| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/1093/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
2021 12 22 2022/ШЦТ/03
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 2106 03053 1961 дүгээр хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны 2 дугаар орцны В-1 давхарт хохирогч С.Б нэмж архи уух мөнгө өгсөнгүй гэх шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх духны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 26-ний оройн 21 цагийн үед найз болох Рэнцэндорж, Б.Б нартай уулзаад гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 15-р хороо, 11-р байрны 2-р орцны В-1 давхарт хамт архи ууцгаасан. Тэгээд шөнийн 01 цагийн үед Батболд гаднаас орж ирээд бид дөрөв хамт архи ууцгааж байгаад би одоо харьж амарцгаая гэхэд Б.Б ахиад жоохон уумаар байна чи яасан хэдэн төгрөгөндөө таталдаад үхлээ юу гээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би түлхээд салсан. Тэгтэл Б.Б надтай ярилцмаар байна гэж ойртоод шууд гараараа миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа гараараа цохиж сэтэлсэн бөгөөд цус гархаар нь ариун цэврийн өрөөрүү ороод угаачихаад шууд гарч явхад араас гарч ирээд чамайг 13-т дахин үзэгдвэл ална гэх мэтээр орилж араас хөөсөн ба би зугтааж цагдаагийн хэлтэс дээр ирж байна. Намайг манай 10 жилийн найз болох Б.Б үл ялим шалтгаанаас болж маргалдаад цохиж миний зүүн талын хөмсөг сэтэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Б.Б надаас уучлал гуйж миний хохирол мөнгийг барагдуулах талаар хэлсэн учир надад одоо гомдол, санал байхгүй байна. Миний эмчилгээний зардал нийт 600.000 төгрөг болохоор байна. Энхний ээлжинд эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 300.000 төгрөгийг дараагийн ээлжинд нүдэн дээр үүссэн сорвио арилгуулах 300.000 төгрөгийг авах талаар хэлж тохиролцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Б.Б бид хоёр тохиролцсон. Миний хохирлоос 300.000 төгрөгийг өгч барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 8 сарын 27-ний 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 11 дүгээр байрны 2 дугаар орцны В-1 давхарт Болд-Эрдэнэ над руу залгаж дуудсан. Тэгээд намайг очиход Болд-Эрдэнэ, Б , Рэнчцэндорж нар шар айраг уугаад байж байсан. Тэгээд би очоод хөзөр тоглоод сууж байсан Б , Болд-Эрдэнэ нар хоорондоо үл мэдэгдэх шалтгаанаар муудалцаж эхэлсэн. Тэгээд Б , Болд-Эрдэнэ хоёр маргалдаж байгаад Б.Б Болд-Эрдэнийн нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд бид нар салгаад Болд-Эрдэнэ гараад явсан. Б.Б гараа атгаж байгаад Болд-Эрдэнийг нэг удаа нүүрэн хэсэгт цохисон. Өөр тэр хоёрын дунд зодоон, цохионы асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7965 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 0.5x1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн нүдний доод зовхи овойж хавдсан, зүүн нүдний доод зовхинд 1.5x2.5см зах ирмэг тэгш хөндлөн байрлалтай шархтай, шарханаас цус урсаж гарна. ДҮГНЭЛТ 1. С.Б -н биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 11 дүгээр байрны 3 дугаар орцны В1 давхар 0 тоотод Болд-Эрдэнэтэй маргалдаж нүүрэн тус газар нь цохисны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Би Б уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нь төлж барагдуулах талаар хэлсэн. Би тухайн өдөр хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... эмчилгээний зардлаас 300.000 төгрөгийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 94 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны 2 дугаар орцны В-1 давхарт хохирогч С.Б нэмж архи уух мөнгө өгсөнгүй гэх шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх духны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Мөн шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны 2 дугаар орцны В-1 давхарт хохирогч С.Б нэмж архи уух мөнгө өгсөнгүй гэх шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх духны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 26-ний оройн 21 цагийн үед найз болох Рэнцэндорж, Б.Б нартай уулзаад гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 15-р хороо, 11-р байрны 2-р орцны В-1 давхарт хамт архи ууцгаасан. Тэгээд шөнийн 01 цагийн үед Батболд гаднаас орж ирээд бид дөрөв хамт архи ууцгааж байгаад би одоо харьж амарцгаая гэхэд Б.Б ахиад жоохон уумаар байна чи яасан хэдэн төгрөгөндөө таталдаад үхлээ юу гээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би түлхээд салсан. Тэгтэл Б.Б надтай ярилцмаар байна гэж ойртоод шууд гараараа миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа гараараа цохиж сэтэлсэн бөгөөд цус гархаар нь ариун цэврийн өрөөрүү ороод угаачихаад шууд гарч явхад араас гарч ирээд чамайг 13-т дахин үзэгдвэл ална гэх мэтээр орилж араас хөөсөн ба би зугтааж цагдаагийн хэлтэс дээр ирж байна. Намайг манай 10 жилийн найз болох Б.Б үл ялим шалтгаанаас болж маргалдаад цохиж миний зүүн талын хөмсөг сэтэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Б.Б надаас уучлал гуйж миний хохирол мөнгийг барагдуулах талаар хэлсэн учир надад одоо гомдол, санал байхгүй байна. Миний эмчилгээний зардал нийт 600.000 төгрөг болохоор байна. Энхний ээлжинд эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 300.000 төгрөгийг дараагийн ээлжинд нүдэн дээр үүссэн сорвио арилгуулах 300.000 төгрөгийг авах талаар хэлж тохиролцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Б.Б бид хоёр тохиролцсон. Миний хохирлоос 300.000 төгрөгийг өгч барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 8 сарын 27-ний 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 11 дүгээр байрны 2 дугаар орцны В-1 давхарт Болд-Эрдэнэ над руу залгаж дуудсан. Тэгээд намайг очиход Болд-Эрдэнэ, Б , Рэнчцэндорж нар шар айраг уугаад байж байсан. Тэгээд би очоод хөзөр тоглоод сууж байсан Б , Болд-Эрдэнэ нар хоорондоо үл мэдэгдэх шалтгаанаар муудалцаж эхэлсэн. Тэгээд Б , Болд-Эрдэнэ хоёр маргалдаж байгаад Б.Б Болд-Эрдэнийн нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд бид нар салгаад Болд-Эрдэнэ гараад явсан. Б.Б гараа атгаж байгаад Болд-Эрдэнийг нэг удаа нүүрэн хэсэгт цохисон. Өөр тэр хоёрын дунд зодоон, цохионы асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7965 дугаар: “... ДҮГНЭЛТ 1. С.Б -н биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 11 дүгээр байрны 3 дугаар орцны В1 давхар 0 тоотод Болд-Эрдэнэтэй маргалдаж нүүрэн тус газар нь цохисны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Би Б уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нь төлж барагдуулах талаар хэлсэн. Би тухайн өдөр хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... эмчилгээний зардлаас 300.000 төгрөгийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 94 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Б эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч С.Б д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7965 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, шарх, духны зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Б эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч нь баримтаар 221.700 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь түүнд 300.000 төгрөг өгсөн болохыг дурдав.
Хохирогч С.Б нь цаашид гарах хохирлоо шүүгдэгч Б.Б холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “хэлэх зүйлгүй” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ШУТИС-ын 5 дугаар курст суралцдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 300.0000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ