| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0405/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 805
№ № 546 МА
зГАДЛАЛ
М.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Н.Уранбайгаль,
шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
иргэний хариуцагч “А Ө” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрдэмтэлэх,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ж-д холбогдох 1803002570167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М-ын Ж, 1976 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “А Ө” ХХК-д туслах борлуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ........тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ......../
М.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 43 дугаар гудамжинд “KIA Bongo” загварын, ....... улсын дугаартай автомашин жолоодон, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай, Б.С.ийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Ж.ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-ын Ж-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар М.Ж-аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-т олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн №184342 дугаартай М.Ж-ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгож, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, шүүгдэгч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч М.Ж нь хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй, “... Гарсан зардлыг өсгөж төлсөн, одоо та нарт төлөх төлбөргүй, 400.000 төгрөг өгөөд ...хохирол, гомдолгүй, гэсэн бичиг хийж өг” гэх зэргээр илт дээрэлхсэн байдалтай шүүх хуралд орсон. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан мэтээр аашилж байсан. Сүүлдээ хохирогч Б.С-ийн өмгөөлөгчид төлсөн зардлыг төлнө, хамт явж үзүүлж, оношлуулж гарах зардлыг төлөх тухай шүүхэд ойлголт өгч мэдүүлснээр, хохирогч тал хүүхдээ эмчлүүлэх нь гол асуудал гэж үзсэн тул гомдол гаргаагүй. Гэтэл шүүгдэгч М.Ж хэлсэн үгнээсээ буцаж, шүүх хуралдааны дараа хохирогч талыг доромжилсон байна.
М.Ж нь гэм хорын хохирол бүрэн барагдсан гэж эндүүрч, сургуульдаа явж байсан хүүхдийг машинаараа ухарч, дайрч гэмтээгээд, толиндоо харсаар байгаад урагшилж хохирогчийн дээгүүр дахин гарч түүнийг хүндээр гэмтээсэн нь санаатай, хүндэвтэр гэмтэл учруулсан, давхар зүйлчлэгдэхийг харуулж байна.
Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г судлан шинжлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болно.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго алдагдахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл 9 дүгээр ангийн сурагч Б.С нь эрүүл мэндээрээ удаан хугацаанд хохирогч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй байгаа. Гэтэл гэм буруутай этгээд ажил үүргээ гүйцэтгэж, цалингийнхаа тодорхой хувийг торгуульд төлж, хохирогч талаас уучлалт гуйж, гэм хороо арилгахын оронд тохуурхан доромжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу өөрчлөлт оруулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг М.Ж-д оногдуулж өгнө үү...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Ж-д их гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа 500.000 төгрөг нэхэж утсаар ярихад “ядаргаатай юм бэ, би тэр ялыг чинь авъя, 500.000 төгрөгийг чинь өгөх болоогүй, хэдэн сарын дараа өгнө” гэж намайг дарамталсан учраас давж заалдах гомдол гаргаж байна. Хувийн байдал их муухай, хүн дарамталсан байдалтай харьцдаг. Өнөөдрийг хүртэл миний хүүхдээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, ойлгохгүй байна...” гэв.
Шүүгдэгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч М.Ж-ы өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ж-ыг гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Хохиролд нийт 7.241.550 төгрөгийг төлж барагдуулсан. Баримттай нь 6.300.008 төгрөг төлсөн. Баримтгүй зардал болох хоол, эмч нарын гар цайлгах мөнгө, өөрөөс нь гарсан эмчилгээний зардал, төрсөн өдөр, бензин, эмнэлэгт хэвтүүлэх, таксины 933.550 төгрөг, нийт 7.241.550 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлсөн. Хохирогч тал 5.000.000 гаруй төгрөг төлсөн гэж маргадаг. Өмгөөлөгч Ж.Тэгшмандал “гэм буруугаа гэмшдэггүй” гэж байна. Гэм бурууг гэмшихийн тулд бусдыг хохироосон хохирлыг бүрэн гүйцэд барагдуулах ёстой гэж үзэж байна. Хохирогчоос уучлалт гуйгаагүй гэж байна. Энэ нь хувь хүний асуудал, хохирогчоос уучлалт гуйх нь зүйтэй. Торгох ял оногдуулсан нь буруу гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг торгууль, нийтэд тустай ажил хийлгэх ялтай. Үйлдсэн хэргийн хувьд анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирол, төлбөр төлж барагдуулсан, гэм буруугаа гэмшиж байна гэж шүүх дүгнэж, торгох ял оногдуулсан. Мөнгө нэхэмжилсэн баримт гаргаж байна. Энэ баримт нь ажил гүйцэтгэх гэрээний хувь байна. Мөнгө төлсөн баримт байх ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой байсан. Хичээл заалгасан 2.141.000 төгрөгийг “А Ө” ХХК-аас нэхэмжилнэ гэж байна. Үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээсэн. Мөн “ухарч дайрчихаад, дахин урагшаа явж дайрсан” гэж байна. Шүүгдэгч М.Ж тайлбартаа хэллээ. “А Ө” ХХК-ийн машин ардаа том чингэлэгтэй учир эгц ард нь байгаа зүйл харагддаггүй. Юм мөргөх шиг болоод урагшаа болсон гэж мэдүүлдэг. Түүнээс санаатайгаар дайрсан зүйл огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийг төлсөн баримтыг хавтас хэрэгт хавсаргахаар гаргаж өгч байна...” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайхаас хохирлын мөнгө гараагүй. Ж өөрөө төлсөн. Хохирогч нар манайхыг хариуцагчаар татаад нэхэмжлэл гаргавал манайх баримтын хэмжээнд төлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.
Прокурор Н.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дугаар зүйлийг зөрчин ухрах үйлдэл хийх явцдаа 15 настай Б.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ухрах үйлдэл хийж байгаа жолоочийн хувьд хэдий ардаа бүхээгтэй, ар тал нь харагдахгүй байгаа ч гэсэн замын нөхцөл, хязгаарлагдмал байдлыг харгалзан бусдын туслалцааг авах ёстой байсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос баримтаар 6.308.000 төгрөг, баримтгүй зардал нь 933.550 төгрөг гэж нэхэмжлэн хавтас хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч М.Ж-ы зүгээс нийт 7.240.550 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулахаар заасныг төлсөн байна. Цаашид хохирогчийн эмчилгээний болоод бусад зардлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг үндэслэн М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
М.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 43 дугаар гудамжинд “KIA Bongo” загварын, ..... улсын дугаартай автомашин жолоодон, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай, Б.С-ийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/, эд мөрийн баримтаар хураагдсан гудамжны камерийн бичлэг, насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчим хичээлдээ явж байх замдаа осолд орсон...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын “...тухайн өдөр осол болсон газар очиход манай хүү машины ард талд хэвтэж байсан... хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
гэрч Ж.Б-ийн “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө Жы хамт борлуулалт хийж явсан ба дэлгүүрт бараагаа өгчихөөд машиндаа суугаад 10 метр орчим газар хойшоо ухарч байхад хойд талд нэг юм мөргөх шиг болсон...Ж бид хоёр машинаас буугаад очиход нэг эрэгтэй хүүхэд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,
Б.С-ийн биед “зүүн дунд чөмөгний далд зөрөөтэй хугарал, зүүн эгэмний зөрөөтэй хугарал, зүүн шилбэний тахилзуур, шаант ясны доод хэсгийн өсөлтийн бүс дайрсан далд хугарал зүүн ташаа, хоёр өвдөг, баруун тохой, баруун ташаа, баруун шилбэ, баруун шагайд зулгаралт, бүсэлхийн баруун тал, хэвлий, баруун цавь, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл” учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4018 дугаартай дүгнэлт /хх-48/,
“...Шүүгдэгч М. Ж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөн” талаарх Замын цагдаагийн албаны 85 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-83-84/,
шүүгдэгч М.Ж-ы 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд Ба-ийн хамт бараагаа дэлгүүрт оруулж өгчихөөд машинаа асаагаад хоёр талынхаа толиндоо харахад ямар нэгэн хүн харагдахгүй байхаар нь хойшоогоо ухрах хөдөлгөөн хийгээд 6-7 орчим метр газар явж байхад хойд талаараа нэг зүйл мөргөх шиг болсон...очоод харахад нэг эрэгтэй хүүхэд доошоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-91-93/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ж-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хоёр цагаар тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ талаар гаргасан насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч М.Ж-ы үйлдэлд санаатай гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Ж.Тэгшмандалын “...Д.Ж нь сургуульдаа явж байсан хүүхдийг машинаараа ухарч, дайрч гэмтээгээд, толиндоо харсаар байж, урагшилж дахин дээгүүр нь гарч түүнийг гэмтээсэн нь санаатай үйлдэл...” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй гарчээ.
Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогчид учирсан гэмтлийн шалтгаан, шүүгдэгчийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчин авто осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу насанд хүрээгүй хохирогч Б.С-т гэрээр хичээл заалгасны төлбөр 2141000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа хэдий ч энэ нь гэрээ байгуулах түвшинд байгаа, хичээл заах багшид төлбөр төлсөн гэх баримт байхгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлын “ял хөнгөдсөн” гэснийг хүлээн авч, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч М.Жаргалсайхан нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-т 500.000 төгрөг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ы нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хоёр цагаар тогтоосугай.” гэж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч М.Ж нь шийтгэх тогтоолд заасан 500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-т төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Л.ДАРЬСҮРЭН