Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0030

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: Т.Уянга

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Энхтунгалаг

хохирогч     Д:.Мартбаяр

шүүгдэгч  Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Батсүхийн Баасандоржид  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625011372 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Монгол овогт Батсүхийн Баасандорж,  1993 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,  дээд боловсролтой гэх боловч энэ талаар баримтгүй,  мэргэжилгүй, Жонон тагтан мендолин хийдэд шавилан суудаг, ам бүл 7 , эгч, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо   дугаар байрны 222 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УЗ93102692/

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Баасандорж  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн Д.Мартбаярыг би танай найзуудад бүгдэнд нь шанаа өгсөн” гэж үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн шанааны тус газар гараараа нэг удаа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэгт  холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Баасандорж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

         Шүүгдэгч Б.Баасандорж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын гудамжинд иргэн Д.Мартбаярыг үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж зодож танхайран бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 38/

         Хохирогч Д.Мартбаяр шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 40 дүгээр гудамж, 1988 тоотод оршин суух гэр рүүгээ харих гээд явж байсан. Замдаа манай 10 жилийн ангийн хүүхэд Баттулга, зүс таних Баасандорж нартай тааралдсан. Баасандорж гартаа том савтай пиво барьсан байсан. Гэтэл Баасандорж, чамтай ярих зүйл байна гээд гэнэт миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би Баасандоржийг намайг цохино гэж бодоогүй. Тэгээд миний эрүү эвгүй болоод аманд цус амтагдсан тул шууд гэр рүүгээ харьсан. Би гэртээ хариад гэрийнхэндээ болсон явдлын тухай хэлэхгүй шууд унтсан. Өглөө босоход миний эрүү их хавдсан байсан тул би ээжтэй хамт гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Эрүүний зураг авахуулахад эрүү хугарсан байна гэсэн. Тэгээд эрүүгээ хадуулах хагалгаанд орж эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Тухайн үед би хатуу юм идэж чадахгүй байсан. Мөн доод эрүүний шүднүүдийн хэлбэр алдагдсан байсан. Эмч дээрх хагалгааг хийлгээд 3-6 сарын дараа хадаасаа авахуулдаг гэж хэлсэн. Шүүгдэгч Б.Баасандорж миний эмчилгээний зардалд баримтаар нийт 517.000 төгрөг өгсөн. Баримтгүйгээр бол миний эмчилгээний зардал 800.000 гаран төгрөг болсон. Цаашид хадаасаа авахуулах хагалгаанд орох зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогоор баримт байхгүй гэв.

            Хохирогч Д.Мартбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө 22.00 цагийн орчимд би гэрээсээ гараад усанд орохоор явсан. Тэгээд халуун усанд орчихоод буцаад гэрлүүгээ гудамжаар явж байтал гудамжинд Баттулга, Баасандорж хоёртой тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал Баасандорж над руу хараад би танай найзуудад бүгдэд нь шанаа өгсөн гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Миний нүд эрээлжлээд аман дотор цус амтагдсан юм ярьж болохгүй маш хэцүү байсан. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд гэрлүүгээ явсан. Гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө босоход зүүн шанаа маш их хавдсан байсан. Тэгээд ээжтэй хамт яваад эмнэлэгт үзүүлтэл эрүү хугарсан байсан гэжээ.  /хх-н  12-15/, /хх-н 28/

         Гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол / хх-н 8/

      Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4737 тоот акт Шинжээчийн дүгнэлтэд:

1.Д.Мартбаярын биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, хий цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 9/

Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 102 дугаар сургуулийн харалдаа Мартбаяртай таарсан. Тэгээд чи хаачих гэж байгаа юм бэ гэхэд халуун усанд орох гэж явна гэсэн. Тэгэхээр нь би чи орой тоглох юм уу гэхэд Мартбаяр тоглоно би усанд орчихоод чам руу залгая гээд салаад явсан. Тэгтэл Баасандорж 1 литрийн савтай пиво барьчихсан явж байсан. Тэгээд намайг пиво уух уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд бид хоёр гудамж уруудаад явж байтал Мартбаяр усанд орчихоод явж байна гээд таарсан. Тэгээд Мартбаяр бид 3 пиво хувааж уухаар гудамжны дунд хэсэгт очоод газарт сууж байгаад пивоо ууж байтал Баасандорж, Мартбаяр хоёр хоорондоо маргалдаж байх шиг байсан. Яг юунаас болж маргалдсаныг би ойлгоогүй. Тэгтэл Баасандорж гэнэт Мартбаярын нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Мартбаяр эрүүгээ дараад эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн гэжээ. /хх-ийн 17/ /хх-н 16-17/

Гэрч Б.Пэлжээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баасандоржтой найзлаад 12 жил болж байна. Бид хоёр Энэтхэг улсын шашны их сургуульд 5 жил хамт сураад монголд ирсэн. Одоо  Дамбын рашааны тэнд байдаг ганданд лам хийдэг. Хүнд тусархуу сэтгэл зөөлөнтэй, үнэнч шударга, архи дарс зөв зохистой хэрэглэдэг миний сайн найз байгаа юм. Б.Баасандоржийн аав, ээжийн талаар сайн мэдэхгүй байна. Би гэрт нь очиж байгаагүй. Баасандорж уг нь хүн зодох хүн биш байгаа юм, яагаад ийм хэрэг хийснийг мэдэхгүй их гайхаж байна гэжээ. /хх-ийн 15/

Гэрч Б.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.Баасандорж бид хоёр 1-4 дүгээр анги хүртлээ нэг ангид нэг сургуульд сурч байсан юм. Тэгээд Баасандорж 4-р ангиа төгсөөд Энэтхэгт сурахаар явсан. Баасандорж нөхөрсөг, даруухан, хүн чанар сайтай тусархаг сайн найз байгаа юм. Баасандорж төрсөн эгч, дүү нартайгаа Дарь эхийн шинэ буудалд амьдардаг. Баасандорж өөрөө хийд дээрээ ганцаараа амьдардаг юм. Аав нь яасан талаар би мэдэхгүй. Ээж нь өөд болчихсон юм гэжээ. /хх-ийн 19/        

          Б.Баасандоржийг Э.Бямбасайхан, Б.Дэлгэрсайхан нарын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 25-27/  

           Б.Баасандоржийг  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, /хх-н  22-24/,  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, ял өөрчлөн сонсгож байцаасан тэмдэглэлүүд /хх-н  34-38/,

         Б.Баасандоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 26/, эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 32-33/, зэрэг болно.

          Б.Баасандорж  нь 2016 он 4 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Мартбаяртай гудамжинд тааралдаж хамт пиво ууцгаагаад юм ярьж  байхдаа түүнд би танай найз нарыг бүгдийг нь шанаадаж байсан гэж хэлэн томорч  улмаар зүүн  шанаан тус газар нь нэг удаа гараараа цохисоноос зүүн эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэ:

              Хохирогч Д.Мартбаярын  …гудамжинд Баттулга, Баасандорж хоёртой тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал Баасандорж над руу хараад би танай найзуудад бүгдэд нь шанаа өгсөн гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Миний нүд эрээлжлээд аман дотор цус амтагдсан юм ярьж болохгүй маш хэцүү байсан. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд гэрлүүгээ явсан. Гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө босоход зүүн шанаа маш их хавдсан байсан. Тэгээд ээжтэй хамт яваад эмнэлэгт үзүүлтэл эрүү хугарсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 14/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4737 тоот актын дүгнэлтэд:

1.Д.Мартбаярын биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, хий цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 9/

Гэрч Б.Баттулгын  мөрдөн байцаалтад өгсөн … бид хоёр гудамж уруудаад явж байтал Мартбаяр усанд орчихоод явж байна гээд таарсан. Тэгээд Мартбаяр бид 3 пиво хувааж уухаар гудамжны дунд хэсэгт очоод газарт сууж байгаад пивоо ууж байтал Баасандорж, Мартбаяр хоёр хоорондоо маргалдаж байх шиг байсан. Яг юунаас болж маргалдсаныг би ойлгоогүй. Тэгтэл Баасандорж гэнэт Мартбаярын нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Мартбаяр эрүүгээ дараад эвгүй болчихлоо гээд байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17/% шүүгдэгч Б.Баасандоржийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

 Б.Баасандорж нь согтуу үедээ би танай найз нарыг бүгдийг нь шанаадаж байсан гэж хэлэн Д.Мартбаярын шанаан тус газар нь нэг удаа цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.   

   Иймд шүүх шүүгдэгч Б.Баасандоржийг  бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1  дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

   Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Баасандорж нь хохирогч Д.Мартбаярт эмчилгээний зардалд 517.000 төгрөг төлсөн байна. Хохирогч 3-6 сарын дараа эрүүгээ хадуулсан хадаасаа авахуулах мэс засалд орох шаардлагатай, үүнтэй холбоотой зардлаа нэхэмжлэнэ гэж байх боловч энэ талаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтгүй, одоогоор энэ мэс засал хийгдээгүй байгаа тул хийлгэсэн даруйдаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял  оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.1 дэх эсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс  оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

       Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй болно.

       Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол овогт Батсүхийн Баасандоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутай болохыг   тогтоосугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1  дэх хэсэгт зааснаар Б.Баасандоржийг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Б.Баасандоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Б.Баасандоржийн цагдан хоригдсон 7/долоо/ хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          5.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Баасандорж нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

          6.Хохирогч Д.Мартбаяр цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баасандоржид оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтэст даалгасугай.

          8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Баасандоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН