Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 598

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н Т” ХХК РД:,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдох,

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...хариуцагч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл манай компанийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт явуулж, маргаан бүхий 260011993 дугаар шийтгэлийн хуудсыг компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбогдуулан гаргасан. Уг шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа 2016 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүнүүдийг буруу тайлагнаж холбогдох хуулийг зөрчсөн гэж тайлбарлах атлаа маргаан бүхий актын үндэслэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг.

Иймд манай компани улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Тус актаар 16.579.337,80 төгрөгийн татвар, 4.973.801,40 төгрөгийн торгууль, 4.163.052 төгрөгийн алданги нийт 25.716.191,20 төгрөгийн шийтгэл ногдуулж зөрчил хянан шийдвэрлэсэн ажиллагаа явагдсан. Манай компани нь барилга угсралтын ажил, цахилгааны борлуулалт хийдэг үйл ажиллагаа бүхий компани юм. Манай компани олон барилгад туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг. Байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж тайлан тэнцлээ гаргасаар ирсэн.

2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу цахим систем бий болж худалдан авалт хийхдээ цахимаар худалдаж байгаа талынхаа мэдээллийг шалгах боломжтой болсон. “М Г Э И” ХХК, “Д” ХХК гэх 2 компаниас цахилгааны тоног төхөөрөмж бүхий барилгын материал худалдаж авсантай холбоотойгоор бидэнд шийтгэл ногдуулсан. Бид бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх үедээ НӨАТ-ын цахим системд тухайн компаниудын регистрийн дугааруудыг хийж шүүж үздэг. Иймээс цахим худалдан авалтын системд тус компани бүртгэлтэй байсан учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгч мөн гэж итгэсэн. Гэтэл дээрх компаниуд хуурамч падаан гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан гэдэг боловч, үүнийг нь бид мэдээгүй. Тэр хэрэгтэй холбоотойгоор прокурорын тогтоолыг үндэслэж манай компанид хяналт шалгалтыг хийсэн. Тухайн компаниудаас манайх худалдан авалт хийх үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээдүүд байсан. Иймээс бид худалдан авалтаа зохих ёсоор хийж захиалагч компанийнхаа барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

Иймээс татварын улсын байцаагч нарын гаргасан 260011993 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Бид Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 5412749 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчилгээтэй “Н Т” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10-3/827 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын удирдамжийн дагуу хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн. Бид 26180400253 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж тухайн ирүүлсэн материалд үндэслэж, “М Г Э И” ХХК, “Д” ХХК-иас худалдан авсан бараа материалтай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлийн хуудас бичсэн.

Уг шийтгэлийн хуудасны үндэслэл нь дээр нэр дурдсан 2 компанитай холбоотойгоор Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу уг ажиллагааг хийж, шалган шийдвэрлэсэн. Дээр дурдсан “М Гэрч Э И” ХХК, “Д” ХХК-иудын зүгээс 156 аж ахуйн нэгжид худалдан борлуулах ажил хийсэн. Тус компаниудыг шалгах явцад хуурамч худалдан борлуулалт хийсэн компаниудаа заан өгч бусад нь биш гэсэн учраас “М Г Э И” ХХК, “Д” ХХК-иудын худалдаа хийсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй, хуурамч борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг бидэнд илгээсний дагуу шалгасан. Уг шалгалтыг хийхэд тухайн компаниудаас “Н Т” ХХК худалдан авалт хийсэн байсан. Гомдол гаргагч компанийн төлөөлөгч нягтлан бодогчтой ярилцахад манайх тухайн компаниудаас худалдан авалт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Тухайн үед гурвалжин зах, зуун айл гудамжинд байрлах зах, 44-ийн захуудаас очиж бараа материал татдаг байсан.

Бид гомдол гаргагч “Н Т” компанийг хэрхэн худалдан авалт хийдэг байсан талаар тодруулахад, өөрсдөө очиж авдаг байсан гэж тайлбарладаг. Төлбөр тооцооны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байсан талаар “Н Т” ХХК-иас тодруулж асуухаар “өр ширтэй” гэх байдлаар хэлдэг.

Иймээс бид Зөрчлийн тухай хуулийн дагуу гаргасан актаа өөрчилж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн маргааны зүйлд хамаарах хуулиудад зохицуулж өгчээ.

Эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нарын оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргагч “Нойкрафт трейд” ХХК –ийн зүгээс хүчингүй болсон, мөрдөгдөхөө байсан хуулийн заалтыг үндэслэж шийтгэл оногдуулсан нь хууль бус байна хэмээн маргасан бол хариуцагч нарын зүгээс хэсэгчилсэн хяналт шалгалт явуулж, нэр бүхий компаниудтай хоорондоо гүйлгээ хийгээгүй байж, хуурамч тайлан гаргаж хууль зөрчсөн хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тэдний тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэв.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх /хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12/, холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох /хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2/, түүнчлэн зөрчил шалгах ажиллагааг дээрх хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх /6.6 дугаар зүйлийн 1.2/ зэргээр гүйцэтгэсэн болох нь 260011993 дугаартай  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал түүнд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэхдээ гомдлын шаардлагын үндэслэлийн хүрээнд, хууль тогтоогчоос 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтууд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг шийтгэлийн хуудсандаа буруу бичсэн, өөрөөр хэлбэл, дээрх хуулиудын шинэчилсэн найруулга батлагдан дагаж мөрдөгдсөнөөр хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэх боломжгүй болсон байхад үүнийг анхаарахгүйгээр хүчингүй болсон хуулийн заалтыг маргаан бүхий шийтгэлийн хуудастаа үндэслэсэн байна.

Гомдол гаргагч компанийг холбогдох хууль зөрчсөн гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь энэ байдлыг буюу хариуцагчийн үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Н Т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт болох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 260011993 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Н Т” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН