Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2016/0314

 

"М д м у х т"-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч "М д м у х т"ийн гүйцэтгэх захирал М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "М д м у х т"-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ, Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Чингэлтэй дүүргийн татварын байгууллагаас тавьсан актын хувьд манай байгууллага буян номын байгууллага бөгөөд шашны байгууллагын /төрийн бус байгууллагын/ санхүүгийн тайлангаа ямагт үнэн зөв гарган өгч, хэнийг ч хууран мэхлэх, орлогоо нуун дарагдуулах санаа агуулаагүй бөгөөд шашны байгууллага хэрнээ НӨАТ төлөх ёстой гэдгийг огт мэдээгүйн улмаас ийм өндөр торгуульд унаад байна. Хуульд шашны байгууллага НӨАТ төлөгч биш гээд заасан байгаа. Бид НДШ, ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, газар ашигласны төлбөр зэргийг ямагт цаг тухайд нь төлж ирсэн билээ. Манай байгууллагын удирдлагад олон жил гадаадын иргэд байсан бөгөөд дээрээс нь буддын шашны лам хувраг хүмүүс ажиллаж байсан учир манай орны хууль дүрмийг /НӨАТ-ын тухай/ сайн ойлгоогүй явж ирсэн байна. Мөн биднийг хариуцаж ажилладаг татварын байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө өгч байгаагүй...

...Чингэлтэй дүүргийн татварын байгууллага манай байгууллагад акт тавихдаа манай байгууллагын дансаар орж ирсэн түрээсийн орлого гэсэн бүхэнд НӨАТ ногдуулсан байна.

Дээд шүүхийн хуралдааны явцад энэ /469 759 435,9 төгрөгийн зөрчил гэсэн/ тоог хэрхэн гаргасан бэ? гэсэн Дээд шүүхийн шүүгчийн асуултад Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Ц.Б хариулахдаа ...манай байгууллагын дансаар орж ирсэн түрээс гэсэн орлого болгоныг түүх байдлаар гаргасан гэсэн хариулт өөрөө өгч, үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2009-2013 оны хооронд уг 4 давхар 9 айлын орон сууцны байрыг зохих зориулалтын дагуу /орон сууцны зориулалтын дагуу/ түрээслүүлсэн байх бөгөөд, зөвхөн 1 дүгээр давхрын оффисын өрөөг оффисын зориулалтаар түрээслүүлсэн байна. Орон сууц хөлслүүлсэн орлого хэрхэн бүрдсэн талаар нотолсон дэлгэрэнгүй тооцоог бид 2016 оны 1 дүгээр сард шүүхэд нэмж гаргаж өгсөн материал дотроо хавсаргасан байгаа. Манай байгууллага 2010 онд орон сууцны түрээснээс 52,319,795.60 төгрөг, 2011 онд орон сууцны түрээснээс 64,341,795.60 төгрөг, 2012 онд орон сууцын түрээснээс 79,248,433.10 төгрөг, 2013 онд орон сууцны түрээснээс 75,819,810 төгрөг тус тус олсон байх бөгөөд 2009-2013 оны хооронд /5 жилийн хугацаанд/ 329,747,897.70 төгрөгийн түрээсийн орлогыг орон сууцны түрээснээс олсон байна. Тиймээс актаар тавьсан 469 759 435,9 төгрөгийн зөрчил гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, алдаатай тооцоо байх тул татварын байцаагч нарын 469 759 435,9 төгрөгийн орлого гэсэн дүнгээс орон сууцны түрээсийн орлого болох 329 747 897,70 төгрөгийг хасаж тооцож өгөхийг шүүхээс хүсч байна. Энэ хоёр дүнгийн зөрүү болох 140 011 538,20 төгрөг нь оффис, гражын түрээснээс орсон орлого болж байгаа тул уг дүнд ногдох НӨАТ болох 12728 321,65 төгрөгийг бид хүлээн зөвшөөрч, төлөхөд бэлэн байна...

... Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч манай орны түүхэнд хэзээ ч байгаагүй их өршөөлд 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнө хувь хүмүүс төрсөн цагаасаа эхлэн, компаниуд байгуулагдсан цагаасаа эхлэн ямар л хууль бус юм хийсэн, нуун дарагдуулсан, улсаас идэж ашигласан бүхнээ ил гаргаж, төрийн өршөөлд хамрагдаж байна. ... Манай байгууллага зөвхөн татварын байгууллагын шалгалтад өртсөн гэсэн үндэслэлээр энэ хуульд хамрагдаж чадахгүй байна. ...Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулиуд гарч, эдгээр хуулиудын үйлчлэх хугацаа дуусаагүй байгаа одоогийн энэ шинэ нөхцөл байдал, нийтээрээ эдэлж буй өршөөлийг харгалзан үзэж манай байгууллагын асуудлыг нааштайгаар шийдэж бидний буян номын хүмүүнлэгийн үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай албан бичигтэй танилцлаа. Татварын улсын байцаагчид бид хяналт шалгалтын хуулийн дагуу эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Махаяна уламжлалыг хадгалах төв-ийн нэхэмжлэлийн шаардлагын нөхөн татвар 46,975.9 төгрөгийн төлбөрийг төлүүлж, актаар ногдуулсан торгууль, алданги, хүүгийн 19,639.2 төгрөгийн төлбөрийг хасч багасган шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 тоот шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт олгосон эрхийн хүрээнд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

"Монгол дахь Махаяна уламжпалыг хадгалах төв шашны байгууллагын 2009-2013 оны санхүүгийн баримтанд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсийн татварын улсын байцаагч Ц.Б, Б.Бат-Эрдэнэ нар нь татварын хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350002169 тоот актыг тавьсан. Уг актаар 46,975,943.7 төгрөгийн нөхөн татвар, 19,552,250 төгрөгийн торгууль, 140,927.8 төгрөгийн хүү, нийт 66,669,121.5 төгрөгийн төлбөр тавьсан.

Уг актыг бид эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, захиргааны хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд хандсан болно. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 328 тоот тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслүүлэх үйлчилгээтэй холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгэхээр буцаасан болно.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааны зүйл болох түрээсийн орлогыг орон сууцны зориулалттай байр болох, мөн зориулалтынх нь дагуу түрээслүүлсэнтэй холбоотой нотлох баримтуудыг өгсөн боловч манай байгууллагын хөрөнгө түрээслүүлсэн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 дахь хэсэгт заасан "түрээслэх үйлчилгээ"-нд хамаарахгүй, мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа боловч энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан "шашны үйлчилгээнд" хамаарахгүй тул нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9. "орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр гэж орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барилгыг хэлнэ гэж заасан. Манай байгууллага нь 1999 онд Шинэ Ундрага ХХК-аас орон сууц, конторын зориулалттай дуусаагүй барилгыг худалдан авч, дуусгасан бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан, түүнчлэн орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаатай холбоотой барилгын зураг, төсөв, худалдах худалдан авах гэрээ, хөрөнгө түрээслүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд өгсөн боловч тэдгээр нотлох баримтыг үнэлсэнгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан орон сууцыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8-д заасны дагуу нэмэгдсэн албан татвараас чөлөөлөхөөр заасан тул энэхүү заалтын дагуу бид 2009-2013 оны нийт түрээсийн орлогыг гэрээ, болон төлбөрийн баримтын дагуу орон сууц болон оффисын орлогоор нь ангилж өгсөн, хариуцагч харилцах дансанд орж ирсэн нийт орлогыг түрээсийн орлогоор авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал эдгээрийг харгалзан үзсэнгүй.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасны дагуу 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн 15,294,998.33 төгрөг, 14.1.2. худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн; 20,075,556.3 төгрөг, нийт 35,370,554.63 төгрөгийн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцоогүй байна.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг гэж ойлгодог.

Гэтэл шашны байгууллага нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргадаггүй (хуучин аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын тухай хууль хүчингүй болж 2006 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар төрийн бус байгууллага, шашны байгууллага зэрэг ашгийн төлөө бус байгууллага нь хасагдаж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч биш болсон) тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох нь үндэслэлгүй юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5."аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг гэж ашгийн төлөө хуулийн этгээдийг гэж заасан байна. Гэвч бид Дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, офиссын түрээсийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 болон 14.7 дах хэсгийн дагуу ногдуулж, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 тоот шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8 дахь хэсгийн дагуу орон сууцны түрээсийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгнө үү.

Жич: Бид давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Энэхүү хэргийг урьд нь хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянан шийдвэрлээд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 328 дугаар тогтоолоор дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ ...Махаяна уламжлалыг хадгалах төв шашны байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.8-д заасан орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ бусдад үзүүлсэн эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 27 тоот хаягт байрлалтай байрыг түрээслүүлсэнтэй холбоотой баримтуудыг /гэрээнүүдийг/ эх хувиар нь нотлох баримтаар хэрэгт авсан байх боловч чухам аль гэрээ нь орон сууцны зориулалтаар хөлслүүлсэн гэрээ болох, аль өрөөнүүдийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түрээслүүлсэн болох талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, татвар ногдох орлогын талаар тооцоолол хийгээгүй, нотлох баримтаар хэрэгт авагдсан гэрээнүүд нь гадаад хэл дээр авагдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т 13.1.Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Тодруулбал нотлох баримтаар хавсарган ирүүлсэн Apartment lease agreement until-2013 гэсэн нэр бүхий 1 хавтас гэрээнүүд гадаад хэл дээр бичигдсэн байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Хэрвээ тухайн байрны аль ч хэсгийг, ямар нэгэн хугацаагаар орон сууцны зориулалтаар хөлслүүлээгүй гэж үзэж байгаа бол тэр талаарх дүгнэлтийг хийх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал гэх М.Эаас Монголтакс ТМЗ ХХК-д итгэмжлэл олгосон байна. Гэтэл хэрэгт М.Эыг гүйцэтгэх захиралаар томилсон, холбоотой ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, 88.1.4, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх эрх зүйн байдал тодорхойгүй байна. Анхан шатны шүүх оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй М.Эыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулж хэргийг шийдвэрлэсэн байх тул дээрх алдааг зөвтгөн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР