Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б,

шүүгдэгч У.Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Б, У.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, А.Б /РД:***/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, У.Х /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” баарны урд иргэн Б.Оаас түүний эзэмшлийн Айфоне-7 загварын гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Б.От 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бийг “гар утсыг чинь худалдаж авъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Б.Бд 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бын эзэмшлийн Айфоне Икс загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч М.Бд 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк хотел” хотхоны гадна иргэн Б.Өын эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Б.Өт 559.700 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нын эзэмшлийн Айфоне-8 загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч М.Нт 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлла Веста” хотхоны орчим иргэн Д.Сы эзэмшлийн Айфоне-8 загварын гар утсыг худалдан авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Д.Сд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны 3 давхрын 8 тоот хаалганы гадна иргэн Б.Мийн Айфоне-7 плас загварын гар утсыг худалдан авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Б.Мд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн шүүгдэгч А.Б, У.Х нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Баас Айфоне-7 загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч П.Бад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны  6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Э.Ций эзэмшлийн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан авч хохирогч Э.Цд 256.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4.555.700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк хотел” хотхоны гадна иргэн Б.Өын эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Өт 559.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Ариука Ариука” гэсэн фейсбүүк хаягаас “400-500 мянган төгрөгийн хооронд утас авна, яг одоо” гэсэн байсан. Тэгэхээр нь би “Самсунг А-51” байна гээд зургаа чатаар явуулсан. Тэгтэл би хөдөө явах гэж байна, одоо очоод үзчихье гээд байхаар нь би “Парк Хотел” дээр хүрээд ир гэхэд 10 минутын дараа ирчихлээ гараад ир гээд фейсбүүкээр залгахаар нь би гарсан ба 20 орчим насны 2 залуу ард талын дугаар нь байхгүй Приүс-20 маркийн машинтай зогсож байсан. Миний утсыг үзэж байгаад 480.000 төгрөг л байна АТМ явчихаад ирье гэсэн, удалгүй гарч ирснээ “ахаа ахиад нэг шалгаад үзчихье” гэж байснаа гэнэт аваад машиндаа суугаад аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 229-230 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №БЗД2-21-425 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-51 маркийн гар утас 559.700 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 233-234 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Фейсбүүкээс гар утас авах гээд хайж байхад “Самсунг А-51” маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд гар утсыг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын талбайн ар талд очиж үзсэн. Үзэж байгаад утсыг нь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 244 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бийн эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Бд 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед хар хөх өнгийн улсын дугааргүй “Приүс-20” маркийн автомашинтай 20-21 орчим насны эрэгтэй, арын суудал дээр мөн 20 орчим насны туранхайвтар эмэгтэй байсан. Гар утсыг чинь үзье гэхээр нь би машин дотор нь суух гэтэл “ард талд хүн байгаа, би таксинд явж байна” гэж хэлэхээр нь болиод хажуу талд нь зогсож байтал шууд утас аваад яваад өгсөн. Би араас нь такси бариад хөөсөн боловч олоогүй. ...Тухайн гар утас авч явсан залуу надад утасны төлбөр болох 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 78-79 дүгээр хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...миний гар утсыг авч явсан залуу мөн байна гэж 2 дугаартай А.Б гэх эрэгтэйг заав...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 60-62 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №ЧД2-21-405 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-8 маркийн гар утас 510.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 81-82 дугаар хуудас/,

   Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлла Веста” хотхоны орчим иргэн Д.Сы эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Д.Сд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Д.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк зарын дагуу өөрийн “Айфоне-8” маркийн гар утсыг зарахаар тохиролцоод Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Белла Виста” хотхоны урд талд цэнхэр өнгийн “Приүс-20” маркийн автомашинтай хүн ирээд миний гар утсыг үзэж байгаад аваад зугтаасан. Би өөрийн хохирлоос 270.000 төгрөгийн авсан, үлдэгдэл хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 68 дугаар хуудас/,

            “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №Х-172 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-8 маркийн гар утас 600.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 69-71 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Фейсбүүкийн “Айфоне зар”-аас “Айфоне-8” зарна гэсэн зар байхаар нь тус дугаар луу залгаж хэдэн төгрөг, хаана очиж үзэх талаар асуугаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Белла Виста” хотхоны гадна очиж үзсэн. Тэгээд тухайн гар утсыг авч үзэж байгаад аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 82-83 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нын эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч М.Нт 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Насанд хүрээгүй хохирогч М.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн “Айфоне 8” маркийн гар утсыг 420.000 төгрөгөөс яриад 390.000 төгрөгөөр зарна гэсэн зар фейсбүүкт тавьсан. “Nomin Nomin”  гэсэн хаягаас “Айфоне-8” маркийн гар утас ямар үнэтэй өгөх вэ гэхээр нь яаралтай мөнгөний хэрэг гараад 390.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд “танайх хаана вэ” гэхээр нь Сансарын клонк гэхэд одоо таксинд нэг хүн авсан явж байна, гялс гараад ир гэсэн. Тэгээд би шөнө 00 цагийн үед гэрээсээ гараад чатаар харилцаж байгаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Анар” төвийн баруун талын замын эсрэг талд зам дээр очиж “Тоёота Приүс-20” маркийн хөх, цэнхэр өнгийн улсын дугааргүй машинтай 20-23 орчим насны, 175 см өндөртэй залуутай уулзаж өөрийнхөө гар утсыг үзээд 390.000 төгрөгөөр авъя ID кодоо гаргачих гэхээр нь би кодоо гаргаад өгөхөд дахиад нэг юм үзээдэхье гэж аваад сүлжээний юм үзэж байгаад за байж бай гэж хэлээд гэнэт машинаа асаагаад тэр чигтээ яваад өгсөн. Миний гар утсыг авч явсан хүнийг одоо харвал танина...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 13 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №БЗД2-21-459 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-8 маркийн гар утас 580.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 16-17 дугаар хуудас/,

            Эд зүйл хураан авсан “...А.Бээс “Айфоне-8” маркийн цагаан өнгийн гар утас хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 29 дүгээр хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн “...“Айфоне-8 маркийн гар утсыг хохирогч М.Нт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 30 дугаар хуудас/,

   Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гар утас авах гээд зар үзэж байхад Айфоне маркийн гар утас байсан. Тэгээд тэр утсыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, М-ОЙЛ шатахуун түгээх станцын хажууд очиж үзэж байгаад аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 28 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны 3 давхрын 8 тоот хаалганы гадна иргэн Б.Мийн эзэмшлийн “Айфоне-7 плас” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Мд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт өөрийн “Munkhshur Mhr” гэсэн хаягаас “Айфоне-7 плас” зарна гэсэн зар оруулсан. Тэгээд байж байтал миний чат руу шөнө 00 цаг 31 минутад “Ariun Bayar” гэсэн хаягаас бичээд зарах гэж байгаа гар утсыг сонирхож байна, маргааш өглөө эрт унаанд өгч явуулах гэж байгаа юм, одоо очоод авъя гэж чат бичсэн. Тэгэхээр нь би орой болчихлоо, маргааш болъё гэсэн чинь тус хаягаас эмэгтэй хүн дуу хоолойгоороо бичлэг хийж “Би нөхөртэйгөө явж байна, чи гялс үгүй гээд хэлчихгүйдээ, ирчихсэн байхад чинь” гэж илгээсэн. Тэгэхээр нь би чатаар өөрийнхөө байгаа гэрийн хаягаа өгсөн ба удаагүй миний байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 3 давхрын 8 тоот хаалганы гадна нэг залуу ирсэн. Тэгээд хаалганы гадна талд миний гар утсыг үзэж байгаад гар утсыг чинь эхнэртээ үзүүлчихээд ирэх үү гэхээр нь үгүй эхнэрээ дуудчих гэхэд тэр залуу машинаа 1 дүгээр эгнээнд тавьчихсан байгаа, бууж ирж чадахгүй байх гэж хэлсэн. Тэгснээ тэр залуу миний гар утаснаас чат бичиж эхнэрээ дуудах гэхээр нь би хаалганаасаа жоохон дотогш болсон чинь нөгөө залуу хаалгыг гаднаас нь хаагаад миний гар утсыг авсан чигтээ зугтаасан....” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 139-141 дүгээр хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан “...3 дугаартай залуу мөн байна, тэр үед зураг дээр байгаа шигээ үсний засалттай байсан” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 123-127 дугаар хуудас/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг залуу хаалганы гадна талд гартаа ямар нэгэн зүйл бариад үзэж байгаа, ...хаалганы дотор талд нэг эмэгтэйн толгойн хэсэг цухуйж уг залуутай юм ярилцаж байгаа харагдана. ...Уг залуу тухайн хаалганы гадна бариул хэсгээс нэг барьж тавьснаа тэр 2 юм ярилцаж байгаад хаалга дотогш бага зэрэг хаагдах үед хаалганы гадна байсан залуу гараараа хаалгыг түлхэж хаагаад цааш орц руу зугтааж байгаагаар дуусав” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 129-130 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №БЗ2-21-542 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-7 плас маркийн гар утас 550.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 156-157 дугаар хуудас/,

           Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“Munkhshur Mhr” гэсэн хаягаас “Айфоне-7 плас” зарна гэсэн зар оруулсан байхаар нь тэр хүн рүү тухайн үед нээсэн “Ariun Bayar” гэсэн хуурамч хаягаас чат бичээд тухайн гар утсыг үзэхээр болоод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх 81 дүгээр байрны гадна очоод орцны кодыг нь асуугаад 3 давхрын 8 тоот хаалганы гадна очиж үзсэн.  Тэгээд гар утсыг нь үзээд ID кодоо гаргачих гэхэд гаргачихсан байгаа гэж хэлсэн. Тухайн эмэгтэй хаалганы дотор жоохон холдчихоор нь хаалгыг нь гаднаас нь хаагаад гар утсыг нь аваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 168-169 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар, 

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бын эзэмшлийн “Айфоне Икс” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч М.Бд 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Насанд хүрээгүй хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк дээр гар утсаа зарна гэж зар тавьсан бөгөөд “Б Б” гэсэн хаягтай хүн холбогдож гар утсыг чинь худалдаж авъя гэсэн ба 23 цагийн үед одоо гэрээс чинь очоод авъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны урд өөрийн найз Мөнх-Оргилын хамт байхад хар хөх өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд цонхоо онгойлгоод утсыг чинь үзье гээд авсан. Би гар утсаа өгөөд ард нь ороод сууя гэхэд “арын суудал дээр хүн сууж байна, чи наанаа түр зогсож бай”  гэсэн. Тэгтэл тухайн машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шууд яваад өгсөн ба бид хоёр араас нь хэсэг гүйж байгаад больсон. Тухайн машин ар талдаа улсын дугааргүй байсан. Тухайн хүний царайг нь хараад танина...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 183 дугаар хуудас/,

            Гэрч Н.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6 дугаар гудамжны 26 тоот гэртээ байж байтал манай хүү Б “ээжээ би өөрийнхөө “Айфоне Икс” маркийн гар утсаа фейсбүүк дээр зарах гээд зар оруулсан байсан, нэг хүн авах гээд гараад ир” гэнээ гэхээр нь ээж нь хамт гаръя гэхэд “ямар жоохон хүүхэд биш дээ, би гарчихаад ирье” гэж хэлээд гараад явахаар нь араас нь гартал байхгүй байсан. Тэгэхээр нь  чат руу нь хаана байна гэж асуутал “гар утас авах гэж ирсэн хүн миний гар утсыг номергүй Приүс-20 маркийн машинтай ирж үзэж байгаад аваад зугтаачихлаа, цагдаа дуудчихсан, хорооны зүүн талд зогсож байна” гэхээр нь би явж очсон. Ямар хүмүүс байсан талаар нь асуухад 20 гаран насны эрэгтэй, эмэгтэй 5-6 хүмүүс суулгачихсан номергүй Приүс-20 машинтай хүмүүс ирээд гар утсаа өгч бай, харчихаад өгье, яг хэдэд өгөх юм бэ гэж хэлээд гар утсыг нь авч үзэж байгаа дүр үзүүлээд тэр чигтээ зугтаагаад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 165 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 13-ны орой  23 цагийн орчим манай найз Б над руу “би утсаа зарах гэж байна, ханиндаа гаръя” гэж хэлсэн. Тэгээд би уулзах далимдаа гар утсыг нь зараад өгье гэж бодоод гэрээсээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны үүдэнд очсон ба тэнд Б хүлээж байсан. Тэгээд хүлээж байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны доод замаас хар хөх өнгийн Приүс-20 маркийн машин ирсэн. Би тухайн үед дугаарыг нь хараагүй. Бид хоёр дээр ирээд утас зарах гэж байгаа хүн мөн үү гэхэд Б мөн гэсэн бөгөөд арын суудалд нь суух гэхэд арын суудал дээр хүн байгаа гээд суулгаагүй. Тухайн утас авах гэж байгаа хүн утсыг чинь үзье гээд Б утсаа өгсөн бөгөөд жолооч нь ямар асуудалтай талаар ярилцаж байсан. Тэгээд утсаа аваад нөгөө машины жолооч тэр чигээрээ зугтаагаад явчихсан, араас нь гүйгээд гүйцээгүй. Тухайн үед жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эмэгтэй хүн сууж байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 172 дугаар хуудас/,

            “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №21/058 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне Икс маркийн гар утас 750.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 185-186 дугаар хуудас/,

   Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112-ын автобусны буудлаас хойшоо 28 дугаар хорооны хажууд өөрийн 67-54 УБЭ улсын дугаартай хар хөх өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз охин Хгийн хамт очсон бөгөөд очиход 2 эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд би гар утсаа өгч бай гэж хэлсэн бөгөөд нөгөө залуу гар утсаа өгөөд миний машинд суучихъя гэхэд нь би машинд хүн сууж байна гээд суулгаагүй, утсыг нь үзэж байгаад шууд хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 195 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” баарны урд иргэн Б.Оын эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.От 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 02 цагийн орчимд фейсбүүкээр “Бек Б” гэсэн хаягаас утсаа зарах уу гэж асуухаар нь “тиймээ 500.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхэд нөгөө  хүн болж байна, хаяг чинь хаана вэ?, яваад очъё гэхээр нь би манайх Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байр гээд хаягаа зааж өгөөд удаагүй байхад нэг эмэгтэй хүн тухайн хаягаас залгаад утсыг чинь 500.000 төгрөгөөр авна гэсэн хүн байна, Варьет чуулгын урд байна, утсаа аваад гараад ирээч гэхээр нь би гараад очтол ардаа улсын дугааргүй цэнхэр өнгийн “Приүс-20” маркийн автомашин зогсож байсан ба жолооч нь цонхоо буулгаснаа “утсыг чинь үзье, аппле хаягаа гаргачих” гэхээр нь би аппле хаягаа гаргаад тухайн жолоочид өгөхөд миний утсыг шууд аваад зугтаасан. “Айфоне-7 плас” гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №БГ2-21-597 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-7 маркийн гар утас 350.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дугаар хуудас/,

            Мөрдөгчийн “...Эргэн дурсахуй баарны урд талд гар утсаа хулгайд алдсан гэх хэрэгт биечилсэн сурвалжилга хийхэд Ачитсүрэн овогтой Б гэх этгээд үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 41-42 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр өөрийн нээсэн хуурамч фейсбүүк хаягаас фейсбүүк үзэж байтал зарын группт “Айфоне-7 плас” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу чат бичиж утсыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод хаягийг нь заалгаж аваад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Эргэн дурсахуйн урд очоод хамт явсан найз охин Хгаар чатаар залгуулаад ирчлээ гараад ирээч гэж хэлсэн. Тэгсэн удалгүй нэг махлагдуу биетэй эмэгтэй гарч ирсэн. Би машин дотроо сууж байгаад цонхоо буулгаад утсыг нь үзээд ID кодоо гаргачих гээд кодыг нь гаргуулаад аваад зугтаасан....” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б, У.Х нар нь бүлэглэн 2021 оны  6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр шилжих шөнө иргэн Э.Ций эзэмшлийн “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Э.Цд 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Э.Ций мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр Мөнхзаяа өөрийнхөө фейсбүүкээр миний гар утсыг зарна гээд зар тавихад “Khulan” гэсэн фейсбүүк хаягаар эмэгтэй хүн чатаар залгаад очоод үзье гэж тохирсон ба 10 орчим минутын дараа ирчихлээ гэхээр нь гараад очиход цэнхэр өнгийн Приүс-20 маркийн автомашин хашааны гадаа ирсэн байсан. Тэгээд жолоочийн эсрэг талаар очоод эмэгтэй хүн сууж байхаар нь мэнд мэдээд гар утсаа үзүүлээд 10-15 орчим минут гар утасны талаар ярилцаж байхад гэнэт машин хөдлөөд явчихсан. Тэр машин ардаа улсын дугааргүй, бас надтай чатласан чатаа устгаад фейсбүүкээр блок хийсэн байсан. Би жолооч болон жолоочийн хажууд сууж байсан эмэгтэйг хараад танина...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 115-116, 129-130 дугаар хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан “...таны гар утсыг залилсан гэх хүнийг заана уу гэхэд ...4 дугаартай А.Б гэх зургийг заав, ...2 дугаартай У.Х гэх зургийг заав...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 104-111 дүгээр хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЧД2-21-364 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг Эс-8 плас маркийн гар утас 256.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 133-134 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч А.Б, У.Х нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бын эзэмшлийн “Айфоне-“7 загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч П.Бад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкт “гар утас зарна” гэж зар оруулсан. Тэгээд “Namyyka namuka” гэх хаягаас гар утсыг чинь авъя гэж чат ирсэн тэгээд тухайн эмэгтэйг Баянзүрх дүүргийн буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа ирчихлээ гэж ярихаар нь би гарч очоод утсаа үзүүлээд тухайн хүмүүс “чи Аппле ID” хаягаа гаргачих мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд гар утсыг маань аваад машинаа асаагаад явсан. Миний гар утас “Айфоне-7” маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 35-37 дугаар хуудас/,

         Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээс зар харж байгаад “Айфоне-7 загварын улаан өнгийн гар утас зарна” гэсэн зар оруулсан байсан. Тэгээд тухайн зарын дагуу холбогдоод “Цэндсүрэн О.” гэсэн хаягаар дамжуулж орой 20 цагийн орчим уулзсан. Тухайн үед “Приүс-20” маркийн машинтай байсан бөгөөд 20 орчим насны 2 эрэгтэй ирээд 260.000 төгрөгөөр тохиролцоод авсан. Тухайн гар утсыг би хэрэглээгүй бөгөөд батерей муу байсан болохоор одоо манай гэрт байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 18-19 дүгээр хуудас/,

         Гэрч О.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкт “250-300 мянган төгрөгийн хооронд гар утас авна” гэсэн зар байршуулсан ба удалгүй манай 10 жилийн Х над руу “У.Х” гэх хаягаас “найз нь утас зарна, ямар утас хайж байгаа юм” гээд чат бичсэн. Тэгэхээр нь би “250-300 мянган төгрөгт хайж байна” гэхэд “Айфоне-7” байна үзэх үү гэсэн. Тэгээд Хтай “Хүнсний 4” дээр уулзаад тухайн гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд маргааш орой нь буцаагаад мөнгөний хэрэг гараад фейсбүүкт зар оруулаад танихгүй ах, эгч хоёрт 250.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утсыг буруу гарын гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 21-22 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №БЗ1-21-778 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-7 маркийн гар утас 350.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 3 дугаар хавтас 40 дүгээр хуудас/,

   Эд зүйл хураан авсан “...Улаан өнгийн “Айфоне-7” маркийн гар утсыг хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 68 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Айфоне-7” маркийн гар утсыг хохирогч П.Бад хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч А.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 178 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 221-232 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 239 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 241 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар  /хэргийн 2 дугаар хавтас 242-246 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 247 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2 дугаар хавтас 194-210 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 84 дүгээр хуудас/.

         Шүүгдэгч У.Хгийн жолооны үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 240 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа  /хэргийн 3 дугаар хавтас 87 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  1. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк хотел” хотхоны гадна иргэн Б.Өын эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Өт 559.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  2. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бийн эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Бд 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  3. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлла Веста” хотхоны орчим иргэн Д.Сы эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Д.Сд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  4. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нын эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч М.Нт 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  5. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны 3 давхрын 8 тоот хаалганы гадна иргэн Б.Мийн эзэмшлийн “Айфоне-7 плас” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.Мд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  6. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бын эзэмшлийн “Айфоне Икс” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч М.Бд 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  7. Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” баарны урд иргэн Б.Оын эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Б.От 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  8. Шүүгдэгч А.Б, У.Х нар нь бүлэглэн 2021 оны  6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр шилжих шөнө иргэн Э.Ций эзэмшлийн “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч Э.Цд 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
  9. Шүүгдэгч А.Б, У.Х нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бын эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч хохирогч П.Бад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгосныг тус тус ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Б, У.Х нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

        Шүүгдэгч А.Б, У.Х болон тэдгээрийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч А.Б, У.Х нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Х, А.Б нарыг хохирогч Э.Ц, П.Б нарт хохирол учруулсан үйлдэлд бүлэглэж үйлдсэн, бусад үйлдлийг шүүгдэгч А.Бийг ганцаараа үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч А.Б нь ганцаараа үйлдсэн гэх зарим үйлдлийг шүүгдэгч У.Хтай бүлэглэн үйлдсэн гэх үйл баримт нэр бүхий хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

          Иймд дээрх үйлдлүүдэд шүүгдэгч У.Халиуныг шүүгдэгч А.Бтэй бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг прокурор цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өт 559.700 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бд 510.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Сд 600.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Нт 580.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Мд 550.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Бд 750.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.От 350.000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Цд 256.000 төгрөгийн хохирол, хохирогч П.Бад 350.000 төгрөгийн хохирол, Б.Тт 260.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

            Шүүгдэгч А.Б, У.Х нар нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч М.Н, П.Б, Б.Ө, Б.Б, Д.С, Б.М, М.Б, Б.О, Б.Т нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Ций хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бээс 128.000 төгрөгийг, шүүгдэгч А.Хс 128.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Э.Цд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч У.Хд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг “Шүүгдэгч А.Бийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү, шүүгдэгч У.Хд торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан ... үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж,

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1 дэх заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарна гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Бий үйлдсэн үргэлжилсэн нэг гэмт хэргийн сүүлийн үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй байна.

Мөн түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Бийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн ба залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон энэхүү шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэмт хэргийн үйлдлүүд нь тус тэнссэн хугацаанаас өмнөх үйлдлүүд байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Б, У.Х нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч А.Б, У.Х нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлууд болон тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч А.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял,

        Шүүгдэгч У.Хд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв. 

        Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, У.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Б, У.Х нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

           Шүүгдэгч У.Хд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, У.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бээс 128.000 төгрөгийг, шүүгдэгч А.Хс 128.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Э.Цд олгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б, У.Х нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Б, У.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Б, У.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО