Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бямбадэлгэр, О.Бямба-Очир нарын

 нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00960 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Бямбадэлгэр, О.Бямба-Очир нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тайкун” ХХК-д холбогдох

10 924 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бямба-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Тайкун” ХХК-ийн авто ломбарданд өөрийн өмчлөлийн 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг 6 хувийн хүүтэйгээр, нэг сарын хугацаатай, 6 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, фидуцийн гэрээгээр уг машинаа “Тайкун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зээл авсан бөгөөд машинаа өөрөө эзэмшихээр харилцан тохиролцсон байна.

О.Бямба-Очир нь Зээлийн гэрээний хүүг 2016 оны 03 дугаар сарыг хүртэл төлж, гэрээг сунгаж байгаад үндсэн төлбөрөө төлөх боломжтой болоход “Тайкун” ХХК 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 7 986 000 төгрөгийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргаагүй байдаг. Гэвч шүүхийн шатанд зохигчид 6 576 000 төгрөгт эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

О.Бямбадэлгэр нь тухайн маргаанд анх хариуцагчаар татагдсан О.Бямба-Очирын төрсөн ах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир шүүх хариуцагчийг сольж 2016 оны 06 дугаар сарын 06-ны дотор 6 576 000 төгрөгийг төлөх тухай захирамждаа тусгасан байна. Гэтэл О.Бямбадэлгэр нь тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй тул 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг зарж төлбөрөө төлж барагдуулахаар зар тавьсан байсныг “Тайкун” ХХК олж мэдээд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр машиныг нь худалдан авах гэж байгаа болж хуурч мэхлэн аваад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бусдад зарсан байна. Тухайн үед О.Бямбадэлгэрт мөнгөний боломж гарч 6 576 000 төгрөгийг өгч машинаа авахаар очиход нь “Тайкун” ХХК нь үндэслэлгүйгээр 12 000 000 төгрөг нэхэж дарамтлан, машиныг өгөөгүй байдаг. “Тайкун” ХХК нь 6 576 000 төгрөгийн шаардлагыг хангасан шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үл хэрэгсэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгүйгээр дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж, хохирол учруулчихаад машины зөрүү мөнгийг өгөхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашины зах зээлийн үнэлгээ болох 17 500 000 төгрөгөөс 6 576 000 төгрөгийн төлбөрийг хасч зөрүү мөнгө болох 10 924 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмаржав, Б.Энхжаргал шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч О.Бямба-Очир нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс машин барьцаалж, 6 000 000 төгрөг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай машинаа унаад явах, эргэн төлөлтөөр үндсэн зээлээс хасагдах нөхцөлтэй зээл авч зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан билээ.

Гэвч зээлдэгч О.Бямба-Очир нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй, барьцааны хөрөнгө болох уг автомашиныг хууль бусаар хил давуулан Казакстан улс руу гаргаж зээлийн гэрээгээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч О.Бямба-Очиртой холбоо барих гэсэн боловч бүх утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд түүний ах О.Бямбадэлгэртэй нь ярихад тиймээ бид нар тэр машиныг Казакстан улс руу гаргачихсан зарах гэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дараа манай байгууллага 2015 оны 03 дугаар сарын 30-нд өмгөөлөгч хөлсөлж 7 986 000 төгрөг зээлдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч О.Бямба-Очирын ах О.Бямбадэлгэр нь манай өмгөөлөгчтэй ирж уулзаад зээлийн барьцаа хөрөнгө болох уг машиныг хууль бусаар хил давуулсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан.

Иргэн О.Бямбадэлгэр нь манай өмгөөлөгчид хэлэхдээ уг машин нь Казакстанд очоод мотор нь эвдэрчихсэн, уг барьцаа хөрөнгө нь баталгаатай болсон тул алдангиас чөлөөлж өгөхийг хүсч, дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээж хохирлыг барагдуулахаар болсон. Хариуцагч О.Бямбадэлгэр нь эвлэрлийн гэрээ байгуулж хохирлыг төлж барагдуулахаар тохирч 2016 оны 05 дугаар сарын 16-наас эхэлж 4 удаа төлөлт хийж 2016 оны 06 дугаар сарын 06-ны дотор хохирлыг бүрэн төлж барагдуулахаар гэрээ хийсэн боловч зээлийн гэрээгээ ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хариуцагч О.Бямбадэлгэр нь давж заалдах, гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Манай байгууллага уг машиныг хуурч мэхлэн хурааж аваагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн эд хөрөнгийг хураан авах бүрэн эрхтэй. Зээлийн гэрээнд зээлдэгч нь гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийн захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ гэж заасан. Уг машиныг худалдах үед уг машины мотор нь гэмтэлтэй байсан бөгөөд энэ талаар О.Бямбадэлгэр мэдэж байгаа. Тухайн үед уг машины зах зээлийн үнэ нь 12 000 000 төгрөг орчим байсан бөгөөд уг машин нь засвар хийх шаардлагатай байсан тул манай байгууллага ченжид 9 000 000 төгрөгөөр зарсан болно” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бямба-Очир, О.Бямбадэлгэр нарын хариуцагч Тайкун ХХК-д холбогдуулан гаргасан 10 924 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бямба-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нар нь 2015.12.09-ний өдөр нэхэмжлэгч О.Бямба-Очирын өмчлөлд бүртгэлтэй 50-47УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг "Тайкун" ХХК-ийн авто ломбарданд 6 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, нэг сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл авсан байдаг.

Гэвч тухайн үед хариуцагчийн шаардлагын дагуу Фидуцийн гэрээгээр уг машинаа "Тайкун" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх болсон бөгөөд талуудын хооронд хийгдсэн Фидуцийн гэрээнд нэхэмжлэгч О. Бямба-Очир нь гарын үсэг зураагүй байдаг. Мөн хариуцагч байгууллагын өмчлөлд дээрх хөрөнгө шилжсэн эсэх нь тодорхойгүй байсан.

...Эвлэрлийн гэрээний хугацаанд О.Бямба-Очир, О.Бямбадэлгэр нар бэлэн мөнгөний боломжгүй байсан учир 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг зарж төлбөрөө барагдуулахаас өөр аргагүй байсан боловч "Тайкун" ХХК нь автомашиныг нь хураан авч нуугаад, худалдан авахаар сонирхож байгаа хүмүүст үзүүлэхгүй байснаас мөн л эвлэрлийн гэрээний хугацаанд О.Бямба-Очир, О.Бямбадэлгэр нар 6 576 000 төгрөгийг төлж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нар нь арга буюу хүнээс хүүтэй мөнгө зээлж аваад удаа дараа 6 576 000 төгрөгийг өгөхөөр "Тайкун" ХХК-ийн байранд очиход үндэслэлгүйгээр 12 000 000 төгрөг нэхэж, өгсөн мөнгийг нь авахгүй байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр "Тайкун" ХХК нь 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг зарсан гэсэн тул О.Бямба-Очир, О.Бямбадэлгэр нар автомашины зах зээлийн бодит үнэнээс "Тайкун" ХХК-д эвлэрлийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой байсан төлбөр 6 576 000 төгрөгийг хасч хариуцагчаас 10 924 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд хийгдсэн Фидуцын гэрээнд нэхэмжлэгч О.Бямба-Очир гарын үсэг зураагүй байсан бөгөөд 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашины улсын дугаарыг сольсон байсныг нэхэмжлэгч нар хотын төвөөр явж байхад нь харж, өөрсдийн машинаа таньсан байдаг. Иймд талуудын хооронд хийгдсэн Фидуцийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, хариуцагч "Тайкун" ХХК-ийн өмчлөлд дээрх автомашин шилжсэн эсэх нь эргэлзээтэй байсан. Мөн дээрх автомашиныг хариуцагч нь 9 000 000 төгрөгөөр зарсан гэх боловч бодит байдалд хэдэн төгрөгөөр зарснаа нотлоогүй. Иймд миний бие авто тээврийн улсын бүртгэлийн газраас дээрх автомашины улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгч хангаагүй бөгөөд захирамжинд гомдол гаргах эрхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэж заасан байдаг. Гэтэл шүүх хэрэгт чухал ач холбогдолтой баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ." гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;" хэмээн бичгээр хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан байтал шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд хийгдсэн гэх Фидуцийн гэрээнд нэхэмжлэгч О.Бямба-Очир гарын үсэг зураагүй байхад түүнд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болж чадаагүй.

"Тайкун"ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох явдал юм. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй." гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаанд бусдын өмч хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах нь хуулиар хориглогдсон юм. Гэрээнд гарын үсэг зураагүйгээс гадна дээрх гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн учир байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан гэдгийг хэлж байсан боловч шүүх нэгэнт хуульд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй гэсэнд гомдолтой. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг шүүхээр тогтоолгох шаардлагагүй байдаг. Иймд шүүхийн дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаагүй гэдэг нь хуулийн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт "3ээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно." гэж заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд шийдвэр гүйцэтгүүлэх газраар эд хөрөнгийг худалдан борлуулах замаар эвлэрлийн гэрээний үүргийг хангуулахаар заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт "Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ." гэж заасан бөгөөд талууд эвлэрлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж, 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг дуудлага худалдаагаар борлуулж "Тайкун" ХХК-д төлөх ёстой төлбөрийг суутган, үлдсэн төлбөрийг нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Талууд зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж, эвлэрлийн гэрээний үүрэг гүйцэтгэх шинэ харилцаа үүссэн. Иймд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т ".талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон." зааснаар дуусгавар болсон учир зээлийн гэрээний үндсэн дээр хийгдсэн Фидуцийн гэрээний үүрэг мөн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд фидуцийн гэрээг үндэслэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч О.Бямбадэлгэр, О.Бямба-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун нь хариуцагч “Тайкун” ХХК-д холбогдуулан 10 924 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Тайкун” ХХК нь О.Бямба-Очироос 7 986 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Бямба-Очироос татгалзаж, О.Бямбадэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6 576 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэнийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04292 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна. /хх 12-15/

 

            Хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нд үүрэг гүйцэтгэгч О.Бямба-Очир гарын үсэг зураагүй, “Тайкун” ХХК, О.Бямбадэлгэр нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон дээрх шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн гэх  50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалт, нэхэмжлэлийн шаардлага тусгагдаагүй байх ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...фидуцийн гэрээнд О.Бямба-Очир гарын үсэг зурж, гэрээг байгуулаагүй” гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч...дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж хохирол учруулсан...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” /хх 2, 62-67/ гэж тодорхойлсон байхад шүүх зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Уг автомашины шилжилт хөдөлгөөн хийгдсэн байдал, фидуцийн гэрээ байгуулсан гэх үед автомашин хэний эзэмшил, өмчлөлд байсан, үүрэг гүйцэтгэгч нь уг автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн эсэх үйл баримтыг тогтоохын тулд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох байгууллагын авто тээврийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрдээгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” ажиллагааг явуулах эсэх талаар анхаараагүй байна.

 

            Нэхэмжлэгч  нь уг автомашины зах зээлийн үнэ /үнэлгээ хийлгэсэн/-ээс шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрийг хасч тооцох байдлаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон байх ба зохигчид автомашиныг шилжүүлэхдээ огноо, чанар байдлын талаар акт, баримт үйлдээгүй талаарх талуудын тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигджээ. /хх 63/

 

            Түүнчлэн зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан эсэх, автомашины үнэ, чанарын талаар маргаж, нэхэмжлэгчийн уг автомашиныг “Гэрэгэ эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн зах зээлийн үнэлгээг хариуцагч нь эс зөвшөөрч шинжээч томилуулж, дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн /хх 52, 70-72/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бямба-Очирын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН