Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0300

 

Б.Б нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Л.С, Б.Э, Г.П, К.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б, П.Д, Б.Э, Л.С, Ө.Ц, Н.М, Д.Ж, Р.Ж, А.Г, Г.Н, Н.У, Д.Г, Д.Ө, Г.П, Г.Б, К.К, Д.Ц, П.А, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, П.Д, Б.Э, Л.С, Ө.Ц, Н.М, Д.Ж, Р.Ж, А.Г, Г.Н, Н.У, Д.Г, Д.Ө, Г.П, Г.Б, К.К, Д.Ц, П.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, А.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/370 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Э нь Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Р.Ж нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, П.Д нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/262 дугаар тушаалаар Б.Б нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/320 дугаар тушаалаар Л.С, А.Г нар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Н.М Орхон аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Д.Г нь Өмнөговь аймаг, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Г.Н нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, К.К нь Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Г.П нь Хөвсгөл аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Д.Ж нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргаар, 2015 оны 6 сарын Б/223 дугаар тушаалаар Ө.Ц Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/243 дугаар тушаалаар Д.Ө Буянт-Ухаа дахь Гаалийн газарт Санхүү, аж ахуйн албаны даргаар, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Н.У Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар, Г.Б нь Гаалийн ерөнхий газрын сургалт, судалгааны төвийн даргаар, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар П.А Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргаар, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/320 дугаар тушаалаар Д.Ц Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус томилогдсон.

Нэхэмжлэгч нар нь дээрх тушаалуудаар томилогдон ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаалууд хүчингүй болгох тухай Б/418 дугаар тушаал гарч дээрх албан тушаалтнуудын ажил хөдөлмөрөө эрхлэх нөхцөл боломжийг бүрэн зогсоох эрх зүйн үр дагавар бий болгосон.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын үндэслэх хэсэгт Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-ын дагуу томилогдоогүй гэсэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн байгууллагын Төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-ын 4 дүгээр зүйлд Төрийн албаны салбар зөвлөлийн чиг үүргийг зааж өгсөн байх бөгөөд 4.2.2 дахь хэсэгт Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажилтан авах сул ажлын байрны захиалгыг улсын хэмжээнд нэгтгэн хянаж, сул орон тоог нөхөх болон мэргэшлийн шалгалт зарлах тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэх үүрэгтэй гэснээс харахад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл үүргээ гүйцэтгээгүй нь харагдаж байна.

Тиймээс дээрхи хууль, журмуудыг хэрэгжүүлж, шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй субьект нь гаалийн байгууллага байхад нэхэмжлэгч нарт халдаан тушаалын үндэслэх хэсэгт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Э миний бие Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/370 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Тус өдрөөс эхлэн гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг үүсч ажиллах болсон.

Дээрх тушаалаар томилогдохдоо дараах болзол шаардлагыг хангасан байсан. Үүнд:

1. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд ТЗ-7 буюу дэс түшмэлийн албан тушаалд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн байдал,

2. Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасны дагуу гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтанд хамрагдаж ЧК15/049 гэрчилгээ авсан,

3. Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороонд эрх зүйч мэргэжилтэй, гаалийн улсын байцаагч дутагдалтай байгаа тул хорооны сул орон тоог нөхөх тухай тус хорооны дарга Ч.Саранхүүгийн санал зэрэг нөхцөл байдалд үндэслэн намайг ажилд томилсон.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга 2015 оны 10 дугаар сарын 12-нд Тушаалууд хүчингүйд тооцох тухай акт гаргахдаа надад холбогдох хэсгийг тушаалдаа тусгасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Б/418 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан миний үүргээ гүйцэтгэхийг шууд зогсоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх гэсэн хууль ёсны баталгааг ноцтой зөрчиж байна... гэжээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогт, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид мэргэшлийн шалгалт гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн  17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэж тус тус заажээ.

Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Цэнгэл нь дээрх нэр бүхий иргэдийг гаалийн байгууллагад анх авахдаа Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн сонгон шалгаруулалтанд хамруулалгүйгээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон даруй дээрх хууль зөрчсөн шийдвэрийг судалж, тогтоосны үндсэн дээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1 дэх заалтад энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих гэж заасан арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 дугаар тушаалыг гаргасан болно.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж, иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож,  буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд  заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэр бүхий 18 иргэн Гаалийн ерөнхий газрын даргын Б/418 дугаар тушаалыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, шүүхийн шийдвэр гартал хүртэлх цалинг гаргуулах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар дээрх тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Гаалийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/418 дугаар тушаал гарч нэр бүхий 16 хүнийг ажил хөдөлмөрөө эрхлэх нөхцөл боломжийг бүрэн зогсоох эрх зүйн үр дагаврыг бий болгосон.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалын тушаах хэсэгт Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд мэргэшлийн шалгалт авах журмын дагуу томилогдоогүй. Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 43 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн чиг үүргийг зааж өгсөн байх бөгөөд тус журмын 4.2.2 дахь хэсэгт Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажилтан авах сул ажлын байрны захиалгыг улсын хэмжээнд нэгтгэн хянаж, сул орон тоог нөхөх болон мэргэшлийн шалгалт зарлах тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан.

Тэгэхээр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Дээрх хууль, журмыг хэрэгжүүлж, шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй субъект нь гаалийн байгууллага байхад нэхэмжлэгч нарт халдаан тушаалын үндэслэх хэсэгт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Буянт-Ухаа дахь гаалийн газарт төрийн үйлчилгээний албан тушаалд анх ажилд орж байсан. 2 жил гаруй Гаалийн байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөн Гаалийн чөлөөлөгдөх сургалтанд сууж шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу Дорнод аймагт гаалийн улсын байцаагчаар томилогдон ажилласан. Гэтэл гэнэт ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан. Тушаал дээр гаалийн улсын байцаагч болох шалгалтыг өгөөгүй гэж байсан... гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын даргын Б/418 дугаар тушаал бол захирамжилсан баримт бичгийн бүрдэл хангаагүй. Тухайн актыг гаргах эрх хэмжээгүй захиргааны албан тушаалтан гаргасан. Тушаалаар эцэслэн шийдвэрлэж байгаа асуудлын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчдийн хувийн байдлын хувьд манай нэхэмжлэгч нар бүгд хөдөө орон нутагт ажиллаж байгаа албан хаагч нар байгаа. Энэ хүмүүс дунд Улаанбаатар хотын гааль болон Замын-Үүдийн гаальд ажилладаг хүн байхгүй. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албаны тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон хүмүүсийг нэг удаагийн тушаалаар бөөнөөр нь ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд Б/418 дугаар тушаал надад холбогдох ямарч үндэслэлгүй тушаал байгаа. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын хариу тайлбарт дурдагдсан. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг нөөцийн жагсаалтаас бүртгэгдсэн иргэдээс уг тушаалаар онцлог шаардлагыг хангаж авах тухай хүсэлтийг Төрийн албаны төв байгууллага хангаж ёстой байсан буюу үүнийг нөөцөөс хангах журмыг үндэслээгүй учраас аваагүй гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 19 иргэн нэхэмжлэл гаргасан. Энэ дотор Төрийн албаны зөвлөлийн нөөцөд байсан Төрийн албаны зөвлөлийн нөөцөд байгаагүй гэж 2 ангилан авч үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй энэ хуулийн 10.1-т заасан ерөнхий хуулийн болон 33 дугаар зүйлийн 33.5-т заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.

Төрийн албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-т заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэж заасан.

Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Цэнгэл нь дээр нэр бүхий иргэдийг гаалийн байгууллагад анх авахдаа Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн сонгон шалгаруулалтанд хамруулахгүйгээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.4 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нь Гаалийн байгууллагын даргаар томилогдсон даруй дээрх хууль зөрчсөн шийдвэрийг судалж, тогтоосны үндсэн дээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т Энэ хуулийн 7.1.1-т заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэнд хяналт тавих гэж заасан. Ийм учраас Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нь эрх хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 дугаар тушаалыг гаргасан... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг сургалтанд хамруулаад Гаалийн улсын байцаагчийн эрх авсны дараа чиглүүлэх сургалтанд суулгаад томилдог.

Гаалийн улсын байцаагчийн сонгон шалгаруулалт явагдаагүй гэж байна. Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газрын салбар зөвлөл буюу тухай үеийн Б.Цэнгэл даргын томилсон удирдлагуудыг хүлээн зөвшөөрөөгүй буюу Төрийн албаны салбар зөвлөлөөс томилоогүй. Тэгэхээр тухайн шалгалт бол Төрийн албаны салбар зөвлөлд байх ёстой. Тухайн үед орон тоо байхгүй байсан учраас сонгон шалгаруулалт зарлах үндэслэлгүй. Үүн дээр Н.У, Б.Баасанжаргал нарыг нөөцөд байсан гэж байна. Энэ бол тухайн байгууллагын нөөцөд байсан болохоос биш Гаалийн байгууллагын нөөцөд байгаагүй. Б.Баасанжаргал бол Нийслэлийн бүртгэлийн газрын нөөцөд бүртгэлтэй харин Н.У болохоор Санхүүгийн зохицуулах хорооны нөөцөд бүртгэлтэй байсан.

Төрийн албаны сонгон шалгаруулалтанд Б.Э тэнцсэн боловч Гаалийн байгууллагын Гаалийн улсын байцаагчийн сонгон шалгаруулалтанд ороогүй бөгөөд ТЗ-7 ажилтанд Төрийн албаны нөөцөд байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж нөөцөд авах ёстой. Бусад хүмүүсийн хувьд сургалтанд хамрагдсан гэдэг бол яригдах асуудал биш сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүн Гаалийн улсын байцаагч болохын хувьд сургалтанд хамруулдаг байгаа. Б.Э шалгалт өгсөн гэж байна. Энэ шалгалтыг сонгон шалгаруулалтад тооцохгүй

Төрийн алба мэргэшсэн байх зарчим баримталдаг. Мөн Сонгон шалгаруулалт гэдэг бол тухайн хүнийг энэ ажлын байранд эрүүл мэндээс аваад тэнцэх эсэхийг ур чадварын мэргэшсэн байдлыг шалгадаг. Гаалийн байцаагч гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой албан тушаал байгаа. Н.У, Г.Б нар нь Гаалийн байгууллагын нөөцөд бүртгэлгүй өөр байгууллагын нөөцөд бүртгэлтэй байсан. Гаалийн байгууллагын ажил хүнд гэдгийг хил дээр очоод мэдсэн байна. Тэгэхээр энэ байгууллагад дурын хүн орох боломжгүй. Ийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаалууд хүчингүйд тооцох тухай Б/418 дугаар тушаалын Б.Б, П.Д, Б.Э, Л.С, Ө.Ц, Н.М, Д.Ж, Р.Ж, А.Г, Г.Н, Н.У, Д.Г, Д.Ө, Г.П, Г.Б, К.К, Д.Ц, П.А, Б.Э нарт холбогдох хэсэг, нэр бүхий 18 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, А.А болон нэхэмжлэгч Б.Э нар ажилгүй байсан хугацааны улирлын урамшуулалт цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б, П.Д, Д.Г нарыг Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Э, К.К, Д.Ц нарыг Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Л.С, Р.Ж, А.Г, Г.Н нарыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Ө.Цг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх олон нийттэй харилцах албаны даргын, Н.Мартыг Орхон аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Д.Жыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын, Н.Уыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын албаны даргын, Д.Өыг Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү,аж ахуйн албаны даргын, Г.П, Б.Э нарыг Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороонд гаалийн улсын байцаагчийн, Г.Бийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагчийн, П.Аыг Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор Б.Бд 2.805.270 төгрөг, П.Дд 2.805.270 төгрөг, Б.Эд 2.805.270 төгрөг, Л.Сд 2.805.270 төгрөг, Ө.Цд 2.675.304 төгрөг, Н.Мд 2,294,850 төгрөг, Д.Жд 2.675.304 төгрөг, Р.Жд 2.805.270 төгрөг, А.Гд 2.805.270 төгрөг, Г.Нд 2.805.270 төгрөг , Н.Уд 5.278.051 төгрөг, Д.Гд 2.805.270 төгрөг, Д.Өод 3.146.783 төгрөг, Г.Пд 3.613.943 төгрөг, Г.Бид 4.303.623 төгрөг, К.Кд 2.805.270 төгрөг, Д.Цд 2.805.270 төгрөг, П.Аод 4.856.416 төгрөг, Б.Эд 3.411.846 төгрөг тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 181 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөх, төрийн байгууллагын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах зохицуулалтыг шууд зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан:

-               Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,

-               Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам,

-               Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-уудыг тус тус зөрчсөн, хууль бус үйлдэл гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө мэдэж байсан гэж тайлбарласан. Энэ нь шүүхий шийдвэрт дурдагсдан тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлгүй болно.

2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

Маргаан бүхий актын үндэслэл болсон дээрх хууль, журмууд нь Төрийн албанд анх томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд тухайн үйл баримтаар нэр бүхий гаалийн улсын байцаагчдыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болохгүйн дээр нэхэмжлэгч нарыг буруутгаж үүрэгт ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл нотлогдохгүй байна гэж дүгнэв гэсэн нь нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлөхгүй байх үндэслэл байхгүй буюу хууль бус шийдвэрийг хууль нийцүүлэх үндэслэлтэйг шүүх өөрөө тогтоосон.

Анхан шатны шүүхээс дээрх хууль, журам нь Төрийн албанд анх томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болохоос чөлөөлөх хангалттай үндэслэл болохгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж заасныг баримтлан хууль зөрчсөн үйлдлийг хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа байгууллагаас явуулсан байтал шүүхээс дээрх заалттай нийцээгүй байна. ...төрийн албан хаагчдын хууль Төрийн албаны тухай хууль зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй..., ...Б/418 дугаар тушаал нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байх тул... гэж тус тус дүгнэсэн байдаг.

Шүүхийн дүгнэлтээс үзэхэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэлээ хүлээн зөвшөөрсөн төрийн албан хаагч /хууль ёсны бус/ эрхээ хамгаалуулж, хууль зөрчсөн үйлдлийг хуульд нийцүүлсэн Төрийн байгууллага нь төрийн албан хаагч /хууль ёсны бус/-ийн эрхийг зөрчсөн буруутан болсон байна.

Мөн ...төрийн албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан, хэн нэгний эрх ашгийг зөрчихгүйгээр хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй гэж шүүх үзсэн хэдий ч хууль зөрчигчдөөс болж эрх нь зөрчигдөж, хохирсон төрийн эрхийг орхигдуулан түүндээ тулгуурлан шийдвэрээ гаргах нь байж боломгүй зүйл, шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэр илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, А.А, иргэн Б.Э нараас Гаалийн ерөнхий газрын даргад /хуучин нэрээр/ холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Б, П.Д, Б.Э, Л.С, Ө.Ц, Н.М, Д.Ж, Р.Ж, А.Г, Г.Н, Н.У, Д.Г, Д.Ө, Г.П, Г.Б, К.К, Д.Ц, П.А, Б.Э нар нь Гаалийн ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудаар Гаалийн газар, алба, хороодод гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд нэр бүхий гаалийн улсын байцаагчдын төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаат эрхийг маргаан бүхий захиргааны акт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар өмнө нь ажиллаж байсан Гаалийн ерөнхий газрын даргын нэр бүхий гаалийн улсын байцаагч нарыг ажилд томилсон шийдвэр хууль бус байсныг хүчингүй болгосон Тушаалууд хүчингүй болгох тухай Б/418 дугаар тушаал нь зөвхөн өмнөх тушаалыг хүчингүй болгож, зөвтгөж байгаа тушаал төдий бус харин ч нэр бүхий иргэдийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн үр дагавар бүхий тушаал байна.

Дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт үйлчлэх ёстой болохыг хариуцагч анхаараагүй нь буруу байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нарын нөхцөл байдал /зарим нэхэмжлэгч төрийн албаны шалгалт өгсөн зэргээр/ харилцан адилгүй байхад бүхэлд нь адилтган үзэж тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ. Маргаан бүхий захиргааны акт болох Тушаалууд хүчингүй болгох тухай Б/418 дугаар тушаалд баримталсан хуулийн зүйл, заалтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг зөв үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй болсон байх тул зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тушаалууд хүчингүйд тооцох тухай Б/418 дугаар тушаалын Б.Б, П.Д, Б.Э, Л.С, Ө.Ц, Н.М, Д.Ж, Р.Ж, А.Г, Г.Н, Н.У, Д.Г, Д.Ө, Г.П, Г.Б, К.К, Д.Ц, П.А, Б.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б, П.Д, Д.Г нарыг Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Б.Э, К.К, Д.Ц нарыг Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Л.С, Р.Ж, А.Г, Г.Н нарыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Ө.Цг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх олон нийттэй харилцах албаны даргын, Н.Мартыг Орхон аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, Д.Жыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргын, Н.Уыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын албаны даргын, Д.Өыг Буянт-Ухаа дахь гаалийн газрын санхүү, аж ахуйн албаны даргын, Г.П, Б.Э нарыг Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороонд гаалийн улсын байцаагчийн, Г.Бийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагчийн, П.Аыг Гаалийн ерөнхий газрын Эрх зүйн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т дэх хэсэгт заасныг баримтлан нэр бүхий 18 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, А.А болон нэхэмжлэгч Б.Э нар ажилгүй байсан хугацааны улирлын урамшуулалт цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4, 4 дэх заалтын дугаарын заалтыг 5 гэж тус тус өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР