Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/50 |
Огноо | 2021-12-28 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч С.Т , түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Т эд холбогдох 2106 01403 2445 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 2400 тоотод оршин суух иргэн П.Ч эзэмшлийн бага гарын тариат манан хөөрөг 1 ширхэг, улаан шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг түүний гэр доторх авдар дотроос хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч П.Ганзоригт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С.Т эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч П.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дунд Дарь-Эхийн 2400 тоотод ээж, эхнэр, хүүгийн хамт амьдардаг юм. Тэгээд манай гэрт 2021 оны 02 дугаар сараас манай эхнэрийн дүү С.Т хэсэг хугацаанд байсан бөгөөд авдар дотор байсан дайлантай 2 ширхэг хөөргийг маань хулгайлж аваад дайланг нь үлдээгээд явчихсан байна. Өдрийн цагаар бол эхнэр бид хоёр ажилтай байдаг бөгөөд эхнэрийн дүү С.Т , манай ээж, хүү гурав үлддэг байсан юм. Манай ээж 80 гарсан хөгшин тул нүд муутайг нь далимдуулаад хүүг гарч орсон хойгуур нь явчихсан байна. Эхнэрийн дүү С.Т нь 2021 оны 4-р сарын 13-ны өдөр гарч яваад өнөөдрийг хүртэл ирээгүй хоёр хонож байгаа юм ... би гэрээ эзэнгүй орхих үед С.Т миний хоёр хөөргийг хулгайлж авч яваад 7 хоног шахуу авч явсан байна лээ. Би авдарнаасаа хөөрөг алга болохыг мэдэх үед С.Т ээс чи авсан уу гэж хэлтэл би аваагүй гэж мэлзээд байсан. Цагдаад хэлэхэд өөрөө над дээр хоёр хөөргөө өгчхөөд зугтаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч ахад 2 ширхэг байсан хөөргөний хувьд алганы талаар татах хэмжээний жижиг шар, бор өнгийн хөрөг байсан. С.Т тэгээд ажлаар гараад явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би авдарт хөөрөг байсан гэдгийг мэдэж байсан. Би хөөрөг нэг даалин дотор байдаг юм. Би Ч т хэлэлгүй хөөргийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 62, 65, 66 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 2400 тоотод оршин суух иргэн П.Ч эзэмшлийн бага гарын тариат манан хөөрөг 1 ширхэг, улаан шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг түүний гэр доторх авдар дотроос хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч П.Ганзоригт 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч П.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дунд Дарь-Эхийн 2400 тоотод ээж, эхнэр, хүүгийн хамт амьдардаг юм. Тэгээд манай гэрт 2021 оны 02 дугаар сараас манай эхнэрийн дүү С.Т хэсэг хугацаанд байсан бөгөөд авдар дотор байсан дайлантай 2 ширхэг хөөргийг маань хулгайлж аваад дайланг нь үлдээгээд явчихсан байна. Өдрийн цагаар бол эхнэр бид хоёр ажилтай байдаг бөгөөд эхнэрийн дүү С.Т , манай ээж, хүү гурав үлддэг байсан юм. Манай ээж 80 гарсан хөгшин тул нүд муутайг нь далимдуулаад хүүг гарч орсон хойгуур нь явчихсан байна. Эхнэрийн дүү С.Т нь 2021 оны 4-р сарын 13-ны өдөр гарч яваад өнөөдрийг хүртэл ирээгүй хоёр хонож байгаа юм ... би гэрээ эзэнгүй орхих үед С.Т миний хоёр хөөргийг хулгайлж авч яваад 7 хоног шахуу авч явсан байна лээ. Би авдраасаа хөөрөг алга болохыг мэдэх үед С.Т ээс чи авсан уу гэж хэлтэл би аваагүй гэж мэлзээд байсан. Цагдаад хэлэхэд өөрөө над дээр хоёр хөөргөө өгчхөөд зугтаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас)
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч ахад 2 ширхэг байсан хөөргөний хувьд алганы талаар татах хэмжээний жижиг шар, бор өнгийн хөрөг байсан. С.Т тэгээд ажлаар гараад явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би авдарт хөөрөг байсан гэдгийг мэдэж байсан. Би хөөрөг нэг даалин дотор байдаг юм. Би Ч т хэлэлгүй хөөргийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч П.Ч бага гарын тариат манан, шүрэн толгойтой гэх, мөнгөн нуухтай, ясан халбагатай хөөрөг, бага гарын улаан чулуун, улаан шүрэн толгойтой гэх, луугаар ороосон мөнгөн халбагатай мөнгөн нуухтай хөөрөг бүхий 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг авч нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.С.Т нь хохирогч П.Ч бага гарын тариат манан, шүрэн толгойтой гэх, мөнгөн нуухтай, ясан халбагатай хөөрөг, бага гарын улаан чулуун, улаан шүрэн толгойтой гэх, луугаар ороосон мөнгөн халбагатай мөнгөн нуухтай хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.С.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч П.Ч нь бага гарын тариат манан, шүрэн толгойтой гэх, мөнгөн нуухтай, ясан халбагатай хөөрөг, бага гарын улаан чулуун, улаан шүрэн толгойтой гэх, луугаар ороосон мөнгөн халбагатай мөнгөн нуухтай хөөрөг зэргээ эргүүлэн авсан гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол, саналгүй, шүүх хуралд суухгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.С.Т эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг танилцуулж, Э.С.Т уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.С.Т эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.С.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.С.Т эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С.Т эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.С.Т нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.С.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.С.Т эд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ