Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж;

нарийн бичгийн дарга: О.Болормаа;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

хохирогч: С.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Л.Цуурай;

шүүгдэгч: Ч.Тамир, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Чонот овогт Чинбаатарын Тамирт холбогдох эрүүгийн 201625020819 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эх тэргүүн” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 203-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЖ72101815 регистрийн дугаартай, Чонот овогт Чинбаатарын Тамир.

 

Прокуророос баталж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолд:

 

Яллагдагч Ч.Тамир нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Спортын төв ордны” орчим иргэн С.Дэлгэрмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар биед нь санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Дэлгэрмаатай 2015 оноос хамтран ажиллаж байна. Манай компанид туслан гүйцэтгэгчийн ажил хийж байсан. С.Дэлгэрмаагийн хувьд манай компанитай төлбөр тооцооны асуудалтай байсан. Тэр төлбөр тооцооны асуудал даамжирч явсаар байгаад ийм байдалд хүрлээ. Мөнгөө аваагүй хүний хувьд уурлаж уцаарлах, элдвээр хэлэх, манай нэр төрд халдах, цаашлаад захиалагч нартай уулзах, зурагт дуудна гэх мэтээр сүрдүүлэг хийдэг байсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр захиалагчтайгаа тохироод, Дэлгэрмаатай ч тохироод манай компанид захиалагч талаас мөнгө хийсэн өдөр байсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр захиалагч маань шууд мөнгө хийгээгүй, улсын байгууллага болохоор нийслэл төрийн сангаар дамжиж мөнгө нь ордог тул тодорхой хугацаа ордог тал бий. Хэрэг явдал болдог өдөр захиалагч талаас “Дэлгэрмаа гэж хүн ирээд мөнгөө өгөхгүй асуудлаар зурагт, радио дуудах яриа яригдаад байна. Ирж энэ асуудлаа шийд” гэсний дагуу захиалагчийн байранд очиход Дэлгэрмаа ирсэн байсан. Бид нар Дэлгэрмааг “уурлаад хэрэггүй” гэж тайвшруулаад “одоо манайх руу мөнгө орчихвол 50.000.000 төгрөг танай компани руу хийнэ” гэж ярьсан. Би “захиралтай яриад мөнгийг чинь хийлгэе” гээд Спортын төв ордны ХААН банк орсон. Спортын төв ордны ХААН банк дээр захирал хүлээгээд зогсож байсан. Дэлгэрмаа мөнгөө аваагүй болохоор янз бүрээр дайрч доромжлох, бичлэг хийх зэрэг зан гаргасан. ХААН банк руу ороход манай компаний дансруу мөнгө ороогүй байсан. Мөнгө ороогүй байсны төлөө “луйварчин” зэргээр дуудах, бичлэг хийх, банкны ажилтан руу орилох зэрэг үйлдэл хийгээд байсан. Бид нар аргагүйн эрхэнд банкнаас гараад “мөнгө орохоор нь шилжүүлнээ, түр хүлээж бай” гэж хэлтэл бичлэг хийгээд дагаж яваад янз бүрийн үйлдэл хийгээд байсан. Машины зогсоол дээр манай захиралтай зууралдаад байхаар нь бичлэг хийхийг нь зогсоох зорилготой утсыг нь булаасан. Тэр хооронд захирал яваад өгсөн. Тэгэхээр нь машин тойроод утсыг нь буцаагаад аваачаад өгтөл “миний утсыг булаалаа” гээд намайг өшиглөөд, гараараа цохиод авсан. Би энэ бүгдийг тэсээд байж байтал надруу нулимахаар нь тэсэж чадалгүй түлхээд унагаасан. Компаний асуудлаас болоод бид хоёр хувь хоорондын асуудал үүсээд ийм асуудалд ороод байна гэв.

 

            Хохирогч С.Дэлгэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 07 дугаар сард “Эх тэргүүн” компанитай хамтран ажиллаад ажлаа хугацаанд нь дуусгасан. Тэгээд “мөнгөө авъя” гэтэл “Эх тэргүүн” компани мөнгийг өөр барилгад хэрэглэж, залилж явсаар байгаад 12 сарын дараа мөнгөө өгсөн. Хэрэг гардаг өдөр санхүүжүүлэгч байгууллагаас нь надруу “танай мөнгө орсон” гэж хэлсэн. Мөн эд нар өөрсдөө надруу яриад “2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр банкин дээр хүлээж бай” гэж хэлсэн. Би банкин дээр оройны 20 цаг хүртэл хүлээсэн. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр захиалагч байгууллага дээр нь очиход “мөнгө нь орсон, та мөнгөө олж авч чадаагүй юу” гэж надад хэлсэн. Захиалагч байгууллага нь “танай компанид мөнгө орсон байгаа, Дэлгэрмаа захирлын мөнгийг өгөөч” гэж хэлтэл Тамир дуугүй гараад явсан. Тэндээс гараад Тамирын захиралтай нь таарсан. Би захиралд нь “та мөнгөө өгөхгүй юм уу, намайг өчигдөр бүтэн өдөржингөө хүлээлгэсэн биз дээ” гэж хэлсэн. Мөнгө банкинд орсон байна уу гээд банкруу ортол банкны теллер “танайд өчигдөр мөнгө ороод гарсан байна. Өнөөдөр мөнгө орж ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та ингээд худлаа яриад байх юм, 10 сар хүлээлгэлээ. Сарын дотор өгнө гэж хэлээд миний бүх мөнгийг зальдчихсан хүмүүс шүү дээ” гэж хэлэхэд захирал нь миний өмнө, Тамир миний ардаас дагаад банкнаас гарсан. Би дунд нь явж байхдаа өмгөөлөгч рүүгээ утсаар ярьсан. “Одоо яах вэ, эд нар мөнгөө өгөхгүй байна” гээд яриад явж байтал гэнэт миний араас утсыг маань шүүрээд авсан. Эргээд хартал Тамир машины цаад талаар гүйгээд явсан. Тэгэхээр нь “хүүе Тамираа чи яаж байна” гээд би машины урдуур нь гүйгээд Тамираас гар утсаа авсан. Миний гаран доогуур Тамир гараа зангидаад цохиод авсан. Би дуугарч чадахгүй амьсгаадад доошоо харж хэсэг байж байгаад жоохон өндийгөөд ирэнгүүт нүүр рүү цохьсон. Толгой маналзаад сонин болоод явсан. Гэтэл Спортын ордноос хүмүүс гарч ирээд тойроод зогсчихсон байсан. Миний толгой эргээд тэрүүхэн хооронд газар унасан. Унаад босоод иртэл нэг охин “та яаж байгаа юм бэ ахаа, эмэгтэй хүн зодоод” гэж хэлээд намайг босгоод “би гэрч болно шүү” гэж хэлээд утсаа өгсөн. Тамир намайг зодчихоод “хоёулаа цайны газар оръё” гээд байсан. Би Тамирт “хэн дуртай хүнд гудамжинд зодуулаад байдаг хүн би биш” гэж хэлээд, “яахаараа би цайны газар ордог юм, зогссон газраасаа хөдлөхгүй” гэж хэлээд цагдаа дуудсан. Тухайн үед миний нүүр шалбараад, нүдний шилний боолт уначихсан, хавирга сэтэрсэн хугаралттай гэсэн гэмтэл авсан. Энэ гэмтлийн улмаас би их зовсон, хэвтэж болохгүй, сууж болохгүй байсан. Тамир надаас огт уучлалт гуйгаагүй гэв.

 

            Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч С.Дэлгэрмаа /хх-ийн 9-10, 45/, гэрч Т.Эрдэнэбаяр /хх-ийн 37/, П.Ганболд /хх-ийн 46/, З.Пүрэвсүрэн /хх-ийн 47/, Э.Энхчимэг /хх-ийн 48/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/, Ч.Тамирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ий 25/, Ч.Тамирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, хохиролын баримт /хх-ийн 55-63/, хохирол төлсөн баримт /хх-ийн 83-85/, шинээр “Эх тэргүүн” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Шүүгдэгч Ч.Тамир нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Спортын төв ордны” орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Дэлгэрмааг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч С.Дэлгэрмаагийн /хх-ийн 10, 45/: “…2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Эх тэргүүн” ХХК-ийн захирал П.Ганболдтой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Спортын төв ордны” зогсоол дээр уулзсан. Би П.Ганболдоос ажил гүйцэтгэсний хөлс 95.000.000 төгрөгийг авах ёстой байсан. Би П.Ганболдоос мөнгөө нэхэхэд “одоо боломжгүй” гэж байсан. Би өмгөөлөгчтэйгээ утсаар ярих гээд байж байтал П.Ганболдын менежер Ч.Тамир миний гар утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь би Ч.Тамирын араас гүйгээд Ч.Тамираас өөрийн гар утсыг буцааж авсан. Энэ хооронд захирал П.Ганболд нь зугтаад алга болсон. Би “яаж байгаа юм бэ? Захирал чинь алга болчихлоо” гэхэд “би захиралаа хамгаална ш дээ” гээд миний элэг рүү 2 удаа хүчтэй цохисон. Намайг тонгойход миний баруун талын нүд рүү цохисон…Миний хувьд тэр 2-ыг хэл амаар дайрсан зүйл огт байхгүй. Мөнгөө нэхэж дагаж явсан. Би бичлэг хийгээгүй, гар утсаараа П.Ганболд, Ч.Тамир нарын зургийг дарсан…Гомдолтой байна…” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Эрдэнэбаярын /хх-ийн 37/: “…Би тухайн өдөр Ч.Тамирын компанид ажил гүйцэтгэсэн мөнгөө авахаар Ч.Тамир болон П.Ганболд нартай уулзахаар Сүхбаатар дүүрэг “Спортын төв ордны” дэргэд байрлах ХААН банкинд очсон. Манай компанийн авах ёстой мөнгө бүтээгүй. Би банкинд ороогүй. Дэлгэрмаа, Тамир, Ганболд нар ХААН банк руу орчихоод гарч ирсэн. Гэтэл Дэлгэрмаа Ганболд руу орилж хашгирч эхэлсэн. Би тэднээс 10 орчим метрийн зайд машин дотроосоо хараад сууж байсан. Ганболд Дэлгэрмаагаас зайлсхийгээд яваад өгсөн. Гэтэл Дэлгэрмаа Тамир руу дайрч эхэлсэн. Энэ үед Дэлгэрмаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Тамир Дэлгэрмаагийн гар утсыг авах гэж оролдоод дийлээгүй. Дэлгэрмаа гудамжинд Тамир руу орилж хашгираад хэл амаар дайраад байсан. Тэгээд Тамирын хөл рүү өшиглөж, нүүр рүү нь нулимсан. Тамирын нүүр рүү нь цохих гэсэн үү, самардах гэсэн үү сарвалзсан. Энэ үед Тамир өөрөөсөө түлхэж холдуулсан. Тэгээд би машинтайгаа яваад өгсөн…” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 47/: “…Тэр өдөр би Ганболдоос компанийн мөнгөө авах санаатай “Спортын ордны” автомашины төлбөртэй зогсоол дээр байсан. Ганболдыг хүлээгээд машин дотроо хамт ажилладаг Эрдэнэбаяртай юм яриад сууж байтал Дэлгэрмаа, Тамир нар гараад ирчихсэн байсан. Тэд нарын юу ярьж байгаа нь сонсогдоогүй, би ойролцоогоор 30 орчим метрийн зайнаас машин дотроосоо харж байсан. Тэр 2-ыг харахад Дэлгэрмаа орилоод хэл амаар дайраад байх шиг харагдсан. Тамирын хувцаснаас зуурч, доогуур нь өшиглөж, нулимаж байгаа мэт үйлдэл харагдаж байсан… Дэлгэрмаа Тамир руу сарвалзаад байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Ганболдын /хх-ийн 46/: “…Тэр өдөр захиалагч байгууллагаас манай компанийн дансанд мөнгө шилжсэн гэж мэдэгдсэн юм. Би Тамиртай хамт дансаа шалгахаар “Спортын ордны” дэргэд байрлах ХААН банкны салбарт очсон. Энэ үед Дэлгэрмаа ирээд “мөнгөө төл, мөнгөө төл” гээд олон хүний дэргэд орилж эхэлсэн. Банк дотор Дэлгэрмаа гар утсаа гаргаж ирээд зураг аваад, бичлэг хийгээд орилоод байхаар нь би санаа зовоод банкнаас зугтаж гарсан. Миний араас Дэлгэрмаа зуураад надтай хамт гарсан. Машины зогсоол дээр очоод над руу орилж энгэр заамнаас зулгаагаад яг “галзуу” хүн шиг авир гаргасан. Энэ үед Тамир гар утсыг нь булаагаад авчихсан. Дэлгэрмаа миний хувцаснаас зуурсан гараа тавьж Тамир руу дайрч заамдаад, үсдээд, нүүр рүү нь нулимаад, өшиглөөд байсан. Би тэрийг харчихаад бушуухан салахын түүс болоод явчихсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Энхчимэгийн /хх-ийн 48/: “…Би тэр өдөр “Спортын ордны” автомашины зогсоол дээр ээжийн 8025 дугаартай “Мицубиши” машинд сууж байсан. Гэтэл Тамир “Спортын ордны” талаас гүйгээд гараад ирсэн. Ээж урдаас нь гүйж очоод гараас нь нэг зүйл булааж авсан. Гэтэл Тамир ээжийн цээжин хэсэгт гараараа цохих шиг, хүрэх шиг болсон. Ээж цээжээ дараад доошоо тонгойсон…” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Тамирын буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Дэлгэрмаагийн биед “баруун хацар, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шалбаралт” бүхий мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3365 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 12/, шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Ч.Тамирын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хохирогч С.Дэлгэрмаа “барилгын ажил гүйцэтгэсний хөлс мөнгийг төлсөнгүй” гэх урьдны өр авлагын асуудлаар бусадтай маргаан үүсгэж, уг маргааны явцад “гар утас булааж авсан” хэмээн Ч.Тамирыг буруутган түүний нүүр рүү нь нулимах, хөл рүү нь өшиглөсөн зэргээс үүдэн өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас Ч.Тамир хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Ийм учраас шүүгдэгч Ч.Тамирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Тамир хохирогчид учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрт нийт 630.164 төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогч С.Дэлгэрмаа шүүх хуралдаанд “өмгөөлөгчид төлсөн зардал 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ, өөр зардал нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн болно.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх байдлаар хохирогчийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонот овогт Чинбаатарын Тамирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тамирыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг) 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тамир торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Тамир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч С.Дэлгэрмаагийн өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Тамирт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ