Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00427/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 9-8 тоотод оршин суух, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 хороолол 27 дугаар байрны 49 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4.713.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.******* нь манай компанитай 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хувийн эд хөрөнгө мөнгөн орлогоо барьцаалан зээлийн гэрээг байгуулан 2.260.000 төгрөгийг сар бүр 6.5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Зээл авсанаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Ц.*******ээс үндсэн зээл 2.260.000 төгрөг, хүү 881.400 төгрөг, алданги 1.571.700 төгрөг, нийт 4.713.100 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ц.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 4.491.750 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас мөнгө авсан нь үнэн болно. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн мөнгийг хүүтэй нь 2017 оны 6 дугаар сараас өгч эхлэнэ. Дархан-Уул аймаг Мон бамбай компанийн нягтлан ******* болон ерөнхий захирал Энхбатаас 14 сая төгрөг аваад зээлээ төлнө гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь ******* ******* ХХК-иас ямар нэгэн зээл аваагүй иргэн Цэрэнмарал гэх хүнээс 2 сая төгрөгийг авсан байдаг. 2 000 000 төгрөгнөөс 260 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Цэрэнмарал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы бэр нь гэсэн. Тэрээр Ц.*******т аав уурлаад байна гэж хэлсний дагуу Ц.******* гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. 2 сая төгрөгийг тэр гэрээний дагуу аваагүй, харин Цэрэнмарал гэрээгээр шаардах эрхтэй, ******* ******* ХХК нь барьцаалдан зээлдүүлдэх ажиллгаа явуулдаг, дан зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй. Гэтэл үнэхээр Ц.*******т зээл өгсөн юм бол Ц.*******ээс авсан ямар нэгэн барьцаа байхгүй. Иймд үйл ажиллагаагаа зөрчиж хийсэн гэрээ учир энэ гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө ү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.260.000 төгрөг, зээлийн хүү 881.400 төгрөг, алданги 1.571.700 төгрөг, нийт 4.713.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 4.491.750 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Ц.*******т 2016 оны 05дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.260.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 6.5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх, зээлдэгчийн бүх төрлийн орлого, эд хөрөнгө, хувьцааг барьцаалахаар гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар зохигчийн хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... Ц.******* нь ******* ******* ХХК-иас ямар нэгэн зээл аваагүй, Цэрэнмарал гэх хүнээс 2.000.000 төгрөг зээлсэн гэх боловч баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Ц.*******ийн шүүхэд гаргасан Миний бие ******* ******* ХХК-иас мөнгө зээлсэн нь үнэн, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар /хх 14 /, ******* ******* ХХК-ийн Ц.*******т мөнгө хүлээлгэн өгсөн кассын зарлагын ордер /хх 32/, гэрч Г.Цэрэнмаралын өгсөн Би тухайн үед ******* ******* ХХК-д ажилладаг байсан. Ц.******* нь мөнгөний хэрэг гараад байна, надад зээд өгөх болов уу, хэлээд яриад өгөөч гэхээр нь ******* ******* ХХК-ийн захирал хэлэхэд мөнгөө буцааж төлөх найдвартай юу гэж асуухаар нь найдвартай, боломжтой гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа ******* ******* ХХК-иас Ц.******* зээл авсан гэсэн мэдүүлэг /хх 59/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, тодорхой хөрөнгийг нэр зааж барьцаалаагүй, зээлийн барьцаанд зээлдэгчийн бүх төрлийн орлого, эд хөрөнгө, хувьцаа байхаар тохиролцсон нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөнөөр гэрээ байгуулагдсанд тооцох оор заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлсэнээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2.260.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6.5 хувийн хүү тооцох, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 2.260.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацааны хүү 881.400 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны алданги 1.350.350 төгрөг, нийт 4.491.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1., 286.2 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс 4.491.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 221.350 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 86.818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ