Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

зГАДЛАЛ

 

 

 

Д.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарын өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг, Б.Баатарсайхан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ц-т холбогдох 1703000010087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Д-ын Ц, 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....... /;

Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ...... улсын дугаартай “Lexus-470” загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Toyota crown” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг ослын улмаас “Toyota crown” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.У-ын амь нас хохирч, зорчигч А.Б, М.Г нарын биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газар Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-ын цагдан хоригдсон 139 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ц, иргэний хариуцагч Н.Б нараас 14.132.393 төгрөг гаргуулж, 12.363.143 төгрөгийг хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарт, 1.769.250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч И.Г-д тус тус олгож, хохирогч А.Б, М.Г нарын нэхэмжлэлийн шаардлагаас төлбөртэй өрөөний 200.000 төгрөг, бүсний 60.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, А.Б, М.Г нар нь цаашид гарах хохирол, хор уршгийн баримтаа, иргэний нэхэмжлэгч И.Г устгасан гэх хувцасны болон эмчилгээний баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П, иргэний нэхэмжлэгч Б.М, М.О-Э нарт эмчилгээтэй холбоотой төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Ц-ын эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх, шүүх хуралдаан товлоогүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Шүүх хуралдаан дээр дээрх хүсэлтийг дахин гаргахад хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж байгаа зөрчил юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүчингүй болгоно” хэмээн зааж, 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг ... няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэжээ. Шүүх хуралдаан дээр гаргасан миний дараах саналыг үгүйсгэсэн ямар ч дүгнэлтийг шийдвэрт заагаагүй байна. Замын эргэлт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт Б.М нь хөдөлгөөний хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хэтрүүлэн явсан болох нь тухайн тээврийн хэрэгслийн урд сууж явсан А.Б-ийн “... давааны өөд өгсөж явтал осол болсон, би яг юу болсныг мэдэхгүй байгаа. ...”, машины арын суудалд суусан И.Г-гийн “...том жийп машин урсгал сөрж орж ирэх шиг хальт харагдаад манай машин тормос гишгэх үед осол болсон. ...” гэх мэдүүлгээс тодорхой харагдаж байх бөгөөд тэдний мэдүүлгийг гэрэл зураг дээр өгсөж явсан машины тормосны мөр нотлож байна. Зам тээврийн ослоос шууд хамаарч Б.У-ын амь хохироогүй байна. Учир нь яг түүний урд сууж явсан А.Б амьд гарсан бөгөөд автомашины зөөлөвчтэй суудлыг мөргөснөөс дух яс цөмрөхгүй юм. Тэгэхээр дух яс цөмрөх шалтгаан нь И.Г-гийн авч явсан багажны таяг байсан бөгөөд түүнийг хохирогч мөргөн, хугалж өөрийн дух ясаа цөмлөсөн байна. А.Бийн суудал доогуур таягны ишийг оруулж байрлуулсан гэдгээ И.Г шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт нь хохирогч нарын эмчилгээнд зориулагдсан гэдэг нь нотлогдохгүй байна. Тухайлбал, энэ эмийг авах ёстой гэсэн эмчийн бичиг огт байхгүй, эмчилгээнд хэрхэн зориулагдсан гэдэг нь мэдэгдэхгүй байна. Түүнчлэн даатгалаас хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд уг боломжийг ашигласан баримтыг гаргаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Ч.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар миний үйлчлүүлэгч Д.Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулна гэдгээ амлаж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шийтгэх тогтоолд төлүүлэхээр заасан 14.132.393 төгрөгийг төлсөн. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа ухамсарлан ойлгож, хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд өөрийнхөө хийсэн хэрэгт дүгнэлт хийж, маш их гэмшиж байгаа. Тэрээр 2-14 насны, 3 хүүхэдтэй, эхнэр нь бамбай булчирхайн өвчин хавсран хүндэрч, биеийн эрүүл мэндийн байдал маш муу байгаа зэрэг ар гэрийнх нь аргагүй нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд Д.Ц-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, талийгаачийн ар гэр, хохирогч нараас уучлалт гуйж байна. Цаашид өөрийн боломж бололцоогоор туслаж, дэмжиж байх болно. Би бага насны 3 хүүхэдтэй, эхнэр маань хүнд өвчтэй байдаг, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Шүүгдэгч Д.Ц-ын ээж, ах нарынх нь өгсөн мэдүүлгээр, тэрээр үг дуу цөөтэй, аливаа зүйлд хүндэтгэлтэй ханддаг, суурь хүмүүжилтэй, түүнийг ямар хүн бэ гэдэг нь харагддаг. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдлыг харж үзэх талаар дутмаг байсан учраас энэ удаа анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Д.Ц нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байгаа. Нэгэнт энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас эрсэдсэн учраас хэд хоногийн өмнө ч гэсэн гарч ирээд ард үлдсэн хоёр  хүүхдэд нь тус дэм болох, ажил хийх, өөрийн 3 хүүхэддээ эцгийн хувьд харагдаад байж байх талаас нь шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт “согтуурсан, мансуурсан” үедээ гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон. Шүүгдэгч Д.Ц “архи уугаад гэртээ тасраад унасан” гэж хэлдэг. Энэ үед хүүхэд нь явъя гэхээр нь рефлексээрээ босоод, хүүхдээ суулгачихаад, машинаа бариад явна гэдэг нь согтуурсан үйлдэл мөн үү, биш үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “учирсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардана” гэсэн атлаа хохирлыг төлчихөөд байхад хор уршиг нь арилаагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Д.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. ... ” гэв.

          Хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарын өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Б болон Б.М нар хөдөө амарч байгаа учраас “шүүгдэгч Д.Ц-т гомдолгүй, нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэсэн хүсэлтээ өмгөөлөгч надаар дамжуулж илэрхийлж байгаа. Хохирогч нарын зүгээс “хохирол, төлбөр барагдуулсан, санаатай гэмт хэрэг үйлдээгүй учраас хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэж дамжуулсан. Нэгэнт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хохирол, төлбөрөө бүрэн төлж дууссан бол энэ зүйл хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хэргийн газраас авсан фото зурагт тормос, дугуйны мөр байдаг. Энэ мөр нь шатаж байгаа Д.Ц-ын машинаас Б.М-ийн машиныг тэнд байсан олон хүмүүс түлхэж, холдуулж, чирсний улмаас үүссэн мөр гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. ...” гэв.

          Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэх заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх” -ээр заасан. Шүүгдэгч Д.Ц-ын хувьд 1.96 хувь буюу хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, урсгал сөрж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэд хэдэн заалтыг зөрчин осол гаргаж, 1 хүний амь нас хохирч, 3 хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Өмнө нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хор уршигт бодитой дүгнэлт хийлгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дахин шийдсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн замд ......улсын дугаартай “Lexus-470” загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Toyota crown” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Toyota crown” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Уын амь нас хохирч, зорчигч А.Б, М.Г нарын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-4-12/, шүүгдэгч Д.Ц-ын “...Архиндаа согтоод тасарсан байсан. Хаана явж байгаад осол гаргаснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-19-20/, хохирогч С.П-н “...манай нөхрийн найз Батболд залгаад “У осолд орчихлоо, гэмтлийн эмнэлэг дээр очоорой” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод нөхрийгөө нас барсан гэдгийг сонссон. ...” гэх мэдүүлэг /1хх-33-34/, хохирогч А.Б-ийн “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг “Ар гүнт”-ийн зуслангийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй давааны өөд өгсөж яваад осолд орсон. ...” гэх мэдүүлэг /1хх-82-83/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн “... Партизан өнгөрөөд “Ар гүнт”-ийн шинэ замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал замын эргэлттэй хэсэг дээр эсрэг урсгалаас нэг жийп дайвалзаад гараад ирсэн. Би баруун гар тал руугаа дараад зогсоод өнгөрөөе гэж бодоод зогсох гэтэл шууд чигээрээ, урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-87-88/, иргэний нэхэмжлэгч И.Г-гийн “...Ар гүнтийн даваа руу өгсөж явтал өөдөөс нэг том жийп урсгал сөрж ирэх шиг хальт харагдаад манай машин тормос гишгэх үед осол болсон. ...” гэх мэдүүлэг /1хх-192/,

 “...Б.У нь гавал тархины ил гэмтэл, зүүн зулай, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн ухархай, гавлын суурь ясны баруун чулуулаг ясны хугарал, тархины зүүн чамархай, духны няцрал, зөөлөн бүрхүүл, доорх цус харвалтын улмаас нас барсан” талаарх Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1628 дугаартай дүгнэлт, /1хх-201-202/, “...М.Г-ын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, задрал, нүүрний зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан” талаарх Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10554 дүгээр дүгнэлт /1хх-228/,  “...А.Б-ийн биед цээжний дарагдалт, няцралт, баруун талын 2-7-р хавирганууд, зүүн талын 1, 2, 8-9-р хавиргануудын нэг болон хоёрлосон далд хугарал, өвчүүний хугарал, уушигны няцралт, ... бүхий хүнд гэмтэл учирсан” талаарх Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 10555 дугаартай дүгнэлт /1хх-225-226/, “...шүүгдэгч Д.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн...” талаарх Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 476 дугаартай дүгнэлт /2хх-2-3/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн “...Д.Цын хувийн байдал болон бодит хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь уг зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирч, хоёр хүний биед хүнд, хоёр хүний биед хөнгөн хохирол учирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Д.Ц-т оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул түүнд оногдуулсан дөрвөн жилийн хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж нь “...урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, ... шүүх хуралдаанд дахин гаргахад хүлээн авахаас татгалзсан, ... Б.М нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хурд  хэтрүүлэн явсан нь гэрэл зураг дээр өгсөж явсан машины тормосны мөрөөр нотлогдож байгаа, ... амь хохирогч Б.У-ын үхлийн шалтгаан ослоос болоогүй, ... эмчийн бичиг байхгүйгээр эм, тариа авч хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд: Д.Ц-т холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэж, уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 358 дугаар магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Анхан шатны шүүхэд хэрэг ирсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нь “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаарх /урьдчилсан хэлэлцүүлэг явуулах/ хүсэлт гаргасан ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд хэргийг прокурорт буцаахдаа дангаар шийдвэрлэх, эсхүл талуудын хүсэлт, гомдол, өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд талуудын гаргасан хүсэлт, гомдлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулжээ. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн “...Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй” гэх Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 476 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр гомдлын үндэслэл няцаагдаж байна.

Түүнчлэн “...амь хохирогч Б.У нь гавал тархины ил гэмтэл, зүүн зулай, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн ухархай, гавлын суурь ясны баруун чулуулаг ясны хугарал, тархины зүүн чамархай, духны няцрал, зөөлөн бүрхүүл, доорх цус харвалтын улмаас нас барсан бөгөөд энэ гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой...” гэх Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1628 дугаартай дүгнэлт, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогчийн нас барсан шалтгаан шүүгдэгчийн согтуурсан үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчин авто осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч А.Б, М.Г нарт 15.000.000 төгрөг /Б.Мийн эмчилгээний зардал 1516310 төгрөгийг нэмээд/, иргэний нэхэмжлэгч И.Гд 1.800.000 төгрөг тус тус төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Д.Ц нь хохирогч А.Б, М.Г нарт 15.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч И.Г-д 1.800.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Л.ДАРЬСҮРЭН