэслэн нөхцөл байдлыг тогтоогоогүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

153 дугаартай шийдвэрт ...Хас банк ХХК-тай гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлсэн нэр бүхий 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч төлсөн 36 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлсөн үйл баримттай адилхан байна гэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг шинжлэн судалж, иргэн тус бүрийн хувьд нөхцөл байдлыг дүгнэлгүй давж заалдах шатны шүүхээс буцаахдаа дурдсан ажиллагааг бүрэн гүйцэтгэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйл, 86 дугаар зүйлийн 86.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Э, Б.О нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаар актаар "Х б"ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайлан болон холбогдох баримтад хийсэн шалгалтаар илэрсэн гэрээт ажилтнуудад олгосон 598.019.785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 88.477.354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44.238.677 төгрөгийн алданги ногдуулж, нөхөн ногдуулсан шимтгэл, алданги бүгд 132.716.031 төгрөг ногдуулсан байх ба "Х б"ХХК акт тавигдсан нэр бүхий 36 иргэнд холбогдох 34.887.445.7 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж, үлдэх нэр бүхий 14 иргэнд холбогдох 97.828.587 төгрөгийн актыг хууль бус гэж маргажээ.

"Х б"ХХК 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2266 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 3/1056 дугаар албан бичгээр ...нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 тоот актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгч "Х б"ХХК нь нэр бүхий иргэдтэй Хөлсөөр ажиллах, Ажил гүйцэтгэх, Зуучлалын гэрээ байгуулжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлсийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцож, нийгмийн даатгалын шимтгэл тооцохоор зохицуулжээ. Хуулийн энэхүү заалтын агуулга нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлс нь ажилтны хийсэн ажил, хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгож байгаа хөлс байна.

Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагчид нь гэрээний нийт үнийг цалин хөлс, түүнтэй адилтах орлоготой адилтган үзсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл тооцох зарчмыг хангаагүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг дангаар нь салгаж тайлбарлах боломжгүй бөгөөд хуулийн бусад заалттай уялдуулан нэгдмэл байдлаар тайлбарлах шаардлагатай. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нь сар бүр суутгагдах, байнгын шинжтэй орлогод хамааралтай, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийгмийн даатгалын төрөл тус бүрд нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа, тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг ялгамжтай тогтоосон, өөрөөр хэлбэл зөвхөн нэг удаагийн шимтгэл төлснөөр бус, харин тодорхой хугацааны шалгуур тогтоож, тэр хугацаагаар шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхээр зохицуулсан байгаагаас үзэхэд нэг удаагийн бус, тогтмол шинжтэй хөдөлмөрийн хөлснөөс албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл тооцох хуулийн агуулга илэрч байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн сайн дураар даатгуулж болохоор зохицуулжээ. Хас банк ХХК-тай зөвхөн тодорхой тохиолдолд, нэг удаагийн шинжтэй ажил гүйцэтгэсэн иргэдийг байнгын шинжтэй хөдөлмөр эрхлээгүй иргэд гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааралтай буюу байнгын шинжтэй хийсэн ажил, үйлчилгээний хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар тооцох ёстой байна.

Улсын байцаагч нарын актаар иргэн С.Амарсайханд холбогдох 453.600 төгрөг, С.Гэрэлмөнхөд холбогдох 2.079.000 төгрөг, Б.Ивээлд холбогдох 280.140 төгрөг, Д.Гансэрээд холбогдох 562.119.6 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр ногдуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан журмаар даатгуулах зохицуулалтад хамаарахгүй байна. Иймд нэр бүхий 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр 65.214.057.5 мянган төгрөгний төлбөрөөс иргэн С.Амарсайхан, С.Гэрэлмөнх, Б.Ивээл, Д.Гансэрээ нарт холбогдох нийт 3.374.855.6 мянган төгрөгийг хасч нэр бүхий 10 иргэнд холбогдох 61.839.201.9 мянган төгрөгийг төлүүлэх гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль-ийг баталсан байх ба Анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоогдсон төлбөрөөс нэр бүхий 14 иргэнд холбогдох алданги 32.609.528.7 мянган төгрөгийг захиргааны шийтгэл хэмээн үзэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль-ийн үйлчлэлд хамруулж, өршөөн хэлтрүүлсэн нь мөн хуулийн зорилт болон 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад нэр бүхий 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр 65.214.057.5 мянган төгрөг гэснийг нэр бүхий 10 иргэнд холбогдох 61.839.201.9 мянган төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР