Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

2022          01            18                                           2022/ШЦТ/13

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн эрүүгийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000220064 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                       

 Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                   Н.Энхбуян

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                         Ш.Э нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, автын засварчин мэргэжилтэй, тавилгын үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, /иргэний үнэмлэх: Дархан-Уул, ______ баг, замын _______ 1 тоот/ Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ____ дугаар хороо, ______ тоот орон сууцанд оршин суух 4 удаагийн ял шийтгэлтэй Э.

Шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн ___ дугаар гудамжны__ тоот хашаанд оршин суух М.Д-н гэрт очин түүний хүү болох Н.Х-ээс “ээжийн чинь УАЗ-469 маркийн машин эвдэрчихсэн, сэлбэг авахаар ирлээ, ээжийнхээ машины түлхүүрийг өгчих” хэмээн “Тоёота, приус-30” загварын ______ БРА улсын дугаартай автомашин болон “Ах нь эхнэртэйгээ ярих хэрэгтэй байна, утсаа өгчих” хэмээн “Хуавэй Вэй-6” загварын гар утас зэргийг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас 14.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлж шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 1 дүгээр сард Багануур дүүрэгт ирж Д эгчтэй уулзаад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр хэсэг хүмүүсийн хамт явсан. Ууланд байхад манай хадам дүү М ялихгүй зүйлээр шалтаглаж намайг зодоод байхаар нь би уулнаас ганцаараа бууж Багануур дүүрэгт ирсэн. Намайг Д эгчийн гэрт ороход эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд байсан ба би Т гэх эрэгтэй хүүхдэд хандаж “М ахынхаа машины түлхүүрийг өгчих ах нь ойрхон явах ажилтай байна, мөн гар утсаа өгчих хүнтэй холбоо барина” гэж хэлээд Д эгчийн Хуавей загварын гар утсыг хадам дүү М-н Приус-30 загварын ____ БРА улсын дугаартай автомашиныг аваад явсан. ____ БРА улсын дугаартай автомашиныг жолоодон харанхуй гудамжинд явж байгаад машины урд хэсгээр цемент мөргөчихсөн. Тэр үед машин хэсэг явж байгаад гэнэт тоггүй болоод унтарчихсан. Тэгээд асахгүй байхаар нь би тухайн машиныг гудамжинд үлдээгээд явсан. Тухайн асуудлаас болоод би тэр шөнөдөө хулгайн машинаар Улаанбаатар хот руу явсан ба хотод очоод Д эгчийн Хуавей загварын гар утсыг 50.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Би Д эгчид учирсан автомашины болон гар утасны хохирол төлбөр болох нийт 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 50.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26, 27-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

            Хохирогч Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр М, Э хоёр хамаатны гэх хүмүүстэйгээ Багануур дүүрэгт манай гэрт ирсэн. Хэсэг хугацаанд машин янзалж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт гарсан бөгөөд би тэд нарыг самар түүх газарт нь буулгаж өгөөд өөр тийшээ явсан. Тэгээд 3 хоногийн дараа тэд нарын талаар сонсоход Э /Ш.Э/ гэх залуу нь хамт явсан хүмүүстэйгээ муудалцаад уулнаас ганцаараа буусан байсан. Үүнийг мэдсэнээс хойш дахин 3 хоногийн дараа сүлжээтэй газар буюу Таван салааны гүүр гэдэг газарт хүү Х руу утсаар ярихад Х “Э ирээд машины чинь түлхүүрийг аваад явсан” гэж хэлсэн. Э манай хүү Х-д “ээжийн чинь УАЗ-469 машин эвдэрчихсэн сэлбэг авах хэрэгтэй байна” гэж хэлээд миний машины түлхүүрийг авсан байсан. Тухайн үед Би Э-г цагдаад хэлэх гэж байгаад арай ч надаас машин аваад гар утас аваад алга болохгүй байх гэж бодоод 5 орчим хоног хүлээсэн. Гэвч Э холбоогүй байхаар нь цагдаад хандсан. Би Приус-30 загварын ____ БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 4 дүгээр гудамжны 5 билүү 6 тоот хашааны гаднаас жолооч талын хаалга онгорхой байхад нь олсон. Харин гар утсыг маань Улаанбаатар хотод ломбарданд тавьсан байсан. Э-с машины эвдрэл, гар утасны хохирол зэрэг нийт 3.500.000 төгрөгийг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 14-р хуудас/

            Гэрч М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э гэх хүнээс 2018 оны “Хуавей-6” загварын гар утсыг барьцаанд авахад би байгаагүй. Тухайн үед манай ажилтан Б уг гар утсыг барьцаанд авсан байсан. 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр барьцаанд тавьснаас хойш сунгалт хийсэн зүйл огт байхгүй. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2 хүн ирээд уг гар утсыг тэмдэглэл үйлдээд надаар гарын үсэг зуруулаад хураан авсан. Би Э гэх хүнээс 50.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

           Насанд хүрээгүй гэрч Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын сүүлээр ээжийн танил ах гэрт ирээд “Ээжийнх нь машин ууланд эвдэрчихсэн машиныхаа түлхүүрийг өгчих, бид нар сэлбэг аваад буцаад явна” гэж хэлээд Приус-30 маркийн _____ БРА улсын дугаартай машины түлхүүрийг надаас авсан. Мөн эхнэртэйгээ утсаар яриадхая гэж хэлээд Хуавей загварын гар утсыг маань аваад тэр чигтээ алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/

           “Сэлэнгэ Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн “...____БРА улсын дугаартай T.Prius-30 автомашин 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монголд орж ирсэн хөх өнгийн автомашин 1 ширхэг үнэ 14.600.000 төгрөг, Huawei Y6 гар утас хуучин ашиглаж байсан 1 ширхэг 120.000 төгрөг, нийт 14.720.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 36-р хуудас/

           _____ БРА улсын дугаартай TOYOTA PRIUS-30 маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношлогоо /хх-н 40-р хуудас/

            Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын “...шууд зардал 2.795.000 төгрөг, ажлын хөлс 160.000 төгрөг, нийт хохирол 2.955.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-н 37, 38-р хуудас/

           Эд зүйл хураан авсан тухай “...Huawei Y6 рrime загварын тод цэнхэр өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй 1 ширхэг гар утсыг Баянгол дүүргийн 13-р хороо, Өргөө кино театрын зүүн урд байрлах гар утас худалдаалах төвийн 2 давхарт байрлах ломбарднаас хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 8-р хуудас/

            Шүүгдэгч Э-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…1. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 292 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнссэн,

2. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 271 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг хойшлуулсан,

3. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Зайсангийн хүүхдийн хорих ангид ял эдэлж, 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

4 Дархан аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 54/а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хорих ялын эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг 2015 оны Өршөөлийн хуулинд хамруулж, суллагдсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 76-103-р хуудас/

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-н129-р хуудас/ болон хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл /хх-н 127, 129-р хуудас/ 

Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 50.000 төгрөгийг төлж барагдуулсан банкны баримт болон утсаар ярьсан тэмдэглэл /хх-н 126, 131-р хуудас/

Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавалгаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-н 65-68-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ш.Э............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна…” гэсэн дүгнэлт

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч хэргээ хүлээж байгаа учраас гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлт

              Шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа хүнтэй сууж, хүүхэдтэй болох гэж байгаа цаашид ийм зүйл хийхгүй сайхан амьдрах итгэлийг өгөөч, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохиролын үнэлгээг тогтоожээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Э нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 25 дугаар гудамжны 05 тоот хашаанд байх Д-н гэрт очин түүний хүү болох Х-с “ээжийн чинь УАЗ-469 маркийн машин эвдэрчихсэн, сэлбэг авахаар ирлээ, ээжийнхээ машины түлхүүрийг өгчих” хэмээн хэлж “Тоёота, приус-30” загварын ____ БРА улсын дугаартай автомашиныг авч, “Ах нь эхнэртэйгээ ярих хэрэгтэй байна, утсаа өгчих” хэмээн “Хуавэй Вэй-6” загварын гар утас зэргийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас үлэмж хэмжээнээс дээш буюу 14.720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Э нь гэмт үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтэй, хүсэж үйлдсэн болох нь “...хохирогч Д-н “Тоёота, приус-30” загварын ____ БРА улсын дугаартай автомашин болон “Хуавэй Вэй-6” загварын гар утас зэргийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар шилжүүлэн авсан...” үйлдлээр нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Э-г бусдийн өмчлөх эрхийг хуурамч ойлголт төрүүлэн төөрөгдүүлэх замаар эд хөрөнгийг хууль бусаар олж авсан энэ үйлдэлийг бусдыг хуурч мэхлэх аргаар үйлдсэн гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогчийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн хүний итгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн санаа сэдэл, түүний хувийн байдал” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчид учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Д-д нийт 14.720.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол 120.000 төгрөгийн үнэлгээтэй “Хуавэй Вэй-6” загварын гар утсыг биет байдлаар хохирогч хүлээн авсан, мөн Тоёота, приус-30” загварын ____ БРА улсын дугаартай автомашиныг биет байдлаар хүлээн авч, автомашинд учирсан эвдрэл гэмтлийн үнэ 2.955.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсныг хохирогч нэхэмжилжээ.

Шүүгдэгч Э нь хохирол хор уршигт Д-д 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-н 129-р хуудас/ болон хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл /хх-н 127-р хуудас/  зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Э нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 50.000 төгрөгийг төлж барагдуулсан банкны баримт /хх-н 131-р хуудас/ болон утсаар ярьсан тэмдэглэл /хх-н 126-р хуудас/  зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхийг даалгах, мөн түүний цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс“...Торгуулийг багасгаж 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгөөч, торгууль төлөх хугацааг нь илүү урт болгож өгөөч...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Торгуулийн ялыг төлж барагдуулж чадна...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял шийтгэнэ.

Мөн шүүгдэгч нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ЦХШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хоригдож, тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/17 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан нийт 32 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 32 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /32 хоног х 15 нэгж=480 нэгж буюу 480.000 төгрөг/-г түүнд оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялаас хасаж Э-н торгох ялыг 1.020.000 төгрөг байхаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э-д мэдэгдэх нь зүйтэй.

Э-д торгох ял шийтгэл оногдуулсан тул тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-г мянга таван зуун нэгжтэй /1500/ тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган /1.500.000/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э-н цагдан хоригдсон гучин хоёр /32/ хоногийн нэг /1/ хоногийг арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган /15.000/ төгрөгөөр тооцон /32х15.000=480.000/ түүнд оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялаас хасаж Э-н торгох ялыг 1.020.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч М-д 3.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэрт  50.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                  

                                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ