Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

А.Сарантуяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдын холбоо ТББ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: А.Сарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч А.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д ажиллаж байхдаа дулааны инженер, зохион байгуулагч, хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн зөвлөлийн ажилтан гэсэн 3 хүний орон тоотой байх ажлыг ганцаараа хийхдээ нэг хүний цалин авч байсан. Гэхдээ би цалин хөлсөө бага гэж огт бодож байгаагүй, зөвхөн “Пийс моол” худалдааны төвийн бүх өмчлөгч, түрээслэгч, үйлчлүүлэгч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчны бүрдүүлэхийн төлөө ажиллаж байсан ба тус холбооны гүйцэтгэх захирал асан Д.Туяагийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн гүйцэтгэж, өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан шударгаар ажиллаж байсан. Гэтэл “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38.1.2 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын УЗ-ийн дарга хэмээх З.Оюунчимэг, гүйцэтгэх захирал Д.Отгончулуун нар нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь дараах хууль, журам, заалтуудыг зөрчсөн. Үүнд:

2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот УЗ-ийн хурлын шийдвэрийн 3-т “гүйцэтгэх захирал Д.Туяаг хөдөлмөрийн гэрээний хугацааг дуустал буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сонгосныг батламжлав” гэсэн шийдвэр гаргасан бөгөөд тэр үед “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлын ажлыг хийх саналыг УЗ-өөс надад тавьж байсан болохоос намайг ажлаас халах тухай огт яригдаагүй билээ.

“Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын шүүхэд өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот шийдвэр нь УЗ-ийн хурлын шийдвэр биш хурлын тэмдэглэл байгаа бөгөөд хэрвээ А.Сарантуяаг 1 дүгээр сард халах байсан юм бол яагаад 4 дүгээр сард халсан юм вэ гэсэн асуудал гарч байна. Тус холбооны УЗ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэлд А.Сарантуяаг халах тухай яригдсан мэтээр бичсэн нь “Энхтайван өргөө” ТӨХ-ны дарга З.Оюунчимэг, гүйцэтгэх захирал Д.Отгончулуун нар нь хуурамч баримт бүрдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэснийг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1451 тоот магадлалын үндэслэх хэсэгт “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар А.Сарантуяатай дулааны инженер, зохион байгуулагчийн албан тушаалд...хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус холбооны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцласан байна. Тэгвэл А.Сарантуяа нь дулааны инженер, зохион байгуулагч буюу менежер, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гэсэн албан тушаалтай байсан.

Гэтэл тус холбооны шийдвэрт 3 төрлийн мэргэжлээр ажиллаж байгаа ажилтанг бүх албан тушаалаас нь чөлөөлсөн явдал нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15.1.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ажилтан тоог цөөрүүлсэн гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хасагдсан байхыг ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотлогдсон.

...Иймд дулааны инженер, зохион байгуулагч А.Сарантуяа би ажилгүй байгаа хугацааныхаа цалин болох 10 000 000 төгрөгийг нөхөн олгох нэхэмжлэлээ багасгаж, 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 400 000 төгрөгийг, мөн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр 230 400 төгрөгөөр төлсөн учраас 3 сарын төлбөр нь 691 200 төгрөг, нийт 3 091 200 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Удирдах зөвлөлөөс надад хэлэхдээ 3 хүний орон тоог огт байхгүй болгож байгаа учраас хууль журмынх нь дагуу чөлөөлөөрэй гэсэн юм. Би үүний дагуу А.Сарантуяад мэдэгдэл өгөх гэхэд хүлээж аваагүй. Ингээд 1 сарын өмнө буюу 03 дугаар сарын 24-ний мэдэгдлийг өгч, 04 дүгээр сарын 29-ний өдөр тушаал гарсан. Одоо манай байгууллагад энэ хүнийг ажиллуулах орон тоо байхгүй. Ер нь бол худалдааны төвийн үйл ажиллагаа санхүүгийн алдагдалд орж байсан учраас орон тоог хасахаар болж удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм. Удирдах зөвлөлд худалдааны төвийн нийт 8 өмчлөгч багтдаг бөгөөд шийдвэр гаргах дээд байгууллага нь юм. А.Сарантуяа нь манай байгууллагад 10 сар ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бид 1 сарын тэтгэмжийг өгч эвлэрэх боломжтой. Хэрвээ эвлэрэх саналгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сарын өмнө мэдэгдэл өгөөд хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. 10 сарын хугацааны ээлжийн амралтын мөнгө болон лист зэргийг олгосон” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Энхтайваны өргөө талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 400 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 691 200 төгрөг, нийт 3 091 200 төгрөг гаргуулах тухай А.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Туяа нар давж заалдах гомдолдоо: “...хавтаст хэрэгт 2016 оны 01 сарын 23-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гэсэн баримтуудын дугаар нь зөрүүтэй, аль нь үнэн болохыг нотлохын оронд шүүх хуурамч зөрүүтэй баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр дулааны инженер, зохион байгуулагч А.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогч Энхтайваны өргөө талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 55 дугаартай тушаал үндэслэлтэй байна гэснийг эсэргүүцэж байна. Тус холбооны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч А.Сарантуяад өгсөн тушаал нь 53 дугаартай байхад, холбооны гүйцэтгэх захирлын тушаал 55 дугаар гэсэн зөрүүтэй байгаа талаар тайлбарлахад үл тоон хуурамч тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан нь Албан бичиг хөтлөлтийн тухай хуулийг зөрчжээ.

Түүгээр барахгүй А.Сарантуяа би 0855776 тоот хөдөлмөрийн түр ажиллах чадвараа алдсан эмнэлгийн магадлагатай, өвчтэй байхад нь ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх,...эмчийн магадлагаагаар... ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэсэн заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч А.Сарантуяа нь дулааны инженер, зохион байгуулагч гэсэн албан тушаалтай байхад тус холбооноос А.Сарантуяаг бүх тушаалаас нь чөлөөлсөн явдал нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15.1.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтан тоог цөөрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хасагдсан байхыг ойлгоно гэснийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1451 тоот магадлалын эсрэг анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан нь даан ч харамсалтай байна. Гэтэл тус холбооны ашиглалтын захиргаанд зохион байгуулагч гэдэг орон тоо хэвээр байсан юм. Иймээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1451 тоот магадлал, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоолыг анхан шатны шүүх зөрчин, зөвхөн нэг талын буюу хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан явдалд гомдолтой байна. Хариуцагч байгууллагын хууль бус тушаалаас болж надад дараах хохирол учирсан. Үүнд:

Тус холбооны гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.4-т зааснаар нэг жил буюу 2016 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл ажиллах ёстой байтал тус холбооны УЗ-ийн дарга З.Оюунчимэг нь шахалт, дарамт үзүүлэн 2016 оны 04 сарын 29-ний өдөр намайг ажлаас халсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.” гэж заасны дагуу би нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болох 3 сарын буюу 76 хоногийн 2 400 000 төгрөгийн нөхөн олговорыг улсаас авч чадаагүй хохирсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх,...эмчийн магадлагаагаар...ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэснийг зөрчин 2016 оны 04 сарын 28-ны өдөр миний бие өвчтэй, эмчилгээ хийлгүүлж байхад, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Отгончулуун нь худлаа өвдөөд алга болчихсон гэж хамт олны өмнө хэл амаар доромжлон нэр төрийг гутаасан, мөн 2016 оны 07 сард миний хань бурхан болсон зэрэг үйл явдлаас болж миний нэр төр, эрүүл мэндэд муугаар нөлөөлөн олон сараар эмчийн хяналтанд эмчилгээ, сувилгаа хийлгүүлэн эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө зарцуулж хохирсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Сарантуяа нь хариуцагч “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 400 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 691 200 төгрөг, нийт 3 091 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ажлаас халагдсаны 1 сарын тэтгэмжийг өгч эвлэрэх боломжтой, зөвшөөрөхгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.Сарантуяа нь “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот тушаалаар тус холбооны дулааны инженер, зохион байгуулагчийн ажил, албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, тус холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын 05 тоот шийдвэрийн 1-р хавсралтыг тус тус үндэслэн түүнийг дулааны инженер, зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, удирдах зөвлөлийн хурлын 5 тоот шийдвэр, түүний хавсралт, 2015 оны санхүүгийн тайлан, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна. /хх 3-6, 19, 20, 91,/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...” зааснаар ажил олгогч нь А.Сарантуяад хуульд заасны дагуу нэг сарын өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №50 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байх ба энэ  талаар талууд маргаагүй байна. /хх-20/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1451 дугаартай магадлалаар “2016 оны Талбай өмчлөгчдийн холбооны захиргааны ажилчдын орон тоо, бодитойгоор цөөрсөн эсэх нөхцөл байдлыг тодруулахад шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэлэээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. /хх 84-86/

Хэргийн 91-92 дугаар талд хариуцагч байгууллагын орон тоо, хэд болсон талаарх баримт авагдсан бөгөөд “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, мөн өдрийн 03 дугаартай шийдвэрийн тэмдэглэлд ТУЗ-ын даргаар З.Оюунчимэгийг томилж, захиргааны ажилчдын орон тоог 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэж баталсан байх ба тус хуралдаанд оролцсон Г.Даваажав “...дулааны инженер зохион байгуулагч гэсэн албан тушаалыг хасч, нягтлан бодогч менежер гэсэн албан тушаалыг хамтад нь байвал зүйтэй” гэсэн санал гаргасан,  “Энхтайван өргөө” ТӨХ-ны 2016 оны ашиглалтын үйл ажиллагааны төсвийн дэлгэрэнгүй тооцооны баримтад дулааны инженер зохион байгуулагч гэсэн албан тушаал бичигдээгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд дулааны инженер зохион байгуулагчийн орон тоо бодитойгоор хасагдсан гэж үзнэ. /хх-91-92, 103-105/

Иймд ажил олгогч “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбоо ТББ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар дулааны инженер, зохион байгуулагч А.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Туяа нар давж заалдах гомдолдоо “Тус холбооны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчид гардуулсан тушаал 53 дугаартай байхад, 55 гэсэн дугаартай хуурамч тушаалыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Албан бичиг хөтлөлтийн тухай хуулийг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, уг тушаалын дугаар зөрүүтэй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Мөн хэргийн 35 дугаар талд авагдсан №0855776 дугаартай эмнэлгийн магадлагаагаар А.Сарантуяаг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байсныг нотолсон байх тул хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасныг зөрчиж, ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Сарантуяа, түүний өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч А.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 410 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН