Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00688

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар магадлалтай,

Б.Аийн нэхэмжлэлтэй

МУИСд холбогдох

МУИСийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123, 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь МУИСийн Оюутны хөгжил үйлчилгээний газрын даргын албан тушаалыг эрхэлдэг. МУИСийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/45 дугаартай тушаалаар оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх дүгнэлт гаргахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, хавсралтаар удирдамжийг баталсан. Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 2 дугаар сарын 12-ноос 2018 оны 3 дугаар сарын 6-ны хооронд нийт 24 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр товлосон. Энэ тухай манай албанд 2018 оны 2 дугаар сарын 21-ны 16 цагт мэдэгдсэн. Тус удирдамжийг ажилчдад танилцуулахад МУИСийн оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажилчдаас 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч тус ажлын хэсгийн ахлагч МУИСийн шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Баяртогтоход хандаж шинэчлэн байгуулагдаад 4 сарын нүүр үзэж байхад хяналт, шинжилгээг ямар үндэслэлээр оруулж байгаа нь тодорхой бус бөгөөд МУИСийн дотоод журмаар хяналт шинжилгээ хийх асуудлыг зохицуулаагүй, үнэлэх аргачлал шалгуур үзүүлэлтүүд, дүрэм журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай, үнэлэх үзүүлэлтүүд нь тодорхойгүй байх тул дээрх дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, үнэлэх аргачлалыг тодорхой болгосны дараа хяналт үнэлгээ хийхийг санал болгож тайлбар гаргасан. Гэвч дээрх байдлаар хяналт шинжилгээг хууль ёсны дагуу аливаа субьектив нөлөөлөл, дүгнэлтгүйгээр гүйцэтгүүлэх тухай зүй ёсны санал тавьсныг үл хүлээн авч улмаар МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б/123 тоот тушаалаар миний биед сануулах шийтгэл ногдуулсан. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 26-наас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны хугацаанд хяналт шинжилгээ үнэлгээг гүйцэтгэж, дүгнэлт, санал зөвлөмж гаргасан бөгөөд өмнө урьдчилан анхааруулж байснаар ямар ч шалгуур үзүүлэлтгүй, үнэлэх аргачлалгүйгээр субьектив дүгнэлтүүд хийсэн. МУИСийн захирал тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалаар миний биеийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж үндсэн цалинг нэг сар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалд байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан гэж дурдсан нь МУИСийн 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, МУИСийн 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд ороогүй байсан хяналт, шинжилгээ, үнэлгээг оруулсан тул үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-д заасныг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй. Захирлын 2018 оны 5 дугаар сарын 08-ны Б/202 тоот тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. МУИСийн дотоод журмын 9.1-д заасан МУИСийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИСийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүй ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан үйлдэл байхгүй тул дүрэмд заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчил” гаргаагүй. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Үр дүнгийн гэрээ байгуулсан" бөгөөд тус гэрээгээр оюутанд хүргэх үйлчилгээг 3.1.1-д нийт 88 ажил үйлчилгээг, нэрлэн зааж хэрэгжүүлэх хугацаа, тоо, чанар, цаг хугацааны шалгуур үзүүлэлт тус бүрээр тогтоосон бөгөөд гэрээний 4.2-д зааснаар миний ажлын тайланг 2018 оны 6 дугаар сарын 30-нд хүлээн авч дээрх 88 ажил тус бүрээр тухайн хугацаанд тогтоосон чанар, тоон шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж үр дүнг үнэлэх ёстой. Гэвч үр дүнгийн гэрээ байгуулаад сар ч болоогүй, дээрх 88 ажлыг гүйцэтгэж эхэлж байгаа, үр дүн гараагүй, зарим үе шаттай ажлын гүйцэтгэл болоогүй улмаар гэрээнд зааснаар дүгнэх цаг хугацаа болоогүй байхад оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй гэж дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч тушаалдаа удирдлага болон зарим ажилтны харилцаа ёс зүйн асуудал сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцээгүй гэж дүгнэжээ. МУИСийн захирлын 2010 оны 2 дугаар сарын 25-ны 119 дүгээр тушаалаар баталсан " МУИСийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1-д заасан зөрчлийг нэхэмжлэгчийг болон тус албаны ажилтнуудыг ёс зүйн зөрчил гаргасан гэх дээрх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. МУИСийн дотоод дүрэм, журамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбоотой заалт байдаггүй бөгөөд үүнээс шалтгаалан захирлын 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар батлагдсан ажлын хэсгийн статус тодорхой бус болсон. Гэвч тус ажлын хэсгийн ямар аргачлал, ямар нотолгоо, ямар үнэлгээний системээр үнэлсэн нь тодорхойгүй дүгнэлтийг шууд үндэслэл болгож, миний ажлыг хангалтгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажилласан бөгөөд үүний аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар баримт бүхий үндэслэл байхгүй. Ийнхүү Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, МУИСийн хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй байтал МУИСийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаал гарч сахилгын хариуцлага ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул тус шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУИС нь Дээд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу МУИСийн 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөө баталж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг болно. 2018 оны төлөвлөгөөний дагуу МУИСийн бүтцийн бүх нэгжид хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хичээлийн жилд гадаад харилцааны хэлтсийн ажилд хяналт үнэлгээ хийх ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах нэгжүүд хамрагдаад байна. Гадаад харилцааны хэлтэс, Оюутны хөгжил үйлчилгээний газар, Хангамж, үйлчилгээний газар, Санхүү эдийн засгийн газар, Сургалтын нэгдсэн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс гэх мэт оюутны хөгжил, үйлчилгээний газраас бусад нэгжид МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал гарч ажлын хэсэг томилогдон хэвийн ажилласан болно.  Оюутны хөгжил, үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа хэсэгт "...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн" хэмээн заасан байна. Мөн Б.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т зааснаар ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай бүрэн биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Захиргааны зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд тухайн нэгж дээр ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллах бололцоогүй байдал үүссэн тухай ажлын хэсгийн ахлагч танилцуулж, цаашид хэрхэн ажиллах зүйтэй талаар захиргааны зөвлөлийн хуралдаанаас хүссэн байдаг. Захиргааны зөвлөлийн гишүүд нэгжээ удирдан зохион байгуулах үүргээ биелэхгүй байгаа нь бодит фактаар ил байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Иймд дарга Б.А нь ажлын хэсгийг ажиллах нөхцөлөөр хангаж, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилгын хүрээнд хийгддэг чиг үүргийг хэрэгжүүлж, ажиллаагүй буюу хөдөлмөрийн гэрээн дэх үүрэг хүлээсэн заалт буюу 3.1.2-т заасныг зөрчсөн байх тул захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаар үүсэн нөхцөл байдлыг судалж үзээд ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон гэж үзсэн. Захиргааны зөвлөлийн шийдвэрийн дагуу ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаал гаргасан байдаг. Ажлын хэсэг тушаалд заагдсан хугацаанд ажиллаж, холбогдох дүгнэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсэг дүгнэлтдээ удирдлагын удаа дараагийн тушаал шийдвэр, мэдэгдлийг үл тоомсорлон хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээс татгалзсан нэр бүхий ажилтнуудад хариуцлага тооцох, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудаа нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй, ОХҮГ-т хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг эсэргүүцэхэд оролцож удаан хугацаагаар саатуулсан, үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж чадаагүй тус газрын дарга Б.Ад хариуцлага тооцох гэсэн саналыг Захирлын зөвлөлийн хуралдаанд оруулсан болно. Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 дугаар тушаал нь тухайн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг үндэслэж авсан арга хэмжээ юм.Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалууд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, байгууллагын дотоод журмаар зохицуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд нь оноосон өөр өөр зөрчилд авсан шийтгэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МУИС-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б\123, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтангэрэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын гомдолдоо: Магадлал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. МУИС-ын захирлын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн А/45 тушаалаар тус газарт үнэлгээ, хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдаад уг ажлыг 2018 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ёстой байсан. Уг удирдамжийнхаа дагуу 2018 оны 02 сарын 21-ний өдөр ОХҮГ-н ажилтангуудтай уулзалт зохион байгуулсан байдаг. Уулзалтын хурлын тэмдэглэлд мониторинг оруулахгүй байх, түүнийг эсэргүүцсэн гэх зүйл байдаггүй. Б.А нь газрын удирдлагын хувьд ажилтангуудын санал бодол, мониторингийн үр өгөөж, түүнийг хийх процесс асуудлын талаар ярилцаж, санал, тайлбартаа хэлсэн байдаг. Ярилцсаны эцэст мониторингийн оруулж, ажлаа шалгуулж байгаа үйл баримтууд хэрэгт болон тус хуралдааны тэмдэглэлд туссан байна. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахдаа ажилтангуудтай 1 л удаа уулзсан байх бөгөөд он цагийн хувьд дүгнэлтийн хариу гарах хугацаа болсон байхад уг уулзалтыг хийж байгаа, удирдамжийг тухайн өдрөө танилцуулж байгаа байр байдлаас Ажлын хэсэг өөрөө дүгнэлт гаргах хугацаагаа удаашруулсан үйлдлээ бусдаас болсон мэтээр тайлбар гаргаж, түүний бурууг Б.Аээс болсон мэтээр төлөвлөгөөт ажил тасалдуулсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр мониторингийн ажлын хэсгийг ажиллуулаагүй гэх нэг ч баримт хэрэгт авагдаагүй. 2. Б.Атэй 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг биелүүлээгүй, албан хаагчдаа удирдлагаар хангаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх үеийн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардаад, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. 3. МУИС-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар мониторингийг 2018 оны 3 сараас эхлэн 6 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан бөгөөд ингэхдээ тухайн газрын байгуулагдсан хугацаа, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд нийцүүлэн шалгалтын хуваариа батлах, энэ ч үүднээсээ харилцан уялдаатайгаар 3-6 саруудад мониторинг хийнэ гэж төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Гэтэл ОХҮГ-т 2018 оны 02 дугаар сард шалгалт эхлүүлснээр үл барам тухайн саруудад гүйцэтгэх ажилд шалгалт хийх бус 7, 8 сард хийх ажил зэрэгт дүгнэлтүүд гаргаж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд, тэрхүү дүгнэлтийг нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болгосныг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. 4.МУИС-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/202 дугаартай тушаалын тухайд, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа оюутанд үзүүлэх үйлчилгээ хангалтгүй, бодлогоор бий болгож шинээр санаачилсан ажилгүй, холбогдох нэгжүүдтэй хамтран ажилдаггүй, удирдлага болон зарим ажилтны харилцаа, ёс зүйн асуудал сургуулийн ажилтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь баримтуудаар тогтоогдож байна гэжээ Уг тушаалд ерөнхий 5 зөрчлийг дурьддаг ба зөрчил болгон тогтоогдсон байх учиртай. Дээрх 5 зөрчил тогтоогдоогүй, ажил олгогч тушаалынхаа үндэслэлд заасан 5 зөрчлийг нотлоогүй. 5. Б.Ад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг боловч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэг сарын цалинг 15 хувиар бууруулах арга хэмжээг авахдаа мөн л үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн 1 зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. 6. Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ хийх ажлын хэсэг нь хөндлөнгийн байх, мэргэжлийн байх гэх зэрэг наад захын шалгуур үзүүлэлтээ хангаагүйгээс гадна Б.Аийг үүрэгт ажлаа хангалттай хийсэн эсэхэд хяналт, шаардлага тавих эрх бүхий этгээд бол түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан Б.Очирхуяг захирал юм. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм, журмуудыг зөрчсөн үйлдэл байхгүй атал ажил олгогчийн давуу байдлаа ашиглан зохиомлоор дүгнэлт гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулсан. 7. Анхан шатны шүүхийн шийдвэрт: Нэхэмжлэгч Б.Аийг ... үүргээ ухамсарлаагүй, даргад байж боломгүй үйлдэл гаргасан ... гэхчлэн шүүгчийн зүгээс субьектив дүгнэлт гаргаж, нотлох баримтгүй үйлдлийг нотлогдсон мэтээр шүүхийн шийдвэрт тусгасныг магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь шат шатны шүүхийн зүгээс иргэний хөндөгдсөн эрхийг сэргээх бус нэр төрд нь халдаж буй хэрэг гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч МУИСд холбогдуулан сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123, үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах тухай 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээ, гэрээний төрөл, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтны хүлээсэн үүрэг, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тусгайлан тогтоосон хугацаа, Б.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 тоот тушаал үндэслэлгүй талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин ажилтанд үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч МУИС нь дээрх тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс тушаал хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын  шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй байна. Мөн хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан ба сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, хариуцлага тооцох хугацаа өнгөрөөгүй байх нөхцөлийг ийнхүү хуульчилжээ.

Хэрэв ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эсвэл хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, эсвэл гэрээг цуцлах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал юм.

2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалаар Б.Ад үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Б.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан нь хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээр тогтоогдсон гэж хариуцагч маргасан байна.

Ажил олгогчийн дээрх тушаал нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан  агуулгатай байна. Ийнхүү арга хэмжээ авахдаа ажил олгогч нь ажлаа зохих ёсоор биелүүлээгүй гэх ажилтны дутагдалд хэзээний, ямар зөрчлийг хамааруулсан, зөрчлийг хэрхэн тогтоосон талаар баримтаар нотолж чадаагүй бөгөөд ажил үүргээ хангалттай хийгээгүй гэх ерөнхий дүгнэлтээр буруутгасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байхын зэрэгцээ зөрчил гаргасан хугацаа тодорхой байх нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох тул уг шаардлагыг хангаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаалыг хууль бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлээс 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалыг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2 дах хэсгийг баримтлан Б.Ад үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан МУИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/202 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА