Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0291

 

Б.И, Ц.Ж, Ч.О, Б.Н, У.С

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Д.Д, Ц.Э, гуравдагч этгээд Д.Дын өмгөөлөгч Г.Б, Б.Ц, гуравдагч этгээд Ц.Эын өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ж.Чиймаа, гуравдагч этгээд Ц.Э, Д.Д, түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.И, Ц.Ж, Ч.О, Б.Н, У.С нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 03 дугаар сарын 15-ны өдрийн "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ц.Ж, С.Б, У.С нарыг "М т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож "М т" ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэлд бүртгэхийг даалгах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...2085933 регистрийн дугаартай, 9011080055 улсын бүртгэлийн дугаартай "М т" ХХК нь анх 1991 онд 13 гишүүнтэйгээр, Бүрэн бус хариуцлагатай компани" хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1996 онд 15 гишүүнтэйгээр, хэлбэрээ өөрчлөн "хязгаарлагдмал хариуцлагатай компани" болон анхны дүрмийг 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 04 тоот протоколоор баталсан байна. Улмаар 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас баталсан дүрэм болон холбогдох бичиг баримтаар компанийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компанийн дүрэмд 12 хувьцаа эзэмшигч, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 417070 мянган төгрөг, нэг бүр нь 4.485 мянган нэрлэсэн үнэ бүхий 93 ширхэг хувьцаатай байхаар тусгасан байна. Цаашилбал "М т" ХХК нь 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн албанд хандан бүртгэлээ хийлгэсэн боловч тухайн бүртгэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр хүчингүй болсон байна. Ингээд "М т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулж, 1/18 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг хувьцаа эзэмшигчид хүчин төгөлдөр гэж үздэг.

Мөн иргэн Ц.Э нь Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхүүдэд тус тус нэхэмжлэл гарган энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 550 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг тогтоолыг үндэслэн "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигчээр ""С л" /Эм Эс Би/ ХХК /5002923/-ийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байна.

Иргэн Д.Д, Б.Н нар нь Чингэлтэй дүүргийн шүүхэд ""С л" /Эм Эс Би/ ХХК, иргэн Ц.Э нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Уг асуудал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор шийдвэрлэгдэж, шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 310 тоот захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг ""С л"" /Эм Эс Би/ ХХК-иас гаргуулан иргэн Ц.Эад шилжүүлсэн бүртгэлийг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэр, түүнийг албадан гүйцэтгүүлэх 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5204 дүгээр шүүгчийн захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 тоот албан бичиг зэргийг үндэслэн ""М т"" ХХК-ийн иргэн Ц.Эын эзэмшдэг 19.98 хувийн иргэн Д.Дын нэр дээр 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн байна.

Иймд ""М т"" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь цаашид хоорондоо дахин маргаан гаргахгүй байх талаар нэг мөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ж.Чиймаа нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах гэжээ.

""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр шилжүүлэн бүртгэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 дугаартай албан бичиг, Ц.Эын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлт зэргийг үндэслэн бүртгэсэн байна.

Уг бүртгэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тэгээд ч дээрх бүртгэл нь дор дурдсан баримтаар 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эаас Д.Дын нэр дээр шилжин бүртгэгдсэн байна.

 2 дугаар шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах.

Улсын бүртгэлд 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг иргэн Д.Дд шилжүүлэн бүртгэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5204 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр 11.5.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Иймд ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага: Ц.Ж, Ж.О, У.С нарыг "М т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, "М т" ХХК-ийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах.

"М т" ХХК-ийн хувьцааг өв залгамжлалаар өвлөх эрхээ Ц.Ж, Ж.О, У.С нар хуулинд заасны дагуу баримтаа бүрдүүлэн, бүртгэлийн байгууллагад хандахад хууль эрх зүйн хувьд нээлттэй учир энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Д.Д, Б.Н бид Чингэлтэй дүүргийн шүүхэд хувьцаа худалдан авах давуу эрхтэй болохыг нэхэмжлэлийг гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн билээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "...нэхэмжлэгч Д.Д Б.Н нарыг "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож..." шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг ""М т"" ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм. Миний бие төлбөрийг бүрэн төлсөн байсан бөгөөд уг 19.98 хувийн хувьцаа хуулийн дагуу миний өмчлөлд шилжиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болно.

Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хувьцааг худалдах, худалдахдаа бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгож шилжүүлэх ажиллагаа хийгдэж байсан бөгөөд энэхүү ажиллагааг хуулийн дагуу хийх үүргийг Шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж байсан болно.

Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн дахин явуулж дуусгавар
болгосон тогтоол хүчин төгөлдөр, аль нэг талаас гомдол гаргаагүй билээ.

Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 19.98 хувийн хувьцааг миний өмчлөлд шилжсэн талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн болно.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар миний нэр дээр бүртгэгдсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд "...хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтан Э.Эрдэнэбилэг нь ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн бүртгэлийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэрийг шалгах ёстой байсан атал эрх шилжүүлж байгаа нь ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн ажиллагаанд баримтлах ...зарчмыг тус тус зөрчжээ." гэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу санал болгох, худалдан авах санал ирүүлсэн тохиолдолд хувьцааг шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдах талаар бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгосон, хувьцаа эзэмшигч нар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлсөн нь миний бие байсан болно.

Хувьцаа эзэмшигч худалдан авах давуу эрхийг эдлэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, "Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ." мөн зүйлийн 5.7."Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна." гэж заасан байдаг бөгөөд эрхээ хэрэгжүүлэхийн тулд хувьцаа худалдан авах талаар мэдэгдэх, улмаар хувьцааны төлбөрийг хийсэн баримтаа мэдэгдэл хавсаргах заалт байгаа юм.

""М т"" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хэн нь ч хувьцааг худалдан авах талаар мэдэгдэлдээ төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй бөгөөд аль нь ч төлбөр төлөөгүй болно,

Зөвхөн миний бие уг хувьцааны төлбөр болох 180.000 мянган ам долларыг шилжүүлсэн байсан билээ.

Тухайн хувьцаа эзэмшигч эрхээ эдлэхийн тулд төлбөр төлөх, уг төлбөр төлсөн баримтыг хувьцаа худалдан авах тухай мэдэгдэлд хавсаргах үүрэгтэй, хэрэв ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дахин санал болгох, мөн төлбөр төлөөгүй байхад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэх ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй юм.

Хуулийн дээрх зохицуулалт нэг удаа санал болгох зохицуулалт бөгөөд тухайн хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх бол мөн хуульд заасан шаардлагыг хангаж төлбөрөө хийж хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд хэрэв ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд давуу эрхээр худалдан авах боломжийг алдахаар зохицуулсан байдаг.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хийгдсэн бүртгэлд дээрх нэхэмжлэлд дурдагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр шаардлагагүй юм.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ц.Ж, У.С, Ч.О нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагын тухайд ямар хэмжээний хувьцаа эзэмших эрхтэй гэж шүүх даалгах талаар нарийвчлан нэхэмжлэлд тусгаагүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ""М т"" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Д.Дын ""М т"" компанийн 19.98 хувийн хувьцааг хууль зөрчиж, 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Э миний нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ""М т"" ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг Д.Дд хууль зөрчин шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ханджээ. Үүнийг гаргах болсон үндэслэл нь Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 655 дугаар магадлалаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хүчингүй болгосонтой холбоотой юм. Шийдвэр биелүүлэх ажиллагаа хүчингүй болсноор уг ажиллагааны дагуу явагдсан бүртгэл цуцлагдах үр дагаварт шууд хүргэж байгаа билээ. Гэтэл намайг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор бүртгэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 тоот тогтоолоор "Ц.Эыг "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг эцэслэн тогтоосон"-ыг үндэслэн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 тоот шийдвэр биелүүлэх ажиллагааг үндэслэлээ болгосон байдаг юм. Энэ нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нэг үндэслэл болох билээ.

2. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харвал Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Улмаар үндэслэлээ тайлбарлахдаа "хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь, хэмжээг өөрчлөх, худалдаж авах, хувь нийлүүлэгчид эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо болон гуравдагч этгээдэд худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэх зэрэг асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ" гэснийг ишлэл болгосон байна. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа ч үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн санааг илэрхийлжээ. Шилжилт хөдөлгөөнийг хувь нийлүүлэгчдийн 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ гэдгийг шүүхийн шийдвэр ч хамаагүй мэтээр ойлгож байгаа бололтой. Хэрэв тийм бол яах гэж шүүхэд хандаад байгаа юм бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Шүүхийг хүлээн зөвшөөрч л байгаа бол намайг хувьцаа эзэмшигчээр тогтоосон эцсийн шийдвэрийг эхлээд ишлээд байгаа хууль, дүрмийнхээ дагуу биелүүлэх хэрэгтэй болж байна. Энэ нь надад холбогдох зөрчлийг арилгах хууль, дүрмийн заалтаа мэддэг юм байна гэсэн баталгаа болох тул гаргасан нэхэмжлэлийг нь үндэслээд хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг шаардсан шаардлагаа Та бүхэнд тавих болно гэдгээ үүгээр мэдэгдье.

3. Энэхүү тайлбарыг бичсэн үндэслэлтэйгээ холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг өмгөөлөгчөөрөө уламжлан шүүхэд гаргаж өгөх болохыг анхаарна уу.

Иймд нэхэмжлэгч нарын надад холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Ц.Ж, С.Б, У.С нарыг Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ж.Чиймаа нар давж заалдах гомдолдоо: ...""М т"" ХХК-ийн:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

-Ц.Ж, Ж.О, У.С нарыг ""М т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, ""М т" ХХК-ийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хууль, журамд нийцсэн бүртгэл болно.

Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг харгалзан үзэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Ц.Ж, Ж.О, У.С нарыг ""М т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, ""М т" ХХК-ийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх нэр бүхий иргэдийн өв залгамжлал гэрчилгээний дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх тухай холбогдох баримтаа Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбарыг баримтлан дүгнэлт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэрийг бичгээр мэдэгдэх ёстой.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 145 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Э давж заалдах гомдолдоо: ...""М т"" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох ""М т"" компанийн 19.98%-ийн хувьцааг хууль зөрчиж Ц.Э миний нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах талаар нэр бүхий хувьцаа эзэмшигч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 тоот А.Насандэлгэр шүүгчийн шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй эрс эсэргүүцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны 675 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 тоот тогтоолоор ""М т"" XX компанийн 19.98%-ийн хувьцааг Ц.Э надад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Эдгээр шийдвэр, магадлал, тогтоолууд нь хуулийн хүчинтэй байгаа бөгөөд эдгээрийг Захиргааны анхан шатны шүүх үл харгалзан Улсын бүртгэлийн ерөнхий газарт ""М т"" XX компанийн 19.98%-ийн хувьцааг Ц.Э миний нэр дээр бүртгэсэн бүртгэлийг бусад хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэл хүсэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Ц.Э миний нэр дээр ""М т"" компанийн 19.98%-ийн хувьцааг бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 тоот өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Д давж заалдах гомдолдоо: ...Д.Д миний бие Б.И, Ц.Ж, Ч.О, Б.Н, У.С нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 145 тоот шийдвэрийг үл зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Хэргийн талаар

Миний бие Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тус хувьцааг 180.000 /нэг зуун наян мянган/ ам доллароор худалдан авсан билээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "...нэхэмжлэгч Д.Д Б.Н нарыг ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож..." шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг ""М т"" ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм.

Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчин төгөлдөр байгаа болно. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байна.

Хоёр: Гомдлын хууль зүйн үндэслэлийн талаар

1. Шийдвэрт "...""М т"" ХХК-ийн дүрмийн 3.3-д хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдаж авах, эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо шилжүүлэх, асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ гэж зохицуулжээ. Тодруулбал иргэн Д.Д компанийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан тул түүний нэр дээрх бүртгэлийг сэргээхийг хүссэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5204 дүгээр шүүгчийн захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг хангаж байгаа гэж дүгнэн бүртгэсэн хариуцагчийн бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ...3.1.4-т "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх" гэсэнтэй нийцээгүй байна. .." гэжээ.

1.1 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "...нэхэмжлэгч Д.Д Б.Н нарыг "Монголтрэнс" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож..." шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг ""М т"" ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм.

Миний бие төлбөрийг бүрэн төлсөн байсан бөгөөд уг 19.98 хувийн хувьцаа хуулийн дагуу миний өмчлөлд шилжиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Гэтэл анхан шатны шүүх хувьцааг худалдах шилжүүлэх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэрлэх гэсэн компанийн дүрмийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Бусдад худалдагдсан, ийнхүү худалдахдаа бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгож шилжүүлэх ажиллагаа хийгдэж байсан бөгөөд энэхүү ажиллагааг хуулийн дагуу хийх үүргийг шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж байсан болно.

Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн дахин явуулж дуусгавар болгосон тогтоол хүчин төгөлдөр, аль нэг талаас гомдол гаргаагүй билээ.

Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 19.98 хувийн хувьцааг миний өмчлөлд шилжсэн нөхцөл байдлыг огт анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1.2 Захиргааны хэргийн шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх талаарх нөхцөл байдлыг үнэлж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд уг бүртгэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хийгдсэн, уг бүртгэлийг хийхгүй байх хууль зүйн боломж, эрх хэмжээ Улсын бүртгэлийн байгууллагад байхгүй юм.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1,-д "Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ." гэж заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хууль уг бүртгэл хууль ёсны дагуу бүртгэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

Энэхүү Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

2. Шийдвэрт "...Өөрөөр хэлбэл Д.Дын компанийн 19.98 хувийн хувьцаа өмчлөх эрх нь Компанийн тухай хууль, ""М т"" компанийн дүрэмд зааснаар баталгаажаагүй байхад түүнийг хувьцаа эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна " гэжээ.

Анхан шатны шүүх шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа, уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэдгийг огт анхаарч үзэлгүй дээрх дүгнэлтийг хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т "...нэхэмжлэгч Д.Д Б.Н нарыг ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож..." шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу давуу эрхийг эдлүүлэх асуудал дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувьцаа эзэмшигч нарт 19.98 хувийн хувьцааг худалдан авах боломжтой талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдэлд хувьцаа худалдах үнэ, хувьцааны үнийг төлөх хугацаа зэргийг заасан болно.

Энэхүү мэдэгдэлд заасан хугацаанд аль нэг хувьцаа эзэмшигч нь төлөөгүй тул Д.Д миний бие хувьцааг хүлээн авсан зэрэг нөхцөл байдал хангалттай нотлогдож байгаа юм.

Хувьцаа эзэмшигч нар болон тухайн хувьцаа зарж байгаа хувьцаа эзэмшигчид өмнө нь хуульд заасан журмыг зөрчиж давуу эрхийг эдлүүлэхгүйгээр хувьцааг худалдан борлуулсантай холбогдон шүүхийн шийдвэр гарсан, уг шүүхийн шийдвэр дээр үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь үгүйсгэн хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх асуудлыг Шүүхийн гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн" гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан явуулдаг бөгөөд хувьцаа эзэмшигч эсхүл, компанийн хувь нийлүүлэгчид хариуцан явуулах үндэслэлгүй билээ.

Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр явагдах ажиллагааг хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлэгч нар хэрэгжүүлэх ёстой мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд дуусгавар болсон 2 шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үр дагавартай байгаа юм.

Нэгэнт дуусгвар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж, улмаар хүчингүй болгох үр дагавар бүхий шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Жич: Миний бие өөрийн өмгөөлөгч Б.Цийн хамт давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж хуралд оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье. гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Дын өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: ...1. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ""М т"" ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг Иргэн Д. Дэлгэрбалд шилжүүлэн бүртгэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5204 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.5- д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Энэ нь хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн ажиллагаа юм. Өөрөө хэлбэл нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр 2, магадлал 1, хяналтын шатны шүүхийн тогтоол 1, шүүгчийн захирамж 2, гүйцэтгэх хуудас 2, эдгээрийг гүйцэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг тус тус байхад үндэслэлгүйгээр захиргааны хэрэг үүсгэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, мөн зүйлийн 34 .1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэснийг ноцтой зөрчсөн байна.

2. Энэ талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний өгсөн тайлбар, дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй, үндэслэх хэсэгт үнэлж дүгнээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.4-ийг зөрчсөн байна.

З. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхийн шийдвэрийг зөвтгөн дахин гүйцэтгэхдээ ямар нэг хууль зөрчөөгүй байна. Энэ нь уг ажиллагаанд хуульд заасан хугацаанд ямар нэг гомдол гаргаагүй байгаагаар нотлогддог.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шийдвэр гүйцэтгэгч дараах бүрэн эрх эдэлнэ, мөн зүйлийн 133.1.1-д гүйцэтгэх бичиг баримтыг бүрэн гүйцэтгэх гэж заасан нь хувьцааг худалдах байдлаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа бол түүний үнийг төлж, худалдан авч байгаа талыг уг хувьцааг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй болгоно гэсэн ойлголт гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд өөрчлөлт хийж байгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өөрчлөлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11 5.5-д зааснаар хийгдэж байгаа хууль ёсны өөрчлөлт юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу хийж байгаа өөрчлөлтийг бүртгэхэд компаний тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бичиг баримтыг бүрдүүлэхгүй гэж үзэж байна. Учир нь: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх акт бөгөөд түүнийг биелүүлэх буюу биелүүлсэн ажиллагааг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх, хянах, зөвшөөрөх хуулийн заалт байхгүй, байх ч ёсгүй.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль ёсны ажиллагааг үгүйсгэж, "Иргэн Д.Д компанийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан ...", "... Д.Дын компанийн 19,98 хувийн хувьцааг өмчлөх эрх компанийн тухай хууль, "М т" ХХК-ийн дүрэмд зааснаар баталгаажаагүй байхад түүнийг хувьцаа эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хууль зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүх тус маргааны оролцогчид 2010 оноос өнөөг хүртэл захиргааны болон иргэний хэргийн шүүхүүдэд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гарган тасралтгүй үргэлжилж ирсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үйл баримт байхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-д заасныг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2014 оны 2 дугаар сарын 14-ны өдөр иргэн Д.Дын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн "М т" ХХК-ийн 19,98 хувийн хувьцааны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2013 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 1/1290024 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэж, түүний дагуу түдгэлзүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж дуусгаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1/10946 тоот албан бичгээр энэ тухай мэдэгдэж бүртгэлийг сэргээсэн байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ""М т"" ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/4146 тоот албан бичгээр мэдэгдсэний дээр 2014 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 95 тоот тогтоол гаргаж, "М т" ХХК-ийн захирал Б.Нд мэдэгдсэн ба Б.Н 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 001/67 тоот албан бичгээр төлөөлөн удирдах зөвлөлдөө мэдэгдсэн байдаг. ""М т"" ХХК нь хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлаараа иргэн Д.Дын нэр дээр шилжүүлсэн 19,98 хувийн хувьцааны талаар хэлэлцэж, уг хувьцааг өөрсддөө тэгшитгэн хуваарилж байсан зэрэг нотлох баримтуудаар тус 19,98 хувийн хувьцаа Д.Дын нэр дээр шилжиж бүртгэгдсэнийг мэдэж байсан нь нотлогддог. Ийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээрх өдрөөс эхлэн тоолох ёстой.

Нөгөө талаар иргэний хэргийн журмаар маргах нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Үүнийг нэхэмжлэгч нар иргэний хэргийн маргаан шийдвэрлэгдээгүй /хяналтын шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоол гараагүй/ байхад буюу 2015 оны 05 дугаар сарын 29, 2015 оны 06 дугаар сарын 18-нд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг хүлээж авсан явдал ч давхар нотолж байна.

Шүүх хөөн хэлэлцэх хугацаа сэргээгдсэн эсэхийг авч үзэхгүйгээр уг нэхэмжлэлийг хүлээн авсан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, мөн зүйлийн 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.И, Ц.Ж, Ч.О, Б.Н, У.С нараас 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 03 дугаар сарын 15-ны өдрийн "М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, 2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ""М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3. Ц.Ж, С.Б, У.С нарыг Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Монгол транс ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх Ц.Э болон Д.Д нарын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

1. 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ""М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн энэхүү шаардлагад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь хувьцаа эзэмшигч Д.Д, Б.Н нарын нэхэмжлэлээр Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг баримтлан 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Монгол транс ХХК-ийн хувьцааг иргэн Д.Дын нэр дээр шилжүүлснийг хууль бус гэж маргасан хувьцаа эзэмшигч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, У.С нарын нэхэмжлэлээр Нийслэлийн шүүхийн 2013 оны 655 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2013 оны 545 дугаар тогтоолоор 19.98 хувийн хувьцааг Д.Дд худалдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Д.Д, түүний өмгөөлөгч нараас хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хуульд нийцүүлэн явуулахдаа Монгол транс ХХК-ийн бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэн санал болгож, шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир хувьцааг миний өмчлөлд хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул бүртгэл үнэн зөв явагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Д.Д нь бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохоос бусад хувьцаа эзэмшигчдээс илүү давуу эрхтэй бус юм. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хаасан тухай баримт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэн хувьцааны эзэмших хувь, хэмжээний талаар ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдсаны дараа хийгдсэн 2014 он эсхүл 2015 онд дахин бүртгэсэн ямар нэгэн бүртгэлийг хүчингүй болгох бус харин 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах эсэх маргааныг шийдвэрлэж байгаа болно. Нэгэнт нэхэмжлэгч талаас 2013 оны бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргасан тул уг бүртгэлийн үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгааг харгалзан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ""М т"" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл өнөөдрийн байдлаар Ц.Эын нэр дээр ямар нэгэн хувьцаа бүртгэлгүй байгаа болох нь тогтоогджээ. Гэхдээ нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ""М т" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэгдэхээс өмнө уг хувьцаа Ц.Эын нэр дээр бүртгэлтэй байжээ. Д.Дын нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд өмнөх бүртгэл болох Ц.Эын нэр дээрх 19.98 хувийн хувьцааны бүртгэл сэргэх боломжтой байна.

Нөгөө талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 586 дугаар тогтоолоор Ц.Э Эм Эс Би ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд ингэснээр гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж /өөрөөр хэлбэл хувьцаа У.Энхбатад шилжих/ өгөх ёстой.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүх Ц.Эын нэр дээр одоогоор ямар нэгэн бүртгэл үгүй боловч 2012 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Эын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ц.Э Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс давуу эрхээр худалдан авч эзэмших эрх Компанийн тухай хууль, Монгол транс ХХК-ийн дүрмээр олгогдоогүй болох талаар зөв дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Э нь ямар ч төлбөр төлөхгүйгээр Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоор байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

3. Ц.Ж, С.Б, У.С нарыг Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосныг бүртгэхийг даалгах шаардлагын тухайд: Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд хариуцагчийн эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй нь хууль бус байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгч талаас үндэслэн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүлээн авах цонхноос удаа дараа буцааж шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байсан гэж, хариуцагч талаас Ц.Ж, Ж.О, У.С нар хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн, бүртгэлийн байгууллагад хандахад хууль эрх зүйн хувьд нээлттэй учир энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй тус тус тайлбарлаж, маргаж байна.

Нэхэмжлэгч хүлээн авах цонхноос хүсэлтийг буцааж байсан гэж дурдсан боловч түүнийг нотлох баримт үгүй байна. Түүнчлэн шүүх нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад ч бас хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг нотолсон баримт тогтоогдоогүй байна. Гэтэл шүүх дан ганц нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Ц.Ж, С.Б, У.С нарыг Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэснийг ...Ц.Ж, С.Б, У.С нарыг Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нарын давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР