Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           01            12                                        2022/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт И-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2208 0000 00055 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт И-ийн Б нь Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн слесарь мэргэжилтэй, Харилцаа холбооны зохицуулах хорооны радио өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд жолооч харуулын ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... тоот хаягт оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод эхнэр Г.Аг монгол гэрийн хугархай баганаар духны дээд хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай хүүгийн төрсөн өдөр болсон. Үдээс хойш нь хадам аав, дүү эхнэртэйгээ ирээд бид нар архи уусан. Тухайн өдрийн оройхон охины тэжээдэг нохой алга болоод, тэрнээс болж эхнэр бид хоёр маргалдсан. Тэр үед аавын гэрийн багана углуургаасаа унасан байсан. Би уг баганаар эхнэрээ цохисон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Их согтсон байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2208 0000 00055 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 12 минут 47 секундэд ... дугаараас “нэг эмэгтэй хүн хүнд зодуулсан байдалтай хувцас нь цус болчихсон толгойноос нь цус алдсан байдалтай орж ирлээ гэх /гэрийн хаягийг нь мэднэ гэв/ хаана зодуулсан газрыг нь асуугаад өг гэхэд энд хүрээд ирэхэд болох юм биш үү гээд уурлаад байв” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр тал),

2. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “Сонгинохайрхан дүүргийн ... дэлгүүрт нэг эмэгтэй зодуулчхаад ирлээ” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

3. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ... тоотод 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 23 цаг 30 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

 

4. Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:“...Миний бие тухайн өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжны 7 тоот хашаандаа өөрийн нөхөр И.Б, өөрийн аав Ч.Г, төрсөн дүү Г.Э нарын хамтаар манай хүү Сын төрсөн өдөр болж надад бэлэг өгсөн. Тэгээд би баярлаад нөхрийн хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн үед цаг 13 цаг болж байсан шиг санагдаж байна. Тэгээд аав, дүү, нөхөр, нарын хамтаар ойролцоогоор 4-5 шил Хараа гэх нэртэй 0.5 литрийн савлагаатай архи уучихсан. Тухайн үед нэлээд их архи уучихсан байсан болохоор тасарчихсан байсан. Орой харанхуй болсон хойно би нөхөр И.Бтэй манай гэрийн тэжээвэр нохой алга болсон байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийсэн. Би тухайн үед нөхрийгөө цохиж байснаа санаж байгаа, түүнээс хойш ямар нэгэн юм санахгүй байна. Ямар ч байсан манай аав Ч.Гын гэрийн баруун талын баганыг манай нөхөр уурандаа хугалж байсан. Түүний дараа баганын хагарсан хэсгээр над руу далайж байсан. Түүнээс хойш юу ч санахгүй байж байгаад эмнэлэгт дусал хийлгэчихсэн хэвтэж байхдаа ухаан орсон. ...Би тухайн үед маш их согтолттой байсан, болж өнгөрсөн үйл явдлыг бүрэн дүүрэн санахгүй байна. ...Манай нөхөр бид хоёр гэрийн тэжээвэр нохой алга болсноос болж маргалдсан. ...Манай нөхөр нэлээд их хэмжээний согтолттой байсан. ...Манай нөхөр И.Б нь өмнө нь ямар ч тохиолдолд надад гар хүрч намайг зодож цохиж агсан согтуу тавьж байсан зүйл байхгүй. ...нөхөр И.Бтэй ...1991 онд хуримаа хийж гэрлэлтээ батлуулж байсан. Би нөхөртэйгөө 1991 оноос хойш буюу 30 гаруй жил хамт амьдарч байна. ...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ... надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дугаар тал),

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн: “...Миний бие ямар нэгэн зовуурилж байгаа, өвдөж байгаа зүйл байхгүй. Тухайн үед санамсаргүй гэнэтийн зүйл л болчих шиг болсон. Учир нь манай нохой алга болсноос л болж л хэрүүл маргаан үүсэх болсон. Түүнээс болж би нөхөр рүүгээ уурлаад уцаарлаад байсан. Нөхөр бид хоёр хоёулаа согтуу байсан. ...Манай нөхөр өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл огтхон ч гаргаж байгаагүй. ...Гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдардаг сайн хүн байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

5. Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...Би тухайн өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх нэртэй дэлгүүртэй ажиллаж байсан. ...23 цагийн орчимд манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч А гэх эмэгтэй саарал өнгийн ганц пудволктай, хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай байсан. Тухайн эмэгтэй нь согтуу, хувцас хунар нь маш их цус болчихсон байсан. Тус эмэгтэй манай дэлгүүрт орж ирчхээд манай охин руу залгаад өгөөч гээд байсан. Охиныхоо дугаарыг хэлэлгүйгээр газарт уначихсан. Тэгэхээр нь би өөрийн ... дугаарын утаснаас 102 дугаарын утсанд дуудлага өгчхөөд Агийн аав руу нь ярьж мэдэгдсэн. Тэгэхэд түүний аав гэх эрэгтэй “Би эмнэлэг дуудчихсан, түргэн дуудсан чинь манай охиныг олохгүй байна гэсэн, танай дэлгүүрт байна уу” гэж сураглаж байсан. Тэгээд байж байтал түргэн ирчихсэн тус эмэгтэйг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү авч явна гээд аваад явсан. ...Би тухайн эмэгтэйг танина. Манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байгаа юм. Тус эмэгтэйн гэр нь манай дэлгүүрийн замын эсрэг талд байдаг. ...Тухайн эмэгтэй ямар нэгэн хүнд зодуулсан гэж хэлж байгаагүй. Охин руугаа яриад өг гээд дугаарыг нь хэлэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

 

            6. Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Би тухайн өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ өөрийн аавын гэрт байж байсан. Тус хашаанд манай гэр, манай аавын гэр, манай эгч Г.Агийн гэр байдаг. Тус өдөр манай аав Г, миний бие, манай төрсөн эгч А, түүний нөхөр Б нарын хамтаар архи согтууруулах ундааг өдрийн 13 цагаас хойш хэрэглэсэн. Бид нар тухайн үед архи согтууруулах ундаа нэлээд их хэрэглэсэн, би ажлаас бууж ирсэн болохоор архи бага зэрэг уусан байсан. Орой 21 цагийн орчимд манай төрсөн эгч А нь нөхөр Бтэй нохой алга болсон шалтгаанаас болж маш хурц маргаан болсон. Тэр хоёр хэрэлдэж байгаад Б нь гэрийн баруун баганыг хуга цохиод түүний дараа тус баганаар манай эгч Агийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд манай эгчийн толгойноос маш их цус гоожсон, тэгчхээд манай хүргэн гараад явчихсан. Аав бид хоёр түргэн дуудчихаад байж байсан. Манай эгч гарч яваад манай гэрийн урд талд байдаг “Б” гэх дэлгүүр рүү явчихсан байсан. Би эмч нартай хамт тус дэлгүүрт очиж эмнэлэгт хүлээлгэн өгсөн. ...Тэр хоёр нэлээд их согтолттой байсан, болж өнгөрсөн үйл явцыг сайн мэдэхгүй байж магадгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

            7. Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Би тухайн өдөр өөрийн ажил дээрээ байж байтал миний дугаар болох 85854510 гэсэн дугаар руу нэг танихгүй дугаар залгаад таны ээж Г.А нь гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжаар хүргэгдэн ирээд байна та яаралтай ирнэ үү гээд над руу 23 цаг дөхөж байхад ярьсан. Би ажлаасаа гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход манай ээж цээж хэсэгтээ саарал өнгийн дан ганц фудволктой, хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай, хувцас болон бие нүүр хэсэг нь цусаар бохирлогдсон байсан. Түүний толгойны зүүн чамархай хэсэгт үсийг нь авч байгаад нийт 8 оёдол тавьчихсан байсан. Эмч нартай нь уулзаж яах талаар асууж тодруулахад тархины компьютер томографын шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн, шинжилгээнд оруулаад 2 цагийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 цагийн орчимд шинжилгээний хариу гарсан. Тухайн хариуг жижүүрийн эмчид нь харуулахад “иргэн Г.Агийн биед ямар нэгэн хүнд гэмтэл алга байна, дуслаар тариа хийх ба түүний дараа авч яваад гэртээ хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. ...Манай аав ээж хоёр архи согтууруулах ундааг нээх их хэрэглээд байдаггүй. Баяр ёслолын үеэр тохируулаад хэрэглэчихдэг. Өнөөдөр яг ямар шалтаг, шалтгаан болоод уусныг нь сайн мэдэхгүй байна. ...Манай аав ээж хоёр эрүүл үедээ бие биедээ халамжтай харилцаа хандлага халуун дулаан байдаг, тэр болгон муудалцаад сүйд болоод байдаггүй. Манай аав ээж хоёр архи согтууруулах ундаа хэрэглээд унтаад өгдөг. ... Би тухайн үед эмнэлэг дээр байхад манай ээжийн дүү нь болох Г Э ирсэн. Тухайн хүн манай аав ээж хоёртой хамт байсан. Тэр хэлэхдээ “Танай нохой Боби өнөөдөр алга болчихсон, тэгээд аав ээж хоёр чинь түүнээс болж маргалдсан” гэж хэлж байсан. Манай ээж тэжээвэр амьтныг хайрлаж асран хамгаалах хоббитой хүн байгаа юм. Тэгээд түүнээсээ болж маргалдсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

8. Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Тухайн өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... тоотод манай зээ хүүгийн төрсөн өдрийг тохиолдуулан манай охин, хүргэн И.Б, хүү нарын хамтаар өдөр 13 цагаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд байж байхад гадаа харахуй бүрэнхий болж байхад манай охин Г.А нь нөхөр И.Бтэй гэрийнхээ нохой алга болсон гэх шалтгааны улмаас маргалдсан. Манай охин агсраад нөхрөө харааж ерөөгөөд байсан. Тэр хоёр хэрэлдэж байгаад монгол гэрийн баруун талын багана хугалчихсан. Тухайн үед би архи уучхаад нэлээд их согтолттой байсан. Нэг мэдсэн манай гэрийн урд хэсэгт цусаар бохирлогдсон байсан. Манай охин Агийн толгойн зүүн хэсгээс цус гараад байхаар нь би 103 дуудаж өөрийн охиноо хүлээлгэж өгсөн. ...Манай охин хүргэн хоёр нохой алга болсноос болж л маргалдаад байсан. ...Манай охин хүргэн хоёр 30 гаран жил хамт амьдарч байгаа, хоорондоо маргалдаад янз бүрийн зүйл болоод байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар тал),

            9. Шүүгдэгч И.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Г А, хадам аав Ч.Г нарын хамтаар байж байхад манай том хүү С төрсөн өдөр нь тохиож байгаа гээд ээж аавдаа бэлэг авчирч өгчхөөд явсан. Тухайн үед эхнэр бид хоёрын сэтгэл хөдлөөд өдөр 13 цагийн орчимд хойд талын дэлгүүрээс орж архи аваад хадам аав Ч.Г, хадам дүү Г.Э, өөрийн эхнэр Г А нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн.Тэгээд тухайн үед манай гэрийн тэжээвэр нохой Бобиг сул тавьчхаад байж байтал 21 цагийн орчимд манай эхнэр гэнэт нохойгоо хайгаад гудамж болон хашаагаараа нэлээд их хайсан. Сүүлдээ манай эхнэр Г.А нь надад хандаж “нохой алга болчихлоо” гээд уурлаад байсан. Би эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр намайг загнаад намайг нүүр ам руу маажих гээд дайраад байсан. Тухайн үед маргалдаж байх хооронд манай аавын гэрийн баруун талын багана нь углуургаас салаад уначихсан. Тухайн үед би тус баганыг хийх гэж байгаад тус баганын хугарсан хэсгээр нэг удаа эхнэрийнхээ толгой хэсэгт цохисон. Тэгтэл манай эхнэрийн толгойноос их хэмжээний цус гараад байсан ба би тухайн үедээ гарч яваад эхнэрийн төрсөн дүү Г.Золзаяагийн гэрт очиж хоночхоод өглөө нь шууд ажилдаа явчихсан. ...Би тухайн үед 4-5 шил архи уусан болохоор нэлээд их согтолттой байсан ба одоогийн байдлаар зарим нэг зүйлсийг яг сайн санахгүй байна. ... Миний бие гэр бүлдээ хайр халамжтай эхнэр хүүхдүүдийнхээ төлөө өдийг хүртэл ажиллаж байна. Би тухайн эхнэртэйгээ 30 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа ба тус хугацаанд огтхон муу харилцаа гаргаж байгаагүй. Харин тухайн өдөр архи ууснаасаа болж л тийм үйлдэл гаргасан байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байгаа ба хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №546 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд үстэй хэсэгт 4.5 см цэгцлэлт хийгдсэн шархтай, зүүн зовхинд шар ногоон цус хуралттай.

Дүгнэлтэд:

-Г.Агийн биед духанд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Г.Ханхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

 

            11. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч И.Б, түүний өмгөөлөгчийн хүсэлт (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), хохирогч Т.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 107 хуудас),

            12. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч И.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, өргөдлийн нэгдсэн санд Э.Эын гаргасан зөрчлийн талаарх бүртгэгдсэн мэдээлэл (хавтаст хэргийн 78-89 дүгээр тал) иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 82-93 дугаар тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх шалгаж, хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Г.Аг монгол гэрийн баганын хугархайгаар духны дээд хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч И.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч И.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч И.Б нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод эхнэр Г.Атай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед  нь монгол гэрийн хугархай баганаар духны дээд хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр тал),

-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст ирсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

-Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн: “...Би баярлаад нөхрийн хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. ...нөхөр И.Бтэй манай гэрийн тэжээвэр нохой алга болсон байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийсэн. Тэгээд би тухайн үед нөхрийгөө цохиж байснаа санаж байгаа, ...баганыг манай нөхөр уурандаа хугалж байсан, түүний дараа баганын хагарсан хэсгээр над руу далайж байсан ба түүнээс хойш юу ч санахгүй байж байгаад эмнэлэгт дусал хийлгэчихсэн хэвтэж байхдаа ухаан орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн орчимд манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч А гэх эмэгтэй ...манай дэлгүүрт орж ирчхээд манай охин руу залгаад өгөөч гээд байсан, ...охиныхоо дугаарыг хэлэлгүйгээр газарт уначихсан. Тэгэхээр нь би өөрийн 88722438 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд дуудлага өгчхөөд Агийн аав руу нь ярьж мэдэгдсэн, тэгэхэд түүний аав гэх эрэгтэй нь “Би эмнэлэг дуудчихсан, түргэн дуудсан чинь манай охиныг олохгүй байна гэсэн, танай дэлгүүрт байна уу” гэж сураглаж байсан. Тэгээд байж байтал түргэн ирчихсэн тус эмэгтэйг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү ...аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

            -Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус өдөр манай аав Г, миний бие, манай төрсөн эгч А, түүний нөхөр Б нарын хамтаар архи согтууруулах ундааг өдрийн 13 цагаас хойш хэрэглэсэн. ... орой 21 цагийн орчимд манай төрсөн эгч А нь нөхөр Бтэй нохой алга болсон шалтгаанаас болж маш хурц маргаан болсон, тэр хоёр хэрэлдэж байгаад Б нь гэрийн баруун баганыг хуга цохиод түүний дараа тус баганаар манай эгч Агийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд манай эгчийн толгойноос маш их цус гоожсон, тэгчхээд манай хүргэн гараад явчихсан. Тэгээд аав бид хоёр түргэн дуудчихаад ... би эмч нартай хамт тус дэлгүүрт очиж эмнэлэгт хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

            -Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танихгүй дугаар залгаад таны ээж Г.А нь гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжаар хүргэгдэн ирээд байна та яаралтай ирнэ үү гээд над руу 23 цаг дөхөж байхад ярьсан. ... очиход манай ээж цээж хэсэгтээ саарал өнгийн дан ганц фудволктой, хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай, хувцас болон бие нүүр хэсэг нь цусаар бохирлогдсон байсан. Тэгээд түүний толгойны зүүн чамархай хэсэгт үсийг нь авч байгаад нийт 8 оёдол тавьчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин, хүргэн И.Б, хүү нарын хамтаар өдөр 13 цагаас хойш архи согтууруулах ундаа хэрэглэсэн. ... манай охин Г.А нь нөхөр И.Бтэй гэрийнхээ нохой алга болсон гэх шалтгааны улмаас маргалдсан ... нэг мэдсэн чинь манай гэрийн урд хэсэгт цусаар бохирлогдсон байсан, манай охин Агийн толгойн зүүн хэсгээс цус гараад байхаар нь би 103 дуудаж өөрийн охиноо хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар тал),

            -И.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... хадам аав Ч.Г, хадам дүү Г.Э, өөрийн эхнэр Г А нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн.Тэгээд тухайн үед манай гэрийн тэжээвэр нохой Бобиг сул тавьчхаад байж байтал 21 цагийн орчимд манай эхнэр гэнэт нохойгоо хайгаад гудамж болон хашаагаараа нэлээд их хайсан. Сүүлдээ манай эхнэр Г.А нь надад хандаж “нохой алга болчихлоо” гээд уурлаад байсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр намайг загнаад намайг нүүр ам руу маажих гээд дайраад байсан, тухайн үед маргалдаж байх хооронд манай аавын гэрийн баруун талын багана нь углуургаас салаад уначихсан, би тус баганын хугарсан хэсгээр нэг удаа эхнэрийнхээ толгой хэсэгт цохисон, манай эхнэрийн толгойноос их хэмжээний цус гараад байсан.  ...тухайн өдөр архи ууснаасаа болж л тийм үйлдэл гаргасан байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №546 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 95-96 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч И.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.Агийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулах” шинжээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч И.Бийн үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч анх удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Агийн эрүүл мэндэд халдсан байх тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүгдэгч И.Бийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Харин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлээд байх зүйл байхгүйгэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 17 дугаар тал), энэ талаар хүсэлт бичгээр ирүүлсэн (хавтаст хэргийн 104 дүгээр тал) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч И.Бтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлт гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч И.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болохыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч И.Б эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

Иймд шүүгдэгч И.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Б хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт И-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.А-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА