Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 823

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.О.

Хариуцагч: МХХ .

Нэхэмжлэлийн шаардлага: “...намайг МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МХХ ны гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Х, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“ ... Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан хуульчийн шалгалтад орж 69,5 оноо авч тэнцсэн. Шалгалтад тэнцсэн батламжаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардаж аваад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасны дагуу материалаа бүрдүүлэн МХХ ны гишүүнээр элсэх хүсэлтээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан. Гэвч МХХ ны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/182 дугаар албан бичгээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан үндэслэлээр намайг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Би зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн албан бичгийг хүлээж аваад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмаар өргөдөл гаргагч гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу МХХ ны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдлоо 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч МХХ ны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/135 дугаар албан бичгээр гомдолд дурдсан асуудал нь тус хорооны харьяалан шалгах асуудалд хамаарахгүй байх тул буцаав гэсэн хариу ирүүлсэн.

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ял шийтгүүлж үүнээс хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан бөгөөд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт огт байхгүй болж, хүнийг өмнө нь ял шийтгүүлснээр хүндрүүлж үздэг, эрх зүйн байдлыг дордуулдаг байдал арилсан.

МХХ  нь намайг МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасан миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчиж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар намайг хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх эрх нь МХХ нд байгаа учир хариуцагч нь МХХ  гэж тодорхойлсон болно.

Иймд миний бие одоо ял шийтгэлгүй болсон учир МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, МХХ ны гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргахыг МХХ нд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“МХХ  татгалзсан үндэслэлээ “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн бол Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно” гэж байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан заалтуудыг зөрчиж байна. Эрүүгийн хуульд заасан гэм бурууд Эрүүгийн хуульд заасан цээрлэл эдэлсэн. Цээрлэл эдэлсэн байхад ажил, төрөл, мэргэжил дээр дахин цээрлэл тогтоож байгаа  нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалтуудыг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын зарчим, мөн хуулийн хүний эрх, эрх чөлөөний хүн бүр хууль шүүхийн эрх тэгш байх зарчим, хүнийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гэсэн Үндсэн хуулийн үндсэн суурь зарчмуудыг зөрчиж байна.

МХХ ны татгалзаж байгаа үндэслэлийг эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна. Ял шийтгэгдэж байсан гэдэг асуудлыг Эрүүгийн хуулийн томъёололтой харьцуулж үзэх шаардлагатай гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн гэм буруу шүүхээр тогтоогдсон асуудалд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай ямар холбоотой гэхээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгч 2014 онд ял шийтгэгдсэн. Гэм буруу дээр нь нэг эрх нь хасагдсан байхад дахиж шинээр эрх авахаар шалгалтад ороход хуулийн цээрлэл хязгаарлалт тогтоож байгаа нь буруу юм. 

Тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэргийн төрөлд багтаж байсан бөгөөд хуульд заасан 5 жил өнгөрсөн тул ялтай байдал арилсан. Хэдийгээр 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал байхгүй ч гэсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх эрх зүйн гол зарчим, онолын хүрээнд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан ялтай байдал арилсан байна.

Одоо мөрдөгдөж байгаа 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээр хойш хөөн хэлэлцэх хугацаа бас байхгүй болсон.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Доор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно” гээд 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” гэж заасан.

Цаг хугацааны хувьд авч үзвэл, нэхэмжлэгч 2014 онд ял шийтгэгдсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуульд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоход ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан, төрөөс хууль гаргаж ялтай байдлыг өршөөсөн, шинэ, хуучин Эрүүгийн хуулиар ял шийтгэлгүй болсон энэ асуудлыг Хуульчийн эрх зүйнд байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ...” гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үр дагавар гарсан гэж үзэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж бид үзэж байна.

Хариуцагчийн хариу тайлбараас харахад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 буюу үндсэн салбар нэгжийн хуулиа барьсан байдаг. Гэтэл тухайн хуулийн дээр байдаг, эцэг болсон Үндсэн хуулийн зарчмыг барих ёстой гэж үзэж байна. Тиймээс дээрх үндэслэлүүдийг шүүх анхаарч үзнэ үү.

 Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж гишүүнээр элсэх өргөдөл гаргасан 73 эрх зүйчийн талаарх дүгнэлтэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ ял шийтгэгдэж байсан эсэх асуудалд “үгүй” гэж бичиж өгсөн талаар яригдсан. Үүнийг нэхэмжлэгчээс тодруулахад, “Тухайн үед би Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, хуулиар ялтай байдал арилсан байсан учир “үгүй” гэж бичсэн бөгөөд энэ нь миний санаатай биш үйлдэл, хууль хэрэглэх үүднээс тэгэж бичиж өгсөн” гэж тайлбарласан.  

Хуульчийн мэргэжлийн шалгалтад орохдоо анкет болон өөрийн намтраа үнэн зөвөөр бичиж өгч байсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“ ... А.О-т Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 250 дугаар зүйл /Илт хууль бус шийдвэр гаргах/ 250.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 1 жил хорих ялаар шийтгүүлсэн тухай мэдээлэл Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8в/177 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “... санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу А.О*******ийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгохоос татгалзсан.

А.О нэхэмжлэлдээ дурдсан “би одоо ял шийтгэлгүй болсон” гэх үндэслэл нь энэхүү хуулийн заалтад хамаарахгүй бөгөөд Шүүгчээр ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэгч А.О нь 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Хуульчийн мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн учир МХХ ноос шалгалтад тэнцсэн батламж олгосон.

Шалгалтад тэнцсэний дараа тодорхой процесс явагддаг бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын            тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасан баримт бичгийг бүрдүүлж, Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө МХХ ны нэгдсэн бүртгэлд гаргадаг. Үүний дараа бид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагааг Цагдаагийн ерөнхий газраас авахаар албан бичиг хүргүүлэхэд, нэхэмжлэгчийг 2014 онд Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 250 дугаар зүйлд заасан шүүхээс хууль бус шийдвэр гаргуулах гэсэн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн тухай албан бичгийг баримтаар ирүүлсэн.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авилгын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн” гэж заасны дагуу А.О*******ийн Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгохоос татгалзсан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ял шийтгүүлж байгаагүй”, Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт” гэж заасан.

А.О эрх зүйч нь өмнө нь шүүгч байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бөгөөд өөрөө үүнд гэмшиж байгааг бид харж байгаа ч хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхгүй, хайхрахгүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох боломжгүй юм. 

Хэрэв Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах боломжтой.

МХХ ны ерөнхийлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу хуульд заасан шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.О-ээс шүүхэд хандан “МХХ  А.О намайг МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МХХ ны гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор зааснаар миний ял шийтгэлтэй хугацаа энэ заалтад хамрагдаж, хуулиар ял шийтгэлгүй болсон тул хуульчийн шалгалтанд орж тэнцсэн, хуульчаар ажиллах боломжтой байхад МХХ  гишүүнээр элсүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус, мэргэжлээрээ ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс А.О*******ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “...санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор А.О-ийг “илт хууль бус шийдвэр гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгэсэн”-ийг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар магадлалаар “дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн” шийдвэрлэжээ.

Улмаар 2014 оын 7 дугаар сарын 25-ны өдөр А.О-ийн эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хугацааг тэнсэж суллажээ.

Энэ тухай мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд бүртгэлтэй байгааг, түүнчлэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн нэр бүхий 240 иргэдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг тус албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас шалгаж, санд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийн дотор нэхэмжлэгч А.О-г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай мэдээлэл байгааг МХХ ны Тамгын газарт хүргүүлж байжээ.

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д: “хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг”, 3.1.2-т: “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэдэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, ... зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна”, 7 дугаар зүйлийн 7.1-д: “хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д: “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй”, 10 дугаар зүйлийн 10.3-д: “хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана”, 17 дугаар зүйлийн 17.1-д: “Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно” зэргээр хуульчилсан ба маргааны зүйлийн хүрээнд нэхэмжлэгч А.О******* нь 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцож, 69.5 оноо авч тэнцсэн тул түүнд 225 дугаартай “батламж”-ийг эрх бүхий Хорооноос олгожээ.

Харин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхэд маргаан гарч, хариуцагчаас 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/182 дугаар албан бичгээр “Таныг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх боломжгүй” хэмээн мэдэгджээ. Энэ тохиолдолд “намайг МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн эхний шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д: “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэснээр нэхэмжлэгчийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруу нь шүүхээр тогтоогдсон байгааг тэмдэглэн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж, мөн Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх боломжгүй хэмээн мэдэгдэж хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах болон Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргахдаа, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1: “хуульчийн шалгалтад тэнцсэн батламж”, 19.2.2: “ял шийтгүүлж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 19.2.3: “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт”  эдгээрийг бүрдүүлэн хавсаргаж өгөх, мөн хууль, зүйлийн 19.3-д: “Хуульчдын холбоо өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, ... харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсний дагуу хавсарган ирүүлсэн баримт материалыг шалгаж, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа авч, хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэн дээр дурдсан хариуг өгсөн байх тул хариуцагчийг “хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж буруутгах боломжгүй, захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй байна.

Даалгах шаардлага мөн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д: “Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно”, 19.5-д: “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно”, 19.6-д: “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч, прокурор, шүүгчээр ажиллана”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д: “Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна” гэж зааснаас үзэхэд, Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн өргөдөл гаргагч нэг бүрийг гишүүнээр бүртгэж авах эсэхийг шийдвэрлэх, зөвхөн гишүүнээр бүртгэгдсэн тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдох, хуульч нэр хэрэглэх эрх нээгдэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн, батламжаа авсан боловч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1: “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ... хууль зүйн хариуцлага хүлээсэн”, 21.1.2: “энэ хуулийн 19.2-т заасан баримт бичгийг дутуу ... бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж заасны дагуу үүссэн байна. Энэ үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирсэн мэдээлэл, 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж гишүүнээр элсэх өргөдөл гаргасан 73 эрх зүйчийн талаарх дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Иймд хариуцагч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.1-д: “Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, болон энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ” мөн хуулийн  45 дугаар зүйлийн 45.1.2: “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан чиг үүргийг хуулийн бусад заалттай нийцүүлж зөв тайлбарлаж хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ийн МХХ нд холбогдуулан гаргасан “...намайг МХХ ны гишүүнээр элсүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, МХХ ны гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            У.БАДАМСҮРЭН