Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Х холбогдох 2106 00000 2648 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Х нь 2021 оны 11 дүгээр  сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудлын гадна иргэн Б.У тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож Б.У биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал , тархи доргилт, дух, баруун бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, зүйн бугуйд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай эмэгтэй найз Цээмаагийн төрсөн өдөр болоод ... Цээмаагийн хятад эрэгтэй найз орж ирээд би тэр залуутай Хятадаар ярьсан. Тэгсэн Х   халамцуу чиний Хятад хэл мэддэг чинь тэндээ л байдаг юм байгаа биз гээд ер нь бол дургүйцсэн янзтай байсан... би найзтайгаа хамт гарч явж байгаад яасан төвөгтэй юм бэ, ядаргаатай эмэгтэй вэ гэж найзтайгаа яриад машин дотор ороод суусан чинь чи юу гэнээ гээд машины хаалга онгойлгоод миний үснээс чирээд буулгасан. Тэгэхээр нь би бас зөрүүлээд тэрний үснээс зулгаасан. Тэгсэн чинь тэр миний үснээс гараараа барьж байх үедээ миний нүүр лүү гараараа 5-6 удаа цохисон. Тэр миний нүүр лүү цохисны дараа миний үснээс зулгаагаад газар унагааж чирсэн. Бас миний дээрээс толгой, нуруу, хөл рүү гутлаараа дэвссэн... тухайн үед миний хамараас цус гарсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, дух маажуулсан, толгой хавдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянмөнхийн Ундрал нь миний төрсөн эгч. Миний төрсөн эгч 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улс руу явсан. Одоо тус улсын Дубай хотод байгаа... эскпо 2021 арга хэмжээнд оролцоод төхөөрөмж судлах ажлаар явсан. Виз нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байсан. Тэр үед ирж магадгүй. Яг хэзээ ирэхийг нь би сайн мэдэхгүй байна. Эгч гадаад явахаасаа өмнө 2021 онын 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрөө гадаад явах гэж байгаа болохоор надад итгэмжлэл хийж өгсөн. Би цаашид уг хэрэгт эгчийнхээ хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явсан... Эгчийн танд өгсөн 3 баримтаас өөр надад үлдээсэн зүйл байхгүй. Одоогоор өөр баримт алга. Эгчийн биед учирсан гэмтлийн баримттай эмчилгээний зардлыг нь төлүүлэх хүсэлттэй байна. Өөр санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11386 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдэнд дээд, доод зовхины эргэн тойронд хүрэн шаргал туяа бүхий зах ирмэг тод бус цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Духны зүүн хажуу хэсэгт 3х0.4см, баруун бугалганы гадна хэсэгт 2х1см, дунд 2х2см, баруун өвдөгт 3х2см, зүүн өвдөгт 1х1см хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Хамрын нурууны 2 хажуу, зүүн хацрын төвгөрт тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Баруун сарвууны долоовор хурууны 3-р үений ар хэсэгт 1.3х1см, зүүн бугуйн дотор хэсэгт 1х0.3см хүрэн улаан өнгийн нимгэн тав тогтсон зулгаралттай.

2021-11-13-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал.

2021-11-16-ны Мед Траума-н толгойн КТГ-ийн шинжилгээнд: ... хамрын таславч баруун тийш бага зэрэг муруйлттай. Зүүн талын нүдний ухархайн болон зүүн хацар орчим зөөлөн эдэд бага зэрэг хавантай. ДҮГНЭЛТ 1. Б.У -н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ханган зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас)

 

            Б.У аас  нарт олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

            Дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалд 150.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэрийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал, (хавтаст хэргийн 66, 67, 71, 72 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Х нь 2021 оны 11 дүгээр  сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С зочид буудлын гадна иргэн Б.У тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож Б.У биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал , тархи доргилт, дух, баруун бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, зүйн бугуйд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Т.Ундралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай эмэгтэй найз Цээмаагийн төрсөн өдөр болоод ... Цээмаагийн хятад эрэгтэй найз орж ирээд би тэр залуутай Хятадаар ярьсан. Тэгсэн Х   халамцуу чиний Хятад хэл мэддэг чинь тэндээ л байдаг юм байгаа биз гээд ер нь бол дургүйцсэн янзтай байсан... би найзтайгаа хамт гарч явж байгаад яасан төвөгтэй юм бэ, ядаргаатай эмэгтэй вэ гэж найзтайгаа яриад машин дотор ороод суусан чинь чи юу гэнээ гээд машины хаалга онгойлгоод миний үснээс чирээд буулгасан. Тэгэхээр нь би бас зөрүүлээд тэрний үснээс зулгаасан. Тэгсэн чинь тэр миний үснээс гараараа барьж байх үедээ миний нүүр лүү гараараа 5-6 удаа цохисон. Тэр миний нүүр лүү цохисны дараа миний үснээс зулгаагаад газар унагааж чирсэн. Бас миний дээрээс толгой, нуруу, хөл рүү гутлаараа дэвссэн... тухайн үед миний хамараас цус гарсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, дух маажуулсан, толгой хавдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11386 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. Б.У -н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ханган зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч О.Х нь хохирогч Б.У эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.У Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11386 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, баруун бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн бугуйд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Х нь хохирогч Б.У эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч О.Х нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саруулд гэм хорын хохиролд 150.000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч О.Х бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, О.Х уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч О.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч О.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ