Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

“Зөн билгийн академи” ТББ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06633 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Мягмаржавт холбогдох

Гэрээний үүрэг, хохирол, зардалд нийт 17 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Иргэний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3 500 000 төгрөг, нийт 33 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Ч.Нарантуяа нарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Норовжанцан

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Эрдэнэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зөн билгийн академи” 2008 оноос байгуулагдаж Зөн билгийн тулаан телевизийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж ирсэн. Энэхүү нэвтрүүлгээрээ хуурамч бөө, үзмэрчдийг харуулж, чадвартайг ялгах зорилготой хийгддэг. Манай нэвтрүүлгийн эхний 3 байранд шалгарч үлдсэн үзмэрчид цом, батламж гардан авч Зөн билгийн академийн гишүүн болж гэрээ байгуулдаг. Гишүүн болсноороо өөрсдөө хүсвэл академийн байранд байрлаж үзлэг засал хийх боломжтой байдаг. Мөн манай академи нь гадаад улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бөгөөд гадаад улсаас манай байгууллагад хандан урилга ирсэн үед гишүүдээсээ шалгаруулалтад оруулж мөн тодорхой төлбөрийг авч гадаад улсад нэвтрүүлэгт оролцох хугацаандаа ямар нэгэн зардал гаргахгүй тийз, буудал, хоолны зардлыг тухайн телевизээр даалгах гэрээг хийж явуулдаг. 2013 оны 6 сард Украйн улсаас манай академид хандан шилдэг зөн билэгчдээсээ нэвтрүүлэгт оролцуулах урилга ирсэний дагуу 3 хүнийг тус бүр 10 000 000 төгрөг төлж явуулахаар болсон. Гишүүдээсээ авсан төлбөрөө манай байгууллага эдгээр зөн билэгчдийг даган Украйн улс руу нэвтрүүлэг бэлдэхээр 1 зураглаач, продюсер, менежер нийт 3 хүн явсан. Украйн улсын шашин шүтлэгийн талаар нэвтрүүлгийг бэлтгэн ирсэн. Гурван зөн билэгтний нэг болох лам М.Мягмаржав 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8 000 000 төгрөгийг Украйнд нэвтрүүлэгт оролцож байх хугацаандаа болон ирээд манай академийн байранд ард иргэдийг хүлээн авч үзлэг заслыг хийж барагдуулна гэж гэрээ хийсэн боловч 10 сарын сүүлээр Монголд ирээд 1 500 000 төгрөгийг л төлж үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахгүй академид хохирол учруулж байна. Тэгээд үнэхээр өвчтэй байна уу гэтэл 2013 оны 12 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорнод аймагт очин үзлэг заслыг хийсэн нь Дорнод аймгаас олон хүн утасдаж бидэнд хэлсэн. Мөн Дорнод аймгийн Мижи телевизийн ажилтан н.Соёлоо, менежер н.Уянгаа батлан хэлснийг гар утсандаа бид бичиж авсан байгаа. Энэ бүхэн зөн билгийн академи болон М.Мягмаржав нарын харилцан тохиролцож хийсэн продюсерийн гэрээний 5.4-д заасан Академийн гишүүн Украйн улсад байх хугацаандаа болон Монголд ирээд академийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч сурталчилгаа дур мэдэн явуулахгүй, мөн академ мэдэгдэлгүй үзлэг, засал хийхгүй байх гэсэн 2 заалтыг зөрчсөн учраас гэрээний дагуу гэрээ зөрчсөн төлбөр, мөн М.Мягмаржав лам нь манай байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг /зөн билгийн тулаан нэр нь оюуны өмчийн газраас барааны тэмдэгтийн гэрчилгээ авсан болно/ ашиглан, ашиг олж байгаа тул түүний нөхөн төлбөр болгож 10 000 000 төгрөг болон гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6 500 000 төгрөг нийт 16 500 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1 000 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөгийг гаргуулан манай Зөн билгийн академид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Монголын зөн билгийн академиас 2009 онд зохион байгуулсан Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт М.Мягмаржав би оролцож шилдэг 4-т үлдэж байсан. Уг тэмцээнийг академи зохион байгуулах бүх шатанд шилдэгээр үлдсэн зөн билэгтэнг академийн зүгээс АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн зар гаргасан боловч хэрэгжээгүй юм. Харин академийн тэргүүн Л.Өнөрбаяр 2013 оны 6 сарын 25-ны үед надад Украйн улсад зохиогдох Олон улсын зөн билгийн тулаанд оролцох урилга ирсэн, явж чадах уу гэж асуусан. Дээрх олон улсын тэмцээнд оролцох нь миний туйлын хүсэл байсан тул тэгье гэж даруй зөвшөөрсөн. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр таны Украйн улсад явах нийт зардал 10 000 000 төгрөг, түүнийг нэн даруй олж өг гэсэн боловч надад олдохгүй байв. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг хугацаа алдаад байна чи хүмүүсийг үзэж хараад түүгээрээ онгоцныхоо зардлыг ол гээд Зөн билгийн академийн байранд суулгаж надаар үзлэг хийлгүүлж 2 000 000 төгрөг авсан. Мөн академийн тэргүүн Л.Өнөрбаяр Украйн явахын тулд хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй, эс тэгвэл явах боломжгүй гэхээр нь би 2013 оны 7 сарын 6-нд Хамтран ажиллах гэрээ-нд гарын үсэг зурсан. Тэгээд 2013 оны 7 сарын 7-ны өдөр Украйн руу нисэх гэж байхад өглөө Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дээр бидэнд (надаас гадна Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) дээрх тэмцээнд орох урилга гээд нэг бичиг өгсөн.Бид ОХУ-ыг дайран Украйнд очиход Украйны СТБ телевизийнхэн та бүхнээс бид ямарч зардал аваагүй ба бүх зардлыг бид хариуцаж байгаа гэж мэдэгдсэн. Би Украйны СТБ телевизийн эхний шалгаруулалтад тэнцээд цаашид үргэлжлүүлэх болсон бөгөөд 2 хоногийн хугацаатай чөлөө авч (өвлийн хувцас хунараа авах, гэр орноо эргэх зорилгоор) 2013 оны 9 дүгээр сарын дундуур эх орондоо ирсэн юм. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр намайг ирэхийг мэдэж байсан тул онгоцноос буугаад гэртээ дөнгөж ирээд байхад минь над руу утасдаж уулзах хэрэг байна, гэрээндээ хавсралт нэмэлт гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн...тэрээр эртээдийн хийсэн гэрээнд хоёр талын хариуцлагын талаар тусгаагүй байна, бид чамайг ирэхэд чинь сурталчилгаа реклам хийж өгөх үүргээ тусгах хэрэгтэй байна гэсэн би тухайн үед сайн ойлгоогүй тул зурахаас татгалзах гэхэд тэгвэл бид таныг явуулахгүй гэхээр нь зурсан. Тэгээд тэр гэрээг тухайн үед надад ч өгөөгүй тул түүнийг аваагүй явсан юм. Украйнд зөн билэгтний тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байтал миний төрсөн дүү автомашины аваарт орчихлоо гэсэн мэдээ ирээд би 2013 оны 10 сарын 13-нд тэмцээнээ орхиж, Монголдоо буцаж ирсэн. Ирээд .Өнөрбаяртай уулзахад үлдэгдэл төлбөрөө өг гэсэн тэгээд надад өгөх боломж байхгүй байна, дүү маань аваарт ороод мөнгө өгөх боломжгүй гэж хэлэхэд минь тэр чи тэгвэл манай байранд сууж хүн үзэж, харж өрөө төл гэсэн тэгээд би 2013 оны 11 сараас зөн билгийн академид үзлэг хийж 1 500 000 төгрөг олсоноо өгсөн. Би Зөн билгийн академитай ямар нэг холбоогүй, харин намайг Зөн билгийн академийн зохион байгуулсан тэмцээнд оролцож шалгарч байхад тэндээс надад Монголын хүндэт зөн билэгтэн гэсэн батламж өгч байсан. Иргэн би өөрийгөө Монголын зөн билэгтэн, Олон улсын зөн билэгтэн гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. Миний зүгээс Л.Өнөрбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

1. Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт Зөн билгийн академи Монгол Улсын иргэн М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр нарыг оролцуулахдаа тус бүрийг 10 000 000 төгрөгийн хөлсөөр зуучлал үзүүлэх гэрээ байгуулаагүй, Зөн билгийн академид ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул гадаад улсад явсан төлбөрийн үлдэгдэл 6 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин би хууртагдан 3 500 000 төгрөг төлчихсөн байгаа болно.

2. Иргэн М.Мягмаржав би Зөн билгийн академид намайг гадаад, дотоодын аль байгууллага, иргэнд ямар нэг байдлаар зуучлах талаар гэрээ, хэлцэл, хүсэлт гаргаж байгаагүй.

3. Иргэн М.Мягмаржав би, Зөн билгийн академи төрийн бус байгууллагын дүрэмтэй танилцаж, гишүүнээр элсэж байгаагүй тул түүний өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

4. 3өн билгийн академи, түүний тэргүүн Л.Өнөрбаяр Украйн улсын СТБ телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт ямар ч зардал гаргаагүй бөгөөд Монголын иргэд бидний оролцох олон улсын зөн билэгтний тэмцээнд Украйн улсад ирэх, гарах ба оршин суух бүх зардлыг Украйн улсын СТБ телевиз даасан тул ямар нэг санхүүгийн хохирол, алдагдал хүлээгээгүй болно.

5. 3өн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяртай байгуулсан 2013 оны 7 сарын 6-нд хамтран ажиллах гэрээ нь нэг талын ашиг сонирхол (Зөн билгийн академийн)-ыг нөгөө талд буюу иргэн надад тулган хүлээлгэсэн, гэрээний нөхцлийг танилцуулж ойлгуулаагүй, мөн Украйны талын урилга, зөн билгийн тулаан зохион байгуулах нөхцлийг танилуулалгүй биднийг (М.Мягмаржав, Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр) 2013 оны 7 сарын 7-ны өглөө гадаад руу явуулахдаа худлаа хэлж хууран мэхэлж мөнгө гаргуулсан, 2013 оны 9 сарын 21-н өдрийн хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтад намайг айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж дарамтлан хийсэн жинхэнэ гэрээ гэж үзэхгүй байна.

6. Иргэн М.Мягмаржав би хамтран ажиллах /продюсерын/ гэрээний нэмэлт заалтууд гэх бичиг баримтыг гэрээ гэж үзэхгүй байгаа тул түүний заалтуудыг биелүүлэх үүрэггүй бөгөөд Зөн билгийн академи төрийн бус байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг огт ашиглаагүй тул бусдын нэр барьж олсон ашгийн нөхөн төлбөр гэж 10 000 000 төгрөгийг төлөх үндэсгүй гэж гэж үзэж байна.

Харин Зөн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяр нь иргэн намайг Тайлагдашгүй нууц сэтгүүлээр, Өвөрхангайн Арвайхээр телевизээр олон нийтэд худлаа гүтгэсэн мэдээ, мэдээлэл зар тараасан тул нэр төрийг гутаан доромжилсон болно гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Мөнхбаярын Мягмаржав миний бие 2009 онд Монголын зөн билгийн академиас зохион байгуулсан Зөн билгийн тулаан-2 нэвтрүүлэгт оролцож, шилдэг 4-т үлдэж Батламж гардан авч байсан билээ. Гэтэл Зөн билгийн академи' төрийн бус байгууллагын тэргүүн Л.Өнөрбаяр нь иргэн М.Мягмаржав миний нэр төрд хууль бусаар бүдүүлгээр халдаж нэр төр алдар хүндийг минь олон нийтийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр Телевизээр болон Тайлагдашгүй нууц нэртэй сэтгүүлийн №-003 \21\ дугаарын өнгөт сэтгүүлийн арын хавтасны дотор талд миний лам хувцастай зургийг минь тавьж луйварчин мэхлэгч мэтээр олон нийтийн өмнө гүтгэн доромжилсон юм. Энэ байдлаас болж миний таних мэдэх, хамаатан садан зэрэг хүмүүс надад таны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг хууран мэхлэгч гэсэн мэдээлэл гаргаад байна. Та энэ талаар мэдсэн үү их эвгүй мэдээллэл цацагдаж байна гэж хүртэл хэлж байсан. Үүнээс болж бусдын өмнө хууран мэхлэгч, луйварчин мэтээр зарлагдан тараагдсандаа сэтгэл санаа минь маш их зовж шаналсан. Миний бие хүнд өвчний улмаас 2015 оны турш гэмтэл болон 1 дүгээр эмнэлэг, эмчилдэг сувилдаг гэх улсын болон хувийн эмнэлэг, эмч домчоор явж байгаа боловч өвчин минь эдгэрэхгүй өнөөдрийг хүртэл өвчиндөө шаналахын зэрэгцээ сэтгэл санаа маань давхар шаналж, амьдрах чадвар доройтон эмчилгээ сувилгааны мөнгөө төлж чадахгүй, хамаатан садны халамжинд ороод ч эрүүл мэнд минь дээрдэхгүй хүнд байдалд орж, ажил хөдөлмөр эрхлэх чадвар, боломжгүй болоод байна.

Зөн билгийн академи (тэргүүн Л.Өнөрбаяр), Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевиз болон Тайлагдашгүй нууц" нэртэй сэтгүүлийн редакци хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-д "... Иргэн...Халдашгүй, чөлөөтөй байх эрхтэй... нэр төрийг доромжилж болохгүй...' Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Зар сурталчипгааны тухай хуулийн холбогдох заалтыг зориуд санаатайгаар зөрчиж иргэн миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахдаа лам хувцастай зургийг минь тавьж олон нийтийн өмнө гутаан доромжилсон байдаг.

Зөн билгийн академи төрийн бус байгууллагын тэргүүн Л.Өнөрбаяр нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевиз, Тайлагдашгүй нууц сэтгүүлтэй хамтран зураг хөргийг минь гүтгэсэн агуулгатай Сэрэмжлүүлэг нэрээр хууль бус зар сурталчилгааг олон нийтэд тараан мэдээлж, нэр төр алдар хүндийг минь гутаан доромжлоод зогсохгүй надад сэтгэл санааны маш их хохирол учруулсан тул Мөнхбаяр овогтой Мягмаржавын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр /хэвлэл мэдээллийн дээрх байгууллагуудаар/ няцаалт хийлгэн сэргээлгэж, сэтгэл санааны хохиролоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэн доромжилж сэтгэл санааны маш их хохирол учруулсан тул Иргэний хүулийн 21-р зүйлийн 21.1, 21.2, 21,3-р зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар Зөн билгийн академиас сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3 500 000 төгрөгийн хамт нийт 33 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас 2009 онд Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлгийг зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа Үндэсний циркэд зохион байгуулж, зөвхөн эхний 3 байранд шалгарсан шилдэг оролцогчдод өргөмжлөл, цом гардуулсан болно. Харин М.Мягмаржав лам нь 6 оролцогчоос 4-р байранд орж цом аваагүй зөвхөн нэвтрүүлэгт оролцсоны баталгаа болгож батламж олгосон болно. Өөрөөр хэлбэл М.Мягмаржав лам нь Монголын зөн билэгтэн гэж үнэлэгдэх, шаардлага хангахгүй гэж үзсэн болно. Мөн уг тэмцээний үеэр шалгарсан зөн билэгтэнг АНУ-д зохиогдох зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн ямар нэгэн зар тавиагүй бөгөөд оролцогчдод ямар нэгэн амлалт өгсөн зүйл огт байхгүй болно. Үүний баталгаа болгож уг тэмцээний бүртгэлийн шторк мөн хаалтын үйл ажиллагааны рекламыг СД-нд буулгаж хавсаргав. Уг тэмцээний ялагч нь 10 000 000 төгрөгийн шагнал авах эрхтэй байсан бөгөөд түүнийг Зөн билгийн академи ялагчид нь гардуулсан болно. Өөрөөр хэлбэл шагнал нь зөвхөн 1-р байранд орсон хүнд хамаарах тул хэрвээ АНУ-руу явуулахаар байсан бол 4-р байранд орсон М.Мягмаржав ламд ямар ч хамааралгүй болно. 2010 онд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Монголоос оролцогч оролцуулах саналыг ирүүлсэний дагуу Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож байсан оролцогчдоос дахин шалгаруулалт явуулж ялсан оролцогчийг ОХУ явуулахаар болсон бөгөөд энэхүү тэмцээнд Удган н.Түдэв түрүүлж явах болзлыг хангаж, нэвтрүүлгийн багийн зардлыг дааж ОХУ-д тусгай нэвтрүүлэг бэлтгэн ирсэн болно. Харин уг тэмцээнд М.Мягмаржав лам нь сүүлийн байруудад орсон болно. 2013 оны 6 сарын эхээр Украйн улсын зөн билгийн тулаан нэвтрүүлгээс Зөн билгийн академи-йн тэргүүн Л.Өнөрбаярын хувийн майл хаяг руу захиа явуулж нэвтрүүлэгтээ Монголоос зөн билэгтэн оролцуулахад тусалцаа хүссэн. Энэхүү захиаг шүүхийн материалд хавсаргасан байгаа. Энэ дагуу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан оролцогчдоо нэвтрүүлэгт оролцох саналыг хүргүүлсэн. М.Мягмаржав лам нь манай академи дээр үзлэг хийдэг байсан тул Украйн руу явуулах асуудлыг мэдээд намайг Украйн явуулж өгөөч гэж гуйсан. Ингээд мөнгө олдохгүй байсан тул М.Мягмаржав лам нь академийн байранд үзлэг хийдэг байсан цалингаасаа суутгуулж тодорхой хувий өгөхөөр болж Зөн билгийн академи зар сурталчилгаа явуулсаны үндсэн дээр Зөн билгийн мөрдлөг нэвтрүүлгийн байгууллагын зардлаар зохион байгуулсан. М.Мягмаржав ламд харилцагч олж өгч түүнээсээ сая төгрөг суутгаж авсан. Үлдсэн мөнгөө өгч чадахгүй ирснийхээ дараа баталгаатай өгнө гэж хэлээд гэрээ байгуулаад Украйн улс руу явсан болно. Гэрээнд заасан үүргийн дагуу М.Мягмаржав ламыг олон түмэнд сурталчлах үүргийг Зөн билгийн академи хүлээж байсан тул 3 хүний бүрэлдэхүүнтэй баг М.Мягмаржав ламыг дагаж Украйн улсад нэвтрүүлэг бэлтгэхээр явсан. Энэ дагуу 4 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн болно. Мөн М.Мягмаржав лам Украйн улсаас ирсний дараа сурталчилгаа явуулж рекламыг /СД-гээр хавсаргасан/ Эрдэнэт, Дархан хотуудад арга хэмжээ зохион байгуулж М.Мягмаржав ламд цалин болгож бэлнээр 1 500 000 төгрөгийг олгосон. Зөн билгийн академи үүргээ биелүүлж М.Мягмаржав ламыг Украйн улс руу явуулан, энэ талаарх сурталчилгааг явуулж, олон түмэнд таниулж, цалинжуулж байсан. Харин М.Мягмаржав лам нь гэрээнд заасан үүргээсээ зайлсхийж өвчтэй байна гэх мэтээр залилж гэрээ зөрчиж өгөх ёстой төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироосон болно. М.Мягмаржав ламын хувьд манай байгууллагад бэлнээр мөнгө төлсөн асуудал байхгүй харин ч манай байгууллагаас тогтмол бэлнээр мөнгө авч байсан тул түүнд хохирсон гэх асуудал байхгүй болно. Тийм ч учраас 3 500 000 төгрөгийг бид төлөх ямар ч үндэслэл байхгүй юм.  Төлбөрийг нэвтрүүлэг бэлтгэхэд зарцуулна гэдгийг М.Мягмаржав лам мэдэж байсан тийм ч учраас нэмэлт гэрээг хийж гарын үсэг зурсан болно.

Нэр төрд халдсан тухайд М.Мягмаржав лам нь гэрээ зөрчиж, эмнэлэгт хэвтэж байна гэж яриад Дорнод аймагт үзлэг хийж явахдаа иргэн О.Сугар гэдэг хүнээс алдсан малыг олж өгнө гэж хэлээд 200 000 төгрөг авч залилсан тухай гомдол манай байгууллагад бичгээр ирсэн болно. Мөн иргэн П.Чанцалдулам, Т.Оюунтуяа, Б.Дахинбаяр гэсэн иргэдийг засал хийж өгнө гэж мөнгө авч залилсан тул гомдолтой байна гэсэн өргөдлүүд бичгээр ирсэн. Мөн утсаар олон тооны хүн Дорнод аймгаас М.Мягмаржав ламд мөнгөө залилуулсан гэж гомдол гаргаж ярьсан болно. Энэ дагуу М.Мягмаржав ламтай холбогдож шаардлага тавихад чиний ясыг цайруулна хэмээн заналхийлж байсан. Тун удалгүй Өвөрхангай аймгаас танай нэвтрүүлэгт оролцож байсан М.Мягмаржав лам Дэлхийн болон Монголын зөн билэгтэн хэмээн үзлэг хийх суртачилгаа явуулж байна гэж иргэдээс мэдээлэл ирсэн. Иймд дараах 4 нөхцлийг үндэслэн сэрэмжлүүлэг гаргасан. Үүнд:

1.Мягмаржав лам нь Украйн улсад зохион байгуулсан зөн билгийн тулаан тэмцээнд оролцоод 5-р байранд ороод хасагдаад ирсэн нь түүнийг чадвартай гэж үзээгүй болно. М.Мягмаржав нь ямар нэгэн байр эзлээгүй, Дэлхийн зөн билэгтэн хэмээх цол, батламж аваагүй, мөн Монголын Зөн билгийн тулааны 4 байранд орж байсан /Монголын зөн билэгтэн гэсэн цом, өргөмжлөл аваагүй бөгөөд зөвхөн түрүүлсэн, цом авсан ялагчийг Монголын зөн билэгтэн гэдэг болно/. Гэтэл хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэлгүйг нь далимдуулж хууран мэхэлсэн зар сурталчилгааны мэдээллийг удаа дараалан цацсан.

2.М.Мягмаржав ламд залилуулсан гэж олон тооны иргэдээс бичгээр болон утсаар мэдээлэл ирсэн.

3.Зөн билгийн академи-ийн дүрэмд заасан чадвартай чадваргүйг нь олон түмэнд таниулах үүргийн дагуу иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор.

4.Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ахмад н.Лхагвасүрэнгээс энэ тухай асуухад иргэдээс ирсэн мэдээллийг баримтжуулж авсаны үндсэн дээр хуулийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй гэж өгсөн мэдээллийн дагуу сэрэмжлүүлгийг гаргасан. Түүнээс бус М.Мягмаржав ламыг худлаа гүтгэсэн, хийгээгүй зүйлд нь буруутгасан, нэр хүндэд нь санаатайгаар халдах гэсэн мэдээлэл цацаагүй болно. Тухайн үед хөдөө орон нутгаар гэрээ зөрчиж явах үеэр нь иргэдийн гомдол маш ихээр дараалан бидэнд утсаар ирж байсан учраас манай кадемийн зүгээс энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээс өөр аргагүй байсан. Өөрөөр хэлбэл тараасан мэдээлэл нь иргэдийг залилуулахаас сэргийлсэн үйлдэл болохыг баталсан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мягмаржаваас 17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Зөн билгийн академи” ТББ-аас 3 900 000 төгрөгийг гаргуулж М.Мягмаржавт олгож, нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “Зөн билгийн академи” ТББ-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүнд сэргээх, 29 600 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 950 төгрөгийн 245 450 төгрөгийг, хариуцагч М.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Зөн билгийн академи” ТББ-аас 147 550 төгрөгийг гаргуулж үүнээс 70 200 төгрөгийг М.Мягмаржавт, 77 350 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, “Зөн билгийн академи” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 23 500 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нарантуяа, Ч.Баднайнямбуу нар давж заалдах гомдолдоо: “..."Зөн билгийн академи" ТББ нь сүсэгтэн олонд эрдэм номтой үзмэрч, лам хуврагийг олж таниулах, тэднийг холбох, хуурамч лав үзмэрчээс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх зорилгын хүрээнд олон улсад зохиогддог Зөн билгийн тулаан тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Хариуцагч М.Мягмаржав нь 2009 онд зохиогдсон Зөн билгийн тулаан тэмцээнд оролцож 4-р байрт шалгарч байсан бөгөөд түүнтэй 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж хамтран ажилласан. Бидний байгуулсан Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь М.Мягмаржавыг олон түмэнд таниулах, түүний нэр хүндийг өргөх, үйлчлүүлэгчдээр ханган менежмент зохион байгуулах, гадаад улсад зохион байгуулагддаг тэмцээн уралдаанд холбож зуучлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах бүх төрлийн мэдээллийг хариуцан ажиллах, харин М.Мягмаржав нь гэрээний хугацаанд "Зөн билгийн академи" ТББ-н зөвшөөрөлгүй үзлэг засал хийхгүй байх, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй байх, үзлэг заслийг зөвхөн "Зөн билгийн академи" ТББ-н байран дээр хийж төлбөрийн 50%-г академид төлж хамтран ажиллахаар хийсэн гэрээ юм.

Мөн талууд 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хамтран ажиллах гэрээндээ нэмэлт заалтууд оруулсан бөгөөд уг нэмэлтээр М.Мягмаржавыг Украйн улсад зохиогдох Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцоход зуучилж түүнээс зуучлалын болон түүнийг дагалдан явах багийн санхүүжилтэнд шаардлагатай төлбөр болох 10 000 000 төгрөг авах, мөн талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээг зөрчиж зөвшөөрөлгүй үзлэг засал хийсэн тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр төлөх хариуцлагын талаар тусгасан юм. Ингээд М.Мягмаржав нь Украйн улс руу явахаасаа өмнө 2 000 000 төгрөгийн төлбөрийг нь хийсэн ба бид гэрээндээ 8 000 000 төгрөгийг тэмцээний үеэр болон тэмцээн дууссаны дараа үзлэг засал хийж төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу М.Мягмаржав нь Украйн улсад зохиогдсон тэмцээнд оролцсон ч ар гэрийн гачигдал гарснаар тэмцээнээ дутуу орхиж ирсний дараа гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг төлсөн талаараа хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурьдсан гэрээ болон нэмэлт гэрээний заалтуудыг харилцан тохиролцож байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа "талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 06, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Украйн улсад зохиогдох, олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлсийг 10 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар, ялангуяа хариуцагч М.Мягмаржавын "академийн тэргүүн Л.Өнөрбаяр Украйн улсад зохиогдох Зөн билгийн тулаан тэмцээний урилга ирсэн явж чадах уу гэж асуусан, дээрх олон улсын тэмцээнд оролцох нь миний туйлын хүсэл байсан тул "тэгье" гэж даруй зөвшөөрсөн. Академийн тэргүүн Л.Өнөрбаяр "таны Украйн улсад явах нийт зардал 10 000 000 төгрөг, түүнийг нэн дариу олж өг" гэсэн боловч надад олдохгүй байсан, Зөн билгийн академийн байранд суулгаж надаар үзлэг хийлгүүлж 2 000 000 төгрөг авсан, би уг нь тэмцээндээ их амжилттай оролцож байсан миний төрсөн дүү аваарт ороод ирсэн, үлдэгдэл төлбөрөө төл гэхэд нь дүү аваарт ороод өгөх боломжгүй байна гэхэд "үзлэг засал хийж өрөө төл" гэхэд нь 2013 оны 11 сараас үзлэг хийж 1 500 000 төгрөг төлсөн" гэдгээ нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ удаа дараа хэлж тайлбарласан тайлбар, мөн М.Мягмаржав нь Украйн улс руу явахаасаа өмнө урьдчилан 2 000 000 төгрөг төлж, үлдэгдэл болох 8 000 000 төгрөгийг гэрээндээ тусган гарын үсэг зурж, Монгол улсад буцаж ирснийхээ дараа нь гэрээний дагуу үлдэгдэл 8 000 000 төгрөгнөөс 1 500 000 төгрөгийн төлбөрийг хийсэн зэрэг үйл баримт нь талууд Украйн улсруу тэмцээнд оролцоход зуучлалын хөлсөнд 10 000 000 төгрөг өгч авах хүсэл зоригоо хангалттай илэрхийлэн гэрээ хийснийг харуулж байна.

Нөгөө талаар шүүх талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээг агуулгын хувьд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ гэж үзсэн тохиолдолд ч уг гэрээний дагуу талууд харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. ...Мөн "Зөн билгийн академи" ТББ-ийн зүгээс М.Мягмаржавыг Укриан улс руу явуулахын тулд тэргүүн Л.Өнөрбаяр нь бүтэн 1 сарын хугацаанд Украйн улсын СТБ телевизтэй холбогдсон бөгөөд Укриан хэл мэдэхгүй тул орчуулагч хөлслөн харилцаж байсан, цагийн зөрүүтэй учраас үргэлж орой үдшийн цагаар харилцах шаардлага гарч байсан зэрэг нь санхүү болон сэтгэл санаа, хүч хөдөлмөр зарцуулж байсан гэдгийг цохон тэмдэглэхийн сацуу энэ тэмцээнд оролцсон нь манай байгууллагад ямар ч ач холбогдолгүй, нэр хүндийн зүйл байхгүй байсан бөгөөд зөвхөн гэрээ байгуулсан М.Мягмаржавт зориулсан ажил байсан билээ. Үүнийг ч шүүхээс зөвөөр дүгнэж шүүхийн шийдвэрийн 12-р хуудсанд "... энэхүү нэвтрүүлэгт оролцох нь гагцхүү өөрийн эрх ашгийн үүднээс оролцсон тул түүнийг үндэслэлгүй төлсөн гэж үзэхгүй байна" гэж Мягмаржавын төлсөн 3,5 сая төгрөгийг буцааж олгохгүй гэжээ. Энэ нь үлдэгдэл 6,5 сая төгрөгийг М.Мягмаржав нь "Зөн билгийн академи" ТББ-д мөн төлөх нь зүйтэй болох үндэслэл болохыг харуулж байна. ...Нэгэнт талууд Хамтран ажиллах гэрээгээр гэрээний хугацаанд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээн зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр нэмэлт гэрээгээр зуучлах, зуучлуулах талаар харилцан тохиролцож, энэхүү гэрээний нөхцлөө өөрсдөө чөлөөтэй тодорхойлж харилцан үүрэг хариуцлага хүлээж гэрээ байгуулсан байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг нөгөө талаасаа шаардах эрхтэй юм.

Сөрөг нэхэмжлэлээс М.Мягмаржавын ажил хэргийн нэр хүндийг сэргээх, эдийн бус гэм хорын хохиролд 3 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Манай байгууллагын зүгээс М.Мягмаржавын ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй бөгөөд иргэдээс ирсэн гомдол мэдээллийг үндэслэн зөвхөн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд дараах 4 нөхцөлийг үндэслэн сэрэмжлүүлэг хүргэсэн.

                М.Мягмаржав ламд залилуулсан гэж олон тооны иргэдээс бичгээр болон утсаар мэдээлэл ирсэн.

"Зөн билгийн академи" ТББ-ийн дүрэмд заасан ""Чадвартай, чадваргүйг нь олон түмэнд таниулах үүрэгтэй" гэсэн үүргийн дагуу үүргээ биелүүлж иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор мэдээлэл хүргэсэн. Үүнд зөн билгийн чадвар гэдэг нь ихсэж, багасаж байдаг зүйл гэдгийг судлаачид хэлэх бөгөөд М.Мягмаржавын нэвтрүүлэгт оролцох, амьдрал дээр хүн үзэх асуудал нь тусдаа асуудал бөгөөд иргэдээс ирсэн гомдлууд түүнийг чадваргүй болохыг харуулж байгаа билээ.

                Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ахмад н.Лхагвасүрэнгээс энэ тухай асуухад "иргэдээс ирсэн мэдээллийг баримтжуулж авсаны үндсэн дээр хуулийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй" гэж өгсөн мэдээллийн дагуу иргэдээс мэдээлэл цуглуулах зорилгоор сэрэмжлүүлсэн.

                Мягмаржавыг шууд гэмт хэрэгтэн гэж буруутгасан зүйл байхгүй зөвхөн "...иргэдээс залилуулсан гэж гомдол ирсэн тул сэрэмжлүүлэг..." хүргэсэн билээ. Өөрөөр хэлбэл манай байгууллагаас иргэдийг залилсан гэж мэдээлээгүй гомдол ирсэнийг л мэдээлсэн гэдгийг сэрэмжлүүлгээс харж болохоор байгаа. Сэрэмжлүүлэг гэдэг нь Цэвэлийн тайлбар толь-д "сонор сэрэмжтэй байх" гэж тайлбарласан өөрөөр хэлбэл юмыг яаж мэдэхэв болгоомжтой байгаарай гэсэн сэрэмжүүлэг болохоос түүний нэр төрд халдсан зүйл үгүй билээ.

Эцэст нь дурьдахад хариуцагч М.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовжанцан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөн тодотгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлээр урьд гаргасан 3 500 000 төгрөг, мөн нэр төр сэргээлгэж 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж талуудын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээ", мөн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Хамтран ажиллах” гэрээний нэмэлт заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгч "Зөн билгийн академи" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөрсайхан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардаж авсан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хувийг нэхэмжлэгчид гардуулж, улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгтээ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын талаар хэлэлцсэн атлаа шүүхийн шийдвэртээ уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байгаа нь ойлгомжгүй байхаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 3 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгон үндсэн нэхэмжлэлд 17 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эс бөгөөс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлпүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ нь хариуцагч М.Мягмаржавт холбогдуулан гэрээний үүрэг, гарсан зардал, хохирол нийт 17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “Зөн билгийн академи” ТББ-д даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3 500 000 төгрөг, нийт 33 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-гээр “Зөн билгийн академи” ТББ нь М.Мягмаржавыг олон түмэнд таниулах, түүний нэр хүндийг өргөх, үйлчлүүлэгчдээр хангах, менежментийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр цацагдах бүх төрлийн мэдээллийг хариуцан ажиллах, ...гадаад оронд сурталчлах ажлыг хариуцах, олон улсын тэмцээнд холбож зуучлах үүргийг, М.Мягмаржав нь холбож өгсөн үйлчлүүлэгчдээс авсан төлбөрийн 50 хувийг тооцож авах, зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага мэдээлэл өгөхгүй, ямар нэг тусгай дугаарт утсаа байршуулахгүй, ...үйлчлүүлэхээр хүн цаг авсан тохиолдолд академитай цаг тохиролцон академи дээр үзлэг заслыг хийж байх үүргийг тус тус хүлээж, 2013 оны 09 дүгээр сарын  21-ний өдөр “Хамтран ажиллах /продюсерын/ гэрээ”-ний нэмэлт заалтуудыг харилцан тохиролцон байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, гэрээний нэмэлт заалтууд хавсралт 1 зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /I-хх 9-10/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний нэмэлт заалтууд хавсралт 1-ийн 5.3-д “академийн гишүүн Украйны олон улсын тэмцээнд явахад зуучлалын хөлс болох тийзний зардлаас гадна 8 000 000 төгрөгийг тэмцээний үеэр болон тэмцээний дараа академи дээр үзлэг засал хийж төлж барагдуулах үүрэгтэй” гэж зааснаар Украйн улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлс 10 000 000 төгрөгийн үлдэгдэл 6 500 000 төгрөг, тус гэрээний 6.1 дэх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монголын зөн билгийн академид учирсан хохирлыг 50 000 ам.доллараар төлж барагдуулна гэж зааснаар хохирлыг 10 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 06, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ болон бусад бичгийн нотлох баримтаар Укриан улсад зохиогдох олон улсын тэмцээнд оролцоход зуучлах зуучлалын хөлсийг 10 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон талаараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ-ын М.Мягмаржавт холбогдуулан хохиролд 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо өөрөө шийдвэрлэх эрхтэй тул үүнийг хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шууд учирсан хохиролд тооцох боломжгүй тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч М.Мягмаржав нь иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “Зөн билгийн академи” ТББ-д даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг, үндэслэлгүй төлсөн 3 500 000 төгрөг, нийт 33 500 000 төгрөгийг “Зөн билгийн академи” ТББ-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт “Зөн билгийн академи” ТББ нь Тайлагдашгүй нууц сэтгүүлийн N003/21/ дугаар болон Өвөрхангай аймгийн Арвайхээр чөлөөт суваг телевизээр 2013 оны 03 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Сэрэмжлүүлэг” гарчигтай Зөн билгийн тулаан 2 нэвтрүүлгийн 4-р байранд орж байсан Мягмаржав лам нь өөрийгөө Дэлхийн зөн билэгтэн гэж хөдөө орон нутгийн иргэдийг хууран их хэмжээний мөнгөөр хохироосон гомдол ирж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн Мягмаржав ламд хохирсон иргэд байвал Зөн билгийн академид хандаж хохирлоо барагдуулна уу гэсэн нийтлэлийг, М.Мягмаржавын лам хувцастай гэрэл зургийн хамт нийтэлсэн болох нь зохигчдын тайлбар, 2014 оны №003/21 дугаартай Тайлагдашгүй нууц сэтгүүл, Арвайхээр чөлөөт суваг телевизийн тодорхойлолт, гэрч Д.Аззаяа, Б.Туяацэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон, энэ үйл баримтын талаар маргаагүй болно. /I-хх 147-166, 215, II-хх 214-217, III-хх 41-42/

“Зөн билгийн академи” ТББ нь уг нийтлэлийг М.Мягмаржав ламд залилуулсан гэж иргэдээс мэдээлэл ирсэн, тэрээр Монголын зөн билэгтэй гэсэн цом өргөмжлөл аваагүй, байгууллагын дүрэмд зааснаар чадвартай, чадваргүй зөн билэгтэнийг олон түмэнд таниулах үүргийнхээ дагуу иргэдийг дахин залилуулахаас сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээ тараасан гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “...Иргэний нэр, ...ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол... хариуцлага хүлээхээр зохицуулсан ба мэдээ тараасан этгээд бүр хариуцлага хүлээх бус тухайн мэдээнийхээ үнэн зөв гэдгийг нотолж чадахуйц, нотлох боломжтой этгээд хуульд зааснаар няцаалт хийх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх ... нэр төр ...хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж тодорхойлсон ба маргаан бүхий нийтлэлд М.Мягмаржавын гэрэл зургийг нийтлэхдээ түүний зөвшөөрлийг аваагүй байсан талаарх баримт хэрэгт байхгүй болно.

Мөн хэрэгт авагдсан 2014 оны №003/21 дугаартай Тайлагдашгүй нууц сэтгүүлд нийтэлснээр “...хөдөө орон нутгийн иргэдийг хууран их хэмжээний мөнгөөр хохироосон гомдол ирж байгаа тул... хохирсон иргэд байвал Зөн билгийн академид хандаж хохирлоо барагдуулна уу” гэж бичигдсэн байгаа зэргээс үзэхэд М.Мягмаржав нь иргэдийг хууран мэхэлсэн гэх утгыг шууд илэрхийлсэн байх ба нэхэмжлэгч “Зөн билгийн академи” ТББ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар уг “Сэрэмжлүүлэг” гэсэн гарчиг бүхий мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, эдийн бус гэм хорын хохиролд 3 900 000 төгрөгийг “Зөн билгийн академи” ТББ-аас гаргуулж М.Мягмаржавт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

М.Мягмаржав нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Украйн улсын СТБ телевизээс зохион байгуулсан Олон улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож, ар гэрийн шалтгааны улмаас буцаж ирсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, Украйн улсын СТБ телевизээс тэмцээнд оролцох бүх зардлыг хариуцсан тул “Зөн билгийн академи” ТББ-д үндэслэлгүй төлсөн 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч талд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэвч уг захирамжид талууд гомдол гаргаагүй тул шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон, үүнтэй холбоотой нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовжанцан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нар оролцож хурлын товыг мэдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовжанцан нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч уг хүсэлт нь Ц.Хүрэлсүхийн нэхэмжлэлтэй С.Өөдлөхөд холбогдох хэргийг хойшлуулах тухай баримт байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяа, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2...” гэсний дараа “21.5, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН