| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2018/02184/и |
| Дугаар | 001/ХТ2019/00686 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00686
Б.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар магадлалтай,
Б.Цын нэхэмжлэлтэй
“Н С” ХХК-д холбогдох
2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговорт 600 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сараас туршилтын ажилтнаар ажилд орж, 2017 оны 9 дүгээр сард үндсэн ажилтан болсон. 2018 оны 01 дүгээр сард үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажилд томилсон. Хариуцагчаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажилдаа ор гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гарсныг шүүх хурал болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа аваад 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр очиход ажилд авах боломжгүй гэсэн дахиад 4 хоногийн дараа очиход 2 хоногийн дараа ир гэсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа орсон. Би энэ хугацаанд 1 сар цалингүй байсан тул 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа. Ажилдаа эргэн ороход намайг элдвээр хавчиж дарамталж хог шүүрд гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан. Энэ ажлыг хийхгүй байсан учир надад 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. 2 удаа зөрчлийн хуудас өгсөн бол сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт байхгүй. Тэгэхээр үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Би зөрчлийн хуудаст заасан алдаа дутагдал гаргаснаа үгүйсгээгүй 3 000 төгрөгийг төлсөн. Гэхдээ журамд заасан шийтгэл ногдуулах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа л нэхэмжлэгчийг ажилдаа буцаад орох мэдэгдэл өгсөн. Гэтэл ажилдаа орохгүй байсан тул уг мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн адил ажилдаа орохыг мэдэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа ор гэсний дагуу орсон байдаг. Нэхэмжлэгч нь бэлэн мөнгө хүссэн өргөдөлд нярвын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан зөрчил гаргасан байдаг. Мөнгө олгох баримт хуурамчаар бүрдүүлсэн тул зөрчлийн хуудас өгсөн байдаг. Мөн 1 зөрчлийн хуудас нь цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан хийлгэх ажил үүргээ хийгээгүй учир олгогдсон. Эдгээрийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Н С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04Б/60 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, “Н С” ХХК-аас 303 870 төгрөг гаргуулж Б.Цд олгож, Б.Цын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Н С”ХХК-д даалгаж, Б.Цын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 296 130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 060 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа би хянаптын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч тэр даруй хүлээн зөвшөөрч шийдвэрийг биелүүлэх ажиллагааг мөн өдрөөс хийсэн байх боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг бичгээр гарч, түүнийг гардан авах хүртэл ажилдаа эргэж ороогүй, хүлээсэн нь үйл баримтаар тогтоогдож байна, үүнийг буруутгах үндэслэлгүй гэж буруу дугнэсэн. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг хэзээ гардан авсан тухай баримтыг гаргаж ирүүлээгүй, ийм баримт хэргийн материалд байхгүй, нэхэмжлэгч сайн санахгүй байна гэж хариулсан, шүүхээс шийдвэрийг 2018 оны 05-р сарын 02-ны өдөр гардаж авсан гэж буруу дүгнэн шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гаргасан өдөр буюу 2018.04.17-ны өдрөөс удаа дараа ажилдаа ор гэж мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч Б.Ц ажилдаа ороогүй. Гэтэл шүүхээс 2018 оны 05-р сарын 03-нд ажилд орох нөхцөл боломж бүрдсэн гэж буруу дүгнэснийг мөн л хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Б.Цд ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүхээс дүгнэхдээ: шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн ажлын байранд 4 зохион байгуулагч ажилладаг болох нь тогтоогдсон ба зохион байгуулагч нь “Үйлчилгээний танхимын заалыг эрүүл ахуй ариун цэврийн дүрэм журмын дагуу бэлдүүлэх, кино театрын доторх гаднах талбайн цэвэрлэгээ үйл ажиллагааг бүрэн хянаж, хариуцаж ажиллах үүргийг ажлын байрны тодорхойлолтоороо хүлээдэг бөгөөд Б.Ц нь 2018.05.17-ны өдрийн зөрчлийн хуудсанд энэ үүргээ зөрсөн гэж үзсэн байна. Дөрвөн зохион байгуулагч ажилладаг ажлын байранд нэг зохион байгуулагч дангаар хариуцах эсэх нь тодорхойгүй байна гэж буруу үнэлж дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа би зохион байгуулагч нар батлагдсан хуваарийн дагуу ээлжээр ажилладаг гэж тайлбарласныг үнэлээгүй, энэ тухай нэхэмжлэгчээс тодруулж асуугаагүй, тус зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчлийн хуудсанд нэхэмжлэгч Б.Ц өөрөө гарын үсэг зурсан байхад тус сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэнд, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Н С” ХХК-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 600 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж олговор гаргуулах нэхэмжлэлээс 303 870 төгрөгийн шаардлагыг хангаж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00878 дугаар шийдвэрээр Б.Цыг Эрдэнэт өргөө 4 салбарын зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон, хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/68 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна.
“Н С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04б/60 тоот тушаалаар Б.Цыг өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 16.3.4-т заасныг баримтлан үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20%-аар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж, нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүйгээс шүүхийн шийдвэр биелэгдээгүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан болохыг хөдөлбөргүй баримтаар нотлоогүй байв.
Тушаал гаргасан талаар ажилтанд мэдэгдсэн нь ажиллах нөхцөлөөр хангасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ажилтны хариуцах ажил үүргийн хуваарь тодорхой бус байхад зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, дундаж цалин хөлсний хэмжээ, сахилгын зөрчил тогтоогдоогүй эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА