Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00013/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 6 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 23 дугаар байр 63 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/- т холбогдох

 

Түрээсийн төлбөр 11.560.000 төгрөг, алданги 1.282.500 төгрөг, хохирол 9.103.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг, нийт 26.285.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хохирол 17.226.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Содболд, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь ******* ******* ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-нд хавсралт 1-ээр ажиллах цаг, төлбөр тооцоонд өөрчлөлт оруулан Daewoo Solar 300 LC-V экскаваторыг 3 сарын хугацаанд байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглана хэмээн түрээслэсэн. Daewoo Solar 300 LC-V экскаваторын 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сарын түрээс 21.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 10-ныг дуусталх хугацааны түрээс 16.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 22 өдөр ажилласны 15.400.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 15.190.000 төгрөгийн төлбөр төлж, 210.000 төгрөг төлөгдөөгүй.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд 49 өдөр ажилласны 28.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 16.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, 11.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй болно. Гэрээний 7.5, 7.6 дахь заалтыг тус тус зөрчиж, нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөгийг барагдуулаагүй болно.

Мөн гэрээний 6.1 дэх заалтыг зөрчин 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажиллаад, 16-ны өдөр операторыг унтаж байх үед халааснаас нь түлхүүрийг нь аван экскаваторыг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр ******* ухуулсанаас экскаваторыг явахын редуктор гэмтэж, 4 хоног ажилд гараагүй.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17.05 цагт түрээслэгч талын төлөөлөгч бус хүн экскаваторыг тээвэрлэн хүргэж ирсэн бөгөөд Гэрээний 5.2-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны оношлуулахад ихээхэн эвдрэл гэмтэл гарсан бөгөөд хуучин хэрэглэж байсан сэлбэг хэрэгсэл худалдаж авахад 7.353.000 төгрөг, засварын ажлын хөлс нь 1.750.000 төгрөг буюу нийт засварын хөлс нь 9.103.000 төгрөг байна.

Гэрээний 3.4-т заасныг биелүүлээгүйгээс бидэнд ихээхэн хохирол учирсан. Мөн гэрээний 7.8-д заасны дагуу алданги тооцож, эхний сарын түрээсийн төлбөрөөс дутуу 210.000 төгрөгийн алданги 56.700 төгрөг, сүүлийн сарын түрээсийн төлбөрөөс дутуу 11.350.000 төгрөгийн 36 хоногийн алданги 1.225.800 төгрөг, нийт 1.282.500 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Гэрээний 7.1 болон хавсралтын 2.2-д заасан түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 4.340.000 төгрөг болж байна.

Иймд иргэн Б.*******аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөг, түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 4.340.000, алданги 1.282.500 төгрөг, экскаваторын засварын зардал 9.103.000 төгрөг буюу нийт 26.285.500 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн гэрээний 7.8-д зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул алдангийн хэмжээг нэмэгдүүлж 4.497.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Түрээсийн гэрээний 4.3-т техник хэрэгслийн сул зогсолтын хугацаанд алдагдсан үйлдвэрлэлийн хохирлыг түрээслэгч хариуцахгүй гэж заасан тул нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд ******* ******* ХХК-иас Дево 300 маркийн эксковаторыг ******* ******* ХХК-ний захирал ******* ерөнхийдөө 1 сарын түрээсийн гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Могойтын ам гэдэг ******* ашиглахаар авч явсан. Цаг хугацааны хувьд миний хийж байсан ажил оройтсон. Эхний гэрээ 21 сая буюу 400 мото цагаас хэтрүүлэхгүйгээр ажилуулна гэрээ хийсэн юм. Тэгээд сарын дараа түрээсийн төлбөрийг сарын 16 сая буюу 280 мото цагаар түрээслэнэ гэж гэрээний нөхцөлөө өөрчилсөн. Экскаватор 81-82 хоног ажиллах ёстой байсан боловч миний хувьд 60-61 хоног болсон гэж тооцож байгаа юм. Мөн 1000 мото цагаар ажиллах ёстой гэж тооцож авсан. Энэ цагаас 680 мото цаг ажилласан байдаг. Би төлбөрт 31.728.000 төгрөг бэлнээр өгсөн. Баримтаар нотлохгүй төлбөрүүд бас байдаг. Энэ төлбөр нь Өлзиймаагийн хувийн данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Цаг хугацааны байдал шахуу байсан экскаватор олдохгүй байсан учраас энэ компанитай түрээсийн гэрээ байгуулсан. Миний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан нэхэмжлэгч өөртөө хэт давуу байдал үүсгэсэн гэрээ хийсэн байсныг нэхэмжлэл гаргахад нь анзаарсан. Энэ компанид тохирох хэмжээний төгрөг төлсөн гэж бодож байна. Гэтэл надаас илүү мөнгө нэхэмжилсэн. Мөнгийг хувийн дансаар авсан учраас нэмэгдсэн өртгийн албан татвар нэхэмжлэх эрхгүй. Техникийн бүрэн гүйцэд байдлыг нэхэмжлэгч тал хариуцах ёстой гэж гэрээнд заагдсан байгаа тул засварын зардлыг нэхэмжлэх эрхгүй юм. Экскаваторыг түрээсийн хугацаанд бүрэн ажиллуулж чадаагүй өчнөөн сая төгрөгийн хохиролд оруулсан. Тэр болгон эвдрээд байдаггүй сальник маралын эвдрэлд орсон. Нийт 1000 мото цаг ажиллах ёстой байсан боловч 680 мото цаг ажилласан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу экскаватор түрээслэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажил дуустал манайхаас шалтгаалахгүй техник 20 хоног сул зогссон. Манай үйл ажиллагаа улирлын чанартай, хүйтнээс өрсөж ажиллах хугацаатай ажилд 20 хоногийн сул зогсолт бол их боломжоо алдаж байгаа юм. Энэ алдагдсан боломжийг зөвхөн техникт зарцуулсан шатахуун, түрээст төлсөн үнийн дүнгээр хязгаарлаж, багаар тооцоход үнэлгээчин өдөрт 861.330 төгрөг гэж үнэлсэн байна. Түрээс төлөөд, шатахуун хийгээд бусад зардал гаргаад тооцоход илүү орлого олж байж би техникийг түрээслэж таарна. Дээрх 2 тооцооноос гадна уг техникийг тээврийн хөлс 4 сая төгрөг, шатахуун хийнэ. Алдагдсан боломж 17.226.600 төгрөг ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан түрээсийн төлбөр 11.560.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг, алданги 1.282.500 төгрөг, хохирол 9.103.000 төгрөг, нийт 26.285.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 4.449.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хохирол 17.226.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч Б.******* нар нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2016/04 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, 11-05 УН улсын дугаар бүхий Daewoo Solar 300LC-V маркийн экскаваторыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2 сарын хугацаатай, сар /30 хоног/-ын түрээсийн төлбөр 21.000.000, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хавсралтаар сар /30 хоног/-ын түрээсийн төлбөр 16.000.000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна. /хх 6-11/

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгалийн нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд нь зориулж экскаваторыг шилжүүлсэн, хариуцагч экскаваторыг хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ашигласан үйл баримтын талаар маргаагүй ба зохигчдын байгуулсангэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.5.-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн үлдэгдэл төлбөр 11.560.000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас экскаваторыг 81 хоног 916 мото цаг ашиглахаар гэрээнд заасан боловч эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан буюу 20 хоног сул зогсож, хохирол учирсан тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар түрээслүүлэгч нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1.-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэнэ гэж, 290.6.-д ...доголдол нь тухайн эд хөрөнгийн хэвийн ашиглалтад саад болохооргүй, ялимгүй шинжтэй бол энэ хуулийн 290.5.-д заасан журам хамаарахгүй гэж, 290.5.-д ...эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна гэж тус тус зохицуулжээ

 

Хэргийн 33 дугаар талд авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийг дуустал 8 хоног, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 4 хоног, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 4 хоног, нийт 16 хоног экскаваторын гавлын жийрэг сэтэрсэн, редуктор эвдэрсэн шалтгаанаар ашиглаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү сул зогссон 16 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй байна.

 

Харин 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд экскаваторын түлшний шүүр бохирдсон, шанага цууралт өгч ханзрахад бэлэн болсон шалтгаанаар ажиллаагүй гэж хариуцагч тайлбарласан боловч Гэрээний 3.13-т түрээслэгч оператор, техникийн ажилтан ажилдаа хайнга хандах, заавар зөвлөгөөг дагахгүй, техникийн техникийн гэмтэл саатал гарсан тохиолдолд түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулна, мөн 4.2-т техник хэрэгсэл нь түрээслэгчийн ашиглалтын буруугаас шалтгаалахгүйгээр ажиллахгүй болбол аль болох богино хугацааны дотор түүнийг засварлан, хэвийн ажиллагаатай болгоно. Сул зогсолт эхэлсэн болон дууссан хугацааг 2 талын төлөөллийн гарын үсэг зурсан актаар тооцно. Энэ хугацаагаар түрээсийн гэрээг сунгаж болно гэж тус тус зааснаар хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна сул зогсолт эхэлсэн болон дууссан хугацааг тогтоосон 2 талын төлөөллийн гарын үсэн зурсан акт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, түрээслэгч Б.******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д зааснаар түрээслэн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн тохиолдолд түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул түрээслүүлэгч ******* ******* ХХК-ийг эд хөрөнгийг ашиглах боломжтой байлгах үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 22 хоног, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд нийт 49 хоног эд хөрөнгийг түрээслэн авч ашигласан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч үүнийг баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар гэрээгээр тохирсон төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Талууд түрээсийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2 сарын хугацаатай байгуулсан байх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гэрээний хугацаа тухайн нөхцөлөөр сунгагдсан байна гэж үзэхээр байна.

 

Зохигчдын гэрээнд зааснаар 22 хоногийн түрээсийн төлбөр 15.400.000 /21.000.000/30=700.000*22/ төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15.198.000 төгрөгийг хасаж 202.000 төгрөг, 49 хоногийн түрээсийн төлбөр 26.133.333 /16.000.000/30=533.333*49/ төгрөгөөс хариуцагчийн төлсөн 16.650.000 төгрөгийг хасаж 9.483.333 төгрөг, нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.685.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Алдангийн талаар:

Зохигчид гэрээний 7.8-д зааснаар түрээсийн хугацааны эцэст төлбөр төлөх тал нь нэхэмжлэх авсанаас ажлын 3 хоног дотор төлбөрийг гүйцэтгэнэ. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна.

 

Хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийн нэхэмжлэх авсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгээгүй тул энэ өдрөөс эхлэн төлбөр төлөх хугацаа хэтэрсэнд тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 31 хоногийн алданги 900.735 төгрөг /9.685.333*0.3%*31 хоног/ байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алдангид 900.735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин, хариуцагч ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн ч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд алданги тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн алданги 4.497.500 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хохирол 9.103.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Түрээслэгч гэрээний 5-т зааснаар түрээслүүлэгчийн хашаанд техникийн авчирсанаас хойш 2 хоногийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч тоног төхөөрөмж хашаанд орж ирсэн байдлаар авч, БДБ андууд сервис ХХК-иар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр техникийн үзлэг оношлогоо хийлгэж өөрийн хөрөнгөөр засварлаж, хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан БДБ андууд сервис ХХК-ийн экскаваторын шалгах хуудас, Мон Инчон ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 12-16/

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасан эрхийн дагуу өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас экскаваторын эвдэрсэн сэлбэгийн үнэ 7.353.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин засварын ажлын хөлс 1.750.000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан засвар үйлчилгээний захиалга болон үнийн дүнгийн хуудас гэх баримт /хх 17/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ... Гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тохиролцоогүй. Түрээсийн төлбөрийг хувийн дансаар авсан тул нэмэгдсэн өртгийн албан татварт нэхэмжлэх эрхгүй гэх үндэслэлээр маргаж байна.

 

Талууд гэрээний 7.1, хавсралтын 2.2-т ... НӨАТ ороогүй гэж заасан нь түрээсийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй болохыг илэрхийлээгүй гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болох нь гэрчилгээ /хх 102/-гээр тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг тус тус баримтлан нийт түрээсийн төлбөр 41.533.317 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварт 4.153.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч түрээсийн гэрээний хугацаанд эд хөрөнгийн доголдлын улмаас сул зогссон 20 хоногийн хохиролд 17.226.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5-д ...доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар зохицуулсан байна.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч эд хөрөнгийн доголдлын талаар ямар нэг шаардлага гаргаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул түрээслүүлэгчийг доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй саатуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Б.*******аас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 9.685.333 төгрөг, алданги 900.735 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.153.333 төгрөг, хохирол 7.353.000 төгрөг, нийт 22.092.401 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан засвар үйлчилгээний захиалга болон үнийн дүнгийн хуудас /хх 17/, фото зургийн хуулбар /хх 41-42, 83-87/, техникийн талаар тэмдэглэл /хх 43-45/, экскаваторын түрээсийн төлбөрийн тооцоо /хх 46/, ******* ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр 14-ний өдрийн 109/16 дугаартай нэхэмжлэх /хх 47/, эмнэлгийн магадлагаа /хх 50/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 22.092.401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.642.299 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 17.226.600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.310төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 268.412 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.636 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ