Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Б.Цэцэгмаа;

хохирогч: Ц.Эрдэнэ;

хэлмэрч, орчуулагч: А.Баасанжав, И.Болормаа;

шүүгдэгч: Х.Олзбаяр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Хандсүрэнгийн Олзбаярт холбогдох эрүүгийн 201625020363 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

             Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух хаяггүй, хэлгүй, дүлий, урьд:

             Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

             Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

             Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, УТ94100110 регистерийн дугаартай, Чонос овогт Хандсүрэнгийн Олзбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Олзбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн гадаад оюутны байрны 312 тоот өрөөний хаалгаар сэм нэвтрэн орж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн З.Гэгэрийн өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Ай-фоне 4 эс” маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан 2016 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Сэлбэ Плаза”-ийн 305 тоот өрөөний хаалгыг эвдлэн нэвтрэн орж, иргэн Ж.Хишигбаярын өмчлөлийн “Тошиба” загварын зөөврийн компьютер, иргэн Г.Алтаншагайн өмчлөлийн “Сони Ай 3” загварын зөөврийн компьютер, “Сони Ваио” загварын зөөврийн компьютер, иргэн Ц.Эрдэнийн өмчлөлийн “Тошиба Денабүүк” загварын зөөврийн компьютер, “Канон” загварын зургийн аппаратын цэнэглэгч, “Татонка” загварын зөөврийн компьютерийн цүнх, “Сейко” загварын бугуйн цаг, арьсан түрийвч, “Самсунг Галагси Жи 1” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас бусдад 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Евро-Ази” дээд сургуулийн хичээлийн байрны 306 тоот өрөөнд сэм нэвтрэн орж иргэн Б.Энхтуяагийн өмчлөлийн “Тошиба” загварын зөөврийн компьютер, 2 гигабайтын хэмжээтэй флаш диск, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлсны улмаас 612.500 төгрөгийн хохирол учруулсан,

давтан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл Эрдэм” дээд сургуулийн 303 тоот өрөөний хаалгаар сэм нэвтрэн орж иргэн Г.Мөнхсаруулын өмчлөлийн “Асус” маркийн зөөврийн компьютер хулгайлсны улмаас 830.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 5.262.500 /таван сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Олзбаяр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоригдож байхдаа хохирогч нараас уучлалт гуйхыг хүсэж байсан бөгөөд өөрийн гэм бурууг ухамсарлаж ойлгосон. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэхдээ нэмж мэдүүлэх зүйл байна. 2016 оны 03 дугаар сарын 08-ны орой компьютер, аппарат, гар утас, түрийвч, зай зэргийг гар чийдэн тусгаж байгаад авсан. Ямар сургууль, ямар барилга байсан эсэхийг мэдэхгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хаалгыг нь онгойлгоход хятад хүн хоол хийх гээд гараад явахаар нь онгорхой өрөөнд орсон. Жижүүр намайг анзаараагүй. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэг дээд сургуулийн дотуур байрны хаалга онгорхой байхаар нь ороод дээшээ гарахад хүн байхгүй байсан. Би ил байсан нөүтбүүкийг авч “00”-д ороод цүнхийг нь орхиод нөүтбүүкийг аваад явсан. 2016 оны 03 дугаар сарын 14-нд харанхуй биш гэгээтэй, хичээл орж байсан. Багш нь хаалгаа цоожлолгүй гараад явсан хойгуур нь цүнхийг нь авсан. Нөүтбүүкийг ломбарданд 130.000 төгрөгөөр тавьсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ажлаа тараад гарч байхдаа үүдэнд Х.Олзбаяртай таарсан. “Ямар учиртай хүн бэ” гэхэд хажуугаар зөрөөд орсон. Тэгээд би гэртээ харьсан. Гэтэл маргааш өглөөний 08 цагт хулгай орсон талаар манай ажилтан Алтаншагай хэлсэн. Намайг очиход цагдаа дуудсан байсан. 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаагчтай холбогдоход “хэрэг илэрсэн, Х.Олзбаяр баригдсан” гэж хэлсэн. Миний “Татонка”-ийн цүнх, “Тошиба” брэндийн Ай-7 нөүтбүүк, “Сейко” брэндийн бугуйн цаг, арьсан түрийвч, бичиг баримтууд, зургийн аппаратны цэнэглэгч, мөн манай ажилтан Хишигбаярын 1 нөүтбүүк, Алтаншагайгийн  2 нөүтбүүк алдагдсан. Үнэлгээгээр 3.520.000 төгрөг гэж гарсан байсан. Тухайн компьютер дээр 7 улсаар явж хүндэтгэлийн асуудлаар судалгаа хийсэн 200 гигабайт зураг, видео хадгалсан байсан. Энэ бүгд байхгүй болсонд гомдолтой байна. Мөн манай ажилчдын компьютер дээр манай байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд явуулсан сургалтын бүх материалууд байсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Манай байгууллагаас 4 ширхэг нөүтбүүк алдагдсан бөгөөд нэг нөүтбүүк нь эвдсэн байсан. Уг эвдэрхий нөүтбүүк Х.Олзбаярын төрөл, садангийн айлаас олдсон хэрнээ бусад 3 нөүтбүүк нь олдоогүй. Тийм учраас гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17, 57-62/, “Си Ди”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23/, хохирогч З.Гэгэри /хх-ийн 37/, Э.Хишигбаяр /хх-ийн 86-87/, Г.Алтаншагай /хх-ийн 88-89/, Ц.Эрдэнэ /хх-ийн 90-93/, Б.Энхтуяа /хх-ийн 118-120/, Г.Мөнхсаруул /хх-ийн 106-107/, гэрч Н.Ганболд /хх-ийн 43/, С.Батсүх /хх-ийн 94/, М.Оюунгэрэл /хх-ийн 95/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32, 80-83, 105, 117 /, Эрүүгийн төлөөлөгч Ө.Мишээлийн илтгэх хуудас /хх-ийн 76/, Х.Олзбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 157/, Х.Олзбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Олзбаяр нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч  буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн гадаад оюутны байрны 312 тоот өрөөнөөс хохирогч З.Гэгэрийн “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Ай-фоне 4 эс ” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 300.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Сэлбэ Плаза” төвийн 305 тоот өрөөнөөс хохирогч Ж.Хишигбаярын “Тошиба” маркийн зөөврийн компьютер, хохирогч Г.Алтаншагайгийн “Сони Ай-3” маркийн зөөврийн компьютер, “Сони ваио” маркийн зөөврийн компьютер, хохирогч Ц.Эрдэнийн “Тошиба Денабүүк” маркийн зөөврийн компьютер, “Канон” маркийн зургийн аппаратны цэнэглэгч, “Татонка” загварын зөөврийн компьютерийн цүнх, “Сейко” загварын бугуйн цаг, арьсан түрийвч, “Самсунг Галакси Жи-1” маркийн гар утас зэргийг хулгайлж бусдад 3.520.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Евро-Ази” дээд сургуулийн хичээлийн байрны 306 тоот өрөөнөөс хохирогч Б.Энхтуяагийн “Тошиба” маркийн зөөврийн компьютер, 2 гигабайтын багтаамжтай флаш диск, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж 612.500 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Соёл Эрдэм” дээд сургуулийн 303 тоот өрөөнөөс хохирогч  Г.Мөнхсаруулын “Асус” маркийн зөөврийн компьютер хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 5.262.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Гэгэрийн мэдүүлсэн /хх-ийн 39/: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр амралтын өдөр байсан учир би гал тогооны өрөөнд хоол хийж байгаад 16 цаг 30 минутын орчим өрөөндөө орсон. Гэтэл өрөөнд байсан “Самсунг” маркийн нөүтбүүк, “I Рhonе 4 s” маркийн цагаан өнгийн гар утас, бага зэрэг бэлэн мөнгө байсан нь хулгайд алдагдсан байсан. Сургуулийн байрны харуулд хулгай орсон талаар хэлээд, менежерт утсаар мэдэгдэж мөн цагдаа дуудсан. Би тухайн үед хоол хийхдээ өөрийнхөө хаалгыг түгжээгүй онгорхой орхисон байсан. Манай өрөөнд танихгүй хүн гаднаас орж ирээд хулгай хийсэн байсан. Үг ярьдаггүй эмэгтэй хүн байсан. Тэр хүнтэй би тогоогоо бариад гал тогоо руу явж байхад шатан дээр тааралдсан. Европ царайтай хүнийг заагаад “энэ хүнийг хайж байна” гээд байх шиг байсан. Минийхээр хэлгүй хүн байх гэж бодож байна. Би тэр эмэгтэйг хулгай хйисэн гэдгийг сургуулийн камерийн бичлэг хараад мэдсэн…” гэх мэдүүлэг,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-ийн 11-17/,

“Си Ди”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зураг /хх-ийн 19-23/,

эд зүлийн үнэлгээ /хх-ийн 32/,

 

гэрч Н.Ганболдын мэдүүлсэн /хх-ийн 40/: “... Би Монгол Улсын Их Сургуулийн гадаад оюутны 4 дүгээр байрны харуул ажилтай хүн юм. 2016 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд ээлжийн гараатай байсан. Тухайн өдрийн оройн 18 цаг 25 минутын үед манай үйлчлэгч Чинбаяр “гадны хүн яваад байна” гэж хэлтэл яг тэр үед урд талын шатаар ягаан өнгийн үүргэвч үүрсэн, бараан өнгийн хүзүүний ороолтоор хүзүүгээ ороосон, саравчтай малгай духдуулаад тавьсан, намхан нуруутай, 25 орчим насны эмэгтэй буугаад ирэхээр нь “юу хийж явж байгаа юм бэ, хаагуур орсон бэ” гэхэд юу ч дуугараагүй, гараараа дохиод байсан. Хэлгүй хүн шиг харагдсан. Би “гар, гар” гээд дохисон чинь гараад явсан. 18 цаг 30 минутын үед Өвөр Монгол оюутан Гэгэри “миний нөүтбүүк, гар утас, мөнгө байхгүй байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь сургуулийн оюутны байрны менежер Бурмаад хэлээд цагдаа дуудуулсан. ... Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд оюутан охиноос тайлбар мэдүүлэг аваад явсан. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байран дээр очиж төвөөс нь хяналтын камерийг шүүлгэхэд надтай тааралдсан хэлгүй, ягаан үүргэвчтэй охин хохирогч оюутан Гэгэригийн өрөө рүү орж байгаа бичлэг байсан…” гэх мэдүүлэг,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Хишигбаярын мэдүүлсэн /хх-ийн 86/: “... Миний бие 2016 оны 03 дугаар сарын 08-ны оройн 23 цаг 30 минут хүртэл Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Сэлбэ Плаза”-ийн 3 давхарт байрлах 305 тоот өрөөнд нөхөр Эрдэнэ, найз Алтаншагай нарын хамтаар байж байгаад өрөөнийхөө хаалгыг цоожлоод, лацдаад гэртээ харьсан юм. Маргааш өглөө буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний 10 цагийн үед Алтаншагай Эрдэнэ, бид хоёр руу утсаар яриад “ажлын газарт хулгай орж, эд зүйлс алдагдсан байна” гэж хэлсний дагуу ажлын газартаа очиход миний “Тошиба” маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер байхгүй байсан…” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Алтаншагайгийн мэдүүлсэн /хх-ийн 88-89/: “... Ажлын өрөөнөөс миний “Sony vaio” маркийн улбар шар өнгийн Ай-5 үзүүлэлтэй зөөврийн компьютер 1 ширхэг, ягаан өнгийн “Sony” маркийн Ай-3 үзүүлэлтэй зөөврийн компьютер 1 ширхэг, нийт 2 ширхэг нөүтбүүк алдагдсан…” гэх мэдүүлэг,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Эрдэнийн мэдүүлсэн /хх-ийн 90-91/: “... Ажлын газрын өрөөнөөс миний “Тошиба денебүүк” маркийн Ай-7 үйлдлийн системийн үзүүлэлтэй, цагаан өнгөтэй зөөврийн компьютер, “Татонка” брендийн хар өнгийн үүргэвч /нөүтбүүкийн цүнх/, дотор нь хар өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, “Канон” маркийн зургийн аппаратны цэнэглэгч, “Сейко” брендийн бугуйн цаг, “Самсунг Галакси Жи-1” маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан…” гэх мэдүүлэг,

 хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 80-83, 181/,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Мишээлийн бичсэн илтгэх хуудас /хх-ийн 76/:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхсаруулын мэдүүлсэн /хх-ийн 107/: “... Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ангидаа буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Соёл Эрдэм” дээд сургуулийн 3 дугаар давхарт 303 тоот өөрөөнд  хичээл хийж байгаад 15 цаг өнгөрч байхад өөрийн цүнхтэй нөүтбүүкээ орхиж гарсан. Тэгээд 16 цагийн үед буцаад ирэхэд миний нөүтбүүк алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 105/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Энхтуяагийн мэдүүлсэн /хх-ийн 118-120/: “... 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ өглөө 08 цагт ирээд ангидаа хичээлээ заачихаад бага ангийн 306 тоот өрөөнд өөрийн “Тошиба” маркийн 14 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютероо үлдээчихээд 4 давхарт хичээл орох ангируугаа явсан. Эргээд ирэхэд миний компьютер байхгүй болсон байсан…” гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 117/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17, 57-62/, “Си Ди”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23/, Х.Олзбаярын үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 186/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар Х.Олзбаярын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Х.Олзбаяр нь шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов .

Хэдийгээр шүүгдэгч Х.Олзбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч  тэрээр урьд хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Алтаншагайгийн хулгайд алдсан ягаан өнгийн гадартай “Sony” гэсэн бичигтэй зөөврийн компьютерийг шүүгдэгч Х.Олзбаяраас хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцжээ.

 

Иймд дээрх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн зөөврийн компьютерийг хохирогч Г.Алтаншагайд буцаан олгож, шүүгдэгч Х.Олзбаярын хохирогч Г.Алтаншагайд нөхөн төлөх хохирлоос 300.000 төгрөгийг хасч тооцов.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох бүгд 4.962.500 төгрөгийг шүүгдэгч Х.Олзбаяраас гаргуулж, үүнээс хохирогч З.Гэгэрид 300.000 төгрөг, хохирогч Ц.Эрдэнэд 2.050.0000 төгрөг, хохирогч Г.Алтаншагайд 320.000 төгрөг, хохирогч Ж.Хишигбаярт 850.000 төгрөг, хохирогч Г.Мөнхсаруулд 830.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 612.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн “Дреам” гэсэн бичигтэй, саравчтай, битүү чихтэй малгай 1 ширхэг, хоолойвч 1 ширхэг, 2 мөртэй хар ногоон өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шүүгдэгч Х.Олзбаярт, ягаан өнгийн гадартай “Sony” гэсэн бичигтэй зөөврийн компьютер 1 ширхэгийг хохирогч Г.Алтаншагайд тус тус олгож,  хяналтын камерийн бичлэгтэй 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Хандсүрэнгийн Олзбаярыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Олзбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Олзбаярын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Олзбаяр 129 /нэг зуун хорин ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Олзбаяраас нийт 4.962.500 төгрөгийг гаргуулж, үүнээс  хохирогч З.Гэгэрид 300.000 төгрөг, хохирогч Ц.Эрдэнэд 2.050.0000 төгрөг, хохирогч Г.Алтаншагайд 320.000 төгрөг, хохирогч Ж.Хишигбаярт 850.000 төгрөг, хохирогч Г.Мөнхсаруулд 830.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 612.500 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн “Дреам” гэсэн бичигтэй саравчтай битүү чихтэй малгай 1 ширхэг, хоолойвч 1 ширхэг, 2 мөртэй хар ногоон өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шүүгдэгч Х.Олзбаярт, ягаан өнгийн гадартай “Sony” гэсэн бичигтэй зөөврийн компьютер 1 ширхэгийг хохирогч Г.Алтаншагайд тус тус олгож, хяналтын камерийн бичлэгтэй 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Олзбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Олзбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ