Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0909/З |
Дугаар | 791 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 791
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ннарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “М Т Э Э” ГҮТББ
Хариуцагч: БЗД ЗД.
Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД ЗД-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” 01/887 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй”, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийн талаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 1-д "...Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасан.
Уг эрхийнхээ дагуу бид хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа асуудлаар Монгол тэмүүлэл сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, хүүхдүүдийн эрх, ашигт хохирол учруулахгүйгээр, үймээн самуун үүсгэхгүйгээр хуулийн дагуу явуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааны талаар заасан бөгөөд 6.2-д “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, ... хориглоно” гэж заасан.
Гэтэл БЗД ЗД Т.Б нь Үндсэн хууль болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасан бөгөөд 7.1-д “Дараах байгууллага оршин байгаа газар энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно", 7.1.1-д “нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал” гэж заасан. Бидний цуглаан, суулт хийх газар нь Баянзүрх дүүргийн, 20-р хороо, Хүннүгийн гудамж, "Монгол тэмүүлэл” сургуулийн гадна болон дотор талд бөгөөд дээрх заалтад дурдсан газарт огт хамаарахгүй юм.
Иймд бидний хуулиар олгогдсон жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан БЗД ЗД-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаартай "Жагсаал цуглааныг бүртгэх боломжгүй тухай” албан бичгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй”, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийн талаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасан байдаг. Хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргагч нарт нөлөөлөх, дуу хоолойгоо хүргэх зорилгоор жагсаал, цуглаан хийх зорилготой. Өөрсдийн хүүхдүүдийн эрхийг зөрчих зорилго байхгүй. Бид хүүхдүүдийн сурах нөхцөл, тайван байх нөхцөлийг алдагдуулахгүйгээр Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх хүсэлттэй байна.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох талаар заасан бөгөөд бидний зохион байгуулах гэж байгаа цуглаан, суулт нь дээрх хуулийн заалтад огт хамаарахгүй юм. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааны талаар заасан бөгөөд 6.2 дахь хэсэгт “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах ... хориглоно” гэж заасан.
Гэтэл БЗД ЗД Т.Б нь Үндсэн хууль болон Жагсаал цуглаах хийх журмын тухай хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд, бидний хуулиар олгогдсон жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг бүртгэхээс татгалзсан БЗД ЗД-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 тоот “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...БЗД ЗД-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” 01/887 дугаар албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан.
Дээрх жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний сурч боловсрох эрх, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг тус тус зөрчигдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн. Учир нь “Монгол Тэмүүлэлийн эцэг эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19/26 дугаартай албан бичигт дурдсанаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд буюу бүтэн нэг сарын турш уриа, лоозон, чанга яригч ашиглан уг жагсаал, цуглаан, суултыг зохион байгуулах, ингэснээр уг сургуульд сурч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, ашиг хөндөгдөж болзошгүй байна.
Хэдийгээр “Монгол Тэмүүлэлийн эцэг эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь Монгол Тэмүүлэл сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах талаар дурдсан боловч уг сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид болон “Монгол Тэмүүлэл” сургуулийн сурагчдын аль алиных нь сурч боловсрох эрх ашгийг хамгаалах үүднээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” албан бичгийг гаргасан гэдгийг анхаарах нь зүйтэй.
Мөн нэг сарын турш уг сургуулийн гадна болон дотор талд 25-30 орчим эцэг эхчүүд уриа, лоозон, чанга яригч ашиглан цуглаан, суулт зохион байгуулсан тохиолдолд сурагчид сургалтын төлөвлөгөөгөөр батлагдсан хичээлд суух анхаарал төвлөрөлтөд муугаар нөлөөлж, сурагчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/491 дүгээр тушаалаар батлагдсан Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлээ ойлгох боломжгүйд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзсэн.
“М Т” сургуулийн байрны гадаа Дүнжингарав худалдааны төв гэсэн автобусны буудал байдаг ба энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нийслэлийн зорчигч тээврийн буудалд хамаарч байх тул уг заалтын дагуу мөн жагсаал, цуглаан хийх хориглосон газар учир жагсаал, цуглаан зохион байгуулах боломжгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс Монгол Тэмүүлэл сургуулийн авто зам нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам тул уг замаар зорчих иргэдийн эрх ашиг, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах үүднээс уг жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан болно.
“М Т” сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа болохоос биш “М Т Э Э” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг нь шийдвэрлэх төрийн эрх бүхий субъектүүд уг байранд байдаггүйг анхаарах нь зүйтэй. Мөн уг сургуулийн барилга нь сургуулийн үйл ажиллагаа явуулж, энэ сургуульд хүүхдүүд сурч боловсрох эрхээ хэрэгжүүлж байгаа газар гэдгийг анхаарч, хэн нэг этгээдийн жагсаал, цуглаан хийх талбар биш гэдгийг харгалзан үзнэ үү.
Иймд уг албан бичиг гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БЗД ЗДд хандан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл үе шаттайгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Монгол тэмүүлэл сургуулийн гадна болон дотор талд цуглаан, суулт хийхийг бүртгэхийг хүссэн хүсэлтийг гаргасан байна.
Хариуцагч БЗД ЗДас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 албан бичгээр “...дээрх өдрүүдэд жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг сургуульд сурч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж болзошгүй ...” гэх хариуг нэхэмжлэгч “М Т Э Э” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагад өгсөн байна.
Энэ байдал нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д: “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ...”, мөн зүйлийн 3-д: “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч “М Т Э Э” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь БЗД ЗД-ын цуглааныг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, БЗД ЗД Т.Баясахын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаар албан бичгийг маргаан бүхий захиргааны актаар[1] тодорхойлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д заасан үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг дурдан маргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл: “ Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 16-д: “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д: “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.
Тэгэхээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д: “... улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д: “дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гээд үүнд:
1/ нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
3/ радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
5/ эмнэлгийн байгууллага;
6/ Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д: “дараахь зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гээд үүнд:
1/ дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах;
2/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох.
Гэж хуульчилснаар нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах газар /сургуулийн гадна болон дотор талд/ нь хуулиар шууд хориглосон газарт хамаарахгүй, цуглааныг зохион байгуулах талаарх зорилго нь хуулиар хориглосон заалтад хамаарахгүй байна.
Шүүх үзэхдээ, хэдийгээр нэхэмжлэгчийн цуглаан хийх газар нь хуулиар шууд хориглосон газарт ороогүй, хуульд заасан хориглосон заалтад хамаарахгүй байгаа боловч, түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар цуглаан зохион байгуулахыг бүртгэхээс татгалзах үндэслэлүүд байхгүй гэж үзэхээр байгаа боловч, Монгол тэмүүлэл сургуульд суралцаж байгаа нийт хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгчийн бүтэн нэг сарын туршид сургуулийн гадна болон дотор талд чанга яригч, камер ашиглан, уриа лоозон барьж, 25-35 орчим хүмүүс цуглаанаа зохион байгуулах нь сургуулийн багш, суралцагчаас хэрэгжүүлэх үндсэн сургалтын болон хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д заасан сурч боловсрох үндсэн эрх, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэний сурч боловсрох эрх тус тус зөрчигдөж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д: “нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий ... бусад үйл ажиллагаа ... зохион байгуулахыг хориглоно” гэх иргэний сурч боловсроход баримтлах боловсролын үндсэн зарчим алдагдахаар байна.
Иймд нэхэмжлэгчийн өөрсдийн хүүхдүүдийн эрх, ашгийг зөрчигдөхөөс хамгаалахтай холбогдсон асуудлаар үзэл бодол, шаардлагаа сургуулийн орчинд явуулж, сургуулийн удирдлагад улмаар шийдвэр гаргагч нарт нөлөөлөх хэмээн тодорхойлж гаргасан цуглаан, суулт зохион байгуулах хүсэлт нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд илэрхийлэх зорилгыг агуулахгүй байна, хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий бодит нөхцөлд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан бүрэн эрхийн хүрээнд татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “М Т Э Э” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын БЗД ЗДд холбогдуулан гаргасан “БЗД ЗД-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 13-р хуудас