Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Сарантуяа |
Хэргийн индекс | 164/2022/0020/Э |
Дугаар | 2022/ШЦТ/22 |
Огноо | 2022-02-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 2116001600016 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-14 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, Ж овогтой Ц-н Ц.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Б нь Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 1-26 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хамтран амьдрагч болох Д.Б-г ээжтэй хэрэлдлээ гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Д.Б-ний толгойн хэсэгт хүчтэй цохиж биед нь тархины доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун тохой хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэрээ зодсон. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёрын маргаан манай ээж лам дээр очъё гэсэн чинь намайг явуулахгүй гээд түүнээс болоод муудалцсан юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид 2 хамт амьдраад 2 жил болж байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найр хийсэн. Бид 2 эвлэрсэн. Гэхдээ тусдаа байгаа. Хадмууд дургүй байгаад байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү?” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Б-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн үед манай нөхөр Ц.Б 2 гэртээ цуг байхад ах, дүү нар нь залгаад гэрийн гадаа гараад ярьсан. Хадам ээж эмнэлэг дээр хүрээд ир гэж Ц.Бд хэлсэн. Тэгээд би Батзүлыг явахгүй болохоор нь чамайг ээж чинь дуудаад байгаа юм биш үү чи яваач ээ гэхэд явахгүй гэсэн. Удалгүй утас нь дахин дуугарсан. Дүү Баярзул нь залгаад та Галаа ахын гэрт хүрээд ирээч гэхэд бас л яваагүй. Миний санаа зовоод чамайг хүмүүс дуудаад байна шүү дээ дараа нь намайг явуулаагүй гээд бөөн юм болох юм биш үү гэхэд тэр чамд ямар хамаа байна гээд хэрүүл хийсэн. Тэгээд байж байхад утас нь дахин дуугараад ээж нь лам дээр байна хүрээд ир. Чи бузартсан байна. Чиний бузрыг арилгуулах гэсэн юм гэхэд нь би Ц.Быг чи явж бузраа арилгуул би бузартай хүн гэхэд намайг толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. Би ухаан алдаж унасан. Хэсэг хугацааны дараа сэргээд босоход манай ах Хувьсгалтай зодолдоод дор нь орсон байхаар нь Ц.Быг араас нь татаад ахыг босгосон. Тэгээд намайг эргэж хараад дахин цохих гэхээр нь зууралдаад байж байхад намайг тонгорч унагаад доороо оруулсан. Миний дагз руу цохиход ухаан алдаад унасан юм. Намайг сэргэхэд Ц.Б явсан байсан. Тэгээд ах цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ7/,
Насанд хүрээгүй гэрч А.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Б ах Д.Б эгч бид 3 гэртээ байж байхад Ц.Б ах Д.Б эгч 2 маргалдаад хэрэлдэж байгаад Ц.Б ах Д.Б эгчийг ор руу түлхээд дараа толгой руу нь 1 удаа цохиод унагаасан. Д.Б эгч босохгүй хэвтээд байхаар нь Ц.Б ах цээжин дээр нь хүчтэй дараад дараа нь үнэртэй ус хамарт нь үнэртүүлсэн. Сэрэхгүй болохоор нь өргөөд сэгсэрсэн тэгээд сэрэхгүй болохоор нь шүүгээнээс алх авч ирээд хажууд нь тавьсан тэгээд байж байхад гаднаас Хувьсгал ах орж ирээд танайд юу болоод байна гэхэд Ц.Б ах би хүн амины хэрэгтэй хүн. бүгдийг чинь ална шүү гэж сүрдүүлээд Хувьсгал ахтай зодолдсон. Хувьсгал ах болон Ц.Б ахын хамраас цус гарсан. Хувьсгал ахыг гарахдаа хугархай унины модоор цохьчихоод явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ14, 46/,
Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 16 цагийн үед би гадуур явж байгаад Д.Б дүүгийн гэрт яваад орсон чинь манай дүү газар хэвтэж байсан. Хажууд нь Ц.Б байсан. Миний эгч Лянхайцэцэгийн хүү Мөнхжин баруун орон дээр сууж байсан. Тэгэхээр нь юу болоод байна аа чи дандаа миний дүүг зодож байх юм. Болор-Эрдэнийг харж хамгаалах хүн байдаг юм шүү гээд би бариад авсан чинь намайг хугархай унины модоор цохиод ухаан алдуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэргээд гэртээ орчихоод гараад ирэхэд машинаа унаад зугтаагаад яваад өгсөн байсан. Бид хоёр барилцаад нэг нэгнээ цохиод хоёулангийнх нь хамраас цус гоожсон байсан. Ер нь бол Ц.Б нь манай дүү Болор-Эрдэнийг удаа дараа зодож байгаа. Нэг зодоход нь цагдаад өгсөн байсан. Дараа нь уучлалт гуйгаад эвлэрсэн байсан. Миний дүүгийн дагавар 2 хүүхдийг байнга дарамтлаад байдаг муу зан үйлтэй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ16, 50/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 396 дугаартай “...Д.Б-ний биед нь тархины доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун тохой, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Д.Б-ний биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ59-60/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Ц-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Ц.Бын хувьд хийсэн хэргээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Хохирогч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг оруулж байна. Тухайн зүйл ангид заасан хуулийн доод хэмжээ нь 450 нэгжээс эхэлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шийдвэрлэх эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа ухамсарлан ойлгож дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлсэн байгаа тул доод хэмжээгээр торгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлага тухайн хүний гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын хүрээнд түүний прокурортой тохиролцсон ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн багасгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Бэс уучлалт гуйж эвлэрсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Д.Б хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Ц-н Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бд танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Д.Б хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА