Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/25 |
Огноо | 2021-12-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Ч холбогдох 2106 03580 2585 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин захын зүүн талд хохирогч Ш.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цамцны энгэрээс хоёр гараараа заамдаж газарт унагаж чирч баруун сарвуунд шарх, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин захын зүүн талаас фум 3 дугаар цахилгаан станцын баруун талд авчруулахаар Бат Ирээдүй гэх миний таньдаг хүн ... жолоочоо явууллаа гэж хэлсэн... 14 цагийн үед жолоочоо явууллаа гэж хэлсэн чинь 17 цагийн үед утсаар ярьсан чинь миний заасан газрыг өнгөрөөд явсан байсан. Тэгэхээр нь би тэр жолоочид чи мангар юм уу хаашаа юм, хүн зааж өгөөд байхад мэддэггүй яасан сонин хүн бэ гэж хэлсэн... ирэхдээ жоохон уцаартай орж ирсэн. Би кранаа урагшаа эргүүлчих ачаан дээр нь юм ачих гэж байна гэж хэлэхэд жолооч залуу кран эвдэрсэн эргэхгүй гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдаад ... автомашинаасаа бууж ирээд миний цамцны энгэрээс хоёр гараараа заамдаж аваад угз татаад газарт намайг чулуутай дайрга дээр татаж унагаад чирч байхад фум ачиж байсан дөрвөн залуу гүйж ирээд тэр залуугаас намайг салгасан... баруун гараа хартал чигчий хуруу ядам хурууны салаанд язраад цус гараад байсан учраас би гар утсандаа зургийг нь дарж аваад Бат-Ирээдүй гэх захиралд нь зургаа явуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... миний цамцнаас хоёр гараараа татаж унагаагаад гаран дээр гишгэсэн... өөрөөр цохиж зодоогүй... би гартаа 170.000 төгрөгөөр 4 ширхэг оёдол хувийн эмнэлэгт тавиулсан. Өөр надад нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9621 дүгээр: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын ядам, чигчий хурууны уг хэсэгт 1,8х0,4 см хэмжээтэй язарсан шархтай, бага зэрэг хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн өвдөгт 2.5х1 см, 2х1см, 1.5х0.8см хэмжээтэй зулгаралтуудтай. Бие д өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ 1.2. Ш.Б биед баруун сарвуунд шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-”д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... намайг хоёр удаа толгойгоороо мөргөөд байхаар нь би энгэрээс нь заамдаж аваад өөртөө ойртуулахгүй байж байгаад доош татахад унаад гарынх нь чигчий хуруунаас цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад Ш.Батдэлгэр дуудлага өгсөн... Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2106035802585 дугаар тогтоол (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Хохирогчид 300.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 52, 61, 62 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-51 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин захын зүүн талд хохирогч Ш.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цамцны энгэрээс хоёр гараараа заамдаж газарт унагаж чирч баруун сарвуунд шарх зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин захын зүүн талаас фум 3 дугаар цахилгаан станцын баруун талд авчруулахаар Бат Ирээдүй гэх миний таньдаг хүн ... жолоочоо явууллаа гэж хэлсэн... 14 цагийн үед жолоочоо явууллаа гэж хэлсэн чинь 17 цагийн үед утсаар ярьсан чинь миний заасан газрыг өнгөрөөд явсан байсан. Тэгэхээр нь би тэр жолоочид чи мангар юм уу хаашаа юм, хүн зааж өгөөд байхад мэддэггүй яасан сонин хүн бэ гэж хэлсэн... ирэхдээ жоохон уцаартай орж ирсэн. Би кранаа урагшаа эргүүлчих ачаан дээр нь юм ачих гэж байна гэж хэлэхэд жолооч залуу кран эвдэрсэн эргэхгүй гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдаад ... автомашинаасаа бууж ирээд миний цамцны энгэрээс хоёр гараараа заамдаж аваад угз татаад газарт намайг чулуутай дайрга дээр татаж унагаад чирч байхад фум ачиж байсан дөрвөн залуу гүйж ирээд тэр залуугаас намайг салгасан... баруун гараа хартал чигчий хуруу ядам хурууны салаанд язраад цус гараад байсан учраас би гар утсандаа зургийг нь дарж аваад Бат-Ирээдүй гэх захиралд нь зургаа явуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... миний цамцнаас хоёр гараараа татаж унагаагаад гаран дээр гишгэсэн... өөрөөр цохиж зодоогүй... би гартаа 170.000 төгрөгөөр 4 ширхэг оёдол хувийн эмнэлэгт тавиулсан. Өөр надад нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9621 дүгээр: “... ДҮГНЭЛТ 1.2. Ш.Б биед баруун сарвуунд шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.4.1-”д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... намайг хоёр удаа толгойгоороо мөргөөд байхаар нь би энгэрээс нь заамдаж аваад өөртөө ойртуулахгүй байж байгаад доош татахад унаад гарынх нь чигчий хуруунаас цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад Ш.Батдэлгэр дуудлага өгсөн... Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Ш.Б эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ш.Б Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9621 дүгээр дүгнэлтээр “баруун сарвуунд шарх, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Ш.Б эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ч бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчид гэм хорын хохиролд 300.000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч Ц.Ч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц.Ч уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ц.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ