Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

 

 

 

 

                                     

 

          2022          01           03                                        2022/ШЦТ/38

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч М.Цийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 0000 00389 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Н нь Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д замчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Нийслэлийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б, 14 дүгээр зүйлийг журамлан 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн О-д зааснаар 22 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаар захирамжаар 4 жил 1 сар 18 хоногийн хорих ялаас тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан (РД:).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 14 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Толгойтын зам, ... хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүйгээс, замын хажуу руу онхолдож, зорчигч М.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, ”

- мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

-б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

-г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон халамцуу явж байхдаа Толгойтын эцсээс 2 хүн аваад Баянхошуунд очно гэхээр нь ... гудамжны тойрог дээр явж байгаад замын боржурт цохиулаад, жолоо алдаад үерийн усны далан руу орсон. Тэгээд нэг мэдсэн машиндаа ганцаараа сууж байсан, нэг мэдсэн гэртээ очсон байсан. Тэгтэл цагдаа нар гэрт ирсэн гэв.

2. Хохирогч М.Ц мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр найзтайгаа явж байгаад Толгойтын эцсээс такси барьж 500 метр орчим явж байтал миний суусан машин замын хажуугийн жалга руу орсон. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Өдөр 14 цагийн орчимд осол гарсан. Тэгээд миний гар өвдөөд байна гэхэд манай найз түргэн дуудаж өгсөн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Хохиролд эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэгт 3.000.000 төгрөг авсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

3. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Х мэдүүлэхдээ: ... улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Би автомашины эвдрэл, хохиролд төлбөр нэхэмжлэхгүй. Иргэний хариуцагчийн хувьд Г.Н бид хоёр хохиролд 3.000.000 төгрөг төлсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2103 0000 00389 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Тээврийн цагдаагийн албанд “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 00:45:53 цагт “... дугаараас М.-ын Ц 29 настай, эрэгтэй, дугаар марк тодорхойгүй жолооч согтуу машинд сууж яваад замын хажуу руу онхолдсон. Гар нь хугарсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), Сонгинохайрхан ... гудамжинд “машин замын хажуу руу орж, зорчигч гэмтсэн” гэх гэмт хэргийн гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 00 цаг 45 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

 

2. Түргэн тусламжийн хуудсанд “Сонгинохайрхан дүүргийн ... дээр машинд мөргүүлсэн, гар гэмтсэн” гэсэн дуудлага 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:35:19 цагт бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

3. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 00 цаг 45 минутаас 01 цаг 20 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),

 

4. Жолооч Г.Ныг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 06 цаг 50 минутад драгер багажаар шалгахад 0.00 хувийн  тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

 

5. Хохирогч М.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд ажил руугаа явах замдаа такси зогсоож, суугаад Баянхошуу явах замдаа замын хажуу хэсэг рүү ороод тэр автомашин хажуулдах үед нь дотор нь сууж явсан миний зүүн гар хугарсан. Осол гарснаас хойш шөнийн 02 цагийн үед Замын цагдаагаас ярьж байна гээд нэг хүн ярьсан. ...Яаралтай эмнэлгийн тусламж авсан. ...Өдөр осол гарах үед дулаахан байсан. ...Эмчилгээний төлбөрөө гаргуулаад эрүүл болж байвал өөр зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

6. Иргэний нэхэмжлэгчээр П.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай автомашиныг 2021 оны 8 дугаар сарын 25-нд худалдаж авсан. Гэр бүлийн хүн болох Нт ажилгүй гэртээ байж байхаар ойр зуур явж хоолны мөнгөө ол гээд 2021 оны 11 дүгээр сарын 7,8-ны өдрүүдийн орчмоос өгч эхэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний утас руу өөр нэг хүн залгаад танай нөхөр гэх хүн таны автомашиныг унагаад осол гаргасан гэж хэлсэн.  Намайг очиход миний автомашин баруун талаараа ус зайлуулах далан руу унасан байдалтай байсан. ... Миний автомашинд хохирлын үнэлгээгээр 2,007,000 төгрөгийн хохирол учирсан. ...Автомашины эвдрэл, хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн автомашиныг өөрөө засаж авна. ... ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

 

- П.Хгийн иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоно. Өр төлбөрийн асуудал гарвал хамтран оролцоно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

7. Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13-14 цагийн үед найз Цэнгэлтэй утсаар яриад ...бид хоёр Баянхошуунд цагийн ажил хийхээр хүнтэй ярилцаад очиж уулзахаар явж байсан. Толгойтын хуучин эцэс дээр уулзаад такси барихаар болсон. Тэгээд гараа өргөөд байж байтал нэг саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тээврийн хэрэгсэлд орж суугаад Баянхошуу явна гэж хэлэхэд жолооч нь би хойгуураа Баянхошуу явах замыг мэднэ гэж хэлээд төв замаар биш нарийн туслах замаар авч явсан. Бид нарыг суулгаад суусан газраас 500 метр орчим газар хурдалж давхиад үерийн усны далан руу орж, хажуугаараа хажуулдсан байдалтай байж байсан. Миний баруун хөл өвдөөд байхаар нь жолоочид хандан та хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Би жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан болохоор хаалгаа онгойлгоод тээврийн хэрэгслээс буусан. Тээврийн хэрэгсэл нь жолооч тал буюу баруун талаараа үерийн усны далан руу орсон байсан учир баруун талын хаалганууд онгойхгүй, зүүн хаалга бол чөлөөтэй онгойж байсан. Тэгээд эргээд найз маань татаарай гэхээр нь найз Цэнгэлийг татаж гаргах үед найз маань миний зүүн гар эвгүй болчихлоо гэсэн. Мөн бас найз маань толгой эргээд байна гэхээр нь би сугадаад буцаж алхаж явсаар Толгойтын хуучин эцэс эргэж ирээд автобусны буудал дээр байсан хүний утаснаас түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд биднийг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед жолоочийн хажууд бас нэг зорчигч явсан. ...Хамгаалалтын бүс зүүгээгүй. ...Манай найз Цэнгэл надад 200 грамм архи авч өгсөн. Тэрийг нь би уусан. ... Тухайн баруун хөлийн өвдөг хэсгээр өвдөж байгаад зүгээр болсон. Одоо бол өвдөх зовиур байхгүй. Түргэний эмч ирээд бид хоёрт үзлэг хийгээд манай найзыг эмнэлэг рүү яаралтай авч явна гэхээр нь цугтаа явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

8. Шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Толгойтын хуучин эцсээс хойшоо танил найз Ц-ийн гэрт очиж архи уусан. Бид хоёр 2 шил архи хувааж уугаад гэрээс нь гарч байснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу ч санахгүй, нэг мэдсэн машиныхаа жолооны ард сууж байсан. Жолоочийн эсрэг талын цонхоор нэг эрэгтэй хүн хөөе чи зүгээр үү гэж асууж байсан. Дахиад нэг ухаан ороход машинаасаа буугаад урд гараад суучихсан байсан. Нэг сэрэхэд гэртээ харьсан орон дээрээ унтаж байсан. Өдөр нартай байхад осол гарсан. Тэгээд гэртээ унтаж байхад шөнийн 03 цагийн үед цагдаа ирээд намайг гэрээс аваад явсан. ... Би 2013 оны орчим Улаанбаатар хотод Билгүүнтулга авто сургуульд сурч жолооч болж байсан. Одоо В ангиллын жолоодох эрхтэй. Төгссөнөөс хойш тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон. ... Би хаагуур яаж явснаа санахгүй байгаа. ... Гурван зорчигчтой явж байсан гэж хохирогч ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас),

 

9. “Сүлд үнэлгээ” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 609 дугаартай тайланд:

“Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай автомашины урд буфер хагарч бутарсан, усны сав хагарч цоорсон, урд салхины шил хагарч цуурсан, улсын дугаарын хүрээ хагарсан, буферийн нэмэлт гэрэл хагарсан, урд буферийн доод сетка хагарсан, гэрлийн ар суурь гулзайсан, баруун урд крыло хонхойж зурагдсан, баруун урд хаалга халцарч хонхойсон, баруун хойд хаалга хонхойж зурагдсан, баруун урд крыло хонхойж зурагдсан, баруун хойд крыло хонхойж зурагдсан байв. Үнэлгээгээр шууд зардал 1,837,000 төгрөг, шууд бус зардал 170,000 төгрөг, нийт 2,007,000 төгрөгийн хохирол учирсан ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургууд (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №11531 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний гадна ирмэгт 0.8х0.5 см, баруун сарвууны ар хэсэгт 0.5х0.2 см бор өнгийн зулгаралттай. Зүүн мөрний үенээс сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Дүгнэлт:

-М.Цийн биед зүүн атгаал ясны гандан хэсгийн далд хугарал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

-Зүүн атгаал ясны гандан хэсгийн далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

 

11. Хүний биеэс биологийн дээж авсан буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г.Нын өөрийн сайн дурын зөвшөөрсний үндсэн дээр сувилагчийн тусламжтайгаар 5мл хуруу шилэнд цусны дээж өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5432 тоот “... “Г.Н” гэж хаягласан, 001172492 дугаарын хуруу шилтэй цусанд 0.6 промилл спирт, “Г.Н ” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс 0.6 промилл спирт илэрсэн. “Г.Н” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №5433 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Нын гэх цус АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5434 тоот “...“Ц 29/эр” гэж хаягласан, 00964002 дугаарын хуруу шилтэй цусанд спирт илрээгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №5435 тоот “...шинжилгээнд ирүүлсэн М.Цийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

 

14. “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 тоот дүгнэлтэд:

1. “Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай автомашины тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос, их гэрлийн хол ойрын тусгалын эрчим зэрэг нь хэвийн ажиллагаатай байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн бус, автомашины ерөнхий байдал, өнгө үзэмж иж бүрдлийн хувьд өнгө үзэмж хэвийн бус стандартын шаардлага хангахгүй байна.

2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 23.3 хувийн бус баруун гар талын урд эргэх дохио болон нэмэлт гэрэл салж унжсан, буфер баруун гар талдаа 60см хэмжээтэй хагарч унасан, баруун талдаа нөөцийн шар дугуй тавьсан, баруун урд крилон /шанаа/ 40х30 см хэмжээтэй хонхойсон, салхины шил баруун урд хэсэгтээ 20х40 цацарч хагарсан, баруун урд талын амортизатор хугарсан, мөн талын гар хойш гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Дээр дурдсан гэмтлүүд зам тээврийн осол хэрэг гарах үед үүссэн байна.

4. Дээрх гэмтлүүд нь осол хэрэгт нөлөөлөхгүй.

5. Тоормосны механизм шингэн дамжуулгын АВS системтэй байна.

6. Хяналт үзлэгийг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос нь хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 101-105 дугаар тал),

 

15. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 315 дугаартай магадалгаанд:

1.“Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г- овогт Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно”: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол  бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. ...”. гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Мөнхсайхан овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас ),

16. Хохирогч М.Ц нь “MZTI” ХХК-д мужаанаар сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар тал), хохирогчийн эмчилгээний зардалд 115.360 төгрөг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 125-126 дугаар тал), мөн хохирогч М.Цийн хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт (хавтаст хэрэгт),

17. ... улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь П.Хгийн эзэмшилд бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

18.1 Гэрч П.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:“...Миний хүү Г.Н нь ...хувиараа таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. ...Бие муутай үе үе татаж ухаан алдаж унадаг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад саяхан гарсан. Элэг муутай юм. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

 

18.2 Шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газарт бүртгэлтэй жолоочийн лавлагаанд “В” ангилалтай, 2029 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүчинтэй тухай (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), “...” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А21/47 тоот “Г.Н нь жолоочоор ажилладаг тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), Нийслэлийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (шүүх хуралдаанд прокурор шинээр гаргасан), Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаар захирамж, суллагдсан хүний тодорхойлолт (хавтаст хэрэгт) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 14 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... гудамжны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.1-д заасан заалтыг зөрчиж, замын хажуу руу онхолдож, зорчигч М.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а.б.г-д заасан заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн байх тул төлөх төлбөргүй байна.” Хамтарсан тушаалаар цуснаас 0.6 промилл илэрвэл согтуурсан гэж үздэг байгаа” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн дүгнэлтдээ “... замд энэ осол гарсан. Хохирогч хүндэвтэр гэмтэл авсан бөгөөд одоо ажлаа хийж чадахгүй болсон. Н хохиролд 3.000.000 төгрөг өгсөн. Хохирогчид одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд 0.6 промиллыг согтуу гэж үзэхгүй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... гудамжны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон,

-улмаар мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүйгээс, замын хажуу дахь усны далан руу тээврийн хэрэгслээ унагаж, зорчиж явсан зорчигч М.Цийн эрүүл мэндэд “Зүүн атгаал ясны гандан хэсгийн далд хугарал, зүүн хөмсөг, баруун сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан;

 

-Мөн зам тээврийн осол хэрэг үйлдсэний дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

-а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

-б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

-г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албанд дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гэмт хэргийн гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 00 цаг 45 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

 

-Түргэн тусламжийн хуудсанд “Сонгинохайрхан дүүргийн ... машинд мөргүүлсэн, гар гэмтсэн” гэсэн дуудлага 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:35:19 цагт бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

-2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 00 цаг 45 минутаас 01 цаг 20 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас),

-Хохирогч М.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд ажил руугаа явах замдаа такси зогсоож, суугаад Баянхошуу явах замдаа замын хажуу хэсэг рүү ороод тэр автомашин хажуулдах үед нь дотор нь сууж явсан миний зүүн гар хугарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

-Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13-14 цагийн үед найз Ц-тэй утсаар яриад ...... дээр уулзаад такси барихаар болж...саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тээврийн хэрэгсэлд орж суусан.  ...суусан газраас 500 м орчим газар хурдалж давхиад үерийн усны далан руу орж, хажуугаараа хажуулдсан байдалтай байсан. ...Тээврийн хэрэгсэл нь ...баруун талаараа үерийн усны далан руу орсон байсан учир баруун талын хаалганууд онгойхгүй, зүүн хаалга бол чөлөөтэй онгойж байсан. ...найз Цэнгэлийг татаж гаргах үед найз маань миний зүүн гар эвгүй болчихлоо гэсэн. ...Толгойтын хуучин эцэс эргэж ирээд автобусны буудал дээр байсан хүний утаснаас түргэн тусламж дуудаж, гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

-Шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Толгойтын хуучин эцсээс хойшоо танил найз Цэрэнхүүгийн гэрт очиж архи уусан. ...нэг мэдсэн машиныхаа жолооны ард сууж байсан. Жолоочийн эсрэг талын цонхоор нэг эрэгтэй хүн хөөе чи зүгээр үү гэж асууж байсан. ...Нэг сэрэхэд гэртээ харьсан орон дээрээ унтаж байсан. Өдөр нартай байхад осол гарсан. ...гэртээ унтаж байхад шөнийн 03 цагийн үед цагдаа ирээд намайг гэрээс аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас),

-Иргэний нэхэмжлэгчээр П.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний утас руу өөр нэг хүн залгаад танай нөхөр гэх хүн таны автомашиныг унагаад осол гаргасан гэж хэлсэн. Тэгээд намайг очиход миний автомашин баруун талаараа ус зайлуулах далан руу унасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

-“Сүлд үнэлгээ” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 609 дугаартай тайлан (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №11531 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5432 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

-“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 272 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 101-105 дугаар тал),

-2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 315 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

Шүүгдэгч Г.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 12.1, 3.5.а.б.г дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн тус үйлдлийн улмаас шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэж үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон ба, прокуророос шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Нын цусанд 0.6 хувийн промилл илэрсэн нь согтуурсан гэж үзэхгүй” гэж мэтгэлцсэнийг шүүх дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А138/А131 дугаартай тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн ...цусан дахь спиртийн агууламж 0,5 промилл (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заасан ба цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн талаарх гомдлын дагуу цагдаагийн ажилтан шүүгдэгч Г.Нын гэрт 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цаг 50 минутад очиж, түүний биеэс цусны дээж авч, шинжилгээнд хүргүүлсэн, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5432 тоот дүгнэлтэд “Г.Нын  цусанд 0.6 промилл спирт илэрсэн (хх74-75) талаар дүгнэсэн, 06 промилл нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтуурсан гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэсэн шинжээр тодорхойлсон.

Мөн шүүгдэгч Г.Н нь зам тээврийн осол хэрэг үйлдээд, хэргийн газраас явж гэртээ очсон, хэргийн газар байсан гэрч Б.Э, хохирогч М.Ц нар нь түргэн тусламж дуудсанаар тус гэмт хэрэг илэрсэн үйл баримт тогтоогдсон тул дээрх түүний үйлдэл дээрх гэмт  хэргийн шинжийг мөн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Мөн шүүгдэгч Г.Нын жолоодон явсан “Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч П.Хгийн эзэмшилд бүртгэлтэй байх тул түүнийг иргэний хариуцагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба, иргэний хариуцагч П.Х нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн байна. Шүүх хохирлын талаар дүгнэхэд:

1.Гэмт хэргийн улмаас хохирогч М.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба, эмчилгээний зардалд 115.360 төгрөг нэхэмжилсэн баримт (хх125-126)-ыг, мөн “MZTI” ХХК-д мужаанаар сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай тодорхойлолт (хх26)-ыг хэрэгт ирүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Г.Наас 1.000.000 төгрөг хүлээлгэн авсан тухай баримтыг хохирогч шүүхэд ирүүлсэн бөгөөд улмаар хохирогч М.Цөөс мэдүүлэхдээ “эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэгт 3.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Н, иргэний хариуцагч П.Х нарыг хохирогч М.Цөд төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч Г.Н нь иргэний нэхэмжлэгч П.Хгийн “Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол хэрэг үйлдсэн байх бөгөөд “Сүлд үнэлгээ” ХХК нь дээрх тээврийн хэрэгсэлд учирсан нийт эвдрэл хохирлыг 2,007,000 төгрөгөөр тогтоосон боловч иргэний нэхэмжлэгч П.Х нь “Автомашины эвдрэл, хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. (хх16) гэж мэдүүлсэн байгааг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялуудыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг холбогдох газарт нь хүргүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч П.Хандсүрэнгээс “Шүүгдэгч Г.Н нь хохирлыг хангалттай төлсөн тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Нын хувийн байдлыг судалсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх  тогтоол, хугацааны өмнө тэнсэн сулласан шүүхийн шийдвэр, суллагдсан хүнд олгосон тодорхойлолт зэрэг баримтаар Нийслэлийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б, 14 дүгээр зүйлийг журамлан 86-р зүйлийн 2 дахь хэсгийн О-д зааснаар 22 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаар захирамжаар 4 жил 1 сар 18 хоногийн хорих ялаас тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч энэхүү ялын хугацаа дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

   Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 885 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 885,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

   Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 885.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 59 хоногийн буюу 1 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялыг 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 825959 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял; мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 885 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 885,000 (найман зуун наян таван мянга) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 885 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 885,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 59 хоногийн буюу 1 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэх эдлэх хорих ялыг 7 (долоо) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ц-д шүүгдэгч Г.Н, иргэний хариуцагч П.Х нар төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч П.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Г.Н-ын “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА