| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/1301/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1295 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1295
2021 12 21 2021/ШЦТ/1295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Э.Э, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
И овогт Э-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108000001723 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овогт Э-ын Э нь Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, “Бүрд майнинг” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эх, хүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, тус дүүргийн 4 дүгээр хороо, ...-тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот гэртээ Б.Бг гэрт шүлсээ хаялаа гэх шалтгаанаар зүүн бугалга хэсэгт хайчаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар мэдүүлсэн, нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
1. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 00 минутад гаргасан “Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Б.Б бусдад зүүн мөрөө зүсүүлсэн” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цаг 15 минут 07 секундэд “согтуу хүн гартаа хутгалуулсан” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
3. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ...гийн 14-19-Б тоотод 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 23 цаг 15 минутаас 00 цаг 03 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас), эд мөрийн баримтаар хар хайч хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),
4. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 дүгээр хороололд найз Ц-тай хамт 1 шил архи хувааж уучхаад байж байхад найз Э Ц-тай утсаар ярьж байгаад бид хоёрыг такситай ирж авсан. Э-ын Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо ... 14-196 тоотод байх гэрт очсон. ...Бид гурав хамт 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад нэлээн согтчихсон. Тэгээд юм ярьж байгаад Э нь гэнэт над руу уурлаад чи муу дандаа ингэж новширдог биз дээ гээд ширээн дээр байсан хар өнгийн иштэй хайчийг аваад үзүүрээр нь миний зүүн гарын булчин хэсэгт зүсчихсэн. Тэгээд бид хоёр муудалцаад байж байхад гэнэт цагдаа нар ирээд Ц.Э-ыг аваад явчихсан. Надад гомдол санал байхгүй. Би өөрийн найзтайгаа бага зэрэг таарамжгүй харилцаанаас болоод муудалцсан. Тухайн үед бид нарын хэн, хэн нь согтуу байсан болохоор ийм зүйл болчихсон. ...Би гэмтлийн эмнэлэгт очиж гартаа оёдол тавиулж авсан, биеийн байдал зүгээр байгаа. ...Тухайн үед Э.Э-ын гэрт Э.Э, Б.Ц бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй юм. ... Би сайн мэдэхгүй байна. Ц нь хажуугийн өрөөнд байсан байхаа. ... Тийм зүйл огт байхгүй. Бид хоёр өмнө нь огт маргалдаж зодолдож байгаагүй. ...Миний зүүн гарын булчингийн хэсэгт бага зэрэг зүсэгдсэн шарх учирсан өөр гэмтэл учраагүй уг гэмтлийг надад Э.Э хайчаар зүсэж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
Хохирогч Б.Б 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн:“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),
5. Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө найз Б.Б-тай уулзаад бид хоёр хамт 21 дүгээр хороололд байх нэг танилын гэрт очиж хамт 1 литрийн архи 1 шил, ... 5 литрийн айраг хувааж уугаад нэлээн халсан. Би найз Э.Э-ыг утсаар хүрээд ирээч гэж дуудаад Б бид хоёрыг Э.Э нь машинтай ирээд өөрийн гэр лүүгээ авч явсан. Орой нь Э.Э-ын гэрт хүн байхгүй. Э, Б бид гурав 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад бүүр их муудаж согтсон. ...нэг мэдэхэд Э болон Б нар муудалцсан Э нь Б-н зүүн гарын булчин хэсэгт хайчаар зүсээд гэмтээчихсэн цус нь гараад байж байсан. ... цусыг нь тогтоох санаатай спирттэй хөвөн маарлаар арчиж цэвэрлээд байж байгаад ер нь болохгүй юм байна түргэн дуудаж боолгосон. ...Өөрийн утсаар түргэн тусламж дуудсан. Түргэний эмч удалгүй ирээд шархийг нь боож өгөөд цагдаад хандах хэрэгтэй, та нар нэгнийгээ гэмтээж болохгүй гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Э-ыг эрүүлжүүлэхээр авч яваад Б-г гэмтлийн эмнэлэг рүү бид авч явсан. Тухайн үед Э-ын гэрт бид нар л байсан. Э-ын гэрт Б шүлсээ хаяад байсан тул Э нь Б-тай муудалцаж улмаар хайчаар зүсчихсэн. Харин Б нь Э-ад огт гар хүрээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
6. Гэрч Ж.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Б ах нэлээн согтуу байсан. Би Б ахад хандаж залуу хүмүүсийг уруу татаж архи уугаад болиоч гэж хэлсэн чинь ах нь архи уугаагүй гээд байсан юм. ...Удалгүй манай хүүхэд Г 6 настай эрэгтэй эмээгийнд цагдаа ирчихсэн байна гээд орж ирсэн юм. Тэгээд би яваад ороход Э.Э ах байхгүй, 2 найз нь байсан. ... Б.Б, Ц, Б нар байсан бөгөөд Ц ширээ дэрлэчихсэн хэвтэж байсан. Б, Б хоёр орон дээр суучихсан байсан. ... Би хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна, орилолдсон чимээ гараагүй. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
7. Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Э.Э-ын төрсөн эгч нь байгаа юм. Э нь бага байхдаа сургуульд сурах дургүй байсан тул манай ээж бага ангиа төгсөж байхад нь сургуулиас гаргачихсан юм. Манай дүү Э.Э нь 2006 онд Баярчимэг гэх эмэгтэйтэй гэр бүл болж дундаасаа 1 хүүхэдтэй болсон, эхнэрийн хамтаар 2007 онд Япон улс руу явж ажиллаж байгаад эхнэр Б нь 2012 онд буцаж ирсэн. Э.Э нь үлдэж байж байгаад 2017 онд ирсэн юм. Э.Э нь манай ээж болон манайхаар амьдарч байгаа юм. Э.Э нь одоо ...суманд байрлах “...” ХХК-д Том авто машины жолоочоор ажиллаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа хотод амралтаараа ирээд манай ээжийнд байж байгаа юм. ...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад манай бэр дүү Д над руу залгаад эгчээ Э ах цагдаа нарт баригдаад явлаа гэж хэлсэн. ...юу болсон юм бэ гэж асуухад Э.Э нь хамт архи ууж байсан найзынхаа гарыг хайчаар зүсчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн Э.Эыг эрүүлжүүлэхээр аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр сэжигтнээр өгсөн: “... Б нь согтуудаа гэрт шүлс, цэрээ хаяад байсан тул бид хоёр маргалдах болсон. ...Б-д уур хүрээд шургуулганд байсан хар өнгийн иштэй хайчийг аваад айлгах санаатай санамсаргүй үзүүр хэсгээр нь Б-н зүүн гарын булчин хэсэгт зүсчихсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч А.Очбадралыг оролцуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10925 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы дээд гадна хэсэгт 10 см зах ирмэг тэгш шархтай, орчны эдэд хөхөлбөр хүрэн цус хуралттай.
Дүгнэлтэд:
-Б.Бн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний шинжээчийн №3201 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд 27.9х18х5.5 см хэмжээтэй бор цаасан хайрцагтай зүйлийг хар будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ... 14-19Б тоотод хутгалуулсан гэх хэргийн газрын үзлэгт хураан авсан хайч 1 ширхэг, 2021 оны 11 дүгээр сарын 06” гэж хаяглан амсарыг тунгалаг наалтуузаар нааж ирүүлжээ.
-Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг задалж үзлэг хийхэд нийт 21 см урттай, ажлын хэсгийн урт 7.5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2.1 см, хар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсгийн нэг талд “stainless steel” гэсэн бичиглэлтэй, уг бичиглэлтэй тал дээр 2х2 мм хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хайч 1 ширхгийг ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн хайч дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор гарын мөр илрүүлэх зориулалт бүхий “VCA-300L” загварын утах бүхээгт хийн цианоакрилатын уураар утаж үзэхэд барил дээрээс 1 ширхэг гарын мөр илэрснийг Nikon D3500 загварын гэрэл зургийн аппарат ашиглан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.
Дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн хайчны бариул дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй,
-Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд дурдсан хохирогч Б-ы Б /РД/, холбогдогч Э-ын Э /РД/ нарын гарын дардсыг шинжилгээнд ирүүлээгүй байх тул харьцуулан шинжлэх боломжгүй. .../Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Золзаяа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн биологийн үлдэц байгаа эсэхийг шалгасан шинжилгээний №5162 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хөвөн дээр цус илэрсэн,
-2 ширхэг хөвөн дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна,
-Хар өнгийн хуванцар иштэй 20.5 см урттай хайчин дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. .../Биологийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
12. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
13. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Э.Э, түүний өмгөөлөгчийн хүсэлт (хавтаст хэргийн 122 дугаар хуудас), хохирогч Б.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас) “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 123-125 дугаар хуудас),
14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 115 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, өргөдлийн нэгдсэн санд Э.Э-ын гаргасан зөрчлийн талаарх бүртгэгдсэн мэдээлэл (хавтаст хэргийн 78-89 дүгээр хуудас) иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61-76 дугаар хуудас), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-аас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх шалгаж, хянан шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-г гэрт шүлсээ хаялаа гэх шалтгаанаар зүүн бугалга хэсэгт хайчаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шүүгдэгч Э.Э нь гэм буруугийн талаар маргахгүй тул тусгайлан саналгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... ... тоот гэртээ хамт архи ууж байсан иргэн Б.Б-г “миний гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар зүүн бугалга хэсэгт хайчаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст ирсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),
-Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Э Ц-тай утсаар ярьж байгаад бид хоёрыг такситай ирж авч, ...Э-ын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ... 14-196 тоотод байх гэрт очсон. ...Бид гурав хамт 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад нэлээн согтчихсон. Тэгээд юм ярьж байгаад Э нь гэнэт над руу уурлаад чи муу дандаа ингэж новширдог биз дээ гээд ширээн дээр байсан хар өнгийн иштэй хайчийг аваад үзүүрээр нь миний зүүн гарын булчин хэсэгт зүсчихсэн. Тэгээд бид хоёр муудалцаад байж байхад гэнэт цагдаа нар ирээд Ц.Э-ыг аваад явчихсан. ...Миний зүүн гарын булчингийн хэсэгт бага зэрэг зүсэгдсэн шарх учирсан өөр гэмтэл учраагүй уг гэмтлийг надад Э.Э хайчаар зүсэж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
-Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найз Э.Э-ыг хүрээд ирээч гэж утсаар дуудаад Б бид хоёрыг Э.Э нь машинтай ирээд өөрийн гэр лүүгээ авч явсан. ...Э, Б бид гурав 2 шил 0.75 литрийн ...архи хувааж уугаад ...согтсон. ...нэг мэдэхэд Э болон Б нар муудалцсан, Э Б-н зүүн гарын булчин хэсэгт хайчаар зүсээд гэмтээчихсэн цус нь гараад байж байсан. ... цусыг нь тогтоох санаатай ...хөвөн маарлаар арчиж цэвэрлээд, ...түргэн дуудаж боолгосон. ...Цагдаа нар ирээд Э-ыг эрүүлжүүлэхээр авч яваад Б.Б-г гэмтлийн эмнэлэг рүү бид авч явсан. ...Э-ын гэрт Б шүлсээ хаяад байсан тул Э Б-тай муудалцаж улмаар хайчаар зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
-Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад бэр дүү Д над руу залгаад эгчээ Э ах цагдаа нарт баригдаад явлаа гэж хэлсэн. ...юу болсон юм бэ гэж асуухад Э.Э нь хамт архи ууж байсан найзынхаа гарыг хайчаар зүсчихсэн байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
-Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 109 дүгээр хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10925 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас), Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.Б-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулах” шинжээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Э.Э-ын үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.
Тус гэмт хэрэг гарахад хохирогч Н.Б-н айлын гэрт шүлсээ хаясан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Э.Э-ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Харин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Надад эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 113 дугаар хуудас), энэ талаар хүсэлт бичгээр ирүүлсэн (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Э-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “Улсын яллагчийн ялын санал гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна. Шүүгдэгч Э.Э нь эх, хүүгийн хамт амьдардаг тул улсын яллагчийн саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч Э.Э эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 7.5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2.1 см, хар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсгийн нэг талд “stainless steel” гэсэн бичиглэлтэй нэг ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 7.5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2.1 см, хар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсгийн нэг талд “stainless steel” гэсэн бичиглэлтэй хайч ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА