| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/1300/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1296 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1296
2021 12 21 2021/ШЦТ/1296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Д.Л, өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Д-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108026221714 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-ын Л нь Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 9-13 насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдсэн,
3. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 4 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 1 жил 10 сар 27 хоногийн хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,
4. Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, (РД:).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Л-г “гэрээс яв” гэх шалтгаанаар маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн 3-4 хавирганы түвшин зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Архи уусан үедээ хохирогч Ж.Л-тэй хоорондоо маргалдаж, гадаа гарч намайг цохиход нь би түүнийг айлгах гэж цээжин хэсэгт нь хутгалсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2108026221714 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Болдбаатараас “Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ... тоотод иргэн Ж.Л бусдад хутгалуулсан” гэх гомдол мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 04 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, шуурхай удирдлагын тасагт “хүмүүс архи уугаад зодолдоод байгаа бололтой байсан цус гараад, нэгнийгээ хутгалчих шиг боллоо” гэх дуудлага 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 04 минут 28 секундэд бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),
3. Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо ... тоотод 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 45 минутаас 13 цаг 30 минутын хооронд явуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),
4. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсийн 103 тоот тасалгаанд эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэлд:
Хохирогч Ж.Л-ийн хэрэг гарах үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хувцаснууд байна. Ж.Л-ийн цээж хэсгээрээ өмсөж байсан гэх ямар нэг бичиглэлгүй бор өнгийн богино куртик байна. Уг куртикний зүүн талын энгэрийн дээд хэсэгт 8 см урт хөндлөн байрлалтай ир, үзүүртэй зүйлээр зүссэн мэт зүсэгдэлт үүссэн байж болох урагдалтай, ...урагдсан хэсгийн орчим болон бусад хэсгүүдэд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ...куртикний дотор талаар өмссөн байсан гэх шоотой эрээн срочкин цамц байна. Уг цамцны зүүн талын энгэрийн дээд хэсэгт 4 см урт хөндлөн байрлалтай ир, үзүүртэй зүйлээр зүссэн мэт зүсэгдэлт үүссэн байж болох урагдалтай. Дээрх срочкин цамцны зүүн талын энгэр хэсэгт болон бусад хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийг зүйлээр бохирлогдсон. Уг куртик, цамцанд хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй болно. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас), хохирогчийн хувцсыг зөвшөөрөлгүй хураан авсныг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
5. Хохирогч Ж.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 14-нд 10 цагийн орчим дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад гэрийн ойролцоо байх найз Л-ийнд орсон. Гэрт нь очиход хамтран амьдрагч Цтэй байсан. Би Л-тэй хамт архи уусан, би согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Л ямар ч байсан намайг гэрээсээ яв гээд гаргасан. Тэгээд гэрийн урд талд очоод Л хаанаас гаргасныг мэдэхгүй, миний зүрхний орчим цохих шиг болсон, цээжнээс цус гарсан. Нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор явж байсан. Миний цээж рүү Л хутгалсан байсан. Ингээд намайг гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Одоогоор миний биеийн байдал гайгүй байна. Надад өөр ярих зүйл байхгүй. ... Тухайн үед Л, Ц нар байсан. Өөр хүн байгаагүй. ... Ямар хутга байсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан Л миний зүрхний орчим 1 удаа хутгалсан. Л-д намайг хутгалсанд гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулмаар байна. Миний ярьсан хэлсэн зүйл үнэн зөв. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
6. Гэрч Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12:00 цагт би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ... тоот хашаандаа машинаа засаад байж байтал манай арын хашаа эмэгтэй хүн хутгалчихлаа цагдаад дуудлага өгөөч гээд орилоод байхаар нь би өөрийн гар утсаараа 102 луу дуудлага өгчхөөд арын хашаа руу өнгийн харахад хашаанд нь байх хоёр монгол гэрийн зүүн талын гэрийн урд талд хойд айлын ах бас нэг эрэгтэй хүний цээжнээс гарсан цусыг тогтоох гээд юмаар дараад байсан. Тэр хүний цээж зүрхний орчмоос их цус гараад хувцас нь цус болсон байсан. Мөн хойд айлын ахын эхнэр нь хажууд нь зогсож байсан. Би юу болсон талаар мэдэхгүй, хараагүй. Би бодохдоо хойд айлын ахыг хамт архи уусан хүнээ хутгалсан байна даа гэж харсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
7. Гэрч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 10 цагийн орчим би хамтран амьдрагч Л-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 3- 61 тоотод байж байтал гаднаас Л-тэй адилхан Л гэдэг нэртэй найз нь 0.75 литрийн “Хараа” архи авчраад, хоёр Л хувааж уусан. ...хоорондоо муудалцаад гадагшаа гаръя гээд гараад явсан. ...араас нь гартал манай гэрийн зүүн урд талд байдаг Монгол гэрийн урд талд хоёр Л маргалдсан байдалтай зогсож байсан. Би очоод харахад манай гэрт ирсэн Л-ийн цээжний хэсгээс нь цус гараад хувцас нь нэвтэрсэн байсан. Тэгтэл манай нөхөр Л “би Л-г хутгалчихлаа түргэн дуудаарай” гээд байсан. Би сандраад урд талын хашааны залуугаас тусламж гуйгаад цагдаа дуудуулсан. Эхлээд цагдаа нар ирээд удалгүй 103 ирээд хутгалуулсан. Л-г аваад явсан. Харин цагдаа нар манай нөхөр Л-г аваад явсан. Тухайн үед манай гэрт хоёр Л бид гурав байсан өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
8. Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би прокурорын тогтоолтой танилцсан. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр гэртээ байхдаа зүс таних, нэр нэгтэй Л-тэй архи хувааж уусан. Тэгээд би тухайн үед Л-г гэртээ харь гэж хэлснээс болоод бид хоёр маргалдсан. Ингээд ...би Л-г айлгах санаатай гэрт байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг авч гарсан. Бид хоёр гадаа гараад зодолдсон. Би уурандаа авч гарсан хутгаараа Л-ийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10124 тоот өвчний түүхэнд “Ж.Л нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай” (хавтаст хэргийн 117-122 дугаар хуудас),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9937 дугаартай дүгнэлтэд:
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10124 тоот өвчний түүх: 2021 оны 10 дугаар сарын 14, онош: цээжний ил шарх, найзындаа архи ууж байгаад хутгалуулж гэмтэж 103-р ирсэн. ...Цээжний зүүн талд 3-4 хавирганы түвшинд 3-4 см шархтай, арьсан дор хий хурсан гэжээ.
Дүгнэлт:
-Ж.Лгийн биед цээжний зүүн 3-4 хавирганы түвшинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо,
-Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
-Унах үед үүсэх боломжгүй.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тусгай шинжилгээний газрын биологийн №4702 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн Ж.Л-ийн гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна. Бор өнгийн куртик, шоотой бор эрээн өнгийн цамц, 2.5х2 см хэмжээтэй чулуун дээр цус илэрсэн. Бор өнгийн куртик, шоотой бор эрээн өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 2.5х2 см хэмжээтэй чулуун дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Хөвөнд шингээсэн хүрэн өнгийн зүйл дээр цус илрээгүй. /Биологийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн криминалистикийн шинжээчийн №2990 дугаартай дүгнэлтийн хэсэгт:
-Шинжилгээнд хохирогч Ж.Л-ийн хэрэг гарах үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн куртик, эрээн өнгийн срочкон цамц зэрэг байна.
Дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна,
-Шинжилгээнд ирүүлсэн бор куртик, эрээн цамц зүсэгдсэн гэмтэлтэй байна,
-Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн куртик 95 мм, эрээн цамц 40 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтэлтэй байна,
-Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. /шинжээч, цагдаагийн хошууч Б.Галбадрах/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн №4707 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 9.3 см иштэй 19.5 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй,
-Шаргад өнгийн хуванцар оруулгатай 9.3 см иштэй 19.5 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
14. Гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Би Л-тэй 4-5 жилийн өмнө хамт амьдрах болсон. Л огцом догшин ууртай, ...архи нэлээн л уучихдаг ...хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
15. Шүүгдэгч Д.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд болон тодорхойлолтууд:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),
-Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай захирамж, суллагдсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас),
-Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), 2001 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болон засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас), 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан болон засрал хүмүүжлийн тодорхойлолт, ялын тооцоо (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Л-г “гэрээс яв” гэх шалтгаанаар маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн 3-4 хавирганы түвшин зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Л нь гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, бусдад төлөх төлбөргүй” гэсэн тайлбарыг гаргасан, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Д.Л-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ... тоот гэртээ хохирогч Ж.Л-тэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба улмаар согтуурсан үедээ иргэн Ж.Л-г “манай гэрээс яв” гэж маргалдан, гэрээс явсангүй гэх шалтгаанаар цээжин тус газарт нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн 3-4 хавирганы түвшин зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Болдбаатараас “Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ... тоотод иргэн Ж.Л бусдад хутгалуулсан” гэх гомдол мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 04 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, шуурхай удирдлагын тасагт “хүмүүс архи уугаад зодолдоод байгаа бололтой байсан цус гараад нэгнийгээ хутгалчих шиг боллоо” гэх дуудлага 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 04 минут 28 секундэд бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),
- Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо ... тоотод 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 45 минутаас 13 цаг 30 минутын хооронд явуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),
-2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсийн 103 тоот тасалгаанд эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас), хохирогчийн хувцсыг зөвшөөрөлгүй хураан авсныг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
-Хохирогч Ж.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Л-тэй хамт архи уусан, ...Л хаанаас гаргасныг мэдэхгүй, миний зүрхний орчим цохих шиг болсон, цээжнээс цус гарсан. ...Л миний зүрхний орчим 1 удаа хутгалсан, ...намайг хутгалсанд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12:00 цагт би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ... тоот хашаандаа машинаа засаад байж байтал ...эмэгтэй хүн “хутгалчихлаа, цагдаад дуудлага өгөөч” гээд орилоод байхаар нь би өөрийн гар утсаараа 102 луу дуудлага өгчхөөд арын хашаа руу өнгийн харахад хашаанд нь байх хоёр монгол гэрийн зүүн талын гэрийн урд талд хойд айлын ах бас нэг эрэгтэй хүний цээжнээс гарсан цусыг тогтоох гээд юмаар дараад байсан. Тэр хүний цээж зүрхний орчмоос их цус гараад хувцас нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
-Гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...хоёр Л хувааж уусан. ...хоорондоо муудалцаад гадагшаа гаръя гээд гараад явсан. ...араас нь гартал ...гэрийн урд талд хоёр Л маргалдсан байдалтай зогсож байсан. Би очоод харахад манай гэрт ирсэн Л-ийн цээжний хэсгээс нь цус гараад хувцас нь нэвтэрсэн байсан. ...манай нөхөр Л “би Л-г хутгалчихлаа түргэн дуудаарай” гээд байсан. Би сандраад урд талын хашааны залуугаас тусламж гуйгаад цагдаа дуудуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
-Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Л-тэй архи хувааж уусан. ...бид хоёр маргалдсан. ...би Л-г айлгах санаатай гэрт байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг авч гарсан. ...хутгаараа Л-ийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан нь үнэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10124 тоот Ж.Л нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх (хавтаст хэргийн 117-122 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9937 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний тусгай шинжилгээний газрын биологийн №4702 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ж.Л-ийн гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна. ...Бор өнгийн куртик, шоотой бор эрээн өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн криминалистикийн шинжээчийн №2990 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн бор куртик, эрээн цамц зүсэгдсэн гэмтэлтэй байна, ...бор өнгийн куртик 95 мм, эрээн цамц 40 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтэлтэй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн №4707 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 9.3 см иштэй 19.5 см урттай хутган дээр цус илэрсэн. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь хууль зүйн хувьд дүгнэхэд шүүгдэгч Д.Л-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ж.Л-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулах” шинжээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Д.Л-ийн үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Л-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Л-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Л нь суурь боловсрол эзэмшээгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах үндэслэл ба өмгөөлөгчийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдолгүй” (хх125) гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах” тухай дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатараас “гэмт хэрэг гарсны дараа шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн нь хөнгөрүүлэн үзүүлэх нөхцөл байдал болж байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул улсын яллагчийн гаргаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Д.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд таван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Л-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хүний биед хутга хэрэглэж гэмтэл учруулсан үйлдлийн шинж байдлыг харгалзан, прокурорын гаргасан ялын саналыг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, уг саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шар иштэй 1 ширхэг хутга, цус мэт зүйлийн дээж болох чулуу, шороо, хөвөнд шингээн авсан дээж, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн куртик, эрээн өнгийн сорочкин цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Л хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Л шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар иштэй 1 ширхэг хутга, цус мэт зүйлийн дээж болох чулуу, шороо, хөвөнд шингээн авсан дээж, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн куртик, эрээн өнгийн сорочкин цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Л-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА