Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 435

 

“Нутгийн ивээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр магадлалтай, “Нутгийн ивээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 651 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт: “...нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй газрын 2175 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй, харин хязгаарласан талбайд хамаарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдэж, татгалзсан хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй” гэжээ.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, тус компанийн 026639 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хязгаарласан талбайд хамаарч байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Түүнчлэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй хуулийг тайлбарлах замаар захиргааны актад өөрчлөлт оруулах эрх захиргааны хэргийн шүүхэд олгогдоогүй байхад шүүх актын үндэслэлд хамаарахгүй хуульд тайлбар хийж, улмаар тайлбараа үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Нутгийн ивээл” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг “Уулс-2” нэртэй газрын 4177 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр “хүсэлтэд дурдсан талбай нь Засгийн газраас солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй” гэсэн үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасан “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэх, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгожээ.

Эндээс үзвэл Засгийн газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэгдсэн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалттай байна.

Хэрэгт авагдсан Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтын Төв аймгийн Заамар суманд холбогдох хэсэг, Ашигт малтмалын газраас ирүүлсэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн кадастрын тойм” зургаас үзвэл, нэхэмжлэгч “Нутгийн ивээл” компанийн хүсэлтэд дурдсан Төв аймгийн Заамар сумын нутаг “Уулс-2” нэртэй газрын 4117 га талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зөвшөөрөгдсөн талбай биш болох нь тогтоогдсон, уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй байна.

Иймд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар зөвшөөрөөгүй уг талбайд төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох боломжгүй учир энэ үндэслэлээр татгалзах шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан талбай” гэдгийг Засгийн газрын тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор тогтоож, баталсан талбайгаас бусад талбай нь “хязгаарласан талбай” гэж тайлбарлаж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох” гэж заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг анхаараагүй нь буруу боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалын үндэслэлийг өөрчлөхгүй юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ