Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн

төвийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06494 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Эрдэнэд холобгдох

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3 449 212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Н.Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Эрдэнэ нь Баянзүр дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэвч дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр даргын албан тушаал буруулж ахлах мэргэжилтнээр томилсон. Н.Эрдэнэ нь тус төвийн даргаар ажиллах хугацаандаа 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Гэр бүлийн боловсрол, хүүхдийн хөгжих орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ганчимэгийн Билгүүнийг ажлаас халах шийдвэр гарган халсан байна. Төвийн даргын гаргасан энэхүү тушаалыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6651 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1597 тоот магадлалаар үндэслэлгүй гэж тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.Билгүүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 260 370 төгрөг /589 066*3 сар 18 хоног/-г хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснээс гадна 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04002 шүүгчийн захирамжаар 1 188 842 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г.Билгүүнд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн зүгээс нийт 3 449 212 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулсан. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.5 дахь заалт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 тоот захирамжаар батлагдсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дүрмийн 11.5 дахь заалтыг үндэслэн Г.Билгүүнийг үндэслэлгүйгээр ажлаас халж байгууллагад 3 449 212 төгрөгийг хохирол учруулсан тул тухайн төвийн дарга байсан Н.Эрдэнээс гаргуулна уу” гэжээ.

            Хариуцагч Н.Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Эрдэнэ миний бие 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №Б/18 тоот тушаалаар Г.Билгүүнийг ажлаас халсан нь үнэн боловч ийнхүү халах болсон нь хууль зүйн үндэслэлтэй болно. Учир нь дээрх асуудлаас болж намайг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалаас тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгосон Засаг даргын хууль бус үйлдэлд нэхэмжлэл гаргасныг анхан болн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ  Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоосон бөгөөд энэ хэрэг нь одоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатанд хянагдаж байна. Г.Билгүүний хэргийн тухайд миний бие тухайн үед биеийн байдал муу байснаас хэрэг маргаанд биечлэн оролцох боломжгүй байсан тул төлөөлөгчөөрөө дамжуулан дээрх хэрэг маргаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нэрийн өмнөөс оролцож байсан юм. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс томилогдсон төлөөлөгч болон миний сонгож авсан өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаагүйгээс дээрх шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гаргасан. Энэ бүхний гол учир шалтгаан нь Засаг даргын намайг ажил албан тушаалаас бууруулах гэсэн зорилготой шууд холбоотой бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн төлөөлөгч болон холбогдох хүмүүс зориуд санаатайгаар Г.Билгүүний нэхэмжлэлтэй хэрэг маргаанд намайг ялагдал хүлээлгэсэн болно.

Тийм учраас ийнхүү надаас хохирол гэх 3 449 212 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Г.Билгүүнийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тухай иргэний хэрэг маргааныг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар давж заалдах шатны шүүхэд хүсэлт тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ ”

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэд холбогдох 3 449 212 төгрөгийн хохирол арилгуулах тухай нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06494 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06494 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эрдэнэд холбогдох 3 449 212 төгрөгийн хохирол арилгуулах тухай нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв  нь хариуцагч Н.Эрдэнэд холбогдуулан гэм хорын төлбөрт 3 449 212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Н.Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б/18 дугаартай тушаалаар тус төвийн гэр бүлийн боловсрол, хүүхдийн хөгжих орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнийг ажлаас нь чөлөөлсөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6651 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1597 дугаартай магадлалаар Г.Билгүүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2 660 370 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04002 дугаартай шүүгчийн захирамжаар мөн цалин, хөлстэй тэнцэх олговорт 1 188 842 төгрөг, нийт 3 499 212 төгрөгийг тус төвөөс гаргуулан олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...тус төвөөс Г.Билгүүнд төлсөн дээрх мөнгийг хариуцагч Н.Эрдэнийн буруутай үйлдлээс байгууллагад учирсан гэм хорын хохирол” гэж тодорхойлжээ.

 

            Хариуцагч Н.Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд мэргэжилтэн Г.Билгүүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан үйл баримтын талаар маргаагүй, харин уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсонтой холбоотойгоор байгууллага шүүхийн шийдвэрт зааснаар олговор олгосныг гэм хорын хохирол гэж үзэх эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүссэн хохирлыг арилгуулахын тулд хариуцагч нь хууль бус үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

 

Мөн тус төвийн даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй үзсэнийг хариуцагч Н.Эрдэнийг хууль бус буруутай үйлдэл, эс үйлдэл хийж нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

            Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

           

            Иймд хариуцагч Н.Эрдэнэ нь тус төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулж, түүнийг нь байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцан арилгасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, талуудын тайлбараар няцаагдаж байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Н.Эрдэнэд холбогдуулан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол арилгуулах тухай шаардлага гаргах эрхгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06494 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Эрдэнэд холбогдох 3 449 212 төгрөгийн хохирол арилгуулах тухай нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН